Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

 

 

 

     2025         01           24                                        2025/ШЦТ/43

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0031/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 2418000000743 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хаахөег овогт Лувсайн /РД:МЖ84062416/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хустайн давааны орчим хатуу хучилттай зам дээр ******* улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр байсан үхрийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч ******* эрүүл мэндэд баруун дунд чөмгөний их төвгөр болон гандан хэсгийг хамарсан хоёрчилсон хугарал, зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан хугарал, баруун шууны хугарамтгай хэсгийн хугарал, зүүн чамархайн хуйх, духны зүүн дээд хэсэгт шарх бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9/,

Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 10/,

Хохирогч ******* : “... Би Улаанбаатар хотоос 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 17,000,000 төгрөгөөр худалдаж аваад буцаад гэр рүүгээ явах гэсэн боловч хол газар ядраад барьж явж чадахгүй байх гэж бодоод өөрийн хүргэн ******* Улаанбаатар хотод дуудаж авч ирээд машинаа бариулаад орой 23 цагийн орчим гарсан. ... Хонгор сумын Хустайн даваа гэх газар руу уруудаж явж байхдаа хүүхдүүд рүүгээ очиж яваа талаараа утсаар хэлэх гэхэд нь нэг мөсөн Дархан орж байгаад утсаар хэл гэхээр нь би утсаа далд хийх гээд тонгойж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирсэн байсан, ... ямар ч байсан би хамгаалах бүсээ зүүсэн байсан учраас гайгүй үлдсэн, ...ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай явж байсан. ...Би өөрөө ******* дуудсан учраас миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 956 дугаартай: “... ******* биед баруун дунд чөмгөний их төвгөр болон гандан хэсгийг хамарсан хоёрчилсон хугарал, зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан хугарал, баруун шууны хугарамтгай хэсгийн хугарал, зүүн чамархайн хуйх, духны зүүн дээд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх баруун дунд чөмгөний их төвгөр болон гандан хэсгийг хамарсан хоёрчилсон хугарал, зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан хугарал гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.26-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, баруун шууны хугарамтгай хэсгийн хугарал, зүүн чамархайн хуйх, духны зүүн дээд хэсэгт шарх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-24/,

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай: “... ******* /нь ******* улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. *******  нь ******* улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. *******  нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. ******* улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Тухайн осол үйлдэгдсэн зам нь суурины гадна замд харьяалагдана. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, Малчин нь Монгол замын хөдөлгөөний дүрмийн 27.2 3-д зааснаар хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30/,

Техникийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай: “... Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-53/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

Хэдийгээр хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх заалт зөрчигдсөн байх боловч хариулгагүй мал зам дээр байсан нь осол гарах үндсэн шалтгаан гэж үзэх үндэслэлгүй.

Харанхуй үед зам дээр осол эвдрэлийн улмаас зам чөлөөлөлгүй зогссон тээврийн хэрэгсэл, зэрлэг амьтан, хариулгагүй мал зэрэг гэнэтийн саад тохиолдож болзошгүй тул жолооч анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож гэрлийн хүрээнээс гадагш гэнэт саад гарч ирэхэд зогсох боломжтой хурдыг тохируулж явах ёстой атал шүүгдэгч ******* нь болзошгүй осол аюулыг тооцоололгүйгээр үзэгдэх хүрээнээс гадна мал амьтан гарч ирэхэд зогсож болохуйц, тогтоосон хурдны хязгаарын дотор тохирох хурдыг сонгож яваагүйн улмаас осол гарчээ.

Иймд шүүгдэгч *******ыг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2573 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирлыг 9,035,000 төгрөг гэж тогтоосон /хавтаст хэргийн 43-46/ байх боловч хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн /хавтаст хэргийн 13-14/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Иргэний хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.

 

Нийгмийн даатгалын хэлтсээс хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн даатгалын сангаас гарсан зардал 5,996,560 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч уг зардлаас шүүхийн шатанд 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, 3,996,560 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 3,996,560 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл, хувийн байдал, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, “3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан тэссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хаахөег овогт Лувсайн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3,996,560 /гурван сая есөн зуун ерэн зургаан мянга таван зуун жаран/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд оруулах, шийтгэх тогтоол биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД