Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2021/00930

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2021/00930

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Л.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Д.Э-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай 155/2021/00838/и индекстэй иргэний хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, хариуцагч Д.Э (цахим) нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.М нь нөхөр болох Д.Этай 2008 онд танилцан, үерхэн дотносож байгаад 2010 онд албан ёсоор гэр бүл болсон.

Бидний хамтын амьдралын явцад 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Бн, 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр бага хүү Э.Б нар тус тус мэндэлсэн.

Миний хувьд Д.Этай хамт амьдарч эхэлсэн цагаас хойш сэтгэл амар, аз жаргалтай байсан хором мөч барагтай бол үгүй байсан.

Учир нь нөхөр болох Д.Э нь гэр бүл болсноосоо хойш архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх болж, улмаар ууж согтуурсан үедээ эхнэр болох намайг бусадтай хий хоосон хардаж, сэрдэн зовоож хэлэх, хэлэхгүй бузар муу үгээр хараан зүхэж бие махбодид минь халдаж, зодож нүдэх болсон.

Түүний энэхүү байнгын гэр бүлийн хүчирхийллийг үйлддэг шалтгааны улмаас бид хоёрын хооронд үл ойлголцол, хэрүүл маргаантай харилцаа хурцадмал байдалд орж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болсон.

Мөн амьдарч байх хугацаандаа Д.Э нь эхнэр болох надад болон төрсөн үр хүүхдүүддээ хайр халамж муутай, цаашид гэр бүлээ тэжээн тэтгэх чадваргүй, амжиргаа муутай нэгэн болох нь мэдэгдсэн.

Бид хоёрын хувьд том хүүгээ төрсний дараа Улаанбаатар хотод очиж амьдрахаар шийдэж, түр оршин сууж байх хугацаанд буюу 2010-2014 оны хооронд дээрх хүнд хэцүү гэр бүлийн харилцаа үргэлжилсээр байсан.

Улмаар миний бие бага хүүгээ төрсний дараа түүнтэй дахин амьдрах боломжгүй юм байна гэдгээ ойлгож, түүнээс бүр мөсөн салж, хүүхдүүдээ аван Хөвсгөл аймагт байх өөрийн аав, ээжийн гэрт ирж амьдраад 7 жилийн хугацаа өнгөрч байна.

Одоо цаашид нэгэнт гэр бүл болон амьдрах боломжгүй болж, хэн аль маань тус, тусын амьдралаа дахин эхлүүлж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ.

Иймд Д.Э бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Бн, Э.Б нарыг миний асрамжид үлдээж өгнө үү.

Харин миний хувьд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар аливаа маргаан байхгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.М нь нөхөр болох Д.Этай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2010 онд албан ёсоор гэр бүл болсон. Хамтын амьдралын явцад 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Бн, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүү Э.Б тус тус мэндэлсэн. Хувийн таарамжгүй харилцаа, хариуцагчийн эхнэр хүүхдүүддээ халамжгүй байдал болон тэжээн тэтгэх чадваргүй зэрэг нь мэдэгдсэн учраас 2014 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Анх гэр бүл болоход манай аав ээж хүлээн зөвшөөрч байгаагүй ба хадгийг нь манай аав хүлээж авч байгаагүй. Нэхэмжлэгч нь одоо Унгар улсад амьдардаг. Зун ирж 2021 оны 8 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлын шаардлагаар Унгар улс руу буцсан. Одоо нэхэмжлэгч болон хариуцагч нар нь тус тусдаа амьдралтай болсон бөгөөд тусдаа амьдраад удсан тул цаашид эвлэрэн хэлэлцэж цуг амьдрах боломжгүй болсон.

Иймд нэхэмжлэгч Л.М, хариуцагч Д.Э нарын гэрлэлийг цуцалж, 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Бн, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүү Э.Б нарыг эх Л.Мөнхсолонгийн асрамжид үлдээж өгнө үү. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. ...Нэхэмжлэгч хариуцагч нар нь хамт амьдарч байх хугацаандаа хэрүүл маргаан ихтэй байдаг байсан. Анх гэр бүл болоход нь манай эцэг, эх хүлээн зөвшөөрдөггүй байсан. Үүнтэй холбоотой асуудал их байсан гэж боддог. Хамт амьдарч байх хугацаандаа тусдаа гарч амьдарч байгаагүй....гэв.

Хариуцагч Д.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Д.Э нь эхнэр болох Л.Мтой 2008 онд танилцан үерхэж байгаад 2010 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдрал дундаас 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Бн, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүү Э.Б нар мэндэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд хувийн таарамжгүй харилцаа болон гэр бүлийн уур амьсгал хэвийн бус байснаас тусдаа амьдраад 7 жил болж байна. Одоо хэн хэн нь тусдаа амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй2015 оноос хойш тусдаа амьдарч байна. ...Хадмындаа амьдардаг байсан. Улаанбаатар хотод нэг хэсэг гэр бүлээрээ амьдарч байсан. ...Хамт амьдарч байх хугацаандаа би эхнэрээ гомдоож байсан түүнээс болж тусдаа амьдрах болсон гэж боддог. Улаанбаатар хотод хамт амьдарч байгаад би Хөвсгөл рүүгээ явлаа гээд явсан би эндээ хашаа байшинтай болсон байсан учраас араас нь очоогүй. Байнга нааш цааш байхаар хүний сэтгэл хөрдөг юм байна лээ. Сүүлд нэхэмжлэгчтэй ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар болсон. ...Гэрлэлтийн бүртгэлгүй учраас хүүгээ өөрийн нэр дээр авч болдоггүй гэсэн учраас хүүгээ төрөхөөс өмнө гэрлэлтээ батлуулж анхны хүүхэд учраас өөрийн нэр дээр авах нь зүйтэй гэж үзэж ярилцаад гэрлэлтээ батлуулж байсан...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь Д.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2008 онд танилцаж, 2010 онд гэр бүл болж, 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0157491-48 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү Э.Бн, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүү Э.Б нар төрсөн болох нь бүртгэлийн 69, 6701000692 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 4-6 дугаар тал)

Нэхэмжлэгч Л.М, хариуцагч Д.Э нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, тус тусын амьдралтай болсон, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдүүдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Бн, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Э.Б нарыг эх Л.Мөнхсолонгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Э.Бн, Э.Б нарыг

эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Д.Эгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.Эгаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Л.М нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Л.Мөнхсолонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Мд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Д.Э, Л.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Б, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Э.Б  нарыг эх Л.Мгийн асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Эд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Л.Мд тус тус даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Мд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ОЮУНЖАРГАЛ