2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/206

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч А.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А т холбогдох 2408037341020 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл **, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Х овогт С-ын А (РД:******************)

 

Хэргийн товч агуулга

Шүүгдэгч С.А нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн замд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж Toyota Prius-20 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2024 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн 990 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

 

4. Шүүгдэгч С.А нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн замд Toyota Prius-20 маркийн **- ** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон болох нь:

4.1. Жолоочийн согтуурал шалгасан “... С.А  нь 3.56 хувь согтолттой...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

4.2. Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа, мэдээлэл “... 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эрх хассан” (хавтаст хэргийн 45 дахь тал),

4.3. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/*** дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч Хөх тайж овогт С.А /РД:**************/-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 15 (арван тав) хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуудас (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

4.4. Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 10 дугаар сарн 06-ны өдөр 13 цагийн үед нөхрийн Lexus RX-450 маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу хүн машины араас мөргөсөн. Миний тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ гарсан. Миний хохирлын төлбөрийг бүрэн хүлээж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

4.5. Иргэний нэхэмжлэгч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад Toyota Prius-11 маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг орох гэж явахад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд талаас ирж мөргөж зам тээврийн осол гаргасан. Миний тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийсэн. Эвдрэлийн үнэлгээний мөнгөн дүн 1,345,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтаст хэргийн 37 дахь тал),

4.6. Иргэний нэхэмжлэгч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед гэртээ унтаж байхад манай эхнэр залгаад миний жолоодож явсан Toyota Prius-11 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талаас согтуу машинтай хүн ирээд мөргөсөн гэсэн тэгээд би зам тээврийн осол болсон талаар мэдсэн. Миний тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийсэн. Эвдрэлийн үнэлгээний мөнгөн дүн 1.345.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

4.7. Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад Lexus RX-450 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Сонгинохайрхан дүүргийн Дунд наран орж худалдан авах авто машин үзсэн. Тэгээд би буцаад гэрээ лүү ертөнцийн баруун зүгээс зүүн зүг чиглэлтэй төв засмал зам дээр түжрээд зогсож байхад миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслийн хойд талаас цагаан өнгөтэй Toyota Prius-10 маркийн авто машин миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд би буугаад арын машин дээр очсон чинь нэг эмэгтэй жолооч байсан. Тэр эмэгтэй цээж өвдөөд байна гээд цээжээ бариад суугаад байсан. Тэгээд би тэр машины хойд тал руу харсан чинь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу машин дотор сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дуудсан. Миний тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийсэн. Эвдрэлийн үнэлгээний мөнгөн дүн 1,345,000 төгрөгийн үнэлгээ гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэж уг гэмт хэргийн шинжийг хуульчилж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Тус зүйлийн Тайлбар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан байна.

 

Шүүгдэгч С.А нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн жолоодсоны улмаас 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, уг хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, драгер багажаар түүний амьсгал дахь спиртийн агууламж 3.56 промиль агууламж илэрсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тус, зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор уг гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тус хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй тул С.А т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруутай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

8. Хохирол төлбөр:

8.1. “Ашид Билгүүн” ХХК-ийн 541 дугаартай “... Toyota Prius-11 маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,345,000 төгрөг..." гэх үнэлгээ (хавтаст хэргийн 63-64 дэх тал), 

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 24990 дугаартай “... Lexus RX-450 маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 335,000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 75-76 дахь тал)-р иргэний нэхэмжлэгч Д.Д, О.Х, С.Г, Б.Б нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 30, 37, 41 дэх тал)-ээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

9. Эрүүгийн хариуцлагын талаар:

9.1. Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

9.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч С.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг, хийсэн үйлдэлдээ гэмшдэг бөгөөд өсвөр насны хүүтэйгээ хамтран амьдардаг. Хөдөлмөрийн чадвараа 75% алдсан учир хөдөлмөр алдалтын тэтгэмж авдаг. Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хариуцлагыг хөнгөрүүлж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

9.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хор уршгийн төлбөрийг өөрийн сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, иргэний нэхэмжлэгч нараас гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч  нь бага насны хүүхдийн хамт амьдардаг, биеийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд мөн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

9.4. Түүнчлэн шүүгдэгчийн согтуурлын зэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал зэргээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 

   10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт С-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд мөн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 


 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ