Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 125

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: М.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Э.Золзаяа,

            Шүүгдэгч: Б.Батням, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,          

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт Батсүхийн Батнямд холбогдох эрүүгийн 201725020070 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамжны 227 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НШ89040276, Алаг адуут овогт Батсүхийн Батням.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Б.Батням нь шунахай сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийнх нь машинд сууж үйлчлүүлж явсан хохирогч Г.Баттулгын 250.000 төгрөгийн үнэтэй Ай фоне-5 маркийн гар утсыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, заналхийлэн довтолж түүний биед хөнгөн гэмтэл учруулан дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батням мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Баттулга/хх-ийн 11-12/, гэрч Ж.Отгонбаяр /хх-ийн 14-15/, гэрч Г.Мөнхсайхан /хх-ийн 16/, шүүгдэгч Б.Батням /хх-ийн 27, 28/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 621 дугаартай акт /хх-ийн 17-18/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 63, 64/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/, шүүгдэгч Б.Батнямын /хх-ийн 32/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батням нь шунахай сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийнх нь машинд сууж үйлчлүүлж явсан хохирогч Г.Баттулгын 250.000 төгрөгийн үнэтэй Ай фоне-5 маркийн гар утсыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, заналхийлэн довтолж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Г.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн орчим ажлынхантайгаа "Лондон"- 28 пабад сууж байгаад гараад явсан юм....сууж байсан өрөөндөө түрийвчээ хайж үзэхэд олдохгүй байсан. ...Модны-2 луу хамт яваад би “хүнээс таксины мөнгийг чинь аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд таксинд суух гэтэл нөгөө залуу намайг суулгахгүй “одоо чи мөнгөө төл” гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр залуу миний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгээд бид ноцолдоод тэр залуу намайг газарт унагаасан. Газар унагаагаад нүүр рүү өшиглөж эхэлсэн. Тэгтэл тэрүүгээр явж байсан хүмүүс ирээд түүнийг болиулсан. Би нүүр рүүгээ өшиглүүлэхдээ миний ухаан жаахан балартсан. Тэгтэл нөгөө жолооч залуу дахин ирээд намайг босгож нэг байрны цаашаагаа дагуулаад нэг харанхуй газарт аваачсан. Тэгээд дахиад зодож эхэлсэн. ...намайг дахиад цохиж, өшиглөж эхэлсэн. Тэгээд би халааснаасаа утсаа гаргаж ирээд хүн руу ярих гэхэд тэр залуу миний гараас утсыг хүчээр татаж аваад цаашаагаа байр тойроод зугтаасан. Тэр залуу машин руугаа яваагүй машинаа үлдээгээд цаашаагаа гүйсэн. Тэгэхээр нь би буцаж машин дээр нь ирээд машиных нь дугаарыг цээжилж авсан. Тэгээд би караоке руу ороод “би сая хүнд зодуулаад утсаа дээрэмдүүлчихлээ, машиных нь дугаарыг харчихлаа бичээд, өгөөч” гээд барменаар нь 1876 УНЕ гэсэн дугаарыг нь бичүүлсэн. Тэгээд буцаад гараад иртэл нөгөө залуу машиндаа суугаад яг хөдөлж байсан. Намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон. Тэр залуу миний гар утсыг авахдаа таксины мөнгөний барьцаанд авъя маргааш утсаар ярьж байгаад аваарай гэж огт хэлээгүй. ...Тэр залуу миний гар утсыг авах гэхээр нь би чанга атгахад намайг цохичихоод утсыг минь аваад явсан. ...Тийм зүйл огт хэлээгүй, тэр залуу худлаа ярьж байна. Миний утасны сим картыг аваад хаячихсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч Ж.Отгонбор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай шинэ жил болоод бид шинэ жил болсон газраасаа гараад “Лондон-28” караокед орцгоосон. Тэгээд бид нар ер нь гарцгаахаар болоод би Баттулгыг таксинд суулгаж өгсөн. Ямар таксинд суулгаж өгсөнөө санахгүй байна. ...Би өөрөө нилээд согтуу байсан. Баттулга ч бас согтуу байсан. Над руу шөнө гурван удаа залгаж ярьсаныг нь би санахгүй байна. ...Ямар ч байсан “миний түрийвч алга болчихлоо түрийвч харсан уу” гэх зүйл л ярьж байсан...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Баттулгатай 2010 оноос хойш найзалж байгаа хэрэг гарах өдөр манай холбооны шинэ жил болоод Баттулга, Отгонбор, Батхуяг, Энхтөгс, Хишгээ, Байгаль, Батцогт, Номинчимэг, Жастин /АНУ-ын иргэн, бусдыг нь санахгүй гэх/ нарын хамтаар Аса циркийн баруун талд байрлах каракоед сууж байгаад Жастений гэр руу явцгаасан тэдний гэрт үргэлжлүүлэн баяраа тэмдэглэсэн. ...Жастины гэрт байхад Баттулга нь Батхуягийн 99103464 дугаар луу залгаж “би дээрэмдүүлээд, зодуулчихлаа” гэж хэлээд төд удалгүй Баттулга нь Жастений гэрт ирсэн. Тэгээд би Баттулгад таксины мөнгө өгөөд гэрт нь хариулсан...Баттулгын түрийвчийг Номинчимэг тухайн үед аваад хямгадсан байсан. Баттулгын нүүр нь хавдсан байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

   Шүүгдэгч Б.Батнямын буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Баттулгын биед “…зүүн нүдний салст, дээд доод зовхи баруун өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 621 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18/, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч Б.Батнямд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Батнямд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн зохих буруутай буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Г.Баттулга нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.Батнямын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Лондон 28” караокены гадна үүдийг харуулсан хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг адуут овогт Батсүхийн Батнямыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнямыг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнямын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид элүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Батням урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнямд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си Ди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Энэ тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батнямд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.АЛДАР