Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/74

 

          2021           1              13                                              2021/ДШМ/0074                         

 

 

     Б.Эд холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Саранчимэг,

хохирогч Я.Баярсайхан,

нарийн бичгийн дарга М.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

              Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1024 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Эд холбогдох эрүүгийн 2008000000915 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             

              Боржигон овгийн Буянболдын Э, 1989 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Сүүний 27 дугаар байр, 13а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, / РД: УП89010506/,

 

              Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 21-06 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Я.Баярсайханыг хардалтын улмаас хутгаар түүний биед цээжний баруун талд суганы арын шугамаар 6, 7 дугаар түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины гялтан хатгагдаж гэмтсэн, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх шингэн хуралт, баруун бугалга, зүүн тохойд хатгагдсан гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цагаан футболк, бор өнгийн модон иштэй 2 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинжээч Л.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд IQ-ийн түвшин 66 хувь буюу оюуны хөнгөн хомсдол гэж үзсэн ба ийм өвчтэй хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай гэсэн нь Б.Э 9-12 насны IQ-тай байна гэж ойлгогдож байгаа бөгөөд мөн хэрэг хариуцах чадвартай гэдэг дүгнэлтийг 9-12 насны хүүхдийн IQ түвшнээр авч үзсэн гэж ойлгогдож байна. Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг 9-12 настай хүүхдийг шийтгэсэн байна гэж ойлгогдож байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг заасан ба мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна. Тэгвэл мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, ... 29.8 дугаар зүйл /Террор үйлдэх/-д заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэн үзвэл Б.Э нь одоо 31 настай, насанд хүрсэн эмэгтэй хүн гэж насны хувьд ойлгогдож байгаа боловч хэрэг хариуцах чадвартай гэдэг шинжээчийн дүгнэлт нь 9-12 насны хүүхдийн IQ түвшнээр авч үзсэн тул шүүх, ухаан санаа эрүүл 31 настай эмэгтэй хүнээр адил хэмжээнд авч дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж бүрэн үзэх боломжтой байна.

    

Өөрөөр хэлбэл, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал болох 9-12 насны хүүхдийн IQ-тайгаар хэрэг хариуцах чадвартай гэж шинжээчийн дүгнэлт гарсныг мөн зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэхээр байна. Тодруулбал, 9-12 насны хүүхдийн IQ-тай 31 настай хүнийг, 9-12 насны хүүхдийн IQ-ийн хэмжээнд дүгнэхгүй, андууран, оюуны хомсдолгүй, эрүүл 31 насны IQ-тай эрүүл эмэгтэй хүний IQ-тай эн тэнцүү адил хэмжээнд, хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан, буруу шийдвэр гэж үзэж байна.

 

Мөн шинжээч нь “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хэрэг хариуцах чадвар гэдэг бол хоёр өөр ойлголт” гэж тайлбарлаж байгаа боловч Б.Эгйин хувьд хөдөлмөрийн чадвар алдалтыг зөвхөн /аливаа эд эрхтний согог, гэмтлийн бус/ оюуны хүндэвтэр хомсдол оношоор тогтоогдсон байдгийг онцлон дурдмаар байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт” болон “Шинжээчийн дүгнэлт” гэсэн хоёр баримт харилцан зөрүүтэй байхад болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийг бодит байдалтай нийцээгүй гэж бас үзэхээр байна.

 

Тодруулбал, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт болох “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт” өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр, мөрдөгдөж, Б.Э улсаас тэтгэмжээ авч байгаа ба эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад, “шүүхийн дүгнэсэн үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдааүй болно” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

 

Б.Э нь “F71” буюу оюуны хүндэвтэр хомсдол оноштой, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 24 сараар сунгасан акт хүчинтэй, тэтгэмжээ авч байхад үүнийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасан байна. Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр, шүүх Б.Эг 9-12 насны IQ-ийн түвшинг 66 хувь буюу оюуны хөнгөн хомсдол гэж үзэн, хэрэг хариуцах чадвартай гэж шинжээчийн дүгнэлтийг барьж дүгнэж байгаа бол бусад баримт болох “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт, тэтгэмж улсаас авч байгаа баримтууд нь хүчин төгөлдөр буюу уг хоёр баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж чадсангүй. Мөн нөгөө талаар, F71 оюуны хүндэвтэр хомсдолтой бол сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж үзэх үү, хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд шүүх үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Тзгвэл 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 605 дугаартай дүгнэлт “ЭССШинжилгээнд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр. IQ=66% /ш.о =53/ Сорилын явцад зан төрхийн өөрчлөлт илэрнэ” /хх 53-55/ болон Шүүх сэтгэц эмгэг судлалын 792 дугаартай дүгнэлт “хх 139” зэргийг гаргах болсон эх сурвалжийг зааж хэлээгүй.

 

Тодруулбал Б.Эг 9-12 настай хүүхдийн IQ-гаар шалгасан уу, эсвэл үнэхээр 31 настай эрүүл эмэгтэй хүний IQ-гаар сорил шалгаад хэрэг хариуцах чадвартай гэж шинжээчийн дүгнэлт гарсан уу гэдэг нь маргаан дагуулж байгаа бөгөөд ямар сорилоор хэрхэн дүгнэсэн бэ гэдэг нь тодорхойгүй, холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдаад, орж ирж байх ёстой ба шинжээчийн дүгнэлтүүд гарах болсон холбогдох баримтууд байхгүй тул олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж болохоор байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан байгааг анхаарч үзэх шаардлагатай байна.

 

Тэгвэл шинжээчийн дүгнэлт нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шүүх шалгаагүй байна гэж үзэж байна.

 

9-12 настай IQ-тэй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, ...” бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэж байна. Иймээс Б.Э нь оюуны хомсдолтой, өөрийгөө зөв удирдах чадваргүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх нь учир дутагдалтай. Мөн хэдийгээр шүүх Б.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-34/-ийг оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн нь гэж шүүх дүгнэн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна гэж байгаа боловч Б.Эгийн 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр буюу тухайн хэрэг болдог өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: "... Тэгээд Баярсайхан намайг согтуу загнаад, зайл, ална шүү гээд агсам тавиад байсан. Баярсайхан намайг зүгээр байж байхад ... яв зайл гээд загнаад байхаар нь ... Намайг хутгалсны дараа Баярсайхан миний толгой руу 2 удаа цохисон ...” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед Баярсайханы гэрт хамт амьдардаг, хамт архи уудаг хохирогчийн найз Сэндэлэг нь магадгүй найз Баярсайханыхаа агсан согтуу эхлээд тавьсан, Б.Эд гар хүрч, хүч үйлчилж, цохиж зодсон үйлдэл, хэрэг болсон анхны сэдэлт, маргааныг бүрэн гүйцэд үнэн зөв хэлсэн гэдэгт итгэл төрөхгүй байгааг хэлэх нь зүйтэй. Магадгүй Б.Э нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна гэж ( 2 эрэгтэй хүний өөдөөс ) өмгөөлөгчийн хувьд үзэж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамааруулан авч үзэхийг шүүхээс хүсэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно” гэж заасан байна. Б.Эгийн хувьд дээрх хуулийн агуулгаас үзэхэд ямар ч байсан Б.Э нь сэтгэцийн эмгэг, оюун ухаан хомсдолтой гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Иймээс Эрүүргийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, ... хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж заасан тул Б.Эгийн хувьд түүний оюун ухааны хомсдол, энэ нь эдгэрэх боломжгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүний хорих ялыг хуульд заасан хамгийн бага ял болох 6 сараар тогтоож өгөхийг хүсэж байна.

 

Иймд Сонгинойхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1024 дугаар шийтгэх тогтоолоор Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн хамааруулах бүр боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзвэл Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэн, 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол, санал байхгүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор А.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Эгийн хувьд хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруутайд тооцогдсон. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

                 Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 21-06 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Я.Баярсайханыг хардалтын улмаас хутгаар түүний биед цээжний баруун талд суганы арын шугамаар 6, 7 дугаар түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины гялтан хатгагдаж гэмтсэн, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх шингэн хуралт, баруун бугалга, зүүн тохойд хатгагдсан гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Я.Баярсайханы “... Б.Э жаахан сэтгэцийн өөрчлөлттэй. 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 21-06 тоотод би хамтран амьдрагч Э, найз Сандэлэг нарын хамт архи уусан. Э миний гар утсыг ямар ч шалтгаангүй аваад газар чулуудсан. Би “яаж байгаа юм” гээд уурлаад утсаа аваад эргээд хартал Э гэрт байдаг бор иштэй хутгаар миний зүүн гарын тохой руу нэг удаа, баруун хавирганы хэсэгт нэг удаа, баруун гарын булчингийн орчим нэг удаа хутгалсан. Б.Эд “чи яагаад намайг хутгалж байгаа юм бэ” гэсэн чинь юу ч хэлэхгүй, дуугүй орон дээр хэвтээд өгсөн. Гарт байгаа хутгыг нь харсан чинь хоол хийгээд гартаа барьж байсан бор иштэй жижиг хутга байсан. Хажууд байсан Сандэлэг “чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ” гэж хэлээд гэрээс гарсан. Удалгүй эмнэлэг, цагдаагийнхан хүрээд ирсэн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Одоо миний биеийн байдал гайгүй болчихсон. Эмчилгээний зардал мөнгийг Эгийн гэр бүлээс бүрэн гаргасан. Миний хамтран амьдрагч Э хутгаар гурван удаа хутгалж, биед гэмтэл учруулсан. Өөр хүн учруулаагүй. ...” /хх 30/,

 

гэрч Ц.Сандэлэгийн “2020 оны 5 дугаар сарын 2-ны оройхон байсан байх. Баярсайханы гэрт очиход түүний эхнэр Э байсан. Дэлгүүрээс 0,5 литрийн архи, 2 литрийн пиво авч ирээд Э, Баярсайхан бид гурав хувааж уусан. Би бараг ганцаараа архийг нь хувааж уусан. Харин Баярсайхан, Э хоёрт нэг, нэг татуулсан. Тэр хоёр пивийг хувааж уусан. Би гэрийн баруун талд газар хэвтэж байтал 15-16 цагийн орчим байсан байх ...гэрийн зүүн талд хөргөгчний наад талд Баярсайхан, Э хоёр тэврэлдээд зогсож байснаа Э нь Жавхаа гэдэг нэр хэлээд Баярсайханыг хардаад байх шиг байсан. Тэр хоёр ерөөсөө зууралдаж, зодолдсон асуудалгүй байж байтал Э хаанаас хутга авсныг мэдэхгүй, хүрэн өнгийн хутга баруун гартаа барьчихсан байснаа гэнэт л Баярсайханы зүүн билүү, баруун ч билүү тохойны хэсэгт нь, мөн булчингийн хэсэг, баруун цээжний хажуу хэсэгт нийт гурван удаа хутгалсан. Баярсайхан “намайг Э хутгалчихлаа” гээд газар унаад өгсөн. Э гэрээс гараад явсан. Би Баярсайханыг очиж түшиж босгоод шалан дээр байсан хоёр хутганы нэгийг хөргөгчний доогуур, нэгийг нь хоолны шүүгээн доогуур өшиглөсөн. ...Э Баярсайханыг хардаад л хутгалсан гэж бодож байна. Өөр тэр хоёрын дунд муудалцах асуудал болоогүй. ...” /хх 32/,

 

Б.Эгийн яллагдагчаар өгсөн “... Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй.” /хх 146-147/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5433 дугаартай ”Я.Баярсайханы биед цээжний баруун талд суганы арын шугамаар 6, 7 дугаар түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины гялтан гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, баруун бугалга, зүүн тохойд хатгагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” /хх 40-41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2617 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1 болон 2 дугаартай бор өнгийн модон иштэй хутга нь илрүүлэх шинжилгээнд тэнцэж байна. 2 дугаартай бор өнгийн модон иштэй хутганд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй байна. 1 дугаартай бор өнгийн модон иштэй хутга дээр цус илрээгүй.” /хх 69-70/,

    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2926 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх Zou Shao гэсэн шошготой, богино ханцуйтай цагаан өнгийн футболкон дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр В (III) бүлгийн харьяалалтай хүний цус байна.” /хх 73-74/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 605 дугаартай “Б.Э нь F70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байна. Б.Эгийн F70.1. эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. Б.Э нь хэрэг үйлдэгдэх үед F70.1 эмгэгтэй байсан байна. Б.Эгийн F70.1. эмгэг нь цаашид бүрэн эдгэрэх боломжгүй. Б.Э цаашид өөртөө болон бусад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшин харсан, сонссон, мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай байна. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Э нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Б.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Э нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэж шинж, баримт үгүй байна.” /хх 53-55/ дүгнэлтүүд,

 

шинжээч Л.Баттулгын “... сэтгэл судлалын шинжилгээгээр Б.Эгийн IQ=60% /щ.о=53/ тул хөнгөн хомсдолтой гэж дүгнэсэн. Оюуны хомсдолтой хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай ...” гэсэн мэдүүлэг /хх 56-57/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 792 дугаартай  “Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 605 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Сэтгэц эрүүл мэндийн төвийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлтэд IQ=66% /щ.о=53/ байна. Энэ нь Оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол болно. Б.Э нь оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт /F70.1./ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд зөв мэдүүлэг өгөх чадвартай байна Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.” /хх 139-142/,

 

Нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хх 104-105/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт “F71 Оюуны хүндэвтэр хомсдол, оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар алдсан” /хх 106/, нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх 117/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Эгийн хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, Я.Баярсайханы цээж, гаран тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн “... Б.Э нь сэтгэцийн эмгэг, оюуны хомсдолтой болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Б.Эгийн үйлдэлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан шинж байхаар харагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 605 дугаартай “... Б.Э нь F70.1 буюу оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй, хэрэг үйлдэгдэх үед Б.Э нь F70.1 эмгэгтэй байсан. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ...” /хх 53-55/, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 792 дугаартай “... Б.Э нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай” гэсэн дүгнэлтүүд, мөн шинжээч Л.Баттулгын “... Оюуны хөнгөн хомсдолтой хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай ...” /хх 56-57/, хохирогч Я.Баярсайханы /хх 30/, гэрч Ц.Сандэлэгийн /хх 32/ мэдүүлэг зэрэг баримтуудаас харахад шүүгдэгч Б.Э нь хэрэг хариуцах чадвартай бөгөөд харин архи ууж согтуурсан үедээ Ч.Баярсайхантай маргалдаж түүний цээж, гаран тус газарт хутгалж хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан“... санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан ...” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан төдийгүй хохирогчийн хууль бус үйлдэл тогтоогдоогүй, мөн сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөртөө хяналт тавих чадваргүй болсон буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх шинж тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1024 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ