| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00361 |
| Дугаар | 133/ШШ2017/00382 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2017/00382
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ........... оршин суух, эрэгтэй, Ж овогт Д-ын А-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- ........ оршин суух, эмэгтэй, Б овогт Д-ийн С-д холбогдох,
зээл, хүү, алдангийн төлбөрт нийт 8.083.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.С гэгчид 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 2 сар 10 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөгийг зээлж, С бэлнээр авсан. Гэрээ ёсоор авсан мөнгөө өгөхгүй хохироож байна. Би энэ хүнд зээлсэн мөнгөө авч чадахгүй Улаанбаатар хот явахдаа хүнээс 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж аваад хүүд нь 583.500 төгрөгийг төлсөн. Одоо С-ээс үндсэн зээлд 5.000.000 төгрөг, зээлийн хүүд 583.500 төгрөг, алдангид 2.500.000 төгрөг, нийт 8.083.500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Д.С-ийннөхөр Батболдтой жирийн танил. Одоо өвс тэжээлээ авч нөөцөлмөөр байна. Отор нүүдэл их хийж төлөвлөгдөөгүй зардал их гарч ойрын үед мөнгөний хэрэг их байна. Тиймээс Д.Сэс энэ мөнгийг яаралтай гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн А-аас 8.08.3500 төгрөгний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөгийг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны дотор хоёр хувааж төлөх хүсэлттэй байна. Алданги болох 3.083.500 төгрөгийг хоорондоо тохиролцох хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.С-д холбогдуулан үндсэн зээлд 5.000.000 төгрөг, зээлийн хүүд 583.000 төгрөг, алдангид 2.500.000 төгрөг, нийт 8.083.500 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.
Хариуцагч Д.С-д 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 50 минутад өөрт нь мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан байх боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй /хх-26/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Д.А хариуцагчийн болон өөрийн өмгөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-30/.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.А, хариуцагч Д.С нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 19 дугаартай нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Д.А-гаас 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сар 10 хоногийн хугацаатай зээлж, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-5-6, 21/.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зохицуулсан тул нэхэмжлэгч Д.А 5.000.000 төгрөгийг 2 сар 10 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохирсон тохиролцоог хариуцагч Д.С хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байна /хх-5/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй. Хариуцагч Д.С нь нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хүү, алдангид нэхэмжилсэн 3.083.500 төгрөгт тохиролцох санал бичгээр гаргасан боловч нэхэмжлэгч Д.А уг саналыг хүлээн авахгүй боломжгүй гэх тайлбарыг гаргасан байна /хх-21, 24/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж хуульд тодорхойлон заасан шаардлагыг талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
Уг зээлийн гэрээ бодит байдалд хэрэгжиж зээлдүүлэгч Д.А нь зээлдэгч Д.Сд 5.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сар 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн байх боловч зээлдэгч Д.С нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна /хх-5, 2/.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, зээлийн гэрээний 2.6-т ...зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлнэ гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Д.А алдангид үндсэн зээлийн 5.000.000 төгрөгний 50 хувь болох 2.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Учир нь хариуцагч Д.С зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 5 сар 25 хоногоор хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлд 5.000.000 төгрөгийг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн хүүд 583.330 төгрөг /5.000.000х5%=250.000 төгрөг (нэг сарын хүү) : 30 хоногт = 8333 төгрөг (нэг өдрийн хүү) х 10 хоног = 83.330 + 500.000 (хоёр сарын хүү) = 583.330 (хоёр сар 10 хоногийн хүү)/-ийг хариуцагч Д.С-ээс шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно /хх-16, 23/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.400 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлага 8.083.500 төгрөгний шаардлагад ногдох 144.286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 8.083.330 төгрөгний шаардлагад ногдох 144.283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 54.114 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн ............... тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.А-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт Д-ийн С-ээс үндсэн зээлд 5.000.000 төгрөг, зээлийн хүүд 583.330 төгрөг, алдангид 2.500.000 төгрөг, нийт 8.083.330 /найман сая наян гурван мянга гурван зуун гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овогт Д А/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 170 /нэг зуун далан/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.400 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлага 8.083.500 төгрөгөнд ногдох 144.286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 8.083.330 төгрөгний шаардлагад ногдох 144.283 /нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун наян гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 54.114 /тавин дөрвөн мянга нэг зуун арван дөрвөн/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.А-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ