Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2018/01117

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2018/01117

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/01270

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................тоотод оршин суух М овогт Б-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д............................ байрлах "Д" ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 20-16 тоотод оршин суух Сонгоол овогт Төмөрбаатарын Б нарт холбогдох,

"22,324,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Иргэн Б.Т би өөрийн .... УНИ, .... УНР ачааны машинаар Дархан-Уул аймагт байрлах "Ф"  ХХК-аас төмрийн хүдэр ачиж Өмнөговь аймгийн Тавантолгойд байрлах "Э" ХХК-д буулгахаар 2014-05-19-ний өдрөөс 2015-05-25-ны өдөр хүртэл нийт 13 удаагийн рейс тээвэр хийсэн. Дээрх хоёр машин хоёулаа миний өмч бөгөөд Би өөрийн төрсөн ах Бодио овогтой Н-лээр өөрийн хувийн машинаар цуг тээвэрт явж хөлсөө авч чадаагүй юм. Тээвэрт явж эхэлснээс хойш тээврийн хөлс мөнгөө авах талаар Ганболдтой удаа дараа ярьж шаардаж явсан ба "Э" ХХК мөнгөө өгөхгүй байна. Том газар юм чинь бөөнөөр нь өгчих байх гэж тайлбарладаг байсан. Ингэж удаан хүлээсний эцэст "Д" ХХК нь 2014, 2015 онд захирал хийж байсан Т-ын Б-эй өөрийн ах Д.Эр хуулийн зөвлөх Б нарыг 2017-04-23-ны өдөр уулзуулахад ..... УНН, ..... УНР улсын дугаартай автомашинуудаар 2014, 2015 онуудад төмрийн хүдрийн ачаа тээвэр хийлгэсэн нь үнэн үүссэн өр төлбөрийг барагдуулах акт баримтанд гарын үсэг зурахад бэлэн ямарч төлбөр төлөөгүй байгаа нь үнэн. Энэ төлбөрийг барагдуулна гэж удаа дараа хэлж байсан болно.

Үүний дараа 2017-04-27-ны өдөр Т.Б-эй ярихад та манай нягтлан бодогч /...../ уулзаад тооцоо нийлээд ир Г, А гэдэг хоёр иргэн манайд машинууд оруулж тээвэр хийлгэдэг ба Г нь өрөндөө 26,000,000 төгрөгийн машин авсан. Тээврийн тооцоог тодорхой болгоё гэсэн.

Г-ыг машин авсан тухай дуулаад асуухад энэ машиныг би өөрийнхөө тээвэр хийсэн хөлсөндөө авсан гэдэг тайлбар хэлсэн.

С.....йн нягтлан бодогч Баярмаатай 2017-04-29-ний өдөр .....УНН, ..... УНР улсын дугаартай Т, Н..... нарын 2014, 2015 онд хийсэн төмрийн хүдэр тээврийн тооцоог компютерийн программаас нэг бүрчлэн шүүж тулган шалгаж 22,324,560 төгрөгийн авлагатай болох тухай тооцоо нийлсэн бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зуруулж баталгаажуулан авсан юм. Нягтлан бодогч Баярмаатай тооцоо нийлсэн тухай Т.Б захиралд хэлсэн би Г, А нартай тооцоо нийлэхээр ярьсан. Г тээврийн хөлсөнд 5,000,000 төгрөг /Б асуухад 2013 оны тээврийн хөлсөнд авсан гэдэг/ .

Авсан тэд цуглаж өгөхгүй байна гэдэг хариу удаа дараа хэлж эцэст нь Т.Б явдаг газар байвал яваад олоод аваарай гэдэг болсон ба Ганболдын утасаа авахгүй холбогдох боломжгүй байсаар өнөөг хүрлээ.

Иймд надад учирсан тээврийн хөлс болох 22,324,560 төгрөгийг "Д" ХХК болон иргэн Т.Б нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Д" ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай "Д" ХХК нь Магнетитын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйлдвэрийн бүтээгдэхүүн болох магнетитын тээвэрлэлтийн харилцааг 2014-01-01-ний өдрийн хот хоорондын ачаа тээвэрлэлт ложистикын үйлчилгээний гэрээг иргэн Т-ын Б-эй байгуулснаар зохицуулж ирсэн. Тус гэрээгээр компани тээврийн хөлсийг Т.Б төлөх, Т.Б тээвэрлэгчийн үүргийг тус тус хүлээж хамтран ажиллаж байсан. Компани Т.Б  тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгүүлж, түүний хариу төлбөрийг төлөх үүргийг хүлээж байсан ба зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

2. Компани нэхэмжлэгчид, нэхэмжлэгч нь компанид ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулах болон тээвэрлэх, тээвэрлүүлэх талаар санал тавьж хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй болно. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал /хуудас 14/ ...миний хуучны танил болох Ховд аймагт ажилладаг Л гэх залуу .......... дугаарын утаснаасаа залгаад Дарханд нэг ийм ажил байна сонирхох юм уу? Манай үеэл ах болох Ганболд гээд залуу байгаа та тэр хүнтэй уулзаад үз гэж санал болгоод ..... дугаарын утсыг өгсөн. Ганболдтой дугаараар нь залгаж лавлахад Дарханаас ачаад ........буулгах ажил байгаа юм одоогоор би ганцаараа яваад байгаа юм. Машины хэрэг гараад байгаа мөнгө нь найдвартай тээврийн хөлсийг сарын дараа хийчихдэг гэж хэлсэн, ...Би Т.Бтэй өөрөө биечлэн уулзаж байгаагүй., ...Т.Б-тэй бол нэг ч удаа уулзаж утсаар ярьж байгаагүй гэж мэдүүлэг өгсөн байгаа нь компани болон нэхэмжлэгч хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг харуулж байна. Л, Г, Т гэх хүмүүсийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх боломжтой.

3. Т.Б нь нэхэмжлэгчтэй ямар харилцаатай байсан тэдгээрийн хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгаа эсэх зэрэг асуудлыг компани огт мэдэхгүй, мэдэх боломжгүй юм. Учир нь Т.Б нь Д"Д" ХХК-ийн удирдлагад огт ажилладаггүй, ажиллаж байгаагүй бөгөөд компанийг төлөөлөх эрх Т.Б-д олгогдож байгаагүй, харин Т.Б, "Д" ХХК-ууд нь хоорондоо иргэний эрх зүйн харилцаанд гэрээний талууд болж оролцож байсан.

4. Энэ хэрэгт нэгэн анхаарал татах зүйл болсон нь нэхэмжлэгч анх компанийг хариуцагчаар татсан, түүний дараа Т.Бийг хамтран хариуцагчаар татсан, удалгүй Т.Б-ийг хариуцагчаас хасаж өгөхийг хүссэн. Энэ үйл явдлын цаад далд шалтгаан нь юу болох талаар маш ойлгомжгүй байгаа.

5. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг, иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт үүрэг үүсэх үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг бөгөөд энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг компани хариуцах ямарч хууль зүйн үндэслэлгүй болно.

6. Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил... байна гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд "Д" ХХК нь тээврийн гэрээг Т.Б-тэй байгуулж түүнд төлөх ёстой төлбөрийг нэгэнт барагдуулсан. Нэхэмжлэгч Б.Т-тэй иргэний эрх зүйн харилцаанд огт оролцоогүй, түүний өмнө үүрэг хүлээхгүй, манай компанид холбогдолгүй бусад этгээдүүдийн хоорондын маргах асуудал, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд

1.    Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацааг дууссан үеэс үүснэ гэж заасан байх ба тээврийн хөлсөө шаардах эрх 2015-05-25-ны өдөр үүссэн байна.

2.    Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна гэж заасан ба 2015-05-25-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаанд буюу 2016-05-25-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид хандан тээвэрлэлтийн хөлсийг шаардаж нэхэж байсан талаар баримт илрээгүй, иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байхгүй байна.

3.    Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Эцэст нь хэлэхэд миний бие нэхэмжлэгчийг огт танихгүй уулзаж ч байгаагүй бөгөөд түүгээр тээвэр хийлгэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч "Д" ХХК, Т.Б нарт холбогдуулан 22,324,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Т.Б нь хариуцагч "Д" ХХК-ний Дархан хот дахь үйлдвэрийн талбайгаас магнетитийн бүтээгдэхүүнийг Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах "э" ХХК-д хүргэх, буцаж ирэхдээ Өмнөговь аймгийн Цогт цэций суманд байрлах Таван толгой нүүрсний уурхайн амаас Дархан хот хүртэл нүүрсийг автомашинаар тээвэрлэн гүйцэтгэхээр "Д" ХХК-тай тохиролцож, тэдний хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хот хоорондын ачаа тээвэрлэлт, Ложистикийн үйлчилгээний гэрээ бичгээр байгуулагдсан байна. /хх-54-58/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Тийн 97-41 УНИ, 82-70 УНР улсын дугаартай ачааны машинаар "Д" ХХК-ний үйлдвэрийн хашаанаас Өмнөговь аймаг дахь "э" ХХК руу ачаа тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн гэрч Г.Г, Б.Н нарын мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбараас авсан шатахууны баримт болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Т.Б, "Д" ХХК нарын хооронд байгуулагдсан дээрх ачаа тээвэрлэлтийн гэрээгээр 1 тонн магнетитийг тээвэрлэх тээврийн хөлсийг 100,000 төгрөгөөр тохиролцож, тээврийн хөлс төлөх үүргийг "Д" ХХК нь хүлээсэн бөгөөд гэрээний дагуу тээврийг хөлсийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-87-90/, хариуцагч талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ...2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хот хоорондын ачаа тээвэрлэлт, ложистикийн үйлчилгээний гэрээ-ний дагуу хуримтлагдсан үлдэгдэл төлбөр 181,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан... зээлийн гэрээ гэх нэртэй гэрээний төгсгөлийн хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тооцоо дуусав гэсэн тэмдэглэл /хх-85-86/, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын ........... оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ......... дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй бөгөөд эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Б.Т, Т.Б нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасны дагуу тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-т заасан тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна... гэж тайлбарласан болно.

Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-т Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 395 дугаар зүйлийн 395.2.1-395.2.3-т заасан үеэс эхлэн тоолохоор Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.2-т зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа нь ачаа алдагдсан, гэмтсэн зэрэг үйл баримттай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Тийн тээврийн хөлс гаргуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь өөрийн өмчлөлийн .......... УНИ, ............. УНР улсын дугаартай автомашинаар ах Б.Н-ийн хамт тээвэр хийсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Н нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...би дүүгийнхээ машинаар ачаа ачиж байсан учир би дүүгээсээ ажлын хөлсөө авах учиртай. Харин дүү маань тээврийн хөлсөө нөгөө газраасаа одоог хүртэл аваагүй байгаа. Дүү тээврийн хөлсөө авсны дараагаар би дүүгээсээ ажлын авах болно гэсэн байх тул нэхэмжлэгч Б.Т нь дээр хоёр автомашинаар хийсэн тээврийн ажлын хөлсийг хариуцагч Т.Бээс шаардах эрхтэй байна.

Дээрх тээврийн ажлын хөлсийг талууд 1 тонныг 80,000 төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч тал тээвэрлэсэн ачааны ажлын хөлсөөс хэрэглэсэн шатахууны зардлыг хасаж, нийт 22,324,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Уг шаардлагатайгаа холбогдуулан хавтас хэргийн 11-12 дугаар талд буй тооцооны баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч Т.Б-с тухайн тооцооны баримтыг үгүйсгэсэн, нийт нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Т.Б нь нэхэмжлэгчид ачаа тээвэрлэсний хөлсийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Т.Б-ээс 22,324,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, хариуцагч "Д" ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Бээс 22,324,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, хариуцагч "Д" ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,573 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бээс улсын тэмдэгтийн хураамж 269,573 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА