| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
2025 01 10 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2025/0017/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагчаар Г.Уянга,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2418000000724 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 33 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын *******,******* гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоот хашааны гадна иргэн *******тэй “гал өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр халдаж, түүний хүзүүнд зүүлттэй байсан алтан гинжийг тасалж 5,634,500 төгрөгийн, мөн *******ийн улсын дугаартай Тоёота кровн 210 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж гэмтээн 3,770,000 төгрөгийн, нийт 9,404,500 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* 23 дугаар хороолол Амины орон сууцны 5-1 тоот хашааны гадна улсын дугаартай Тоёота кровн-210 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06/,
3 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 09/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10/,
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би эхнэр Өнөржаргалын хамтаар улсын дугаартай Т.Кровн-210 маркийн тээврийн хэрэгслийг унаад гарсан. Орой 00 цаг 20 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум руу орж ирээд гэрийнхээ гадна ирэхэд танихгүй 2 согтуу залуу такси байна гэж андуурсан бололтой зам дээр гараа өргөсөн. Тэгэхээр нь би зогсоол өнгөрч гэрийнхээ гадна очоод зогсоод тээшээ онгойлгоод хашааныхаа түлхүүрийг хайж байтал нөгөө 2 согтуу залуугийн арай өндөр биетэй нь түрүүлж над дээр ирээд гал асуусан. Тэгэхээр нь би байхгүй гэж хэлтэл нөгөө залуу цаашаа явснаа эргээд ирсэн. Тэгээд дахиад гал асуухаар нь би гал байхгүй гээд байна шүү дээ ямар сонин юм бэ гэсэн утгатай үг хэлсэн чинь нөгөөх залуу чи муу юу гээд байгаа юм гээд намайг бариад авахаар нь би түүнийг яв гэж шаардсан боловч явахгүй надтай барилцаж зогсож байснаа шууд миний нүүр болон толгой, бие рүү чулуу гартаа барьж байснаа цохисон. Энэ үед хамт явсан нэг залуу нь цаанаас ирж миний хоолойг боохдоо миний хүзүүнд байсан алтан гинжийг тасалж, миний араас тэвэрч аваад намайг ямар ч хөдөлгөөнгүй хорьсон. Энэ үед нөгөө том биетэй залуу нь миний биеийг ийш тийш зөндөө олон цохисон. Тухайн үед манай эхнэр гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудна, бичлэг хийнэ гэсэн чинь нөгөө том биетэй залуу нь манай эхнэрийг хөөгөөд явсан. Тэгснээ өндөр залуу нь над руу чулуу шидээд ирэхээр нь би зайгаа бариад жаахан холдсон чинь өндөр залуу нь чулуугаар тухайн машины зүүн ард талын дохиог эхэлж хагалаад дараа нь нөгөө талын дохио болон арын шил, баруун хойд талын хаалга шилийг чулуугаар цохиж гэмтээсэн. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандсан. Намайг том биетэй залуу нь цохиж зодсон ба харин жижиг биетэй нь миний араас тэвэрчхээд намайг хөдөлгөхгүй байсан. Мөн тухайн машиныг том биетэй залуу нь чулуугаар цохиж гэмтээсэн ба жижиг биетэй залуу нь машин руу ойртоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр болох хамтаар 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжиж шөнө Замын-Үүдээс Дархан-Уул аймгийн Дархан суманд гэртээ ирсэн. Тэгээд гэр рүүгээ эргэх гэж байхад нэг хүн гараа өргөсөн. Тэгэхээр нь бид 2 зогсолгүй гэрийнхээ гадна очоод хашаагаа онгойлгох санаатай машины арын тээшийг онгойлгоод түлхүүрээ хайж байтал танихгүй том биетэй архи уусан согтуу залуу ирээд манай нөхрөөс гал байна уу гэж асуусан. Тухайн үед гал байхгүй гэж хэлсэн чинь буцаад явсан ба удалгүй буцаж ирээд дахиад гал асуусан. Тэгэхээр нь би хажуугаас нь гал байхгүй гэж хэлтэл манай нөхөр өөдөөс нь “би тамхи татдаггүй, чи яваач ээ” гэж хэлсэн чинь газраас нөгөө залуу чулуу шүүрч аваад манай нөхрийг барьж аваад толгой тархи болон бие рүү нь нэлээд хэдэн удаа цохисон. Ингэж цохисныхоо дараа нөгөө өндөр залуу цаашаа орилж дахин нэг хүнийг дуудсан. Тэгтэл арай жижиг биетэй залуу цаанаас хүрч ирээд манай нөхрийн араас тэврээд авсан. Энэ хооронд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба энэ үед манай нөхөр хүзүүнд байсан гинжийг эд нар тасалчихлаа гэж дуугарсан. Тэгэхээр нь би наанаас нь яваад очтол нөгөө том биетэй залуу над руу дайрахаар нь би шууд зугтсан. Энэ үед би нөхөртөө тусалж чадахгүй болохоор утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь өндөр нь намайг хараад чи бичлэг хийлээ гээд над руу дайрахаар нь би замын гол руу зугтсан. Тэр хооронд манай нөхөр машины эсрэг талд нь гараад зогссон чинь өндөр залуу нь газраас чулуу аваад машины арын гэрэл дохио болон шил, хаалгыг чулуугаар цохиж хагалсан. Ингээд бид нарыг харааж орилж байхад цагдаа нар ирж тэдгээр 2 залууг барьсан. Ер нь бол тэр том биетэй залуу нь манай нөхрийг чулуугаар баахан цохиж зодсон бөгөөд дараа нь бид 2-ын унаж явсан хүний машиныг бас цохисон. Харин нөгөө жижиг биетэй залуугийн хувьд машин руу ойртоогүй, харин манай нөхрийг араас нь тэврээд хөдөлгөөнгүй болгосон байхад нөгөө өндөр залуу нь ирж цохиод байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 17/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 929 дугаартай: “... Л. биед хүзүүний баруун хажуу хэсэг, хэвлий, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3- т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 924/11118 дугаартай 19.1 грамм алтан гинжний зах зээлийн үнэлгээг 5,634,500 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2078 дугаартай улсын дугаартай Тоёота кровн 210 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг 3,770,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч ******* алтан гинжнээс тасарч алга болсон гинжний хэсэг буюу 19.1 граммын үнэ 5,634,500 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн зардал болох 372,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээс 6,006,500 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, автомашинд учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын хэргийн шинж чанар, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос уучлалт гуйж, “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулна” гэж амлалт өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, сарын орлогын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэг хураасан битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 3 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 . *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос нийт 6,006,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын *******, тоотод оршин суух //-д олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 3 ширхэг байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД