| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
2025/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бт холбогдох эрүүгийн 2412............. дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ аймгийн ........ сумын ..... баг, ........ гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Сын Б /ИБД:........./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2412........... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Иргэний нэхэмжлэгч Д.Б өгсөн:
“ ... С.Баас хууль бусаар мод бэлтгэж ойн санд учруулсан гэх хууль бусаар мод 280.886 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр тал/
Гэрч Д.Б мэдүүлсэн “...Иргэн С.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр надтай ирж уулзаад галын түлээний мод бэлтгэх талаараа хэлэхээр нь миний бие АРА-24052690 дугаарт эрхийн бичгийг бичиж өгөөд мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас заасан хугацаанд ойн цэвэрлэгээний зориулалтаар модоо бэлтгэж тээвэрлэх талаар заавар, зөвлөмж өгч ажилласан. Би иргэн С.Бт Хотонт сумын Өндөр сант багийн Эхэн халиар гэх газраас ойн цэвэрлэгээний зориулалтаар унанги мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Харин Хотонт сумын Өндөр-Сант багийн Их булагийн Салхитын ар гэх газраас мод бэлтгэх талаар хэлээгүй, эрх олгоогүй Б нь өөр газраас модоо бэлтгэсэн байна. Иргэн Бын мод бэлтгэсэн гэх Их булагийн Салхитын ар, миний мод бэлтгэх эрхийн бичигт зааж бичиж өгсөн. Эхэн халиар гэх газрууд нь хоорондоо 12 км зайтай газрууд юм. Иргэн С.Бын мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Их булагийн Салхитын ар гэх газрыг 2023, 2024 онд Цэнхэр сум дахь Ой ангиар талбай тусгаарлуулсан зүйл байхгүй. Хотонт сумын Өндөр сант багийн Их булагийн Салхитын ар гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Гэрч Б.М мэдүүлсэн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш одоог хүртэлх хугацаанд Өгийнуур сумын Хэв журмын цагдаагийн ажлыг эрхэлж байна. Намайг өөрийн хариуцсан сумандаа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн явж байхад Архангай аймгийн Хотонт сумын иргэн Сын Б нь цэнхэр өнгийн Портер маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон ганцаараа явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тэвшин дээрээ мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэн явж байсан тул тухайн зөрчлийн дагуу гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч С.А мэдүүлсэн “...Миний төрсөн дүү Б нь хувь хүний хувьд төлөв даруу ааш зан сайтай үг дуу цөөтэй төлөв даруу хүн байгаа юм. Б цэргийн алба хаасан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/
Яллагдагч С.Бын өгсөн:
“...миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Хохирол мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Б 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 91 дугаар: “...Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Нарсны овгийн Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 10.4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 280.886 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 хуу/
Дамно ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №АЦ24-185 дугаартай:
“...2000 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Портер маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 11 сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 84.000 /наян дөрөв мянга/ төгрөгөөр, 2.5591 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод 255.910 /хоёр зуун тавин тав мянга есөн зуун арав/ төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 03-06 тал/
Архангай аймгийн Хотонт сумын байгаль хамгаалагч Д.Буянхишигийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мод бэлтгэх тээвэрлэх талаар олгосон АРА 24052690 дугаартай хэрэглээний 4 м.куб хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 08 тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 97-98 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 105-106 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Ойн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийн 35.2-т “мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох болон мод бэлтгэх ажиллагааны” талаар, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч С.Бын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн тээвэрлэсэн үйл явдлыг мөрдөн шалгах явцад хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Б нь зөвшөөрөлгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд .............. нутаг дэвсгэр .......... гэх газраас 18 ширхэг 2.5591 м.куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг унагаж бэлтгэн, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ............. гэх газраас тус аймгийн .............. сумын нутаг хүртэл өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 280.886 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Гэрч Д.Б мэдүүлсэн “...иргэн С.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр надтай ирж уулзаад галын түлээний мод бэлтгэх талаараа хэлэхээр нь миний бие АРА- 24052690 дугаар эрхийн бичгийг бичиж өгөөд мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас заасан хугацаанд ойн цэвэрлэгээний зориулалтаар модоо бэлтгэж тээвэрлэх талаар заавар, зөвлөмж өгч ажилласан. Би иргэн С.Бт Хотонт сумын Өндөр сант багийн Эхэн халиар гэх газраас ойн цэвэрлэгээний зориулалтаар унанги мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиж өгсөн. Харин Хотонт сумын Өндөр-Сант багийн Их булагийн Салхитын ар гэх газраас мод бэлтгэх талаар хэлээгүй, эрх олгоогүй Б нь өөр газраас модоо бэлтгэсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, гэрч Б.М мэдүүлсэн “...иргэн Сын Б нь цэнхэр өнгийн Портер маркийн.............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон ганцаараа явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тэвшин дээрээ мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэн явж байсан тул тухайн зөрчлийн дагуу гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, Архангай аймгийн Хотонт сумын байгаль хамгаалагч Д.Б 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мод бэлтгэх тээвэрлэх талаар олгосон АРА 24052690 дугаартай хэрэглээний 4 м.куб хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 08 тал/, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 280.886 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Б 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 91 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Быг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 280.886 /хоёр зуун наян мянга найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /280.886*3=842.658 /найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 842.658 /найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” -ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ............... улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл, 255.910 /хоёр зуун тавин таван мянга есөн зуун арав/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.5591 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 842.658 /найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин цахилгаан хөрөөг шүүгдэгч С.Бт буцаан олгож, шүүгдэгч С.Баас цахилгаан хөрөөний үнэ 84.000 /наян дөрөв мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч С.Баас 842.658 /найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий .............. улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл, 255.910 /хоёр зуун тавин таван мянга есөн зуун арав/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.5591 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 842.658 /найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин цахилгаан хөрөөг шүүгдэгч С.Бт буцаан олгож, шүүгдэгч С.Баас цахилгаан хөрөөний үнэ 84.000 /наян дөрөв мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА