Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/00163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/01361/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 28-01 тоотод оршин суух, ......................... регистрийн дугаартай, Тохой овогт Лхагвасүрэнгийн Цолмонд холбогдох үндсэн зээлийн төлбөр 3.471.500 төгрөг, алданги 1.175.952 төгрөг, нийт 4.647.452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Үүрцолмон, хариуцагч******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн*******гийн хүсэлтээр Эрхэст Манхан ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр барьцаат зээлийн гэрээнд*******гийн өмчлөлийн 18-16 ХӨҮ улсын дугаартай Тоёота Пассо Сетте маркийн автомашиныг унаж явах нөхцлөөр гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай нэг сарын 4.9 хувийн хүүтэй зээлүүлсэн. Иргэн******* нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн төлбөрт 292.000 төгрөг, хүүгийн төлбөр 171.500 төгрөг, нийт 463.500 төгрөг төлж гэрээний хугацааг 3.208.000 төгрөг дээр дахин нэг сар сунгахаар харилцан тохиролцсон боловч тогтсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Ингээд зээлийн хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зээл төлөх шаардлагаа 88118302 тоот утсаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг төлсөн. Ажлын газар болох Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр 5-6 удаа очиж уулзан зээлээ төлөхийг шаардаж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа хэтэрч гэрээг ноцтой зөрчиж байгаа тул гэрээг дахин сунгах боломжгүй гэдгийг удаа дараа хэлж сануулахад зээлийн барьцаа болох автомашиныг хүн унаж яваад онхолдсон дахин ашиглах боломжгүй болсон. Гэхдээ би зээлээ төлнө танай байгууллагыг хохиролгүй болгож өгнө. Тэр хүү, алданги юу байдаг юм тэр бүгдийг нь төлж ямар ч байсан танайхыг хохиролгүй болгоно. Гэхдээ одоо надад мөнгө байхгүй байна. Энэ машиныг таарсан үнэнд нь зараад танай зээлээс хасна гэдэг тайлбарыг өгсөөр өдийг хүрсэн.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь зээлдэгч*******гоос үндсэн зээл, хүүгийн төлбөр болох 3.471.500 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 13 хоног 3.671.500х0.5%х13 хоног=238.647 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 54 хоног 3.471.500х0.5%х54хоног=937.305 төгрөгийг зээлийн гэрээний 1.1.6 дахь заалтыг үндэслэн хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс нэг хоногийн 0.5 хувиар алданги төлөх заалтын дагуу алданги нийт 67 хоног, 1.175.952 төгрөг. Нийт 4.647.452 төгрөгийг төлбөрийг нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие******* нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-иас өөрийн эзэмшлийн 18-16 улсын дугаартай Toyota passo sette маркийн машиныг унаж явах нөхцлөөр гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг зээлж авсан. Машиныг минь өөр хүн унаж яваад унагааж дахин ашиглах ямар ч боломжгүй болгосон. Унаж явсан хүн нь нас барсан учир хариуцах эзэнгүй үлдсэн. Би энэ машиныг худалдаж авахдаа 20.000.000 төгрөгийн зээл авч худалдаж авсан юм. Одоо цалингийн зээлд сар бүр 496.000 төгрөг төлдөг. Өөрөө сард мөн гэрэл, цахилгаан, утас, телевиз гэх мэт бусад ахуйн хэрэглээндээ цалингийн үлдэгдлээр төлдөг учраас төлж чадахгүй өдийг хүрсэн. Би ******* ХХК-ий нэхэмжилсэн хүүгийн төлбөр 3.471.500, алданги 1.1.775.952 төгрөгийг нэмээд нийт 4.647.452 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин уг зээл, алдангийг төлөхдөө 2020 оноос эхлэн улирал бүр 500.000 төгрөгийг төлөх боломжтой байгаа ба 2022 оны 2 дугаар улиралд бүрэн төлж дуусгах боломжтой байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3.471.500 төгрөг, алданги 1.175.952 төгрөг, нийт 4.647.452 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Зохигчид зээлийн гэрээ байгуулсантай маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 2 дугаар улиралд төлж дуусгана гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас эвлэрэх боломжгүй гэж маргажээ.

Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар гаргуулахаар зээлийн гэрээний 1.1.6 дахь хэсэгт заасан нь Иргэний хуулийн 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэх заалттай зөрчилдөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 200.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж зээлийн гэрээний хугацааг 13 хоногоор хэтрүүлсэн учир зээлийн гэрээ дуусгавар болсон өдрөөс буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 3.671.500 төгрөгөөс 13 хоногийн хүүг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 54 хоногийг гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 3.471.500 төгрөгөөс тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг төлсөн гэх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 67 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 3.471.500 төгрөгөөс тооцож, хариуцагч*******гоос үндсэн зээлийн үлдэгдэл 3.471.500, алданги 1.162.952 төгрөг, нийт 4.634.452 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89.101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Эрхэст Манхан ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19/31 тоот албан бичиг, 18-16 ХӨҮ улсын дугаартай Тоёота Пассо Сетте маркийн автомашины гэрчилгээ зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Тохой овогт Лхагвасүрэнгийн Цолмонгоос үндсэн зээлийн үлдэгдэл 3.471.500, алданги 1.162.952 төгрөг, нийт 4.634.452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 13.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч*******гоос 89.101 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА