| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 102/2016/07865/И |
| Дугаар | 181/шш2017/00511 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 181/шш2017/00511
2017 оны 02 сарын 10-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00511 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Т-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.У ХХК /РД:5419204/-д холбогдох
14 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Арвайхээр сумын 3, 8 дугаар багийн 950м хатуу хучилттай замын 330 м.кв хучилтад 9 900 000 төгрөгийн гэрээт ажлыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийж гүйцэтгэсэн.
Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг төлөөгүй тул ажлын хөлс 9 900 000 төгрөг, алданги 4 950 000 төгрөг, нийт 14 850 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй тул бид өөрсдөө тухайн ажлаа хийсэн. Нэхэмжлэгч тал ажил хийгээгүй тул ажил хийсэн талаарх баримтыг гаргаж өгч чадаагүй. Улсын комиссын актад нэхэмжлэгч байгууллага ороогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажлын хөлс 9 900 000 төгрөг, алданги 4 950 000 төгрөг, нийт 14 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь гэрээнд зааснаар ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
А.Т болон Э.У ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээний үндсэн дээр А.Т нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3, 8 дугаар багийн 950м хатуу хучилттай замын 330 м.кв хучилтад тэмдэглэгээ хийх ажлыг 9 900 000 төгрөгийн хөлстэйгээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна, энэ үйл баримт дээр талууд маргаагүй. Энд дурдсан шинжээрээ талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар А.Т нь Арвайхээр сумын 3, 8 дугаар багийн 950м хатуу хучилттай замын 330 м.кв хучилтад тэмдэглэгээ хийсэн ажлын үр дүнг Э.У ХХК-нд хүлээлгэн өгөх ёстой юм. Ийнхүү хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөхдөө актаар хүлээлцэх болохыг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн Тэмдэглэгээ хийж хүлээлгэн өгсөн акт-ыг баримтаар гаргаж өгсөн боловч талууд харилцан гарын үсэг зураагүй, холбогдох тамга дарагдаагүй, актыг Э.У ХХК-тай хамтран үйлдээгүй гэх хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг нэхэмжлэгч няцаагаагүй. Түүнчлэн уг ажил хүлээлцсэн гэх актад хэдий хэмжээний ажлыг ямар чанарын үзүүлэлттэй, ямар хэмжээний зардал, төсөвтэй хийж гүйцэтгэсэн болох нь тусгагдаагүй, ийнхүү дурдаад байгаа үзүүлэлтүүд бол ажлын үр дүнтэй шууд холбогдох шинжүүд юм.
А.Т-ын гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэж нотлох баримтаар гаргаж өгсөн фото зургуудаар хичнээн хэмжээний ажлыг хаана гүйцэтгэж байгаа нь харагдахгүй, түүнчлэн зурагт тусгагдсан ажлууд нь энэ гэрээний харилцаад хамаарах эсэх нь өөр баримтаар нотлогдсонгүй.
Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар зөвхөн Э.У ХХК-иас 950 м авто замын ажлыг хийж гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба 950 м авто замын 330 м.кв талбайд ногдох тэмдэглэгээний ажлыг А.Т гүйцэтгэсэн болох нь дээрх актаар харагдахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.
Иймд ажил гүйцэтгэгч А.Т нь гэрээнд заасан ажлыг бодитоор гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагч Э.У ХХК-нд хүлээлгэн өгсөн үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.У ХХК-иас ажлын хөлс 9 900 000 төгрөг, алданги 4 950 000 төгрөг, нийт 14 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ