Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 181/шш2017/00512

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 10-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00512 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Т-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.О-д холбогдох

1 146 625 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Т,

хариуцагч Д.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сараас өөрийн хашаанд Д.О гэдэг айлыг суулгаж, сарын 30 000 төгрөгийн түрээс авахаар тохирсон. Д.О нь түрээс төлөхгүй, бас түрээслэхдээ цахилгааны төлбөр хамт төлөх байсан боловч төлөөгүй.

Иймд 2014 оны 11, 12, 2015 оны 01-12, 2016 оны 01-12, 2017 оны 01-05 дугаар сарууд буюу 31 сарын түрээсийн төлбөр 930 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын цахилгааны төлбөр 16 625 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр надаас зээлсэн 200 000 төгрөгийг өгөөгүй.

Нийт 1 146 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тын хашаанд 2014 оны 09 дүгээр сараас хойш сарын 30 000 төгрөгийн түрээстэйгээр амьдарч байсантай бол маргахгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө бүрэн төлж ирсэн, 2016 оны 10 дугаар сараас хойш бол төлбөрөө төлөөгүй байгаа. Цахилгааны төлбөрийг хувааж төлдөг байсан.200 000 төгрөг зээлсэн гээд байгааг би аваагүй, Б.Тын ах авсан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.От холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 946 625 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 200 000 төгрөг, нийт 1 146 625 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь төлбөрийг төлсөн, мөнгө зээлж аваагүй гэж маргасан ба Д.О 2014 оны 09 дүгээр сараас одоог хүртэл сарын 30 000 төгрөгийн хөлстэйгээр Б.Тын хашааг хөлсөлж байсан, хөлслөх хугацаанд цахилгааны төлбөрийг хуваан төлөхөөр тохиролцсон дээр талууд маргаагүй.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан 1 сарын 30 000 төгрөгийн хөлстэйгээр хашаа хөлслүүлсэн харилцаа нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг бүрэн агуулсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээ тул улсын бүртгэлд бүртгүүлсэн шаардлагагүй болно. Мөн хашаа хөлслөхтэй холбоотой харилцааг Иргэний хуульд заасан орон сууц хөлслөх гэрээний хэм хэмжээгээр нарийвчилж зохицуулдаг болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд зааснаар төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан ба Д.О нь 2014 оны 11, 12, 2015 оны 01-12, 2016 оны 01-12, 2017 оны 01-02 дугаар сарууд буюу 28 сарын хөлсийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Гэрч Т.Наранцэцэг 2016 оны 04 дүгээр сард Б.Тт 60 000 төгрөгийн төлбөрийг Д.Оынх төлөхийг харсан гэж байгаа боловч энэ нь бусад баримтаар нотлогдоогүй тул энэ талаар өгсөн гэрч Б.Дүүрэнбаярын мэдүүлгээс илүү зөв гэж үзэх үндэсгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд үргэлжлэх хугацаа, төлбөр төлөх хугацааг тусгайлан заагаагүй ч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.

Иймд хариуцагч Д.Оаас 2014 оны 11, 12, 2015 оны 01-12, 2016 оны 01-12, 2017 оны 01-02 дугаар сарууд буюу 28 сарын хашаа хөлсөлний хөлс 840 000 төгрөгийг гаргуулж, баримтаар нотлогдоогүй, мөн ирээдүйд үүссэх хөлсийг нэхэмжилсэн байх тул 2017 оны 03-05 дугаар сарын хөлс 90 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын цахилгааны төлбөр 16 625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.

 

Б.Тын Голомт банк дахь 1205113629 тоот данснаас 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөгийн зарлага гарсан баримт хэрэгт авагдсан, тухайн зарлагадсан мөнгийг Д.О нь Б.Тын төрсөн ах Б.Дүүрэнбилэг авсан, тэр мөнгө нь угаасаа Б.Дүүрэнбилэгийн дүүгийнхээ картад хадгалуулж байсан мөнгө байсан гэх тайлбарыг гаргасан. Хариуцагчийн гаргасан мэтгэлцээний байр суурийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул зохигчдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, зээл 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч Д.Оаас 840 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 306 625 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нотолгооны ач холбогдлыг харгалзан нэхэмжлэгч нь ХААН банк ХХК-иас нотлох баримтаар гаргуулсан CD-нд үзлэг хийлгээгүй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 302 дугаар зүйлийн 302.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оаас 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 306 625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ