Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШЗ2017/03857

 

 

 

 

 

                            2017 оны 11 сарын 30

өдөр                 Дугаар 101/ШЗ2017/03857

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э

 

Хариуцагч: БЗД 129 ц

 

өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Э миний бие тус цэцэрлэгт 1993 оны 8 сарын 30-наас эхлэн 2017 оны 9-р сарын 8-ны өдөр хүртэл нийт 24 жил бүлгийн багшаар ажилласан. 2017 оны 9-р сарын 5-ны өдөр 17.00 цагийн орчимд тус цэцэрлэгт эмч ажилтай Ш.******* намайг ангидаа байтал дарга дуудаж байна гэсэн. Эрхлэгчийн өрөөнд ортол эрхлэгч Ө.******* Таны 8-р сарын 30-нд өгсөн шинжилгээний хариу гарсан. Та тэмбүү өвчин туссан байна гэсэн. Гэтэл би - Би юу? гэж асуусан. -Тиймээ та тэмбүү өвчин туссан байна. Тэмбүүтэй хүний хамар унадаг гэсэн. Гэхдээ одоо хүчтэй антибиотик эмүүд гарсан болохоор унахгүй байхдаа гэж хэлсэн. Би - энэ ямар замаар халддаг өвчин бэ? дахин шинжилгээ өгч болох уу? гэж асуусан. -Бэлгийн замаар халддаг өвчин шинжилгээ өгөх өгөхгүй нь таны эрхийн асуудал гэж эрхлэгч Ө.******* хэлсэн. Энэ үед эмч Ш.******* бид 2-н яриаг бичиж байсан. Үндэслэлгүй сонин үг дуулсандаа миний бие хачин болсон. Даралт ихэсдэг учраас даралтны эм ууж жаахан тайвширсан.

 

2017 оны 9-р сарын 6-ны өдөр ажилдаа иртэл 09.00 цагийн орчимд Ш.******* дарга дуудаж байна гэсэн. Өрөөнд ортол эрхлэгч Ө.*******, арга зүйч Ж.*******, эмч Ш.******* нар байсан. Эмч ******* тэмдэглэл хөтөлж, эрхлэгч Ө.******* - Энхжаргал багшаа 1-рт өнгөрсөн жил танай туслах багш хүүхэд өшиглөсөн, 2-рт та хэд хоногийн өмнө бослого хөдөлгөөн удирдсан, 3-рт та тэмбүү өвчин туссан байгаа учраас таныг ажлаас чөлөөлсөн ч болохоор байна, гэхдээ бид ангид чинь хүн оруулж ажлыг чин зохицуулна. Ангид чинь хүн ортол та явж болохгүй танийг явахаар ангийг чинь ариутгана. Цэцэрлэгийн дээд доод 00-н өрөөг ариутгана гэж хэлсэн. Гэтэл би -хүүхэд өшиглүүлсэний хувьд би өшгөл гэж хэлээгүй ээ, намайг гараад бие засаад ороод ирэхэд ийм ассудал болчихсон байсан. Үүнээс болж би хийгээгүй хэргийнхээ төлөө 3 cap цалингийнхаа  20 хувиа хасуулсан. Бослого хөдөлгөөн гэж та буруу яриад байна. Бид ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орьё гэсэн шаардлага тавьхад, та оруулахгүй 8-р сарын 28-нд ор гэсэн учраас хуулийн дагуу сул зогсолтын мөнгөө авах гэж түр хороо байгуулан, түүний тэргүүлэгчээр цэцэрлэгийн Ү.Э.Хорооны тэргүүлэгч намайг хурал хийж хамт олон маань сонгосон. 3-рт тэмбүү өвчний хувьд би гэр бүлийн хүнтэйгээ хамт дахин шинжилгээ өгнө гэж хэлсэн.

 

Бид 2-н энэ яриаг эмч Ш.******* бичиж арга зүйч Ж.******* юу ч дуугараагүй. Өрөөнөөс гарч ангидаа очсон. Тэр өдөр миний оронд ажиллах хүн орж ирээгүй. Харин эмч ******* шинжилгээ авсан эмчийн утсыг надад өгсөн. 2017 оны 9-р cap 07-ны өглөө эрхлэгч Ө.******* болон жижүүр үйлчлэгч хийдэг Дэжидмаа нарт 06 цаг 15 минутын орчимд шинжилгзэ өгөх тухайгаа мессеж бичээд гэр бүлийн хүнтэйгээ хамт “Гялс” төвд шинжилгээ өгөхөд бидний шинжилгээ эрүүл гэж гарсан. Тэгээд биднээс шинжилгээ авсан эмчтэй Баасанжав эмчтэй уулзаад болсон үйл явдлыг хэлэхэд, би тэгж хэлээгүй, та хоёр /манай цэцэрлэгийн Отуун багшийг бас ийм өвчтзй гэж гүтгэсэн/ эрүүл халдваргүй байсан, харин цусанд чин хууч өвчний вирус байна л гэж хэлсэн, танай цэцэрлэгийн эмч чинь эмнэлэгийн боловсролтой юмуу бичгийг хараад ойлгодоггүй юмуу гэсэн хариу хэлсэн. Давтаж өгсөн шинжилгээний хариу ХӨСҮТ-н хийж өгсөн эрүүл гэсэн бичгийг эмч Д.*******д үзүүлж хэн тэмбүү өвчин туссан гэж хэлсэн юм бэ? гэхэд Баасанжав эмч хэлсэн гэж хэлэхэд тэр эмч хэлээгүй гэсэн учраас би утасруу нь ярьж ажил дээрээ дуудсан. Баасанжав эмч удахгүй яваад очьё гэсэн хариу өгсөн. Халдвартын эмч ирэх болоход Ш.******* та хоёрыг халдваргүй гэсэн. Би эмч Ш.*******гаас эрхлэгчийн өрөөнд бичсэн тэмдэглэлээ хувилаад өгчих гэхэд би мэдэхгүй бас л дарга мэднэ гэсэн. Тэгээд бид эрхлэгчийн өрөөнд орж гэр бүлийн хүнтэйгээ хамт хийлгэсэн шинжилгээний хариуг үзүүлээд тайлбар яриаг сонсож суутал Баасанжав эмч орж ирээд - энэ хүмүүст ямар ч халдвар байхгүй ээ? Чи ер нь ямар сургууль төгссөн эмч вэ? шинжилгээний бичиг хараад ойлгодоггүй юмуу гэж хэлээд гарсан. Тэр эмчийг гараад явахад би - бид ч яахав эмэгтэй хүмүүс ингээд ярилцаад ойлголцчихдог юм байж. Энэ явдлаас болж хоёрын хоёр гэр бүлийн асуудал хэцүү байна. Та 2 тэмбүү өвчинтэй гэж бичсэн цаасаа надад хувилаад өгчих, надад хэрэгтэй байна гэхэд -өгөхгүй гэж эрхлэгч хэлсэн. Юугаа биччихээд нуугаад байгаан бэ? Хоёрын хоёр айл, гэр бүлийг үймүүлж хаячихаад та нарын энэ булхай бузрыг хуулийн байгууллагад өгнө гэж хэлээд гарсан. Гэтэл маргааш орой нь буюу 9-р сарын 8-ны 16.00 цагийн орчим багш нар хуралтай гэсэн. Эрхлэгчийн өрөөнд ортол нярав Долгорсүрэн, ня-бо Бүрэнболд, арга зүйч *******, эмч ******* бүх багш нар байсан. Эрхлэгч ******* ажлаас халах тушаал уншсан. Ө ******* болон мэргэжлийн бус эмч Ш.******* нар эмнэлэгийн байгууллагын гаргасан шинжилгээний хариуг гуйвуулан өөрсдөө хүн гүйтгэчихээд ёс зүйгүй авир гаргасан хэмээн өөрийнхөө эрх мэдлийг ашиглан үндэслэлгүйгээр ажлаас халсанд маш их гомдолтой байна. Халагдах тушаал уншсаны дараа би ямар ёс зүйгүй авир гаргасан бэ гэж асуухад эмчийн болон нягтлан бодогчийн өрөөнд та ёс зүйгүй авир гаргасан байсан гэж хэлсэн. Эмч ******* болон ня-бо Бүрэнболдын өрөөнд болсон ярианы миний хувийн бичлэг надад байгаа. Тушаал дээр багш ажилчидтай ёс зүйгүй харьцсан гэж бас гүтгэж бичсэн байсан. Би нэг ч хүнтэй хэрэлдэж муудалцаагүй ээ. Дээрх асуудлаас болоод эрхлэгч улаам цайм гүтгээд өвчтэй гэхээр нь ууралсан болохоос өөр хүнтэй муудалцсан зүйлгүй тул тус асуудлаар цагдаад хандсан гэтэл цагдаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, та иргний журмаар асуудлаа шийдвэрлүүлээрэй гэсэн болно. Иймд миний бие нэр төрөөрөө хохироод дахин ажлаас халагдаад хөдөлмөрлөх эрхээрээ давхар хохирч байгаад гомдолтой тул тус дүүргийн шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна.

 

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С нь шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус байгууллагад 1993 онд багшаар ажилд орсон. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Боловсролын яамны тэргүүний ажилтан болсон. 2015 онд ҮЭ тэргүүлэгчээр сонгогдсон. Шударга бус зүйлтэй эвлэрдэггүй тул эрхлэгчтэй маргадаг байсан. Улмаар амраад ажилд орох гэтэл нийт ажилтныг оруулах байсан тул ТВ-д яриа өгсөн. Улмаар эрхлэгч нь чамайг хална гэсэн байдаг. Улмаар эмчийн үзлэг явагдаад нийт 3 хүнийг өвчтэй гэсэн. Улмаар нийтийн өмнө доромжилж сэтгэл санаагаар унагасан. Улмаар бэлгийн замын өвчтэй гэсэн тул гэртээ хүртэл таарамжгүй байдал үүсээд дахин шинжилгээ өгсөн. Мөн анх шинжилгээ авсан эмчтэй уулзаад баримтаа авчираад өгөхөд ангиа хүлээлгэж өг гэсэн. Гэтэл удалгүй ажлаас халсан. Ингэхдээ багш ажилтан нартай ёс зүйгүй харьцсан, удирдлагын үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн. Гэтэл энэ үндэслэл нь нотлогдоогүй. Цалин хөлс нь 2017.9.8- өдрөөс өнөөдөр хүртэл нийт ажлын 55 хоног байгаа. НД-дэвтэрээс бодоход 1 өдөрт 33 851 төгрөг, 55 хоногт 1 861 805 төгрөг болно. Үүнийг гаргуулах хүсэлтэй. Дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байгаа. Тушаал нь ёс зүйгүй гээд сайдын тушаалд үндэслэсэн байдаг. Энэхүү сайдын тушаал  хүчингүй болсон тушаал ба үүнийг барьсан нь 2017.1 сард хүчингүй болсон байгаа. Яриад байгаа судалгааг 2017.9.4-нд хурлаар арга зүйчид үүрэг болгосон бөгөөд арга зүйч нь шалтгааны улмаас удааж өгсөн гэсэн байсан.  Шинжилгээ авахдаа ч журам зөрчсөн. Гэрчүүд ёс зүйгүй гэж хэлээгүй. Гэрч Дэжидмаагийн ярьсан зүйл нотлогдоогүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч 129 дүгээр цэцэрлэгийн төлөөлөгч Ө.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсан Ц.Энхжаргалын нэхэмжлэлийг эс зэвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

Цэцэрлэг гэдэг бол бага насны хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, эрүүл аюулгүй байдлыг хангах, сургаж хөгжүүлэх үүрэгтэй байгууллага юм. Цэцэрлэгийн багш нь Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу багшийн ёс зүйг сахидаг, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургах үйл ажиллагаа сайн зохион байгуулдаг, хүүхдэд хайртай, хүүхдийг хүмүүжүүлэх, эрүүл чийрэг хөгжүүлэхэд голчлон анхаардаг, цэвэрч нямбай, элдэв халдварт өвчингүй бие эрүүл, зан харилцааны хувьд ёс зүйтэй бөгөөд бакалавраас дээш боловсролтой байх ёстой. Ц.Энь тус 129-р цэцэрлэгт 1993 оноос хойш олон жил ажилласан, дадлага туршилгатай мэт харагддаг боловч ажпын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргээ хангалтгүй хийдэг, ажлын байранд тавигдах наад захын шалгуур, шаардлагыг хангадаггүй, бакалаврын түвшний боловсрол байхгүй, ноцтой халдварт өвчтэй, шударга бус зантай, өөрийгөө олон жил ажилласан дархлагдсан гэж ойлгож ажлаас хоцрох, ажил таслах өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй байхаас гадна ажлын байрандаа урд өдөр нь уусан архи нь гараагүй мансуурсан байдалтай ирж хүүхдүүдэд болон хамт олондоо маш буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Ажлын цагаар байнга тамхи татна, хамт ажиллагсадтайгаа бүдүүлэг ёс зүйгүй харьцана, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байх, туслах багшдаа ангийг даатгаж хүүхдүүдийг тараах, өдөрт олон цагаар туслах багшийг ганцааранг нь ажиллуулна мөн түүнчлэн эцэг эхчүүдээс дур мэдэн үндэслэлгүй мөнгө хураах зэргээр ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг болсон нь энэ хүнийг цаашид ажиллуулах боломжгүй байдалд хүргэсэн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ажлаас халсан үндэслэлийн тухайд:

  1. Ц.Энь багш ажилтнуудтай ёс зүйгүй харьцсан, ёс зүйн зөрчил давтан гаргасан талаар:

Хөдөлмөрийн гэрээний 3.3-т Багшийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 4.27-д Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлнэ гэж тус тус заасан байдаг бөгөөд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 41 дүгээр тушаалаар батласан Багшийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан давтан зөрчил болсон гэж үзнэ. УДШ-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4 “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй, 15.4.1 Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Багшийн ёс зүйн дүрмийн 2.1.5-д Ном сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлсийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр хураамж хандив өгөхийг шаардах... гэж заасныг зөрчиж Ц.Энь 2017 оны 5 сард хувиасаа дур мэдэн Батламж гэх зүйл хийлгэж эцэг эхчүүдээс 30,000 төгрөг хурааж авсан байсан. Нийслэлийн Боловсролын газарт хандаж эцэг эхчүүд 60 хүүхэдтэй анги 30,000 төгрөг хурааж байна. Багш нь 30,000 төгрөгөө өгч байж Батламжаа ав гэдэг зүйл ярьж байна. Ингэх нь зөв үү гэсэн утгатай гомдол гаргасны дагуу цэцэрлэгийн захиргаа Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Мөнхзаяагаас мэдэж, 2017 оны 5 сарын 15-ны өдрийн Багш нарын шуурхай хурал хийж энэ асуудлыг хэн гаргасан талаар хэлэлцэхэд Ц.Эөөрөө буруугаа хүлээж, мөнгө хураасан гэдгээ хэлсэн. Энэ зөрчилд нь арга хэмжээ аваагүй боловч зөрчил нь тогтоогдсон. Цаашдаа ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг үүрэг болгосон. Ёс зүйн дүрмийн 2.3.1-д хамт ажиллагсадынхаа нас хүйс хувийн онцлог ... зэргээр япгаварлахгүй хүндэтгэлтэй xapилцах, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18 хамт олон хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй, мөн Дотоод журмын 4.15 багш ... харилцааны соёлыг эрхэмлэнэ гэснийг тус тус зөрчиж Ц.Энь бусдын цалинг харуулахыг удаа дараа шаарддаг, мөн түүнчлэн 129 дүгээр цэцэрлэгийг босгоё, бүгдийг нь унагая, шалгалтанд юмаа бэлдэж байгаарай” гэсэн зүйл ярьдаг талаар мэдэгдэж зохих арга хэмжээ авахыг хүссэн өргөдлийг Цэцэрлэгийн нягтлан Г.Бүрэнболд 2017 оны 8 сарын 30-нд гаргасан байдаг. Ёс зүйн дүрмийн 2.3.2-т заасан Өөрийн болон хувь хүний нэр төр...сэтгэл санаа…нд хохирол учруулахгүй байх, мөн дүрмийн 2.1.6-д Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн биеэ авч явах гэснийг тус тус зөрчиж Ц.Энь биеийн тамирын багш Ч.Энхтүвшинг хамт олны өмнө гутаан доромжилсон байдаг. Тэрээр 2017 оны 1 сарын 9-нд гаргасан гомдолдоо: 2016.12.24-нд байгууллагын шинэ жилийн үеэр багш Ц.Эсогтож, хамаг хувцасаа дээш өргөсөн газар хөлөө жийж суусан байдалтай надтэй элдэв үг хэлээр ярьж унтаж хэвтэх дээрээ тулж, бусдын өмнө эрээ цээргүй хөдөлгөөн хийж, өөр бусадтай ор хөнжпөөр холбон ярьж орилж чарлан, хамт олны өмнө эвгүй байдалд оруулж, гутаан доромжиллоо гэсэн гомдол гаргасан байдаг. Багшийн ёс зүйн дүрмийн 2.3.3-т заасан “...хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулна...гэснийг зөрчиж Ц.Энь 2017 оны 5 сард Анги засварын мөнгө ангийнхаа бүх хүүхдүүдээс хураасан атлаа няравт тушаахдаа 30 гаран хүүхдийн мөнгө хүлээлгэж өгсөн. 100 хувь хураасан атлаа зарим хүүхдийн нэрсийг жагсаалтаас хасаж бичсэн зөрчил нь тогтоогдсон тул өөрт нь хэлж арилгуулсан. Ёс зүйн дүрмийн 2.4.2 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол байр сууриа хамт олонд тулган хүлээлгэх, уриалах үүний улмаас өөрийн болон бусдын үндсэн ажил орхигдохыг цээрлэх гэж заасныг зөрчиж мөн Дотоод журмын 4.18-д Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг эх сурвалж болон баримт нотолгоогүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихыг хориглоно гэж заасныг зөрчиж “...цэцэрлэгийн эрхлэгч 24 сая төгрөг идэж шамшигдуулсан талаар ямар ч баримт нотолгоогүй гүтгэлгийн чанартай зүйл ярьж миний нэр хүндэд халдаж улмаар цэцэрлэгийн зарим багш ажилчдыг зохион байгуулж цэцэрлэгийн захиргааны өөдөөс турхирах зэргээр ёс зүйгүй авирласан юм. Ийнхүү намайг гүтгэж, аливаа үйл ажиллагааг удирдаж явахдаа өөрийн болон бусад багш нарын үндсэн ажлыг хийлгээгүй, өөрөө ч сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт үйл ажиллагааны шаардлагатай баримт бичиг хөтлөх, анги танхимаа тохижуулах зэрэг Хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлд заасан үүргүүдээ огт биелүүлээгүй хийж хэрэгжүүлээгүй юм. Багшийн ёс зүйн дүрмийн 2.1.6 багшийн нэр хүндийг ямагт дээдлэн биеэ авч явах, 2.3.1 ...хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэлтэй харилцах, 2.3.2 “...хувь хүний сэтгэл санаанд хохирол учруулахгүй байх, 2.3.3 “...хамт олны эв нэгдлийг дээдлэх” зэрэг заалтууд болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 сарын 14-ний А/145 тоот тушаалаар батласан журмын 3.1-д заасан “халдварт өвчнөөр өвчилсөн буюу өвчтөнтэй хавьтал болсон тохиолдолд тухай бүр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдана гэж заасныг зөрчиж ”2017 оны 8 сарын 30-ны өдөр цэцэрлэгийн бүх багш ажилтнууд нэгдсэн шинжилгээнд хамрагдахад манай цэцэрлэгийн 3 ажилтан түүний дотор Ц.Э+- буюу тэмбүү өвчний халдвартай гэж гарсан. Энэ шинжилгээний хариуг эмч ******* болон эрхлэгч ******* миний бие Ц.Энхжаргалд зөвхөн өөрт нь танилцуулж, “дариухан эмчилгээ хийлгэх шаардлагатай, хүүхдээс халдвар илэрвэл яана” гэж тайлбарлахад “дахин шинжилгээ хийлгэнэ" гээд гарсан. Маргааш нь Гялс төвд шинжилгээ хийлгэлээ гэсээр орж ирсэн. Эмч ******* бид 2-ыг элдвээр харааж загнаж, эмчийн нүүр лүү цаас шидэж, ёс зүйгүй авирлаж, жижгээр танхайрсан. Шинжилгээ авсан эмч А.Баасанжавтай холбогдож хувийн лаброторид шинжилгээ хийлгэсэн манай нэг багш шинжилгээний хариу нь эрүүл гарсан, өөрийг нь гүтгэсэн гэж хашгирч орилоод сүйд болж байгаа тухай хэлэхэд ХӨСҮТ-ийн лаброторийн хариунд баталгаа өгч болно, тэдгээр 3 ажилтаныг дахин шинжилгээнд хамруулах ёстой гэж хэлсэн. Тэдгээр 3 ажилтан ХӨСҮТөвийн лаброторид 2 дахь удаагаа шинжлүүлж эхний шинжилгээний хариу батлагдсан тул эмчилгээнд хамрагдсан байсан. Ц.Энь өөрийн өвчтэй эсэхийг сайн тодруулалгүй, ул суурьтай хандалгүйгээр эмч ******* бид 2-ыг элдэв үгээр дайрч доромжилж, харааж зүхэж зохисгүй авирласан нь ёс зүйн зөрчил гэж үзэж байна. Тэр хүн эрүүл ч бай өвчтэй ч байсан хэн дуртай руу үсчиж, харааж загнах, ёс зүйгүй авирлах учиргүй юм. Гялс төвд өгсөн шинжилгээний дараа галзуу согтуу мэт авирлаж байсан хүн ХӨСҮТөвд давтан шинжилгээнд хамрагдаж ирсэнийхээ дараа эмчтэй ч надтай ч юу ч яриагүй чимээгүй өнгөрсөн. А.Баасанжав эмчээс “манай 3 багшийн шинжилгээ ямар гарсан бэ” гэж асуухад “танай 3 багшийн шинжилгээ батлагдсан, эмчилгээндээ ороод явж байгаа, хамгийн сүүлийн үеийн нилээд хүчтэй эм тариа хэрэглэцгээж байгаа шүү” гэж хэлсэн. Би энэ хүнийг өвчтэй гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй бас өвчтэй гэж худлаа гүтгээгүй юм. Яг адил хариу гарсан 3 багшийн 2 нь буюу Ц.Энхжаргалаас бусад нь +- гарсан хариуныхаа дагуу эмчилгээ хийлгэж дахин шинжилгээ өгсөн талаар цэцэрлэгийн захиргаанд хандаж гаргасан тайлбар нь байгаа. /хэрэгт баримтаар гаргаж өгсөн/ Хэдийгээр шинжилгээний хариутай холбоотой ёс зүйгүй авирлаж ёс зүйн зөрчил гаргаагүй боловч бүрэн эдгэрэх хүртлээ цэцэрлэгийн орчноос холдох ёстой гэж үзэж тушаал гаргасантай холбоотойгоор тэдгээр багш нар тайлбар бичиж өгсөн юм. Дээр дурьдсанчлан Ц.Энхжаргалын ёс зүйгүй авирлах нь хэрээс хэтэрсэн тул цаашид эвлэрэн ажиллах боломжгүй болсон юм. Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус Ёс зүйн зөвлөл ажиллахаар уг дүрмийн 3.3-т заасан байдаг боловч 2016 ны 10 дугаар сард зохион байгуулагдсан багш нарын бага хурлын шийдвэрээр татан буугдсан бөгөөд тухайн нэгж байгууллага дээрх багшийн ёс зүйн асуудлыг захирал эрхлэгч нар холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхээр болсон юм. Мөн Хөдөлмөрийн Дотоод журмын 3.10-т Багш ажилтан нь ёс зүйн доголдол гаргасан бол захиргааны санаачилгаар хуулийн хүрээнд гэрээг цуцлахыг цэцэрлэгийн эрхлэгчид эрх үүрэг болгож оруулсан байдаг.

  1.  Удирдлагаас өгсөн уурэг даалгавар биелуулээгуй тухайд:

 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Багш нарын зөвлөгөөний хурал хийж хэд хэдэн үүрэг даалгавар өгөхөд Ц.Эалийг нь хийгээгүй. Тухайлбал:

  • 9 сарын 6-ны дотор хамран сургах тойрог, тойргийн бус хүүхдийн судалгаа хийх
  •  Цахим элсэлтийн судалгаа хийх
  •  Сургалтын хөтөлбөр боловсруулах гэх мэт

Хуралд оролцсон нийт 13 багшаас 12 багш заасан хугацаанд буюу 9 сарын 5-наас өмнө хамран сургах ба тойргийн бус хүүхдийн судалгааг гаргаж өгсөн, сургалтын хөдөлбөрийг эхний байдлаар боловсруулж ирүүлсэн байдаг. Ганцхан Ц.Эаль ч ажпыг хийгээгүй.

  1.  Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тухайд
  • 2017  оны  1   сарын   3-нд Б/01 тоот тушаалаар Ц.Энхжаргалд сахилгын шийтгэл ногдуулж үндсэн цалинг 3 cap 20 хувиар бууруулж байсан. Учир нь У.Энхжаргалын хүүхдүүдээ туслах багшид орхиж явсаны улмаас туслах багш Д.Гансүх хүүхдийг бүжгээ хийсэнгүй гэж эмзэг газарт нь өшиглөсөн байсан. Туслах багш хүүхдүүдэд хичээл заадаг хүн биш, багш хичээл заах ёстой. Үүнээс хойш туслах багшид хүүхэд хариуцуулахгүй байхыг хатуу анхааруулж, сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл Ц.Э2017 оны 9 сарын 6 болон 7-ны өдрүүдэд үдээс өмнө ажилдаа ирээгүй, албан ёсоор чөлөө аваагүй алга болсон. Эдгээр өдрүүдэд туслах багш Ц.Нармандах ганцаараа ажиллаж байгаагаа мэдэгдэж, жижүүр Дэжидмааг туслах багшид туслуулахаар 2 өдөр ажиллуулсан. Эдгээр өдрүүдэд хүүхэд тараах үеэр ч ажиллаагүй. Үдээс хойш ирсэн боловч миний өрөөнд болон эмчийн өрөөнд орж хэрүүл зарга хийж байгаад явсан. Туслах багшаас нь 16:40, 17:30 цагийн үед орж асуухад Ц.Эбагш өнөөдөр огт орж ирээгүй гэж хэлсэн.

Энэ хүнд багшлах ямар ч хүсэл сонирхол байхгүй, багшлах ёс зүйгүй, чадваргүй болох нь дээрх зөрчлүүдээс тодорхой ойлгогдож байгаа байх аа. Би энэ хүнтэй ямар нэгэн өс хонзон байхгүй ба Хүүхдийн байгууллагад ажилладаг, удирддаг хүний хувьд хамт олны санал гомдол, тухайн хүний гаргаж байгаа зан ааш, үйлдэж байгаа үйлдэл, ажил үүрэгтээ хандаж байгаа хандлага, ёс суртахуун, мэдлэг боловсрол, Ажпын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод чурам, Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэлд нь нийцүүлэн ажлаас халах тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Ц.Энхжаргалын гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч 129 дүгээр цэцэрлэг нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, ёс зүйн болон байгууллагын дотоод журмыг байнга зөрчдөг, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байна. Харин хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. Шүүх хүсэлтийг хянаж үзээд өмгөөлөгч нь өмнөх шүүх хуралдаанд хурал давхардаагүй гэж тайлбарлан хурлын товд гарын үсэг зурсан, мөн хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн 20466 дугаар захирамж гарсан байна. Иймд хариуцагч, түүний өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 129 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ /хэргийн 5 дугаар тал/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, түүний бичилт /хэргийн 9, 11 дүгээр тал/, сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар албан тоот /хэргийн 22 дугаар тал/-р тус тус тогтоогдож байна. Энэхүү үйл баримт болон нэхэмжлэгч нь 1993 оноос хойш хариуцагч 129 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй. Улмаар хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан байна. /хэргийн 4 дүгээр тал/ Уг тушаалын үндэслэл нь багш, ажилтнуудтай ёс зүйгүй харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийн талаар гэрч Д.Дэжидмаа нь “зарим тохиолдолд архи үнэртүүлчихсэн ирдэг байсан, зарим өдөр манаач нартай гадаа гарч тамхи татдаг” гэж /хэргийн 104 дүгээр тал/, гэрч Ш.******* нь “2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гялс төвд хийлгэсэн шинжилгээний бичгээ эмчийн өөдөөс шидэж, гялс төвийн шинжилгээгээр эрүүл гарсан байхад намайг тэмбүүтэй гэлээ гэж элдвээр хэлж хашгичсан” гэж /хэргийн 107 дугаар тал/, гэрч Ж.******* нь “миний бодлоор ёс зүйтэй холбоотой асуудал байхгүй” гэж /хэргийн 108 дугаар тал/, гэрч Ж.Эрдэнэхүү нь “өөрийн ажилдаа хариуцлагатай, багшийн эрх үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлж чаддаг хүн байгаа юм” гэж, мөн “ёс бус авирласан үйлдэл хийсэн зүйл байна уу” гэхэд “байхгүй” гэж /хэргийн 49 дүгээр тал/, гэрч С.Отгонцэцэг нь “хамт олныхоо дунд нэр хүндтэй, хүнд тусархуу нөхөрсөг, аливаад хүлээцтэй ханддаг, хэнтэй ч эв зүйгээ олоод харьцчих харьцааны соёлтой” гэж /хэргийн 51 дүгээр тал/ тус тус мэдүүлсэн байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй бөгөөд бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд гэрчүүдийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Улмаар нэхэмжлэгчийг бусадтай ёс зүйгүй харьцсан буюу ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн гэрч Ж.******* нь хариуцагч 129 дүгээр цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг болох нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй. Арга зүйч Ж.******* нь багш нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэдэг гэж зохигчид тайлбарласан бөгөөд гэрч Ж.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа нэхэмжлэгч нь 2017 оны 03, 04 дүгээр сард 84 хувьтай дүгнүүлсэн гэжээ. Мөн ажлаас халах тушаалын үндэслэл болох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тодорхойгүй бөгөөд хариуцагч нь энэ талаар тайлбарлаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тодруулбал хариуцагч нь удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгээ тайлбарлаж, нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар ажлаас халах тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г үндэслэсэн байна. Хуулийн энэ заалт нь “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай зохицуулалт юм.

Хэргийн 60 дугаар талд байгаа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын хуулбараар нэхэмжлэгчид үндсэн цалинг 3 сараар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авсан нь тогтоогдож байна. Үүнээс нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд харин давтан гаргасан нь тогтоогдоогүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбарлаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэсэн боловч уг гэрээ нь байнгын ажлын байранд байгуулагдсан хугацаагүй гэрээ юм. Уг гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчилийн талаар зохицуулсан байна. Гэвч хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 6.1-6.9-д заасан аль зөрчлийг нэхэмжлэгчийг гаргасан гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй. Улмаар эдгээр зөрчлийн аль нэгнийг гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн ажлаас халах тушаалын үндэслэл болох удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 6.1-6.9-д хамаарахгүй байна.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар ажлаас халах тухай тушаал нь үндэслэлгүй гарсан байх тул өмнө эрхэлж байсан багшийн ажил, албан тушаалд эгүүлэн  тогтоох нь зүйтэй.

 

Нэгэнт нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

Алжаас халах тухай тушаал нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлсний дундажийг 2017 оны 06-08 дугаар сарын цалин хөлсөөр тооцно. Ийнхүү тооцвол нэхэмжлэгч нь сард 728,009 / (1,007,682+1,007,682+168,664) /3 / төгрөгний цалин хөлс авч байсан байна. Иймд өдрийн дундаж цалин хөлс нь 32,356 / 728,009/22.5 / төгрөг юм.

 

Нэхэмжлэгч нь ажлаас халагдсанаас анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 59 ажлын хоног өнгөрсөн байх тул ажилгүй байсан хугацааны олговорт 1,909,004 /32,356*59/ төгрөг тооцогдоно.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хуульд заасан хувь хэмжээгээр хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Энд ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагын хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговроос хуульд заасан хувь хэмжээгээр тооцох нь зүйтэй. Харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан нь олговор олгосонтой холбогдох тул улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхжаргалыг хариуцагч Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагчаас 1,909,004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 115,694 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ГАНБОЛД