Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2020/00168

 

2020 01 22 155/ШШ2020/00168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/01363/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдох дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан, Н.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Бадрах, Б.Манлайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* төрийн өмчит хувьцаат компани нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байралтай Эрхэс худалдаа үйлчилгээний төвтэй 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээг байгуулсан билээ. Монгол Улсын Эрчим Хүчний тухай хууль, Монгол Улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээтэй холбогдон гарсан хангагч, хэрэглэгчийн хоорондох гэрээний дагуу манай станц нь дулаанаар найдвартай, тасралтгүй хангаж ирсэн юм.

Эрхэс ХҮТ нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх дулааны төлбөрөө төлөөгүй байгаа болно. Энэ нь эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дахь заалт, Дулааны эрчим хүчээр хангах гэрээний тавдугаар хэсгийг тус тус зөрчиж байгаа билээ. Одоогийн байдлаар үндсэн төлбөрийн хэмжээ нь 5.275.600 төгрөг болж байна. Үүнээс гадна 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 330 дугаартай албан бичгээр шугам салгахыг зөвшөөрөөгүй байхад өөрсдөө дур мэдэн мэргэжлийн байгууллагын хараа хяналтгүйгээр шугмаа салгасан нь техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрэм, Эрчим хүчний тухай хуулийн 30.1.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн нэгжийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дулааны эрчим хүчээр хангагч гэрээнд заасан хугацаанд эрчим хүчийг төлбөрөө төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй бөгөөд хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгоно. Иймд алданги нь 3.350.001,60 болж байна.

Бид 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 501 дугаартай албан бичгээр дулааны төлбөрөө төлөх тухай албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд шүүхэд шилжүүлэхийг мэдэгдсэн болно. Гэвч одоо хүртэл манайд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

Иймд******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үзэж, дулааны нийт төлбөр болох 8.625.601,60 төгрөгийг гаргуулан өгч ******* ТӨХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Эрхэс Худалдаа үйлчилгээний төвтэй 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээг байгуулан ажиллах болсон билээ. Үүний дагуу Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Монгол Улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж ирсэн. Эрхэс худалдаа үйлчилгээний төв нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дулааны төлбөрөө төлөөгүй байгаа. Энэ байдал нь Эрчим хүчний тухай хуульийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалт, Дулааны эрчим хүчээр хангах гэрээний тавдугаар хэсгийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Үүнээс гадна 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 330 дугаартай албан бичгээр шугам салгахыг зөвшөөрөөгүй байхад өөрсдөө дур мэдэн мэргэжлийн байгууллагын хараа хяналтгүйгээр шугмаа салгасан нь техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчин Эрчим хүчний тухай хуулийн 30.1.3 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзсэн юм. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн нэгжийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дулааны эрчим хүчээр хангагч гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги ногдуулна, алдангийн хэмжээ, төлбөрийн дүн 50 хувиас хэтрэхгүй бөгөөд хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгоно гэж заасан байгаа юм. Манай байгууллагын зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 501 тоот албан бичгээр болон бусад албан бичгүүдийг Дулааны төлбөрөө төлнө үү гэж хүргүүлсэн бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар албан ёсоор мэдэгдсэн боловч******* нь одоог хүртэл манай байгууллагад хариу тайлбар ирүүлээгүй байна. Иймд******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Монгол Улсын Эрчим хүчний тухай  хуулийн  32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны  дагуу  эрчим  хүч  хэрэглэсэн  төлбөрөө хугацаанд нь төлөөгүй  гэж үзэж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдуулан дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 3.350.001,60 төгрөг, нийт 8.625.601,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх гаргасан. Харин манай байгууллагын зүгээс алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг тооцоололгүй нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан тул дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага******* болон Тэвхэн ХҮТ-тэй дулаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.*******-ийн тайлбартай танилцсан. 2019 оны 4 дүгээр сард тоолуур тавих боломжгүй гэж хүн хэлсэн гэх тайлбар гаргасан байсан. Тэгэхээр 2 байгууллагын хооронд хүн амаар дамжуулж хэлнэ гэх ойлголт байхгүй байх гэж бодож байна. Харин албан тоот бичгээр харьцах ёстой гэж миний хувьд ойлгож байна. Үүнийгээ ямар нэгэн байдлаар нотолж өгнө үү гэж хүсэх байна. Манай байгууллага*******-ийн албан тоотыг авсны дараа техник олгох журмаа үндэслээд техникийн нөхцөл олгосон байгаа. Мөн Эрчим хүч зохицуулах хорооны 292 дугаар тогтоол нь аж ахуйн харилцааны дүрмийг шинэчлэн баталсан байгаа юм. Энэхүү аж ахуй харилцааны дүрмийн 2 дугаар зүйлд гэрээний нөхцөл шаардлагыг тусгасан бол гэрээний 2.3.6 дахь хэсэгт гэрээг цуцлах нэмэлт өөрчлөлт оруулах гэх хэсэг байдаг. Харин******* нь гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй ба гэрээг цуцлах талаар ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй байтал өөрсдөө дур мэдэн шугмаа салгаж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. Гэтэл манай байгууллагад******* нь гэрээний хугацаагаа дуусгавар болгох, нэмэлт өөрчлөлт оруулах талаар тайлбар ирүүлэлгүйгээр өөрсдөө дур мэдэн шугмаа салгасан учир гэрээгээ зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Мөн хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх, дулааны эрчим хүчийг түдгэлзүүлэх хоногуудыг гэрээгээр зохицуулдаг байгаа. Тэгэхээр*******-өөс алданги эс тооцуулах тухай болон 2019-2020 оны халаалтын улирал, дулааны эрчим хүчний хугацааг тооцох тухай албан тоотыг одоог хүртэл ирүүлээгүй. Хэрвээ 2020 онд энэхүү асуудал гарч ирвэл мөн л манай талаас гэрээний хугацаагаа барьж явах болно гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй байх. Мөн хариуцагч тал Эрчим хүчний зохицуулах хорооны 290 дүгээр тогтоолыг Легаль имфо сайтаас татсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр дулаан түгээх, дулаан дамжуулах, холболтын журам нь манай хоёр байгууллагад хамааралгүй дүрэм байна гэж үзэж байна. Учир нь дулаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам нь*******, Тэвхэн ХҮТ болон албан байгууллагатай хамааралгүй юм. Харин Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний дулаанаар түгээх дамжуулах сүлжээтэй холбоотой дүрэм юм. Мөн Түлш эрчим хүчний сайдын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаар хавсралт гэж байгаа боловч бид 2018 оны асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Гэтэл 2018 онд Түлш эрчим хүчний сайд гэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Харин 2018 он, 2019 онд Эрчим хүчний сайдын тушаалаар явдаг байсан санагдаж байна. Тэгэхээр энэ нь нотлох баримт мөн эсэх тал дээр эргэлзэж байна. Эрчим хүчний сайдын халаалтын улирал эхлэн дуусах хугацааг тогтоосон тушаал гардаг байгаа. Уг тушаалд эрчим хүчний халаалтын улирлын товыг аймаг болон хот тус бүрээр нь ангилан гаргасны дагуу бид сайдын тушаалын дагуу үүргээ гүйцэтгэж, 2018 оны хугацаа дуусч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тушаалын дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай Эрхэс худалдаа үйлчилгээний төв нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд нэхэмжилж байгаа төлбөрийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай хариуцагч байгууллага Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт болон үйлчилгээний технологийн горим, дотоод журмыг сахин мөрдөж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг цаг тухайд нь илрүүлэн арилгах, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх замаар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, дулааны температур, орчны чийгшлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах шаардлага гардаг. Тус компани нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдсоноор дулааны зардал 4 дахин нэмэгдсэн бөгөөд өмнө нь өөрсдөө дулаанаа хариуцан ажиллаж байхад дулааны төлбөрт сард 2.000.000 төгрөг зарцуулдаг байсан юм. Иймд манай компаний зүгээс эдийн засгийн эрсдэл бүхий байдалд орохоос урьдчилан сэргийлж, дулаанаа хариуцан ажиллах боломжоор хангаж өгөхийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан хүсэлт гаргаж өгсөн бөгөөд тус байгууллагаас манай хүсэлтийг хянаж үзээд харъяаллын дагуу Мөрөн сумын Засаг даргад шилжүүлснийг хүлээн авч хянаад ... боломжгүй гэх албан бичиг ирүүлсэн тул манай компаний хувьд төвлөрсөн дулаан шугам сүлжээнд холбогдохоос өөр аргагүй болсон. Гэвч Хөвсгөл Дулаан станц ТӨХК-аас манайд ирж байгаа халаалтын температур хэт өндөр буюу 36 градус хүртэл халж хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж, бараа бүтээгдэхүүний хадгалалтын горм зөрчигдөх болсон.

Үүнийг манай байгууллага дотоодын хяналт шалгалтаар болон аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлж 20.000.000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, акт үйлдэн буцаалтанд болон устгалд оруулсан. Бид хүнсний эрүүл ахуйгаа хангаж ажиллах үүднээс дулааны хэрэглээний температурыг 13-23 градус байлгах шаардлага үүссэн. Энэхүү шаардлагын хүрээнд Дулааны станц ТӨХК-д удаа дараа албан бичиг илгээн, халууныг бууруулахын тулд дулааны хаалт, тоолуур тавиулахаар удаа дараа хүсэлт тавьсан. Гэтэл Хөвсгөл Дулаан ТӨХК-аас манай албан бичгийн хариу болгон ирж уулзахдаа эрчим хүчний аргачлал тооцох тариф байхгүй тул боломжгүй гэсэн тайлбарыг улсын байцаагч болон хариуцсан инженер нь амаар хэлсэн. Мөн манай компаний барилгыг 2014 онд улсын комисс хүлээж авахад узель баригдсан байхад ... нэгдсэн узель болон халаах хэрэгсэлд дулаан тохируулах хаалт байхгүйн улмаас дулааны эрчим хүчийг зөв зохицуулж чадахгүй байгаа нь танай байгууллагын буруу тул тоолуур тавих боломжгүй гэх албан бичгийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь тухайн үед буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тоолуур тавих боломжгүй гэх хариуг өгсөн байтлаа манай компаниас 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тоолуур тавиулах тухай хүсэлт хүргүүлснийг хүлээн авч, ямар нэгэн нэмэлт засвар үйлчилгээ хийхгүйгээр тоолуурыг суурьлуулан өгсөн нь өөрсдийн хэлж ярьж байсан үг, үйлдлээ үгүйсгэсэн явдал болсон. Хэрвээ Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь манай байгууллагад учирсан эрсдэл бүхий нөхцөл байдал буюу дулааны хэт халалт бүхий байдлыг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэж өгөх хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлээд өгчихсөн бол хоёр байгууллагын хооронд үүсээд байгаа энэхүү маргаантай харилцаа үүсэхгүй байх боломжтой байсан гэж үзэж байна.

Манай байгууллага 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс халаалтаа зогсоож, үйлчилгээний заал болон агуулах складаа эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлсэн. Үүнийг гэрчлэх олон гэрчүүд байгаа.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй ажиллагаа алдагдсан шалтгаан нөхцөл нь хадгалалтын горим буюу дулааны хэмийг тохируулаагүйтэй холбоотой байсан бөгөөд манай байгууллагаас хэт өндөр температур бүхий халалтыг зохицуулах үүднээс дулаан эрчим хүчээ тасалснаас хойш хэвийн байдалд орсон тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт ч байгаа. Нэхэмжлэгч нь шугам шалгахыг зөвшөөрөөгүй байхад өөрсдөө дур мэдэн мэргэжлийн байгууллагын хараа хяналтгүйгээр шугмаа салгасан нь техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрэм болон Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсгийг зөрчсөн байна гэжээ. Манай байгууллага дулааныг салгахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учир Иргэний хуульд заасан өөртөө туслах ажил хийсэн гэж үзэж байна.

Мөн бидний хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 9-д: ... гэнэтийн болон давагдашгүй хүчийн зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан дулааны эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа дулааны эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Бид энэ талаар нэхэмжлэгч байгууллагад удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий нэхэмжилсэн дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Бадрах нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас нэхэмжилсэн нэхэмжлэл нь манай байгууллагын хэрэглээгүй дулааны төлбөр байгаа учраас манай худалдааны төвөөс төлөх төлбөр биш гэж үзэж байгаа юм. Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч нөгөө талдаа хүний эрүүл мэнд, бүтээгдэхүүний аюулгүй байдал гэх асуудал хөндөгдөж байгаа юм.

Эрхэс ХҮТ нь хэт халуун байдлаас болоод эрсдэлд орох дээрээс нь

бүтээгдэхүүнийхээ чанар байдлыг муутгаснаар Мэргэжлийн хяналт болон холбогдох

байгууллагаас торгууль тавигддаг учраас давхар давхар эрсдэл хүлээхэд хүндрэлтэй, хүнсний аюулгүй байдлаа хангах үүднээс бид Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид албан бичиг хүргүүлсэн боловч ******* төрийн өмчит хувьцаат компаниас шугамыг салгах боломжгүй гэсэн учир шугамыг аргагүй эрхэнд салгаж, цааш үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Нөгөө талаар нэхэмжлэгч талаас байгууллагын хэрэглээгүй дулааныг танайх хэрэглэх ёстой гэж үзэж төлбөр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдуулан дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 3.350.001,60 төгрөг, нийт 8.625.601,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай байгууллагын зүгээс алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг тооцоололгүй нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан тул дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь Улсын бүртгэлийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0000085907 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт: Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ. гэж,

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт: Тусгай зөв

шөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 35.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж,

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн эрх, үүргийг дурдаж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төв хоёрын хооронд үүссэн дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөг гаргуулах тухай маргаан нь аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн үүрэгт хамаарах асуудал биш байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчөөгүй байна гэж үзлээ.

Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани Эрхэс худалдаа үйлчилгээний төв нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбарууд зэргээр нотлогдож, дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх үүсчээ.

Талуудын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ-ээр нэхэмжлэгч цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулааныг дамжуулж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төв нь хэрэглэсэн дулааны төлбөрөө төлөхөөр талууд тохиролцсон нь 2 талын, нэхэмжлэгч буюу Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь дулаанаар хангах, хариуцагч буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төв нь дулааны төлбөрийг төлөхөөр хоёр тал хоёул үүрэг хүлээж байгаа зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжүүдийг агуулж байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Талууд Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсантай болон хариуцагч тал дур мэдэн дулаанаа өөрсдөө салгасан үйл баримттай маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Эрчим хүчний тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүчний төлбөр, тооцооны журамд заасны дагуу Дулааны эрчим хүчээр хангах гэрээг урьд оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, дулаан хэрэглэгч нь үл маргах журмаар дулааны төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг учир Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт заасны дагуу эрчим хүч хэрэглэсний төлбөр 5.275.600 төгрөг, Эрчим хүчиний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт: Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувь хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна. гэж заасны дагуу алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар манай байгууллагын зүгээс бидний

хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт: ... гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан дулааны эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд гэрээнд заасан дулааны эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа дулааны эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. гэж заасны дагуу дулаанаа салгуулах талаар удаа дараагийн хүсэлтүүдийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-д хүргүүлсэн боловч бидний хүсэлт саналыг хүлээж аваагүй учраас бид гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй, өөртөө туслах арга хэмжээ авч дулаанаа салгасан учир хэрэглээгүй дулааны төлбөр болон алдангийг төлөх үүрэггүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэглэгч байгууллага болох Хөвсгөл аймгийн Эрхэс худалдаа үйлчилгээний төв нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсэгт заасан: техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх үүргээ биелүүлэлгүй дур мэдэн дулаанаа өөрсдөө салгасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаагүй. Иймд хэрэглэгч байгууллага болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйчилгээний төв нь хэрэглээгүй дулааны төлбөр болон алдангийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусаагүй байхад дур мэдэн өөрсдөө дулаанаа салгасан учир дулаанаа ашиглаагүй хугацаа буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хэрэглээгүй дулааны төлбөр төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл Дулааны станц ТӨХК, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төв хоёрын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ-ний нотариатчаар батлуулсан хуулбарт энэ тухай зохицуулалт тусгагдаагүй.

Түүнчлэн Дулааны эрчим хүчээр хангах гэрээ-ний 1.5 дугаар зүйлд: - Дулаан хэрэглэсний тооцоог нийлж баталгаажуулах, өр төлбөрийг бүрэн барагдуулсан байх гэж заасан боловч тооцоо нийлсэн тухай баримтаа хэрэгт хавсаргаагүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч тал татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдох дулааны үндсэн төлбөр 5.275.600 төгрөг, алданги 2.637.800 төгрөг, нийт 7.912.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шыүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА