Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0002/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000839 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум ******* 12 дугаар хороолол******* тоотод гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр ******* зүүн шанаа, зүүн, баруун гар руу гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны зүүн талын углуурга хэсгийн хугарал, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан зөрчлийн талаар амаар ирүүлсэн гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр манай нөхөр гэртээ байж байгаад 20 цагийн үед хүнтэй уулзана гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд...О2 цагийн үед гэртээ орж ирээд шалтгаангүйгээр сэрээсэн, агсам тавиад орилоод п...минь ална би чамайг гээд над руу дайраад нүүрний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон мөн зүүн, баруун гар луу цохисон тэгээд би айсандаа хоёр гараараа толгойгоо хамгаалаад доош хараад суусан тэгтэл дээрээс 2-3 удаа цохисон....манай том хүү ******* бууж ирээд болиулсан. Тэгээд би дээд давхар луугаа гарч өрөөндөө ороод нүүрэн дээрээ хүйтэн жин тавиад хэвтсэн. Тэгээд гайгүй болчих байх гээд тухайн үед нь цагдаа дуудаагүй. Харин өглөө 8 цагийн үед нөхрийн уусан архи гараагүй болохоор айсандаа цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7/,

 

“Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгон нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед би гэртээ 10 настай дүү болох Батмөнхтэй дээд хоёр давхарт унтаж байсан, 02 цагийн үед доод давхарт манай ээж , аав нар орилоод байсан тэгээд манай ээж доод давхраас намайг дуудаад орилоод байхаар нь би доод давхар луу буусан тэгтэл ээж уйлаад байж байсан, тухайн үед ээжийн нүүрний шанаа хацар хэсэг хавдсан байсан тэгээд манай аав хувийн асуудлаар ээж рүү дайраад хэрэлдээд байсан яг юу гэж хэлж байсныг сайн санахгүй байна, би ээжийг тайвшруулаад дээд давхар луу аваад гарсан ийм л зүйл болсон, аав доод давхарт үлдээд унтсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1027 дугаартай “... ******* биед эрүү ясны зүүн талын углуурга хэсгийн хугарал, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-44/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 45-46 /болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тухайн нөхцөл байдал үүссэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г. нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД