| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
2025/ШЦТ/27
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч П.Мийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: П.М, П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Пийн М, С овгийн Пн Б нарт холбогдох эрүүгийн 2412............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт .......... аймгийн ........ сумын ….... дүгээр баг, ........... тоотод оршин суух, боловсролгүй, мэргэжилгүй, ....... аймгийн ........-д машинист ажилтай, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овгийн Пийн М /ИБД:......./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 52 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, аймгийн ............ ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ..... аймгийн ....... сумын ...... дугаар баг, .......... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С овгийн Пн Б /ИБД:............../
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, ..... тоот хашааны гадна талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч П.Бын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь буюу духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, ..... тоот хашааны гадна талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож улмаар хохирогч П.Мийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь буюу 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412............... дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч П.Бын мэдүүлсэн: “... 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18:00 цагийн үед манайд М нь өөрийн эхнэр болон ажлын М гэх хүнтэй манайд 1 ширхэг ямаа авчихсан хорхоглож идэе гээд ирсэн. Тэгээд авчирсан ямааг нь хорхоглосон. Тэр хоёр М ямаа авчихсан юм чинь би яаж зүгээр байхав гэж бодоод дэлгүүрээс 1 шил 0,75-тай Хараа нэртэй архи авч өгсөн. Хөгшин М нь хорхогоо боож идчихээд нэг шил архиа хувааж ууж дуусчихаад харилаа гээд 20:00 цагийн үед явсан. Тэгээд залуу Мийг “одоо миний дүү ч гэсэн харь” гэж хэлсэн эхнэрээ дагуулаад гараад явсан удалгүй би араас нь явсан эсэхийг нь харах гээд хашааны гадаа гараад хартал мотоцикль нь уначихсан байсан чинь эхнэрийгээ “чи пизда минь наадахаа босго л доо” гээд байхаар нь “чи жирэмсэн эмэгтэй хүнийг яаж байгаа юм болдоггүй юм шүү дээ” гэж хэлэхэд намайг “муу хөгшин глюкоз минь чамд ямар хамаатай юм” гээд намайг заамдаж аваад нүүрэн тус газар хоёр удаа гараа атгаж байгаад цохихоор нь “чи надад гар хүрлээ шүү эхнэр чинь ч харлаа” гэж хэлэхэд Мийн эхнэр “чи хөгшин хүнийг цохичихлоо яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн нэг мэдэхэд миний хөмсөг задраад цус гоожоод нэг хэсэг мансуурчихсан юу болоод байгаагаа мэдэхгүй болчихсон байсан. Тэгээд хашааны гадаа намайг цусаа гоожуулаад байж байхад миний эмэгтэй дүү гарч ирээд “миний ахын цусыг гоожуулчихсан байна шүү дээ яанаа яанаа” гэж хэлж байсан мөн манай дүү утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэж байхад нь утсыг нь газар шидээд “гичий минь чамд ямар хамаа байдаг юм ална шүү” гэж хэлж байсныг нь санаж байна. М намайг зодох үед түүний эхнэр харсан. Би түүний эхнэрийн нэрийг мэдэхгүй. Миний хөмсөгний дээр дух хэсэгт язраад 4 оёдол тавиулсан. Одоо миний толгой өвдөж халуураад байгаа. Өөр миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй би тогтоолгохгүй. Би Мийг цохиж зодоогүй. Харин би өөрөө цохиулж зодуулсан. Миний толгой хэсэг рүү мөргөсөн, мөргөхөөс өмнө гараараа хоёр удаа цохисон. Түүнээс зэвсгийн чанартай эд зүйл ашиглаагүй. Би эхлээд Мийг манай гэрт ямаа авчирахаар нь 0.75-тай Хараа нэртэй архийг хөгшин М, залуу М түүний эхнэр бид нар хувааж уусан. Түүнээс өөр архи согтууруулах ундааны зүйл нэмж хэрэглээгүй. Ер нь бол өөрсдийгөө бүгд хянах чадвартай байсан. Би тухайн үед зодуулсан нь үнэн. Харин намайг зодсоноос гадна өөр хэн нэгэн хүнийг цохиж зодсон талаар хараагүй. Залуу М намайг цохиж зодсон. Харин хөгшин М нь хэрүүл маргаан болохоос өмнө явсан байсан. Миний бие эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Хохирогч П.Мийн мэдүүлсэн: “...би сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлээ тогтоолгохгүй. Надад гомдол санал одоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 хуу/
Гэрч Ц.С мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр болох М нь над руу залгаад “би ямаагаа аваад ирлээ, гэдсийг нь арилгах хүн байдаггүй, Бын гэрт ирээд арилгаад өгөөч” гэхээр нь “тэгвэл чи намайг ирээд авчих уу” гэж хэлсэн. Удахгүй манай нөхөр гэрээс мотоциклтойгоо очиж аваад Бынд очсон. Тэгээд очоод ямааны гэдсээ арилгаад хорхогоо хийж идчихээд Бын авч өгсөн 1 шил 0.75-тай Хараа нэртэй архи ууж дуусчихаад гэр рүүгээ явахаар Бын гэрээс гараад явсан. Тэгээд хашааны гадаа манай нөхөр М нь мотоциклоо унаж чадахгүй мотоциклоо хөдөлгөх гэж байгаад унагаачихаад “намайг босго” гээд байхаар нь “би яаж босгодог юм чи өөрөө босгохгүй” гэж хэлсэн Б ахыг дуудахаар хашаа руу нь алхаж байтал Б ах урдаас гарч ирээд “чи өөрөө наад мотоциклоо босгооч, жирэмсэн хүнээр босгуулж болохгүй, чи өөрөө босгооч, унаж чадахгүй бол хашаанд оруулж тавь” гэж хэлээд мотоцикль дээр нь яваад очсон чинь хоёулаа юм ярьж байснаа би тортой юмаа аваад эргээд хартал Б ах, М хоёр барьцалдчихсан зогсож байсан. М Бөхбөтын мөр хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод автал Б урдаас нь Мий хамар хэсэг рүү болон бие хэсэг рүү нь хэд хэд цохисон. Тэгээд харилцан бие биенээ цохилцоод газар өнхрөлдөөд босч ирээд хоёулаа мөргөлдчих шиг л болсон. Манай нөхрийн амнаас нь цус гоожоод, Б ахын духнаас нь цус гоожоод би гэр рүү нь орж хүн дуудах гэж байтал урдаас Бын дүү гэх эмэгтэй гарч ирээд “миний ахыг яасан бэ” гээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн зодоон нь хашааны гадаа болсон. Тэр үед миний бие байсан. Хашаан дотор гэрт нь бол Бын дүү, нэг 2 хүүхэдтэй эмэгтэй, 1 бие муу хөгшин настай хүн хажуу талын айлд нь байгаа гэж байсан. Тухайн зодоон болох үед тухайн хүмүүс байгаагүй. Зодоон болж дууссаны дараа гарч ирсэн. Бын дух хэсэг рүү Мийг цохиж байхыг хараагүй, хоёулаа мөр мөрнөөсөө барилцаад авчихсан зогсож байсан. Хоорондоо мөргөлдчихсөн л гэж бодсон. Б болон М нар нь нэг шил 0,75-тай Хараа нэртэй архийг ажлын газрын М гэх хүнтэй хувааж уугаад тарцгаасан. Хоёулаа согтолтыг зэрэг нь гайгүй байх шиг байсан. Б гэх хүнийг ер нь согтотлоо ууж байхыг нь хараагүй. М Баас өөр хүнийг цохиж зодоогүй. Харин би нөхөр болох Мийг нэг гарыг нь барьчихсан газар сууж байтал хажуу айлынх нь хөгшин ах гарч ирээд манай нөхрийг гараа атгаж байгаад нүүр болон толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Дүү гэх эмэгтэй нь утсаараа бичлэг хийх гэхээр нь манай нөхөр утсаа цааш нь ав гээд утас руу нь гараараа цохиод утсыг нь унагаачихсан юм. Тэгэхээр нь би гарыг нь бариад авсан. Тухайн эмэгтэй болон хөгшин настай хүнд гар хүрээгүй. Би гарыг нь бариад сууж байсан болохоор хүн цохих ямар ч боломжгүй байсан. Нэг мэдэхэд манай нөхрийн хамарнаас нь цус гарчихсан Б ахын духнаас нь цус гараад би нөхрийнхөө хамрын цусыг өөрийнхөө цамцаар арчиж авсан юм. Тэгэхээр мөргөлдсөн нь л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч П.Мгийн мэдүүлсэн “...би аймгийн төвд өөрийн аав Псүрэнгийн гэрт байж байсан манай хамаатны ах Б утсаар залгаад “ямааны боодог хийсэн ирж ид” гэхээр нь би хүүхдүүдээ дагуулаад тэдний гэрт очсон. Тэдний гэрт манай ах ажлын газрын хүн жирэмсэн том гэдэстэй эхнэртэйгээ хамт ямааны боодог хийгээд сууж байсан. Би хажуу талын ахын гэрт орсон байсан манай ахтай хамт байсан М гэх залуу нэг шил архи аваад ирсэн тэрийгээ ууж байсан. Манай ах бие муу гээд бага зэрэг татсан байх ямааны боодгоо хийж дуусаад хашааны гадаа гаргаж өгч байгаад хоорондоо зодоон хийсэн байсан. Би ахындаа байж байсан гаднаас манай хүү гэрт орж ирээд “Бөхөө ахын толгойноос цус гараад тогтохгүй урсаад байна” гэхээр нь гараад харсан чинь Бөхөө ах газар тонгойсон дух хэсгээс цус гарсан доошоо хараад цусаа гоожуулаад байж байхаар нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн хажуу талд байсан жирэмсэн эхнэртэйгээ М гэх ах маргалдаад бичлэг хийж байхад шууд ирээд орилоод хараагаад янз бүрийн үгээр хэлээд “наад утсаар чи яах гээд байгаа” гээд орилоод шууд авч шидээд байсан. Тэгэхээр нь би утсаа аваад ахиад холдоод бичлэг хийх гэсэн араас гүйж ирээд ахиад шидсэн ахиж утсаа аваад цагдаа, эмнэлэг рүү залгаад байж байхад ахиад газар руу шидсэн, тэгээд тэндээс зугтаах гээд байсан. Утас бага зэрэг гэмтсэн одоо ашиглаагүй байгаа А54 маркийн гар утас мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ гаргуулахгүй ахынхаа эрүүл мэндийг бодож байна. Эмчилгээ сувилгаа хийлгэхээр энд ирсэн байсан. Энэ хоёр хүн хоорондоо маргалдах болсон шалтгаан нь гэрээсээ гаргаж өгөхдөө хашааны гадна талд мотоцикл газар унагаасан тэрийгээ жирэмсэн эхнэрээрээ босгуулах гээд загнаад хэлэхээр нь ах М рүү хандаж бие давхар эхнэрээрээ ингэж болохгүй гээд хэлсэн шууд ирээд дух руу цохисон гэсэн би яг тухайн үед хажууд нь байгаагүй учраас хараагүй гэрээс гарч ирээд харахад Б ахын дух толгой хэсгээс цус гараад тогтохгүй газар руу тонгойсон байдалтай цусаа гоожуулсан хажууд нь байсан жирэмсэн эхнэр нь нөхрөө хувцаснаас барьж болиулах гээд хоорондоо маргалдсан байдалтай байсан. Намайг харж байхад жирэмсэн эхнэрээ газар түлхэж унагаад байсан. Би байшингийн цонхоор харахад Б, М түүний эхнэр нар хашааны хаалгаар гарч байгаа нь харагдсан. Би өөрийн ахыгаа гар хүрээгүй гэж бодож байна манай ах аймаар тэвчээртэй хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан бол өөрийн биеэ хамгаалах явцад учирсан байх. Тэр М гэх залуу учир зүггүй дайраад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байсан. Өөрөө хөнгөн жинтэй хурдан хөдөлгөөнтэй хүн байсан учраас хөл нь хаа сайгүй явдаг хөл нь маш их дээр өшиглөдөг хүн байсан. Энэ үйлдлийг хийхэд өөрийгөө хамгаалах явцад учирсан байх тухайн үед та нар цагдаа дуудсаны дараа үг хэлээр сүрдүүлээд та нар цагдаа дуудсан ч би ганцаараа шоронд орохгүй ямар нэг юм сэтгэж би худлаа ярьж та нарыг хамт авч орно гэж хэлсэн тэр цагдаагаас чинь айхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.М “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь П.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 202.496 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/
Яллагдагч П.Мийн мэдүүлсэн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/
Яллагдагч П.Бын мэдүүлсэн: “...П.Мийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн шалтгаан байхгүй. П.М бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 348 тоот шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. П.Бын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 349 тоот шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. П.Мийн биед 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 29 хуу/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-75 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 117-118 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, ..... тоот хашааны гадна талд хохирогч П.М, П.Б нар нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, ..... тоот хашааны гадна талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдсоны улмаар хохирогч П.Бын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед А аймгийн Э сумын ... баг, ..... тоот хашааны гадна талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдсоны улмаар хохирогч П.Мийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан: хохирогч П.Бын мэдүүлсэн: “...Тэгээд залуу Мийг одоо миний дүү ч гэсэн харь гэж хэлсэн эхнэрээ дагуулаад гараад явсан удалгүй би араас нь явсан эсэхийг нь харах гээд хашааны гадаа гараад хартал мотоцикль нь уначихсан байсан чинь эхнэрийгээ “чи пизда минь наадахаа босго л доо” гээд байхаар нь “чи жирэмсэн эмэгтэй хүнийг яаж байгаа юм болдоггүй юм шүү дээ” гэж хэлэхэд “муу хөгшин глюкоз минь чамд ямар хамаатай юм” гээд намайг заамдаж аваад нүүрэн тус газар хоёр удаа гараа атгаж байгаад цохихоор нь чи надад гар хүрлээ шүү эхнэр чинь ч харлаа гэж хэлэхэд Мийн эхнэр “чи хөгшин хүнийг цохичихлоо яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн нэг мэдэхэд миний хөмсөг задраад цус гоожоод нэг хэсэг мансуурчихсан юу болоод байгаагаа мэдэхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/, гэрч Ц.С мэдүүлсэн: “...би тортой юмаа аваад эргээд хартал Б ах, М хоёр барьцалдчихсан зогсож байсан. М Бын мөр хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод автал Б урдаас нь Мийн хамар хэсэг рүү болон бие хэсэг рүү нь хэд хэд цохисон. Тэгээд харилцан бие биенээ цохилцоод газар өнхрөлдөөд босч ирээд хоёулаа мөргөлдчих шиг л болсон манай нөхрийн амнаас нь цус гоожоод Б ахын духнаас нь цус гоожоод би гэр рүү нь орж хүн дуудах гэж байтал урдаас Бын лүү гэх эмэгтэй гарч ирээд миний ахыг яачихваа гээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/, гэрч П.Мгийн мэдүүлсэн “...энэ хоёр хүн хоорондоо маргалдах болсон шалтгаан нь гэрээсээ гаргаж өгөхдөө хашааны гадна талд мотоцикл газар унагаасан тэрийгээ жирэмсэн эхнэрээрээ босгуулах гээд загнаад хэлэхээр нь ах М рүү хандаж бие давхар эхнэрээрээ ингэж болохгүй гээд хэлсэн шууд ирээд дух руу цохисон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/, иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн “...П.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 202.496 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/, өөрийн гэм буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд П.Мийн яллагдагчаар мэдүүлсэн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/, П.Б яллагдагчаар мэдүүлсэн: “...П.Мийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн шалтгаан байхгүй. П.М бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 348 тоот, 349 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43, 51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.М монгол бичиг мэдэхгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон. Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч П.М нь согтуурсан үедээ хохирогч П.Бын духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ хохирогч П.Мийн биед 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч П.М, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч П.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 202.496 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун ерөн зургаа/ төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь шүүгдэгч П.Мийн үйлдэлтэй шалтгаантай холбоотой байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч П.Быг эрүүл мэндийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөр буюу 202.496 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун ерөн зургаа/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч П.Мэр нөхөн төлүүлэх зүйтэй байна.
Шүүгдэгч П.М, П.Б нар нь тус тус хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.М, П.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.М, П.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч П.М, П.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч П.М, П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч П.М, П.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Пийн М, шүүгдэгч С овгийн Пн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М, П.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мэс 202.496 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун ерөн зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч П.М, П.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нар нь эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.М, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА