| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/59 |
| Огноо | 2016-03-14 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2016/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч Б.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ноос 2015 оны 10 дугаар сарын 04- ний өдрийг хүртэлх хугацаанд *******ХХК-ний барилгын материалын дэлгүүрээс 15.523.800 төгрөгийн барилгын материалыг давтан үйлдлээр хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ноос 2015 оны 10 дугаар сарын 04- ний өдрийг хүртэлх хугацаанд *********тр ХХК-ний барилгын материалын дэлгүүрээс 15.523.800 төгрөгийн барилгын материалыг давтан үйлдлээр хууран мэхлэх аргаар залилан мэхэлж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүгдэгч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ********дэлгүүрээс бараа авсан нь Б.Н гэх хүний 2 давхар барилгыг бариулахын тулд дандаа барилгын материал 15.523.800 төгрөгийн бараа материал авч өгсөн...зээл аваад уг зээлээ төлөх гээд шахалт дарамтанд ороод ийм асуудал боллоо...Миний буруутай үйлдэл байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн ажилтай Ц.Э гэдэг хүн утсаар яриад манай байгууллага барилга барих гэж байна, танай барилгын материалын дэлгүүрээс багахан хэмжээний барилгын материал зээлэх гэсэн юм гээд ярихаар нь зөвшөөрсөн. Гэтэл Ц.Э нь 3 удаа 15.900.000 орчим төгрөгний барааг манай дэлгүүрийн худалдагчаас байгууллагынхаа нэрээр баримт бичүүлж авсан байсан. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ц.Этэй уулзаж барилгын материал аваад хаана барилга барьж байгаа талаар лавлахад, би өөрөө барилга бариагүй аваад хүнд өгчихсөн гэж хэлсэн. Хаана хэнд өгсөн юм гээд, өгсөн хүний хаягаар нь 4-2-16тоотод яваад очтол нэгөвгөн гарч ирэхээр нь учраа хэлтэл би танайхаас бараа аваагүй. Ц.Э гэдэг хүнээс өрөө авсан. Танай байгууллагаас авсныг мэдээгүй, манай хашааруу ирээд ч хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би Ц.Эд залилуулсан учир бараа материалаа бүрэн бүтнээр нь авна гэхэд нэг ширхэг хадаас ч өгөхгүй, миний өмч болсон гэж хэлсэн. ....Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би тус хаягаар дахин очиж нөгөө өвгөнтэй уулзаж барилгын материалаа авна гэхэд өгөхгүй гэж байснаа хашааны араар машинаа оруул Ц.Эг бараагаа тоол гэж хэлсэн. ...10 сая орчим төгрөгний барааг ачиж явсан. Би хохирлоо бүрэн авсан. Одоо миний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-24 дүгээр хуудас/,
Хохирогч О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би болон манай охин бид хоёр 2015 оны 02 дугаар сард Б.Ц-д 27.5 сая төгрөгийг хүүтэй нь зээлдүүлсэн. Зээлсэн мөнгө нь хүү алдангитайгаа нилээд 48 сая төгрөг болсон. Тэгээд Ц.Э нь хохирлоо барагдуулахын тулд 9-р сараас эхлэн манай барьж байгаа байшинд барилгын материалууд авчирч өгсөн. Бид ч хүлээж хашаандаа буулгаж авсан. Гэтэл ********* барилгын дэлгүүрийн эзэн О.о гэх нөхрийн хамт манайд ирээд та Ц.Э-тэй хуйвалдаж манай барилгын дэлгүүрээс нэр бүхий 15 сая төгрөгний барилгын материалыг луйвардаж авсан байна. Луйварчин минь энэ материал өг гэсэн. Тэгэхэд нь би Ах нь учир зүйг нь ольё. Би Ц.Э-гээс барилгын материал авсан болохоос биш тан********* дэлгүүрээс аваагүй. Танай барилгын материалын дэлгүүрээс Ц.Э падаан фактур бичүүлээд ирсэн барилгын материалыг 10-р сарын 17-нд хүлээн авсан гэсэн...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутын үед дахин ирж хаалга үүд нүдээд байсан очтол мөн тэр О.о, нөхөр, нэг худалдагч 3 портер машин 10-аад хүнтэй ирсэн. Бид барилгын материалаа ачаад явна гээд Ц.Эгийн авчирч өгсөн барилгын материалыг 3 портер машинаар 3 удаа ачаад явсан... Би ******дэлгүүрээс очиж худал хэлж аваагүй. Ц.Э надад авчирч өгсөн болохоор миний өмч гэж бодож байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Л.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б.Ц нь 2015 оны 9 сарын орчимд манайх төсвийн барилга барьж байна, улсын төсвөөс мөнгө нь ороод ирнэ гэж надаас барилгын материал авч байсан. Зарлагын падаан бичүүлэхдээ Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Б.Ц гэж бичүүлж бараагаа авч байсан...Ц.Г гэгч 3-4 удаа ирж нилээд их хэмжээний бараа авч байсан. Хамгийн сүүлд сантехникийн холбох хэрэгсэл, трубанууд авч байсан. Б.Ц нь манай дэлгүүрээс зарлагын падаан бичүүлж бараг 16 сая төгрөгийн бараа авсан...” гэх гэх мэдүүлэг/ХХ-ийн 117-118 дугаар хуудас/, Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...********* их дэлгүүрийн О.Р, нөхөр Б.А нар ажилчдынхаа хамт ирсэн. Ингэж ирэхдээ, Ц.Эгийн хамт орж ирсэн. Орж ирээд О.Р нь Ц.Э луйварчин авгайгын бараа аваад авчирч өгөөд байсан хүн нь чи байсан юм байна шүү дээ гэсэн. Ц.Э нь энэ дэлгүүрээс бараа аваад манайд авчирч өгсөн нь тодорхой болсон. О.Н нөхөр Б.А нь хэлэхдээ Энэ Ц.Э гэдэг луйварчин төсвийн барилга барьж байгаа гэж манайхаас энэ бүх барилгын материалыг авсан байна. Хаана барьж байгаа юм, газраа зааж өг гэж хайсаар байгаад танайх юм байна гэдгийг олж мэдээд ирлээ гэхэд нь би яанаа ийм юм болсон юм уу? Наад хүн чинь падаан фактуртай, бичиг баримттай зүйл гэж манай хашаанд авчирч буулгаж байсан болохоос та нарт ингэж хэлж авч байсныг мэдэхгүй гэсэн..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 31-32 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \ХХ-ийн 71 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Д.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ,
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ***, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СЭ-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээх зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Б.Цг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыгтэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Цгийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сй-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
7. Эрүүгийн ********дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх топгоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР