Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

 

 

 

 

 

      2021            1              6                                            2021/ДШМ/0037                           

 

     Т.Н, Г.О нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

хохирогч Т.Энхтүвшин, түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал, Ц.Батзаяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/869 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Н, Г.О нарт холбогдох эрүүгийн 201726020260 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Х овгийн Т-ын Н,

          2. Ц овгийн Г-ын О,    

          Т.Н нь ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юниверсал трейдинг” ХХК-ийн өмчлөлийн 31 ширхэг автомашиныг хуурамч баримт ашиглан “... зээлээр худалдаж авна, графикийн дагуу төлбөрийг төлнө ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч 379,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 автомашины зогсоол” дээрээс иргэн Г.Отгонбаярын эзэмшлийн 43-08 УБЧ улсын дугаартай Тоёота Эстима загварын автомашиныг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 12,000,000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлэн автомашиныг залилсан,

 

          2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ автомашины худалдааны төв” дээр иргэн Т.Энхтүвшингийн Тоёота Ланд 120 Прадо загварын автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож урьдчилгаа 22,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл 22,500,000 төгрөгийг өгөлгүй залилсан,

 

          Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн Өндөр гүмсэд” ХХК-д Тоёота Харриер загварын 18-61 УНӨ улсын дугаартай автомашиныг 6,000,000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Лексус 570 загварын 99-19 УБЕ улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгийн барьцаанд тус тус тавьж нийт 19,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

          Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ундрам төвийн 203 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-д Лексус 570 загварын 99-19 УБЕ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж 70,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

          Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Их мөнх наран” ХХК-ийн “68” авто ломбарданд 99-19 УБЕ улсын дугаартай Лексус 570 загварын автомашиныг барьцаанд тавьж 17,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

          Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг UB март худалдааны төвийн 503 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “Аллианс капитал” ХХК-иас 18-61 УНӨ улсын дугаартай Тоёота Харриер загварын автомашиныг урьдчилгаа 30 хувийг төлж итгэл төрүүлэн залилан авч 26,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Гэрээгээр халхавчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бичиг баримт үйлдэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Цэц капитал” ХХК-д 18-61 УНӨ улсын дугаартай Тоёота Харриер загварын автомашиныг барьцаанд тавьж 6,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

          2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуртын тавилан” ХХК-иас 76-2 УББ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашиныг урьдчилгаа төлбөрийг төлж зээлийн гэрээгээр халхавчилж худалдан авч зээлийг буцааж төлөх санаа зорилгогүйгээр бусдад барьцаалж 13,500,000 төгрөгийн хохирол учруулан залилан, нийт үргэлжилсэн үйлдлээр 565,200,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

          2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн М.Өсөхбаярт “...” Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол зүйлийг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн М.Өсөхбаяраас 2,430,000 төгрөгийг 5447067449 тоот дансаар авч залилсан,

 

          Мөн шүүгдэгч Т.Н, Г.О нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Мөндөөхөө” нэртэй ломбарданд Лексус 570 загварын 99-19 УБЕ улсын дугаартай JTJHY00W194015013 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 30,000,000 төгрөгийг залилсан,

 

          2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д Тоёота приус 30 загварын 76-20 УББ улсын дугаартай ZWW301364835 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 5,000,000 төгрөгийг залилсан,

 

          2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Их мөнх наран” ХХК-ийн “68” нэртэй ломбарданд Тоёота приус 30 маркийн 76-20 УББ улсын дугаартай ZVW301364835 арлын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшлийнх гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 7,400,000 төгрөгийг залилсан бөгөөд нийт үргэлжилсэн үйлдлээр 42,400,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Г.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хиад овгийн Төмөр-Очирын Нг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Цагаан-Үүр овгийн Ганбатын Оыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Нг 6 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Нд оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн  хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Нгийн урьд цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нгаас нийт 411,704,833 төгрөг гаргуулж, 196,390,899 төгрөг хохирогч П.Энхтүвшинбэлэг /Юниверсал трейдинг ХХК/-д, 10,500,000 төгрөг хохирогч Г.Отгонбаярт, 22,500,000 төгрөг хохирогч Т.Энхтүвшинд, 12,900,000 төгрөг хохирогч М.Энхбаатар /Баялаг Мөнхөөдөө ХХК/-д, 21,002,000 төгрөг хохирогч Б.Алтансүх /Гэгээн өндөр гүмсэд ХХК/-д, 20,700,000 төгрөг гаргуулж З.Болор-Эрдэнэ /Их мөнх наран ХХК/-д, 24,291,934 төгрөг О.Мөнхжолоо /Аллианс капитал ХХК/-д, 5,320,000 Э.Цэндсүрэн /Цэц капитал ХХК/-д, 7,500,000 төгрөг хохирогч Л.Ганцэцэг /Гуртын тавилан ХХК/-д, 600,000 төгрөг хохирогч М.Өсөхбаярт, 20,000,000 төгрөг иргэний нэхэмжлэгч Ж.Оюунсайханд, шүүгдэгч Г.Ооос нийт 21,200,000 төгрөг гаргуулж, 15,000,000 төгрөг М.Энхбаатар /Баялаг Мөнхөөдөө ХХК/-д, 3,700,000 төгрөг хохирогч З.Болор-Эрдэнэ /Их мөнх наран ХХК/-д, 2,500,000 төгрөг хохирогч Б.Алтансүх /Гэгээн өндөр гүмсэд ХХК/-д тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9919 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн /хуурамч/ гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Дотоодын цэргийн ангийн 805 дугаар ангийн хашаанд байгаа, Баялаг Мөнхөөдөө ХХК-ийн эзэмшлийн 9919 УБЕ улсын дугаартай Лексус 570 тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тэргүүн ээлжинд Баялаг Мөнхөөдөө ХХК, иргэний нэхэмжлэгч Ж.Оюунсайхан нарын хохиролд тооцуулах, тухайн хохирлоос илүү гарсан нөхцөлд бусад хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт Авто тээврийн үндэсний төвөөс шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 44-39 УБГ, 75-84 УБГ, 57-38 УНХ, 15-21 УНН, 92-35 УНТ, 51-71 УНН, 29-91 СЭА, 78-40 УНУ, 53-65 УНА, 52-43 УБА, 58-13 УБА, 72-95 УБН, 17-69 УБВ, 77-85 УНР, 78-38 ОРХ, 58-93 УНР, 26-80 УНР, 66-29 УНН, 53-40 УНТ, 81-55 УНН, 98-84 УНТ, 75-59 УБЦ, 49-78 УБИ, 51-05 УНА, 08-57 УБК, 59-80 УБЕ, 04-59 ДГА, 79-50 УБӨ, 07-29 УБӨ, 38-39 СЭА, 00-77 ДГА, 67-40 УБӨ, 51-84 УНЛ, 10-65 УНУ, 68-35 УНС, 89-34 БНХ, 43-84 УБС, 83-30 УБС, 72-79 УНХ, 27-90 УБВ, 43-50 УНП, 36-85 УНО, 53-15 УНП, 25-47 УНЛ, 82-00 УБЦ тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Нгийн насанд хүрээгүй хүүхэд болох 2008 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн Н.Халиунд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад даалгаж, 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Аманбекын Ахгүль, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Аманбекын Аманбол нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тэдгээрийн төрсөн эцэг Ж.Аманбек /РД:ТЯ79092670/-ыг томилж, энэ хэрэгт 1805024121171, 1905000180281, 1706030701792, 1808055710152, 1908024960856, 1805063120704, 1805063110703, 2005003690529 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Г.О цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Нд урьд шүүгчийн захирамжаар авсан “Монгол улсын хилээр хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 0-13 насны гурван хүүхдийн хамт өрх толгойлон өөрийн гэсэн орон гэргүй амьдардаг. Байнга зүрх өвдөн, хэм алдагдаж даралт ихэсдэг эм тарианы хамааралтай юм. Тус хорих ангид мөн адил бие өвдөж эмнэлэг явах шаардлагатай болсон. Амьдралын эх үүсвэр болгож амьдралаа залгуулдаг байсан гэх зүйл ангийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би өөрөө гараараа бүх төрлийн жижиг хэрэгсэл оёж, улмаар гар оёдлын машин худалдан авснаар дан давхар дээл, даавуун цүнх, тор, тогооны бариул мэтийг оёж зарснаар хүүхдүүдийнхээ хоол ундыг залгуулдаг байсан. Мөн дээр нь бага хоёр хүүхдийн эцэг Аманбек ажилд орсноор сар болгон 200,000 төгрөгийг өгдөг байсан. Иймд тухайн гэмт хэргийн улмаас олсон гэх мөнгийг өөртөө болон амьдралдаа нэг ч удаа хэрэглээгүй бөгөөд давхар аман гэрээ хийж итгэл төрүүлэн өрийг тань дарж өгнө гэсэн хүний үгэнд итгэж давхар залилуулсандаа харамсаж байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож амьдралаа залгуулдаг байсан гэх гэмт хэргийн шинж нь 3 ба түүнээс дээш энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж шүүгдэгч Г.Оыг уг гэмт хэргийн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй хүнийг татан оруулж хам болгон ялласанд харамсаж байна. Г.Оы хувьд надад болон Р.Мөнхбат бид хоёрт туслаж байна гэж тухайн үед бодож нэр дээрээ гэрээ хийн уг хэрэгт юу ч мэдэхгүйгээр оролцсон. Харин үйлдлийн хувьд гурав болон түүнээс дээш үйлдлээр хамтран оролцсон Баярцэнгэл, Чанцал, Р.Мөнхбат, н.Өнөржаргал, Н.Эрдэнэбат, С.Мөнхбат, н.Пүрэвдаш, н.Баатар нарыг нягтлан шалгаж ажиллагаа хийгээгүй, гэмт хэрэгт оролцсон оролцоо үйлдлийг тодруулаагүй мөн хохирлыг хариуцвал зохих этгээдийг бүрэн олж тогтоогоогүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж хохирогч нарыг хохироож байгаад тун харамсалтай байна. Уг гэмт хэргийг дан ганцаараа үйлдэж амьдралаа залгуулсан тохиолдол байхгүй бөгөөд хэргийн байдлын талаар удаа дараа дахин дахин мэдүүлэг өгч байсан боловч зөвхөн надаас мэдүүлгийг олон янзаар л авч байсан. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд хоорондоо илтэд зөрүүтэй байвал хоёр талын саналыг харгалзан нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийх ёстой байтал нэг ч удаа хийгээгүй. Т.Н миний бие гэмт хэрэг хийсэн үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч нарын хариуцах хүмүүс нь гарч ирэхгүй байгаад гайхаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2018 онд гэмт хэрэг нэмж үйлдэхэд нөлөөлсөн хэрэгт шалгагдаж байгааг минь мэдсээр байж “асуудлаас чинь гаргана, өрийг чинь дарж өгнө” хэмээн итгэл төрүүлж гэмт хэрэг хийх урьдчилгаа мөнгийг гаргаж өгсөн танихгүй хүмүүс өртэй байсан өрөө авсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Мөн энэ үед үйлдэгдсэн хэргээс үлдсэн үйлдэл байгаа бөгөөд өргөдөл, гомдлоо гаргах гээд аваад очихоор надтай холбоотой гэж хэлэхээр мөрдөн байцаагч хэрэг нь шүүх рүү явсан ч гэх юм уу шалтаг хэлж няцаалт өгч буцаасан. Үүнд “Эм Эф Ай” ХХК, Баясах хурд ХХК гээд хоёр банк бус санхүүгийн байгууллагын хэрэг, 6 ширхэг визтэй холбоотой хэрэг үлдсэн. Ийм учраас уг хэргийг шийдвэрлэх явцад гадны нөлөө орж хэт нэг талыг барьсан мөн хэргүүдийг шалгаагүй үлдээсэн зэрэг нь хичнээн гэмт хэрэгтэн ч гэлээ миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Миний зүгээс гэмт хэрэг хийсэн гэм буруутай үйлдэлдээ зохих хариуцлага хүлээж нялх хүүхдүүдээ үлдээгээд олон жилийн ял сонсож байгаа болохоор хэргүүдээ нэгтгэн шалгуулж хариуцлага үүрэг ёстой байх. Харин олон дахин дуудагдаж ял сонсоно гэдэг туйлын хүнд байна. Мөн тухайн гэмт хэрэгт хэрэглэсэн Тоёота харриер, Приус 30 загварын хоёр тээврийн хэрэгслийн  талаар олдсон эсэх талаар дүгнэлт гаргаагүй. Шүүгдэгч Отой адил гурваас дээш үйлдэлтэй дээр нь гэмт хэргийн анхнаасаа мэдэж байсан хүмүүсийн талаар товчхон:

 

  1. н.Баярцэнгэл нь “Юү Би Си” ХХК-иас авсан 46 автомашины тамга, нэр шилжүүлэх албан бичиг захирлын гарын үсгийг бүгдийг бичиж хэвлэж өгсөн. Тамганы хэвийг лазераар бэлтгэж жинхэнэ тамганы тосон дээр дарж гаргадаг байсан. Мөн гарын үсэг нь захирал Энхтүвшинбэлэгийнхтэй яг адилхан учир зурахад амар байсан. Энэ үйлдлийг би зайлшгүй шаардлагын улмаас мэдүүлгээ худал өгсөн. Баярцэнгэлийн “чи өөрөө бүгдийг хариуцаарай” гэх үг болон өмгөөлөгч Лхагвасүрэн нарын тулган шаардаж аргагүй байдалд оруулж “ганцаараа хэргээ хүлээхгүй бол хамтран үйлдсэн гэвэл зүйл анги хүндэрч олон жилийн ял эдэлнэ” гэж сүрдүүлснээр Саруулгэх хүнийг худал гаргаж ирж мэдүүлэг өгсөн. Тухайн үед Баярцэнгэл нь хэвлэлийн эх бэлтгэдэг компанитай байсан. Тоног төхөөрөмж худалдан авсан зээлээ 27-90 гэсэн улсын дугаартай Приус 30 тээврийн хэрэгслийг миний нэр дээр авч хуурамч албан бичгээр шилжүүлэн зарж мөнгийг нь өгч эхэлсэн. Ийм учраас хамт хариуцлага үүрэх ёстой.

 

  1. Б.Чанцал гэх цагдаа эмэгтэй “Юү Би Си” ХХК-иас 1-45 УБМ улсын дугаартай Приус 20 тээврийн хэрэгслийг 2016 оны намар найз цагдаа Улсбаярт авч өгсөн. 8 сая төгрөгийг Чанцал өөрөө нягтлан Цэдэвсүрэнгийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл уг үйлдлийг мэдсээр байж Улсбаярт авч өгсөн. Компани дээр 12,8 сая төгрөгөөр гэрээ хийсэн байдаг. Би тухайн үед Чанцалд “хэцүү байна, өөрөө цагдаад очоод хэлье гэхээр”  байж бай, өөрсдөө мэднэ гэдэг байсан. Дараа нь Ундрал гэх цагдаад мөнгийг нь Чанцал өөрөө авчихаад намайг машин олж өг гэдэг байдлаас болж Р.Мөнхбатын ах Догоо гэх хүнээр дамжуулж Отгонбаярын машины зээлийн гэрээг хийж Ундралд аргагүй байдлын улмаас Чанцалын шахалтаар авч өгсөн. Миний хувьд Ундралаас бэлэн мөнгө авч байгаагүй. Чанцалаар дамжуулж 1,5 сая төгрөг өгснийг нь Отгонбаярт шилжүүлсэн. Үлдсэн мөнгө болох 10,5 сая төгрөгийг би мэдэхгүй, уг мөнгийг аваагүйгээс гадна хариуцан төлж чадахгүй. Дараа нь LX570 загварын автомашиныг Чанцал, Пүрэвдаш бид гурав хамт нэр шилжүүлэх хуурамч нотариатын гэрээг Чанцалын танил нотариатын туслах эмэгтэйгээр хийлгүүлэн мөн Чанцалын танил Өнөрөө гэх эмэгтэйн танил ломбарданд Пүрэвдашийн нэрээр зээлийн гэрээ хийж мөнгө гаргуулж Өнөржаргалын урьдчилгаанд өгсөн мөнгөний хүү алданги болон Пүрэвдаш, Чанцал нар мөнгөнөөс мэдсээр байж оролцож авсан. Гэвч хэргийн материалд мэдүүлгээ тодорхой өгөөгүй байдаг.

 

  1. Пүрэвдаш “Юү Би Си” ХХК-иас нэг машин нэр дээрээ авч өгч мөнгө авсан. Мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдэж 18-61 улсын дугаартай Тоёота харриер загварын тээврийн хэрэгслийг Р.Мөнхбатын бэлдэж өгсөн хуурамч бичиг баримтаар зээлийн гэрээ хийж авсан. Мөн зургаан хүний визний материал бүрдүүлж бэлдүүлэх гэж өгсөн мөнгийг авсан. Дээр нь гэмт хэргийн улмаас олсон мөнгөнөөс 16 сая төгрөгийг авсан байдаг. Энэ бүгд дансаар нотлогдоно. Миний хувьд Пүрэвдашид ямар нэг өр зээл байхгүй байсан.

 

  1. Р.Мөнхбат, Эрдэнэбат, Өнөржаргал гэх гурван хүн Оюунсайханы LX570 загварын автомашиныг авах урьдчилгаа мөнгийг гаргасан мөн өрийг чинь дарж өгч асуудлаас гаргана хэмээн итгэл төрүүлж тэр ч бүү хэл Оюунсайханы нөхөртэй уулзаж итгэл үзүүлж гэрээг Эрдэнэбат нь өөр дээрээ хийнэ гэж байснаа гэнэт болиод “хил, гаалиар орж гарч болохгүй, чи нэр дээрээ хийчих” гэснээр уг автомашиныг авч байсан. Гэтэл хавтаст хэрэгт танихгүй өртэй байсан өрөө авсан гэж илт худал мэдүүлэг өгсөн байдаг. Дараа нь Тоёота харриер загварын автомашиныг авах хуурамч гэрчилгээ, бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нийгмийн даатгалын мэдээллийн санд мэдээллийг 1 сарын хугацаатай байршуулж байсан. Мөн сүүлд Г.Оыг 1 дүгээр хорооллын ломбарднаас мөнгө авахад үг зааж өгч “ах нь асуудалгүй, сарын дотор төлнө” гээд оруулсан байж мэдүүлгээ танихгүй гэж өгснөөс үзэхэд гадны нөлөө орсон гэж үзэж байна. Учир нь надад Р.Мөнхбатыг зургийг зөв таниулсан хэрнээ Г.Од тэс өөр хүний зураг таниулсан байсан.

 

  1. С. Мөнхбат хэмээх мөнгө болон аваад алга болсон хүнийг зааж өгсөн дансны хуулгаар гаргаж өгсөн ч нэг ч удаа байцаалт аваагүй. Хамтдаа хариуцлага үүрнэ гэсээр байгаад өрөнд болон хэрэгт орсныг минь далимдуулж гэмт хэргийн улмаас олсон мөнгөнөөс 38 сая төгрөг, 25 сая төгрөг, дээр нь Хараа болон Энхтүвшин нараас Прадо 120 автомашины зээлийн гэрээ хийлгүүлж аваад алга болсон. Энэ тухай удаа дараа хэлж олоод өгөөч гэж байсан ч олж илрүүлж нүүрэлдүүлэн байцаалт аваагүй. Нийтдээ 85,5 төгрөгийг хариуцаж хохирогч нарт төлөх ёстой. Мөн уг Прадо 120 загварын автомашины хэрэг дээр 1 сар цагдан хоригдож байсан.

 

  1. Баатар гэх хуурамч өөрийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж өгдөг байсан мөнгө авч зөрүүлээд өгдөг байсан хүн танихгүй гээд мэдүүлэг өгсөн байдаг. Миний өмгөөлөгч бид хоёр мөрдөн байцаагч Нямдоржийн өрөөнд дуудуулж нүүрэлдээд танил зааж өгсөн хүн нь мөн болохыг мөн гэрчилгээ өгснийг авах гэж ирэхдээ нэг хүүхэнтэй буюу Чанцалтай байнга хамт очиж байсныг баталсан боловч хавтаст хэрэгт нэмэлт байцаалт аваагүй байдаг.Үүнээс үзэхэд 3 болон түүнээс дээш үйлдэл болон оролцоотой нь илт байхад шалган тодруулсан ажиллагаа байхгүй миний цаана ял завшаад хариуцлага үүрэхгүй үлдэж байгаа хүмүүсийг олж тогтоохгүй хохирол төлбөрийг хариуцуулахгүй байгада гайхаж байна.

 

Миний бие иймийн тул Улсын мөрдөн байцаах газрын залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд өргөдөл гаргаж шалгуулах хүсэлтээ өгсөн. Мөн дээр нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналтын алба болон Авлигатай тэмцэх газарт давхар өргөдөл явуулж хүсэлт өгсөн.

 

Тухайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байгаа боловч худал хэлэх итгэл төрүүлж мөнгө болон ял завшаад гадуур байгаа хүмүүсээс хохирогч нарын хохирол төлбөрийг гаргуулж хохирогч нарыг хохиролгүй болгох ажиллагааг хийлгүүлж хамт хариуцлага үүрэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч уг хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж хэргийг үнэн зөвийг олж хохирогч нарын хохирол төлбөрийг хариуцах ёстой хүнд нь даалган гаргуулж хохирогч нарын хохирлыг төлүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, удаа дараа шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцааж байсан боловч мөрдөн байцаалтын ажиллагааг санаатайгаар дутуу хийж нотолбол зохих байдал болон шалгах ёстой хүмүүсийг дутуу шалгасан. Жишээ нь арыг чинь даана гэж хэлээд Нгаар хэрэг хийлгэж мөнгийг нь авч байсан С.Мөнхбатыг огт олж шалгаагүй. Урьд нь авсан автомашинуудынхаа өрийг төлөөгүй байхад Нгаас машин бүрээс 2 сая төгрөг шан харамжинд авч машин өгч байсан нягтлан бодогч Цэдэвсүрэнг гүйцэд шалгаагүй. Автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гэмт хэрэг үйлдэхэд шууд нөлөөлсөн Баатар, Чанцал нарыг шалгаагүй. Н нь тооцоогоо нарийвчлан гаргаад 19 сая төгрөгийг өөрөө хэрэглэсэн бусад бүх мөнгө нь өөр хүмүүсийн дансаар шууд орсон гэдэг нь дансны хуулга бүрээр тогтоогдож байхад бүх хэргийг гүйцэд шалгаагүй Т.Нд ял оногдуулсан асуудал нь гэмт хэрэг үйлдсэн Эрдэнэбат, Өнөржаргал, Баатар, Мөнхбат, Чанцал, Цэдэвсүрэн, Ганзориг зэрэг хүмүүс үндэслэлгүй хөрөнгөжиж, ял завшиж хохирогч нар хохирол төлбөрөө авч чадахгүйд хүрч байна. Н нь өөрийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаас шалтгаалан дээрх нэр бүхий хүмүүст ашиглуулж гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл гэмт хэрэгт татан оролцуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийг бүрэн гүйцэд олж тогтоон хариуцлага тооцолгүй зөвхөн нэг хүнд ял үүрүүлээд орхих нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарыг давхар хохироож байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Т.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “Т.Н анх 2015 онд надаас машин авч байсан. 2 дахь удаагаа машин худалдаж авахдаа намайг залилсан. Би энэ хүний араас 1 жил гаран явж байна. Утас хулгай хийсэн хүн 7-8 жил авч байхад, хүнд үлэмж их хэмжээний хохирол учруулсан хүн 6 жилийн авч байгаад гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Т.Энхтүвшингийн өмгөөлөгч Ц.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч 4 дэх жилдээ хохироод явж байна. Мөрдөн байцаалтад буцлаа гэж бодоход дахин хэдэн жил хохирохыг мэдэхгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан нь үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх ёстой байсан. Энэ гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Гэтэл дээрх дурдсан үндэслэлийн алийг ч шүүгдэгч хангахгүй байна. Дэглэмийн хувьд хаалттай байх ёстой. Үргэлжилсэн гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн нь хууль нийцэхгүй. Тус бүрдээ үйлдэл болгон нь нэг гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн нийлээд энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул анх удаа үзэх нь үндэслэлгүй. Хэргийн нөхцөл байдлаас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм шиг хэрнээ бодит байдал дээр хохирол хор уршгийг төлөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээ нь 5-12 жил байдаг гэтэл 6 жил болгож багасгаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй эрүүгийн хариуцлага нь тохирохгүй гэж үзэж байна.” гэв.

Прокурор Г.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Цэдэвсүрэн гэх хүнийг хамтран оролцсон гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар зөвхөн шүүх хуралдааны явцад хэлсэн. Баатар гэх хүнийг үнэт цаасыг гаргаж өгдөг байсан талаар ял өөрчилж сонсгосон талаар мэдүүлэг өгөх үедээ шинээр мэдүүлсэн. Баатар гэх хүнийг шалга гэж албан бичиг хүргүүлснийг хэрэгт хавсаргасан байгаа. Т.Н нь хэрэг шүүхэд шилжсэний дараа шинэ хүмүүсийн талаар шинэ нөхцөл байдлыг ярьдаг. Мөрдөн байцаалтын явцад нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг. Иймд дахин шалгах нөхцөл байдал байхгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын хэлж байгаа зүйлд дараах байдлаар тайлбар хийж байна. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа тухайн яллагдагчийн хохирол нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзнэ гэж Эрүүгийн хуульд заасан байгаа. Т.Н нь 3 хүүхэдтэй, Юниверсал трейдинг ХХК-д хохирлын тал мөнгийг нөхөн төлсөн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс амьдралын эх үүсвэр болгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байгаа боловч Т.Н нь 2016 оноос 2019 онд хүртэл залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн. Удаа дараа үйлдэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Оюу толгойд ажилладаг гэх нөхцөл байдлыг хохирогч нарт итгүүлж залилах гэмт хэргийн арга хэрэгсэл болгож байсан нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

          Хэргийн бүх ажиллагааг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

          Шүүгдэгч Т.Н нь ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний хооронд 11 удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх замаар “Юниверсал трейдинг” ХХК-д 379,200,000 төгрөгийн, Г.Отгонбаярт 12,000,000 төгрөгийн, Т.Энхтүвшинд 22,500,000 төгрөгийн, “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д 2 удаагийн үйлдлээр нийт 19,000,000 төгрөгийн, “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-д 70,000,000 төгрөгийн, “Их мөнх наран” ХХК-д 17,000,000 төгрөгийн, “Аллианс капитал” ХХК-д 26,000,000 төгрөгийн, “Цэц капитал” ХХК-д 6,000,000 төгрөгийн, “Гуртын тавилан” ХХК-д 13,500,000 төгрөгийн, М.Өсөхбаярт 2,430,000 төгрөгийн буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 567,630,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

          Шүүгдэгч Т.Н Г.О нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх замаар “Баялаг мөндөөхөө” ХХК-д 30,000,000 төгрөгийн, “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д 5,000,000 төгрөгийн, “Их мөнх наран” ХХК-д 7,400,000 төгрөгийн буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 42,400,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

          Хохирогч П.Энхтүвшинбэлэгийн /1хх 31-32, 5хх 159,161/,Г.Отгонбаярын /7хх 43/, Т.Энхтүвшингийн /7хх 129-132/, Г.Нямдоржийн /11хх 8-9/, О.Мөнхжолоогийн /8хх 163-164/, З.Болор-Эрдэнийн /9хх 8-9/, Б.Алтансүхийн /10хх 184-185/, М.Энхбаатарын /9хх 210-211/, Т.Цэндсүрэнгийн /10хх 52-53/, Л.Ганцэцэгийн /10хх 140-141/, Т.Ганбаатарын /10хх 201-203/, М.Өсөхбаярын /13хх 12/, Б.Дүгэрсүрэнгийн /8хх 90-91/,

 

          иргэний нэхэмжлэгч С.Бямбаагийн /7хх 135/, Ж.Оюунсайханы /10хх 143/, гэрч Г.Долгорын /8хх 92/, Г.Цэдэнсүрэнгийн /1хх 46-50/, Б.Энхтөрийн /10хх 148-149/, Б.Баярцэнгэлийн /1хх 58/, Ч.Болортунгалагийн /1хх 59/, С.Эрдэнэ-Очирын /1хх 60/, Д.Батсайханы /1хх 76, 6хх 88-89/, Д.Бямбадоржийн /1хх 94/, А.Лхагвасүрэнгийн /1хх 107/, Ц.Ууганбаярын /1хх 113/, Л.Мөнхбатын /1хх 120/, Г.Учралын /1хх 130/, Ч.Баяржаргалын /1хх 137/, Б.Сангибатын /1хх 154/, Б.Хангалын /1хх 159/, Д.Бат-Эрдэнийн /1хх 171/, М.Сарангийн /1хх 200/, Б.Даринчулууны /1хх 208/, Д.Мөнхзулын /5хх 1-2/, Т.Гансүхийн /5хх 10-11/, Н.Уламбатын /5хх 12-13/, С.Буянтогтохын /5хх 14-15/, Ц.Ганзоригийн /5хх 16/, Н.Золцэцэгийн /5хх 24-25/, Т.Эрдэнэчимэгийн /5хх 29-30/, Г.Эрдэнэсүрэнгийн /5хх 32-33, 6хх 86/, Т.Баярсайханы /5хх 37-38/, Ч.Элбэгдоржийн /5хх 40-42/, Ц.Цэрэнбатын /5хх 45-46/, Ж.Амарбаясгалангийн /5хх 52-53/, Д.Цэрэнбаатарын /5хх 81-82/, Э.Чимэд-Очирын /5хх 84-85/, Н.Гал-Эрдэнийн /5хх 173/, М.Наранхүүгийн /6хх 26/, Д.Өнөржаргалын /6хх 27/, Т.Ням-Отгоны /6хх 54-55/, Д.Даваасаны /6хх 59/, Б.Мөнхтамирын /6хх 65/, Д.Батгэрэлийн /6хх 79-80/, В.Төмөрхуягийн /6хх 81/, Ч.Энхбаярын /6хх 84/, Б.Хонгорзулын /6хх 123/, С.Алтансүхийн /6хх 137-138/, Н.Туяацэцэгийн /6хх 187/, Д.Нямдоржийн /6хх 193/, Э.Ундралын /7хх 48-49/, Б.Чанцалын /7хх 50/, М.Батхишигийн /7хх 139/, И.Түмэнбаярын /9хх 13/, Д.Пүрэвдашийн /10хх 153-154/, Н.Ганбаярын /9хх 217-218/, Г.Ариунаагийн /13хх 17/, Б.Сүрэнрагчаагийн /2хх 64-65, 66-68/, З.Золбаярын /2хх 73-75/ мэдүүлгүүд,

 

          “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн зээл хүсэгчийн анкет /8хх 84-85, 9хх 119-121/, зээлийн гэрээ /8хх 94-96, 124-126, 129-130, 156, 9хх 160-162/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /8хх 97-98, 9хх 154-155, 244-249/, “Баялаг мөндөөхөө” ХХК-ийн зээл хүсэгчийн анкет /9хх 226-227, барьцаат зээлийн гэрээ /8хх 123-126, 9хх 223-225, 229-233/, “Цэц капитал” ХХК-ийн зээлийн гэрээ /8хх 183-188/, “Их мөнх наран” ХХК-ийн зээл хүсэгчийн анкет /9хх 62-64/, “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /9хх 239-243/, “Гуртын тавилан” ХХК-ийн лизингийн зээл болон барьцааны гэрээ /10хх 173-175/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 3955 дугаартай /10хх 32-33/, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1719 дугаартай /1хх 233-250, 2хх 12/ дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 70, 89, 103, 109, 115, 132, 147, 165, 195, 204, 214, 3хх 24, 34, 40, 45, 52, 58, 65, 71, 78, 85, 92, 97, 104, 110, 117, 122, 127, 132, 138, 144, 149, 155, 162, 167, 7хх 175/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /6хх 93, 7хх 81, 88, 106, 108, 10хх 169-170, 176/, автомашин техникийн үнэлгээний тайлан /6хх 208-250, 7хх 3, 78, 8хх 46-52, 10хх 188, 192, 11хх 67, 70, 74-75/, хохирлын тооцоо /13хх 65-70/, шүүгдэгч Т.Нгийн депозит дансны хуулгууд /7хх 186-187, 8хх 28, 30-31, 111-121/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Нг ганцаараа болон Г.Отой бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож байнга үйлдсэн гэм буруутай, Г.Оыг Т.Нтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай тохирчээ.

Шүүгдэгч Т.Нг ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний хооронд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7 аж ахуйн нэгж, байгууллага, 3 иргэнд нийт 567,630,000 төгрөгийн, Г.Отой бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр 3 аж ахуйн нэгж, байгууллагад нийт 42,400,000 төгрөгийн хохирлыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх замаар тус тус учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Г.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.Н, Г.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ялаар, Г.Оыг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн ялын зорилгод нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж байсан гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Н нь ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний хооронд 11 удаагийн үйлдлээр бусдын 567,630,000 төгрөгийг, Г.Отой бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр 42,400,000 төгрөгийг тус тус залилж авсан гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд түүнийг залилж авсан мөнгөө өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, залилж авсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Т.Нгийн үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарын гаргасан “... Б.Баярцэнгэл, Б.Чанцал, Р.Мөнхбат, Д.Өнөржаргал, Н.Эрдэнэбат, С.Мөнхбат, н.Пүрэвдаш, Г.Цэдэвсүрэн, Ц.Ганзориг нарыг уг хэрэгт нягталж шалгаагүй, эдгээр хүмүүс нь ял завшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч Т.Н, Г.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн баримтууд хавтас хэрэгт авагдаагүй, хохирогч нарт учирсан хохирлыг зөв тооцон гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч “Юниверсал трейдинг корпорейшн” ХХК-ийн захирал П.Энхтүвшинбэлэгийн /1хх 31-32, 5хх 159-161/, Г.Отгонбаярын /7хх 43-47/, гэрч Б.Баярцэнгэлийн /1хх 58, 4хх 239, 5хх 219-222/, Э.Ундралын /7хх 48-49, 7хх 60-61/, Б.Чанцалын /7хх 50, 7хх 62-63/, Р.Мөнхбатын /7хх 64-66/, Л.Долгоржавын /7хх 58-59/, Д.Өнөржаргалын /6хх 27/, Ж.Оюунсайханы /10хх 143-144, 55-56/, Т.Энхтүвшингийн /7хх 129-132, 136-137/, С.Бямбаагийн /7хх 134-135, 140-141/, М.Батхишигийн /7хх 138-139/, О.Мөнхжолоогийн /8хх 162-164, Б.Алтансүхийн /10хх 184-185/, Г.Цэдэвсүрэнгийн /4хх 236-237, 7хх 56-57, 10хх 179-182/, Ц.Ганзоригийн /5хх 16/, Ш.Баатарын /111-112/, шүүгдэгч Т.Нгийн /2хх 76-77, 9хх 160-162/ мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Нгийн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, уг гэмт хэргийг Т.Н нь Б.Баярцэнгэл, Б.Чанцал, Р.Мөнхбат, Д.Өнөржаргал, Н.Эрдэнэбат, С.Мөнхбат, н.Пүрэвдаш, Г.Цэдэвсүрэн, Ц.Ганзориг нартай бүлэглэн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Харин “Ш.Баатарыг уг гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх гомдлын хувьд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1/2530 дугаартай албан бичгээр Т.Нд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Т.Нгаас “... Баатараас хуурамч гэрчилгээ 1,700,000 төгрөгөөр худалдаж аваад барилгачдын талбайн хажууд байх банкны баталгаа, дансны хуулга гаргана гэх 3 давхар барилгын үүдээр ороод Чанцалын найз Монхоо гэх залуугаар тамга даруулж хуурамч гэрчилгээн дээр бичилт хийлгэдэг байсан. Баатар гэх залуугаас 10 гаран удаа хуурамч гэрчилгээний бэлдэцийг авсан байдаг” гэж мэдүүлснийг үндэслэн Ш.Баатарын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт хүргүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч нарын хувьд өөрсдийн залилуулсан эд хөрөнгийн шинж, тоо хэмжээ, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх тул шүүгдэгч Т.Нгийн гаргасан “... гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хүмүүсийг шалгаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Нгийн “...гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хүмүүсийг шалгаагүй  ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 869 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ