Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

 

 

 

 

 

   2025           01           29                                           2025/ШЦТ/53

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0038/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000776 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 5, хадам ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ************** 8-7 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын *******,*******,******* тоот гэртээ хамтран амьдрагч ******* үл яли зүйлээс шалтаглан маргаан үүсгэж улмаар хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шуу, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, том хүү ******* үсдэж, хоолойг нь боох зэргээр биед нь халдсан болох нь:

 

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлснийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хамтран амьдрагч эгчтэй нь хоол идэхээр болсон. Би тэгээд хувцсаа өмсөөд ажил дээр очсон. Тэгсэн чинь намайг хачин хувцас өмслөө хувцсаа соль гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа солихгүй гэж хэлсэн чинь уурлаад бид хоёр гэртээ харьсан. Тэгсэн чинь гэрт хариад миний пальтог ураад, гутлыг маань хайчаар хайчилчихсан. Тэгээд гэрээс гарч явчхаад орой нь орж ирээд унтаж амарсан. Өнөөдөр өглөө “чи хүчирхийлэгч юм байна, чамтай амьдарч чадахгүй, чи явсан нь дээр юм байна” гэж хэлсэн чинь хувцас хунараа аваад 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчим гараад явчихсан. Тэгээд өдөр загас оруулж ирж тавьчхаад гараад явсан. Тэгээд гарч явсныхаа дараа фейсбүүкээр над руу чат бичээд хэрүүл хийгээд байсан. Тэгснээ би чиний хоёр хүүхэд үхээсэй гэж боддог гэж хэлсэн. Ер нь бол миний хоёр хүүхдүүдийг архичин болно, бөмбөөчин болно гэх зэргээр хэлдэг. Тэгсэн чинь сая 18 цаг болж байхад Билэгбаяр архи уучхаад согтуу орж ирээд орилж хашгираад байхаар нь чи битгий хашгираад бай гэж хэлсэн чинь чанаж байсан махыг авч цацаад, гал тогооны тавилга, угаалтуурыг эвдсэн. Тэгсэн чинь манай том хүү больчхооч гэж хэлсэн чинь хүүг үсдээд, хоолойг нь боогоод, сандлаар цохиж зодсон. Тэгэхээр нь би салгаад дундуур нь орсон чинь намайг зодох гэж дайраад би үүдний таампар руу орчихсон байсан. Тэгэх хугацаандаа цагдаа дуудсан. Тэгээд би хашаандаа гэрийнхээ 00-д ороод сууж байхад миний араас ирээд зодсон. Яг тэр үед цагдаа нар ирэхэд зугтчихсан. Миний нүүрний зүүн хөмсөгний дээд талд нэг удаа цохисон. Баруун хөлийн шилбэ рүү олон удаа өшиглөсөн, намайг цохиход гараараа хамгаалаад байсан чинь хоёр гарын шуу хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд бас миний үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 43/,

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 957 дугаартай: “... ******* биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шуу, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46/,

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, маргаан зодооныг салгах гэсэн хүү ******* үсдэж, хоолойг нь боох зэргээр хохирол учруулахгүйгээр биед нь халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахгэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.Баярхүүд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн хэр хэмжээ зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД