Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 120/ШШ2022/0018

 

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Номхон овогт *******ын *******

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн *******

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, Р.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь Төрийн албаны зөвлөлийн *******д холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн *******ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 51 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Э.*******ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

2. Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар *******ны даргын орон тоонд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусах болон тус албан тушаалын сул орон тоо нөхөгдөх хүртэлх хугацаанд Э.*******тай мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан байна.

Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан төрийн албаны удирдах албан тушаалын тусгай шалгалтад бүртгүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн *******д цахимаар материалаа хүргүүлсэн боловч хариуцагчаас ...шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа тул төрийн албаны тусгай шалгалтад оролцох боломжгүй гэж мэдэгдэн, маргаж буй актыг гаргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн *******ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр албан бичгийг эс зөвшөөрч Салбар зөвлөлд гомдол гаргасан. Гомдлын хариуг 10 дугаар сарын 27-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр өгсөн. Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/2388 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгчээ.

Ингээд Э.******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

4. Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Би 2010 оноос хойш 11 жил төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтнаар төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаад Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын *******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хууль хэрэгжсэнээс хойш манай аймагт удирдах албан тушаалтны тусгай шалгалт зарлагдаагүй бөгөөд 2021 оны 10 дугаар сард анх удаа зохион байгуулагдахаар зарлагдсан. Би холбогдох материалаа бүрдүүлэн тусгай шалгалтад бүртгүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн *******д хүргүүлсэн боловч тусгай шалгалт зохион байгуулах комиссын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр Мэдэгдлээр Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, 37.1.4 дэх заалт, ...байх гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй гэсэн гурван үндэслэлээр төрийн албаны тусгай шалгалтад оролцох боломжгүй гэж үзэн бүртгэхээс татгалзсан.

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тусгай шалгалтад бүртгээгүй нь миний төрийн албанд томилогдох, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг минь ноцтой зөрчсөн төдийгүй, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д Монгол Улсын иргэн Төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.6-д ил тод байх, 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчмуудыг хэрэгжүүлж чадсангүй гэж үзэж байна.

Намайг *******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагч гэдгийг мэдсээр байж Салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөх тухай заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт "...Тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж заасныг болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 4 дүгээр зүйлд заасан болзлыг хангаж байгаа бөгөөд хууль, журамд зааснаар тусгай шалгалтад оролцуулахаас татгалзах үндэслэлгүй байхад салбар зөвлөл хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд хууль, журмыг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй журмын заалтыг хэрэглэж Төрийн албаны зөвлөлийн *******ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 51 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Э.*******ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа Э.******* нь төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд байхгүй гэдэг үндэслэлээр мэдэгдэл гарсан гэж тайлбарлаж байна. Мэдэгдлийн үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн хэргийн материалд Э.*******ын 2010 оны 65 дугаартай төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн баримт байна. Энэ нь Э.******* төрийн захиргааны албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцээд нөөцөд орсон гэдгийг нотолж байна.

2019 оны Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой 2019 оны 03 дугаар сард төрийн удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх журам шинэчлэгдсэн. Үүнээс өмнө 2009 оны Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалтны нөөцийн асуудлыг зохицуулж байсан. Энэ журмын 3.3.3-д 2.2.1, 2.2.3 болон 2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтааж нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрөөс шалтгаалах хүчин зүйлээр ажлаас чөлөөлөгдөн, нөөцөөс гарч байгаа тохиолдолд Төрийн албаны салбар зөвлөл 3 хоногийн дотор тухайн хүний хувийн хэрэг, нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийж архивд шилжүүлэх ёстой.

Төрийн албаны зөвлөлөөс Э.*******ыг нөөцөөс хасаж хувийн хэрэг, нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийж аймгийн архивд шилжүүлж, хадгалуулсан баримт байхгүй. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын тушаал, Ажлын байрны тодорхойлолтод төрийн захиргааны албан тушаалд болон туслах түшмэлийн албанд хэдэн жил ажилласан, удирдах албан тушаалтны нөөцөд орсон байх гэх шаардлагуудыг тавих ёстой. Гэтэл Ажлын байрны тодорхойлолтод ийм шаардлага тавьж өгөөгүй байж, хуулиас давсан шаардлагыг Э.*******аас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Э.*******ын төрийн албанд шударгаар орж ажиллах боломжийг хаасан гэж үзэж Салбар зөвлөлийн 2021 оны 51 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Цаг үеийн нөхцөл байдал, тодорхой үйл явдалтай холбоотойгоор өөр боломжгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой. Коронавирусын халдвар гарсантай холбоотойгоор нэг ч шалгалт зохион байгуулагдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгүүдэд заасан удирдах албан тушаалтны нөөц, түүнд бүртгэлтэй байгаа иргэдийн жагсаалт, нөөцөд бүртгэлтэй иргэн гэдэг ойлголт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар байхгүй. Анхны шалгалт зохион байгуулагдах гэж байгаа үйл явц нь энэ байсан. Анх ажилд орсон тушаалдаа Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслээгүй боловч хөдөлмөрийн гэрээндээ бүрэн тодорхой зааж өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд цар тахлын нөхцөл байдлын улмаас шалгалт зохион байгуулагдаад сонгон шалгаруулалтад ороод болзол шаардлага хангаж байгаа иргэдийг томилогдох хүртэл хугацаагаар Э.*******ыг Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны даргын албан тушаалд авч ажиллуулж байна гэдэг үйл баримтыг хөдөлмөрийн гэрээндээ тодорхойлсон.

Э.*******аас төрийн албаны хуульд заасан үүргийг шаардсан хэрнээ шалгалт өгөх эрхийг нь хааж, чи төрийн албан хаагч биш гэж няцааж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5 дахь хэсгүүдэд заасан төрийн албанд орж ажиллах боломжийг хязгаарлаж байна. Зөвхөн шалгалтад оруулж өгнө үү гэдэг асуудал буюу ийм байдлаар маргааны хүрээ хязгаарлагдана.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтад заасан нөхцөл байдлуудыг зөвхөн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлгүй гэдэг үндэслэлээр Э.*******ыг шалгалтад оролцуулахгүй буюу шалгалт өгөх эрхийг зөрчиж байгаа үйл баримт нь томилогдох асуудалд яригдах болохоос сонгон шалгаруулахад тавигдахгүй шаардлага гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт төрийн албан тушаалд сонгон шалгаруулахдаа гагцхүү чадавхын зарчмыг үндэслэнэ гэж заасан. Тэгэхээр уян хатан боломжтой, бусад иргэний нөөц боломжид нийцүүлэн шаардсан, хангасан ийм шаардлагыг тавих ёстой. Өөрөөр хэлбэл гагцхүү чадавхын зарчим, мэдлэг, ур чадварыг нь үнэлэх хэрэгтэй. Э.******* нь ажлын байрны тодорхойлолт тавигдсан бүх шаардлагыг бүрэн хангаж байна. Тиймээс 51 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгож, Э.*******ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж өгнө үү гэв.

4.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.******* тайлбартаа: ...Салбар зөвлөлийн 51 дүгээр Мэдэгдлийг эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дэх хэсэгт зааснаар Э.******* нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа учраас төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй.

Маргаан бүхий 51 дүгээр мэдэгдэл нь захиргааны акт мөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Э.******* нь удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт бүртгэж өгнө үү гэхэд 51 дүгээр мэдэгдлээр татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь захирамжилсан үйл ажиллагаа, ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актын үндсэн зургаан шинжийг хангасан захиргааны акт мөн.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт сонгуулиас бусад нийтийг хамарсан сонгон шалгаруулалт энэ хуулийн үйлчлэл дууссаны дараа тухайн хуульд заасан хугацаандаа явуулаарай гэсэн агуулгыг илэрхийлдэг. Хариуцагч талаас хууль бусаар томилогдсон, дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг тушаалдаа тусгах ёстой байсан гэж тайлбарладаг. Тушаалд энэ хуулийн зүйлчлэлийг тусгаагүй гээд хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасан удирдах албан тушаалтны нөөцөд байхгүй гэж маргадаг. Э.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрийн алба хаагч болж, ажлаа хийж байгаад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сул орон тоонд хуульд заасан шаардлагыг хангаад буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчийнхаа хувьд шалгалтад бүртгүүлэхийг хүссэн.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам-ын 5.3 дахь хэсэгт энэ журмын 4.1-д заасан болзлыг хангасан, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаар хэлэлцээд шийдвэрээ гаргана. Хэрвээ татгалзвал шалтгааныг мэдэгдэнэ гэж заасан. Энэ журмын 4.1 дэх хэсэгт дараах болзлыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлнэ гээд 4.1, 4.1.5 дахь хэсэгт заасан шалгалт өгөх болзлыг Э.******* нь бүрэн хангасан. Мөн журмын 5.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээ бүрэн бүрдүүлж өгсөн. Тиймээс энэ журмын 5.3 дахь хэсэгт зааснаар комисс тухайн этгээдийг буюу Э.*******ыг бүртгэхээс татгалзаж шийдвэр гаргах эрх зүйн боломжгүйг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Төрийн албаны зөвлөлийн *******ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн материалыг цахимаар хүлээн авсан. Комисс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдийн материалтай танилцаж, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам болон Албан тушаалын тодорхойлолтод тавигдсан тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, комиссын хурлаар хэлэлцэж Э.*******ыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-д зааснаар Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, ...Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, 37.1.4, 37.1.5, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.2.1, 2.2.2 дахь шаардлагуудыг хангахгүй байна гэж үзэн 2021 оны 51 дүгээр мэдэгдлийг хүргүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлэх зохицуулалтыг зөрчиж Э.*******ыг Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон учраас төрийн жинхэнэ албан хаагч биш тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу... болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2.1-д зааснаар шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас гэсэн зохицуулалтаар тусгай шалгалтад оруулах боломжгүй юм.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам-ын 2.1-д ..төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалтад оролцох эрхтэй гэж заасан тул түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж Э.******* нь төрийн жинхэнэ албан хаагч биш учраас шатлан дэвшүүлэх эрх зүйн зохицуулалт хамааралгүй. Мөн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам-ын 2.5.1-д ...үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн 3 жил хамгийн дээд үнэлгээ авсан байж шатлан дэвшүүлэх шалгалтад оролцох эрхтэй гэж заасан. Гэтэл Э.******* нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн 3 жил хамгийн дээд үнэлгээ авсан байх шаардлагыг хангаагүй тул шатлан дэвшүүлэх журмаар тусгай шалгалтад оруулах боломжгүй.

Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Э.******* сумын 4 дүгээр багийн зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Дунд сайханы 4 дүгээр багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон. Тус багийн зохион байгуулагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн үндэслэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болон одоогийн мөрдөж буй Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцогдох боломжгүй тул төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байхгүй.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам-ын 2.1.3-д заасан удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлгүй учир Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2.2-т зааснаар тусгай шалгалтад оруулах боломжгүй юм. Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаал нь ТЗ-7 буюу дэс түшмэлийн ангилалд хамаарах удирдах албан тушаал тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь хэсэг дэх заалтууд нь гүйцэтгэх болон туслах албан тушаалд хамааралтай юм.

Э.******* нь төрийн жинхэнэ албан хаагч биш, нөөцөд бүртгэлгүй учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай шалгалтад оруулах боломжгүй. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 4.1.4-д ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэний хувьд тухайн орон нутгийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх болзлыг хангаагүй учир тус журмын 5.3-д зааснаар болзол хангаагүй гэж үзэн мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд Э.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, Э.******* нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тодорхойлсон ба Өмнөговь аймгийн Засаг даргын харьяа агентлагийн нэгжийн дарга нь удирдах албан тушаалд хамаарна гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 51 дүгээр мэдэгдэл нь захиргааны акт мөн үү. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Гэтэл 51 дүгээр Мэдэгдлээр албан бичиг буюу архив, албан хэрэг бүртгэлтийн стандартаар захирамжилсан тушаал, тогтоол гаргаагүй. Мэдэгдэл нь албан бичиг буюу зохион байгуулалтын баримт бичигт ордог. Тухайн мэдэгдлээр Э.******* та шаардлагыг хангаагүй учраас бүртгэсэнгүй гэдэг мэдээлэл өгсөн учраас Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул захиргааны акт биш гэж үзэж байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож ажиллахдаа Ардчилсан намын гишүүнээс чөлөөлөгдсөн баримтууд ирсэн, мөн худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн Гэрчилгээтэй байх тул эдгээр үндэслэлээр хариуцагч тал маргахгүй.

Хамгийн гол маргаан нь Э.******* удирдах албан тушаалтны нөөцөд байхгүй. Э.******* нь 2010 онд шалгалт өгч тэнцээд багийн зохион байгуулагч буюу ТЗ-1-ийн туслах албан тушаалд томилогдоод хэдхэн хоног ажиллаж байгаад багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон. Дараа нь сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдоод өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалд 20-иод хоног ажиллаж байгаад төрийн улс төрийн албан тушаалд ажилласан. Үүнээс хойш Таван толгой ХК-д албан ажилтнаар томилогдоод төрийн албанаас гарсан. Тиймээс Э.*******ын нөөцийн хугацаа 2010 онд дууссан гэж үзэж байна.

Одоо төрийн албанд орох гэж байгаа бол эхлээд ерөнхий шалгалт өгөөд нөөцөд бүртгэгдэнэ. Дараа нь тусгай шалгалт өгнө. Гэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан мэдлэг, мэргэжил, боловсрол зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж томилно. Эсхүл энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилохоор заасан. Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үздэг.

Нэхэмжлэгч Э.******* нь төрийн улс төрийн ажлаас гараад хувийн компанид ажиллаж байсан учраас төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байхгүй. Удирдах албан тушаалтны нөөц гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-д заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна гэж заасан. Э.*******ын хувьд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажиллаж байгаа болон ажиллаж байсан бол удирдах албан тушаалын нөөцөд байна гэж үзээд бүртгэх боломжтой. Гэтэл Э.*******ын хувьд ажилласан түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хүний нөөцийн шийдвэрүүдээс харахад удирдлагын нөөцөд байхгүй байна.

Э.******* нь төрийн албанд хууль бусаар ажиллаж байна гэдэг мэдээлэл ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл болон 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд хяналт шалгалт хийнэ. Сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хий гэсний дагуу Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Э.******* төрийн албаны нөөцөд байхгүй гэдэг нь нотлогдсон.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл хууль бусаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар томилох эрх бүхий этгээдэд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Уг тогтоосон хугацаанд шийдвэрээ хүчингүй болгоогүй учраас Төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд Э.*******ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож 327 дугаар тогтоол гаргасан. 327 дугаар тогтоолтой холбоотой Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Засгийн газрын 275 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд байдаг. Гэтэл Э.*******ыг үүрэг гүйцэтгэгчээр томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулах боломжгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө хийгдэх ёстой.

Хамгийн гол нь удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшиж байгаа албан хаагч удирдах албан тушаалтны нөөцөд байх ёстой. Үүнийхээ дагуу тусгай шалгалтад орох ёстой. Гүйцэтгэх албан тушаалд байгаа хүн төрийн албаны нөөцөд байх ёстой бөгөөд төрийн албаны тусгай шалгалт өгөөд томилогдох ёстой гэсэн эрх зүйн зохицуулалттай. Нэхэмжлэгч Э.*******ыг анх томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг зөрчсөн, мөн төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн *******ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 51 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Э.*******ыг Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 4 дүгээр зүйлд заасан болзлыг хангаж байгаа бөгөөд хууль, журамд зааснаар тусгай шалгалтад оролцуулахаас татгалзах үндэслэлгүй байхад Салбар зөвлөл хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж тайлбарлан маргаж байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр албан бичиг буюу Мэдэгдэл нь захиргааны акт биш гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилсан.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 1.1-д Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тусгай /тухайн албан тушаалын/ шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна, 5.3-д Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ гэж зохицуулжээ.

Э.******* нь төрийн албаны тусгай шалгалтын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн бөгөөд маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн *******ийн (цаашид Салбар зөвлөл гэх) 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр Мэдэгдлээр Та ... Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалын ... шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа тул төрийн албаны тусгай шалгалтад оролцох боломжгүйг мэдэгдсэн байна.

Салбар зөвлөлийн 2021 оны 51 дүгээр албан бичиг буюу Мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д нэрлэн заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн агуулж байх ба тодруулбал уг Мэдэгдлээр Э.*******д эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн, түүнийг төрийн албаны тусгай шалгалтад оролцох эрхийг хязгаарласан захиргааны акт байна гэж үзлээ.

 

4. Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 дугаар тушаал гарган, Э.*******ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна.

2021 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу Э.*******аас уг сонгон шалгаруулалтад оролцохоор 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахимаар бүртгүүлсэн бөгөөд Салбар зөвлөлийн Шалгалтын комисс 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, төрийн албаны удирдах албан тушаалын тусгай шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдийн материалыг нягтлан шалгаж, бүртгэх эсэхийг хянан шийдвэрлэсэн.

Ингээд Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр (хх 1-р 17 дахь хуудас) албан бичгээр Э.*******ыг аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа, ...төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, ...шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл ...удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс гэх хуулийн заалтыг, мөн ...Худалдан авах ажиллагааны чиглэлээр ...мэргэшсэн байх гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байна гэсэн үндэслэлээр төрийн албаны тусгай шалгалтад оролцох боломжгүйг мэдэгджээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.******* ...Ардчилсан намын гишүүнээс чөлөөлөгдсөн, мөн худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн Гэрчилгээтэй тул эдгээр үндэслэлээр маргахгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж ...*******ны даргын албан тушаалд томилогдсон. Төрийн албаны нөөцөд бүртгэлгүй тул төрийн албаны ерөнхий шалгалт өгч одоогийн албан тушаалд томилогдох ёстой байсан тул төрийн албаны удирдах албан тушаалын тусгай шалгалтад бүртгэх үндэслэлгүй гэж мэтгэлцэн маргасан.

 

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.******* нь 2010 оны 09 дүгээр сарын 01-нний өдрөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэл Даланзадгад сумын 4 дүгээр багийн зохион байгуулагчаар (нийт 27 хоног) буюу төрийн захиргааны ангилалд, 2010 оны 09 дүгээр сарын 28-наас 2016 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг дарга, Даланзадгад сумын Засаг даргын орлогчоор (нийт 6 жил 2 сар 17 хоног) буюу төрийн улс төрийн ангилалд, 2017 оны 05 дугаар сарын 15-наас 2021 оны 01 дүгээр сарын 06-ныг хүртэл Таван толгой ХК-ийн Өмнөговь аймаг дахь төлөөлөгчийн газрын ажилтан (нийт 3 жил 7 сар 22 хоног) буюу хувийн хэвшилд тус тус ажиллаж байсан. Э.******* 2010 оны 09 дүгээр сарын 22-нд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн байна.

Нэхэмжлэгч нь төрийн улс төрийн албан тушаалд ажиллах болсон тул өөрийн хүсэлтээр 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Даланзадгад сумын 4 дүгээр багийн зохион байгуулагчийн (төрийн захиргааны албан тушаал) ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тэрээр төрийн улс төрийн (багийн Засаг дарга, сумын Засаг даргын орлогч) албан тушаалд, дараа нь хувийн хэвшилд (Таван толгой ХК) ажиллаж байгаад аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалд томилогдсон болох үйл баримт (хх 1-р 16, 116-121, 2-р 20-22 дахь хуудас) тогтоогдож байна.

 

7. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 17 дугаар зүйлийн 17.7-д Энэ хуулийн 23.2, 24.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө, 17.10-д Энэ хуулийн 17.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжин ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө, 17.15-д Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, ... гэж тус тус заажээ.

Хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь тухайн үед төрийн улс төрийн албан тушаалд ажиллахаар өөрийн хүсэлтээр 2010 оны 09 дүгээр сард төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ үндэслэл нь төрийн албаны нөөцөд байгаад тооцогдох үндэслэлд хамаарахгүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

8. Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 70 дугаар (хх 1-р 153-156 дахь хуудас) тогтоолоор Э.*******ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгүүдийг зөрчин томилсон, ийнхүү хууль зөрчин томилсон Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон, тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдсэн. Гэтэл энэхүү 70 дугаар тогтоолыг эрх бүхий албан тушаалтан биелүүлэхгүй байсан тул Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 327 дугаар (хх 1-р 152 дахь хуудас) тогтоолоор 1) тус зөвлөлийн 2021 оны 70 дугаар тогтоолын хэрэгжилт хангагдаагүй тул аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны Э.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2) тус газрын *******ны даргын албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, нөхөхийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад даалгасан байна.

Дээрх тогтоолуудаас үзэхэд 2021 оны 10 дугаар сард аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдахаас өмнө 2021 оны 03 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Э.*******ыг дээрх албан тушаалд томилогдох урьдчилсан шаардлагыг хангаагүй, хууль зөрчин томилогдсон болохыг тогтоосон байх ба, уг шийдвэрээ хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон байтал энэхүү 70 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байсан тул 327 дугаар тогтоолыг гаргажээ.

 

9. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны 02/2388 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06-05/550 дугаар албан бичгүүдэд ...Таны төрийн албанаас чөлөөлөгдсөн үндэслэл нь ...хуулиар нөөцөд байгаад тооцогдох үндэслэлд хамаарахгүй бөгөөд төрийн захиргааны албан тушаалд томилогдох тохиолдолд төрийн албаны ерөнхий шалгалт өгөх эрх зүйн зохицуулалттай ..., ...нөөцөд бүртгэгдэж байсан мэдээлэл бүртгэлгүй гэсэн тайлбаруудаар (хх 1-р 24, 163 дахь хуудас) нэхэмжлэгчийг төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байсан болохыг нотолж байна.

 

10. Төрийн албаны тухай хууль (2017 оны)-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурьдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 27.1.1-д Төрийн жинхэнэ албаны удирдан албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс, 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас гэж тус тус хуульчилсан.

Гэтэл аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 дугаар тушлаалаар төрийн жинхэнэ албаны (урьдчилсан шаардлагыг хангаагүй байхад) удирдах албан тушаал буюу тус газрын *******ны даргаар Э.*******ыг шууд томилосон нь Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, 27.1.2 дахь заалтуудад заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалд тавигдсан урьдчилсан шаардлага нь тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс, эсхүл сонгон шалгаруулж томилох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байсан атал сонгон шалгаруулалтгүйгээр тухайн албан тушаалд хууль зөрчиж анх томилсон болох нь Төрийн албаны зөвлөлийн 70, 327 дугаар тогтоолуудаар тогтоогдож байх тул түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж тусгай шалгалтад бүртгэх үндэслэлгүй.

 

11. Иймээс маргаж буй захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д Ерөнхий шалгалтыг ..., тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж заасныг зөрчөөгүй тул Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр албан бичиг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2-т Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө, 2.2.1-д шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, 2.2.2-т удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам-ын 2.1-д Энэ журамд заасан шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д оролцох эрхтэй, 2.5.1-д төрийн албан хаагчийн үйл ажиллагааны ер дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн гурван жил хамгийн дээд үнэлгээ авсан байх гэж тус тус зааснаас үзвэл шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж 3 жил хамгийн дээд үнэлгээ авсан байх эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс төрийн удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөхөөр журамлан зохицуулсан байна.

Энэ тохиолдолд ба нэхэмжлэгч нь аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албанд тушаалд хууль зөрчин томилогдсон болохыг Төрийн албаны зөвлөл тогтоосон бөгөөд улмаар дээрх журамд заасан шаардлагуудыг хангахгүй байх тул Э.*******ыг төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

13. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.*******ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, мөн дахин томилогдон одоог хүртэл уг албан тушаалд ажиллаж байгаа зэрэг үйл баримтууд нь уг захиргааны хэрэгт хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт өгөхгүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 17 дугаар зүйлийн 17.7, Төрийн албаны тухай хууль (2017 оны)-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.*******ын Төрийн албаны зөвлөлийн *******ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Э.*******ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын *******ны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгонсноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА