| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2006015471850 |
| Дугаар | 2021/ДШМ/73 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/73
2021 1 13 2021/ДШМ/0073
З.Зт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/2616 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Ц.Ганцэцэгийн эсэргүүцлээр З.Зт холбогдох эрүүгийн 2006015471850 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн З-ийн З,
З.З нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 403 дугаар байрны гражид байрлуулсан хохирогч Ц.Саранжингийн эзэмшлийн Тоёота приус 30 загварын 05-17 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр байсан гар цүнхнээс монетон ээмэг, бөгж, гинж, кулоны хослол зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 862,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Цэрэндолгор нь тус гражийн харуул З.Зт автомашины түлхүүрийг түр орхисон, автомашинд нэвтрэхийг зөвшөөрсөн байгаагаар автомашин түүний дотор байгаа зүйлийг тэр чигт нь итгэмжлэн хариуцуулсан, итгэж үлдээсэн гэж үзнэ. Иймд хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн “нууцаар” гэсэн шинж тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй” байх тул хэргийг прокурорт буцааж, З.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... З.З нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 403 дугаар байрны гражид байрлуулсан хохирогч Ц.Саранжингийн эзэмшлийн Тоёота приус 30 загварын 05-17 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр байсан гар цүнхнээс монетон ээмэг, бөгж, гинж, кулоны хослол зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 862,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийг талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх 10-15/, Эрвээхэйтэй монетон ээмэг, бөгж, гинж, кулоныг 862,400 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-33/, хохирогч, иргэний нэхэмлэгч Ц.Саранжингийн /хх 18-24/, гэрч М.Цэрэндолгорын /хх 26-27/, гэрч Н.Нямдаваагийн /хх 29/, З.Зийн яллагдагчаар өгсөн /хх 59-60/ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт З.Зийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэдэг.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл: З.Зт хохирогчийн автомашины түлхүүрийг тухайн хэрэгт гэрчээр тогтоогдсон М.Цэрэндолгор гэх хүн “автомашины зөвхөн хөдөлгөх“ чиг үүрэгтэйгээр үлдээсэн, шилжүүлсэн нь тухайн автомашины дотор байгаа эд зүйлсийг бүгдийг түүний эзэмшилд итгэмжлэн үлдээсэн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Мөн нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн “нууцаар” гэсэн шинж тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрз зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. З.З нь хохирогч Ц.Саранжингийн эзэмшил, өмчлөлийн монетон хослолыг хохирогчид мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Орхон нутаг” ХХК барьцаат зээлийн газарт 560,000 төгрөгийн барьцаанд тавьсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд зэрэг бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдсон, хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн нууцаар гэх шинж тогтоогдоогүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар З.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу хүч хэрэглэхгүй, нууцаар бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь тогтоогддог. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч З.Зт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу цугларсан, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч З.Зийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.
Түүнчлэн шүүгдэгч, хохирогч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус арга, хэрэгслээр цуглуулж,бэхжүүлж авсан нотлох баримтыг үнэлэлгүй, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцолгүйгээр нотлох баримт, баримт мэдээллийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч З.Зт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2539 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч З.Зт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч З.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ