Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

 

 

      2025         01           20                                     2025/ШЦТ/18

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч  Б.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Аын Ат холбогдох эрүүгийн 2403 00000 1111 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.........................................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн .................. хороо ..................  гудамж, ..................  хорооллын баруун талын замд ..................  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т тус тус заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн .................. хороо ..................  гудамж, ..................  хорооллын баруун талын замд ..................  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т тус тус заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-08, 14-15 дахь тал/,

 

2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Бын өгсөн: “...Би тэр өдөр Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо гэрээсээ 15 цагөнгөрч байхад гараад автобусанд суугаад 21 дүгээр хороолол орж гар утсаа янзлуулах ажилтай байсан. Тэгээд би гэрийн ойролцоо байдаг ................ нэртэй автобусны буудал дээрээс чиглэлийг нь санахгүй нэг автобусанд суугаад 21 дүгээр хорооллын замын баруун талын автобусны буудал дээр буусан. Тэгээд замын зүүн тал руу зам хөндлөн гарах гээд хойд зүг рүү хартал машинууд зогсож байсан ба явган хүний гарцаар хүмүүс гарч байсан. Би тэгэхээр нь машинууд зогсож байгаа юм чинь хурдан зам хөндлөн гарчихна гэж бодоод гарч байхад гэнэт зүүн талаас машин ирж мөргөсөн. Тэрний дараа зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд машин дотор явж байсан, тэгээд өөр машинд суугаад ах нь бололтой залуу ГССҮТ-д авч ирж үзүүлсэн. ...Миний бие сайн байгаа, өдөр өдрөөр дээрдэж байна. Намайг мөргөсөн жолооч А миний хохиролыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Б ын өгсөн: “...Би осол болох үед нь байгаагүй, Миний авга дүү А.А миний эзэмшлийн .................................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Би Ат ойр зуурын ажпаа амжуулаад унаж бай гэж хэлээд машинаа өгсөн. ...Үнэлгээ хийлгэхгүй, би иргэний нэхэмжпэгчээр тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 15165 дугаартай: “...Я.Бын биед баруун атгаал ясны толгой хүзүүгээр шаантагласан зөрүүтэй далд хугарал, бүсэлхий 1-р нугалам, сээрний 12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн өгзөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох чурмын 4.6.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40- 41 дэх тал/,

 

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр 18-ны өдрийн 504 дугаартай “Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын урд их гэрэл, урд буферын зүүн гар талын хэсэг, баруун гар талын булан хэсэг, нэмэлт гэрэл тус тус цуурч хагарсан, баруун гар талын урд крыло замаска хагарч өнгө алдасан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Зүүн гар талын урд их гэрэл, урд буфер зүүн гар талын хэсэгтээ цуурч хагарсан эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осол хэрэг болоход үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. Баруун талын буландаа цуурч хагарсан, баруун гар талын нэмэлт гэрэл цуурч хагарсан, баруун гар талын урд крыло замаска хагарч өнгө алдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь уг тээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаярын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2014 дугаартай: “...Явган зорчигч Я.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

.................................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Аийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гарцаар явж байсан явган зорчигч нарыг гаргаад хөдлөх үед миний гар утас дуугарч дуудлага ирсэн. Гар утасны цэнэглэгч богино учраас би утсаа тонгойж аваад дээшээ хартал тас хийгээд явчихсан. Тэгээд зогсоод буугаад хартал хүн мөргөсөн байсан. Би бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

 

Хохирогч Я.Бын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд гаргасан: “..Иргэн Я.Б нь 2024 оны 11 сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21-ийн автобусны буудлын замд ....................................улсын дугаартай машинд мөргүүлж биедээ гэмтэл авсан. Үүнээс хойш уг машины жолооч А.А нь миний биед эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд миний бие жолооч А.Аээсс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, сэтгэл санааны болон бусад зардал нэхэмжлэхгүй болно. Мөн цаашид шүүх хуралдаанд миний бие оролцохгүй болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 88 дахь тал/,

Яллагдагч А.Аээс хохирогч Я.Бод гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,000,000 төлж барагдуулсан талаарх Хаан банкны дипозит дансны хуулга /хавтаст хэргийн 96 дахь тал/,

Яллагдагч А.Аийн Тээврийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/,

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 98 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Бод шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл тогтоогдсон ба хохиролд төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч А.А нь дансаар 5,000,000 төгрөг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 96 дахь тал/ байх тул түүнийг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэх шийдвэр нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Шүүгдэгч Г овогт Аын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасанТээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Ат оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай. 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНХТҮВШИН