Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 111

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

Иргэдийн төлөөлөгч: Т.Гомбоо,

            Шүүгдэгч: А.Дамбадаржаа, түүний өмгөөлөгч Я.Батханд,

            Шүүгдэгч: Д.Батхуяг, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарууд овогт Даваасүрэнгийн Батхуяг, Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржаа нарт холбогдох эрүүгийн 201625022913 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 25А-ийн 609А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УИ96101357, Шарууд овогт Даваасүрэнгийн Батхуяг.

 

2. Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 176-ийн 1А тоотод оршин суух,

урьд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, регистрийн дугаар ИД95113018, Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржаа.

 

Холбогдсонхэргийнталаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Д.Батхуяг нь А.Дамбадаржаатай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй Войлиненко Петр Александровичийг “ахад нь хутга байгаа шүү” гэж айлган эд юмсыг авах зорилгоор гэдэс рүү нь цохих хана мөргүүлэх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Cкай загварын гар утас, 5000 төгрөгийг дээрэмдсэн, насанд хүрээгүй хохирогч Б.Энхбатыг эд юмсыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон,

Яллагдагч А.Дамбадаржаа нь Д.Батхуягтай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй Войлиненко Петр Александрович, Б.Энхбат нарыг эд юмсыг авах зорилгоор гэдэс рүү нь цохих хана мөргүүлэх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Батхуяг мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байрны гадаа Дамбадаржаатай тамхи татаад зогсож байтал сааданд хүүхдүүд тоглож байсан. Тэгтэл Дамбадаржаа надад “чи тэр хүүхдүүдээс гар утсыг худлаа ярих гэж байгаа юм шиг болоод утсыг нь аваад зугтаачих” гэж хэлсэн. Би “хэрэггүй, хоёулаа орц орж дулаацая” гэж хэлээд хамт байрны орц руу явж байхад Дамбадаржаа надаас салаад явсан. Би Дамбадаржааг шээх гэж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд би орцонд зогсож байтал Дамбадаржаа гаднаас хоёр хүүхэд дагуулж орж ирсэн. Тэгээд Дамбадаржаа нэг хүүхдийн утсаар ярих гэж байгаад надад тэр хүүхдийн гар утсыг өгсөн. Би тэр утсаар нь найз руугаа ярьтал холбогдох боломжгүй байсан. Би байрны дээшээ 8 давхар руу гартал нөгөө хоёр хүүхэд надаас “5000 төгрөгөө авъя” гэж хэлсэн. Би тэр хүүхдийн утсыг буцааж Дамбадаржаад өгсөн. Дамбадаржаа тэр хүүхдийн утсаар яриад байсан. Нөгөө хоёр хүүхэд утсаа нэхээд байхаар нь Дамбадаржаа над руу заагаад “энэ хүнд хутга байгаа шүү чамайг хутгална шүү” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэд айгаад уйлсан.Тэгэхээр нь би “худлаа хэлж байгаа юм” гээд аргадсан. Тэгтэл Дамбадаржаа “лифтэнд суугаарай” гэж хэлэхээр нь хамт суугаад зугтаасан гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Дамбадаржаа мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Батхуягтай цуг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах байрны гадаа тамхи татаад зогсож байтал гадаа хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байсан. Надад найзтайгаа утсаар ярих шаардлага гараад тоглож байсан хүүхдүүд дээр очоод “утас байна уу, ганц яриулж болох уу” гэж асуусан. Тэгтэл нэг хүүхэд нь надад “нэгж байхгүй” гээд нэг утас гаргаж ирсэн. Тэгтэл тоглоомын талбай дээр байсан нэг эгч ирээд “талбай дээр тамхи татаж болохгүй” гэж хэлэхэд нь Батхуяг бид хоёр тамхиа татаад байрны орцонд зогсож байтал гаднаас хоёр хүүхэд орж ирээд “нэгжтэй утас олчихлоо, та надад 5000 төгрөг өгнө биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлтэл нэг хүүхэд нь “тэгвэл утсаараа яриулахгүй” гэж хэлсэн. Батхуяг тэр хүүхдийн халааснаас нь гар утас болон 5000 төгрөг байхаар нь авсан. Мөн нөгөө хүүхдийн халааснаас 2000 төгрөг байхаар авсан. Би тэгэхээр нь “чи боль, мөнгө төгрөгийг нь өг л дөө” гэж хэлтэл Батхуяг “чимээгүй бай” гэж надад хэлсэн. Тэгээд нөгөө хүүхдийг буюу орос царайтай хүүхдийг алгадаад хана руу түлхсэн. Мөн нөгөө хүүхэд рүү очоод элэгдсэн. Батхуяг тэр хоёр хүүхдэд “надад хутга байгаа шүү” гэж сүрдүүлсэн. Би тухайн үед “явлаа” гэж хэлээд лифтэнд суух гэтэл араас Батхуяг ирээд “гялс суу” гээд хамт явсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Войлиненко Петр Александрович /хх-ийн 28-30/, насанд хүрээгүй хохирогч Б.Энхбат /хх-ийн 31-34/, гэрч Л.Энхсайхан /хх-ийн 35 /нарын өгсөн мэдүүлэгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-16/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 20-26/, шүүгдэгч Д.Батхуяг /хх-ийн 78/, А.Дамбадаржаа /хх-ийн 83/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүгдэгч Д.Батхуяг, А.Дамбадаржаа нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч дээрх зүйл хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан ирүүлсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт  “бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” буюу тухайн хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг нь нэгэнт тодорхойлсон байх тул ерөнхий ангийн дээрх заалтыг заавал давхар журамлах шаардлагагүй гэж үзсэн тул зөвтгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Батхуяг, А.Дамбадаржаа нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй Войлиненко Петр Александрович, насанд хүрээгүй Б.Энхбат нарын эд юмсыг авах зорилгоор гэдэс рүү нь цохих, хана мөргүүлэх, “ахад нь хутга байгаа шүү” гэх зэргээр айлган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Скай” загварын гар утас, 5000 төгрөг зэргийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Войлиненко Петр Александровичийн мөрдөн байцаалтын шатанд оролцсон таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд /хх-ийн/: “...энэ 2 дугаартай хүн мөн байна гээд 2, 6 дугаартай хүмүүсийг заах ба 2 дугаартай байгаа хүн яг мөн байна. Энэ малгайг өмссөн байсан. Миний гар утсыг 2 дугаартай ах аваад яриад байсан. Энхбат бид хоёрыг элэгдээд бас халаас ухаад толгойгоор хана мөргүүлээд байсан ах мөн байна. Зургаа дугаартай байгаа хүнийг бол өмссөн байгаа куртка, куртикны баруун талын цээжин хэсэгт нь байгаа бичиг зэрэг нь мөн байна. Энэ ах бид хоёрыг наад ах чинь аймар шүү, хоолойг чинь хэрчинэ шүү гэх зэргээр хэлээд байсан ах мөн байна.

мөн хохирогчоор өгсөн /хх-ийн 30/: “...тоглоомын талбай дээр тоглож байтал танихгүй хоёр ах Энхбат бид хоёрыг дуудаад “5000 төгрөг өгье, энэ орцны 8 дугаар давхараас хүн дуудаад өгөөч” гэсэн. 8 давхарт гараад “та хоёрт гар утас байна уу, яриулчих 5000 төгрөг өгье” гэхээр нь доошоо бууж цүнхнээсээ гар утсаа аваад дээшээ 8 давхарт гарахад нөгөө хоёр ах хүлээгээд зогсож байсан. Энхбат бид хоёрыг нөгөө хоёр ах түлхээд газар суулгасан.Хар өнгийн куртиктэй, саравчтай малгайтай цүнх үүрчихсэн ах миний гар утсыг аваад утсаар яриад, утас авчихаад үргэлжлүүлээд намайг нэгжээд айлгаад, миний 5000 төгрөгийг авсанаа, Энхбат дээр бас очоод нэгжээд 2000 төгрөгийг авсан ба бор саарал өнгийн куртиктэй хүн нь хараад зогсоод байсан ба нэг удаа намайг ирээд гэдэс рүү цохиод авсан ба хана мөргүүлсэн. Энхбатыг бас адилхан цохиод элэгдээд байсан. Ер нь тэр хоёр хүн хоёулаа л бид хоёрыг цохиод айлгаад байсан. Миний биед гэмтэл учраагүй, Скай загварын хар өнгийн гар утас надаас дээрэмдэн авсан утас мөн байна...” гэх мэдүүлэг

 

насанд хүрээгүй хохирогч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд оролцсон таньж олуудах ажиллагааны тэмдэглэлд /хх-ийн / :“...Энэ хүмүүс мөн байна гээд 2, 6 дугаарт зогссон хүмүүсийг заах ба 2 дугаарт байгаа ах Петрын утсаар яриад байсан ах мөн байна. Өмссөн хувцас болон малгай, малгайн дээрх бичиг, царайгаар нь таньж байна. Энэ ах Петр бид хоёрыг элэгдээд цохиод бас халаас нэгжээд байсан. Харин 6 дугаарт байгаа ахыг бол өмссөн куртика, куртикны малгайны үс, царайгаар нь таньж байна.

мөн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 31-34/: “...Тоглоомын талбай дээр тоглож байхад танихгүй хоёр ах ирээд Петр Александрович бид хоёрыг “8 давхараас хүн дуудаад өгөөч, 5000 төгрөг өгье” гэсэн. Хамт 8 дугаар давхарт гарахад “гар утас бий юу” гэж асуусан.“Гар утсаа авчирвал 5000 төгрөг өгнө шүү” гэхээр нь Петр бид хоёр хамт буугаад гар утсаа аваад эргээд 8 давхарт гарахад тэр хоёр ах хүлээгээд зогсож байсан. Хар хөх өнгийн куртиктэй ах Петрын гар утсыг халааснаас нь аваад утсаар яриад байсан. Петр “ахаа утсаа авья” гэтэл нэг ах нь бид хоёрыг 8 дугаар давхарын шатны хажуу талын буланд шахаад хар хөх өнгийн куртиктэй утсаар яриад байсан ах Петрын халаасыг нь ухаад байснаа 5000 төгрөгийг нь аваад бас миний халаасыг ухаад байсан ба миний элэг рүү гараараа цохиод бас Петрыг цохиод толгойгоор нь хана мөргүүлсэн. Тэгээд бас боогоод байсан. Гэтэл В.Петр уйлаад, нөгөө хоёр ах бид хоёрыг “суу” гэж хэлээд доошоо буугаад явсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Энхсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... өөрийн ажлуулдаг гар утасны засварын төвөөсөө гарах гэж байтал гаднаас хоёр залуу “гар утас сэлбэгэнд авах уу” гэж орж ирсэн.Гар утас нь Скай маркийн хар өнгийн, урд талын корпус нь хагарсан, нилээн хуучин гар утас байсан. Тэр залуусын гар утас гэж бодоод сэлбэгэнд 10.000 төгрөгөөр авсан.Утас нь кодгүй, дотор нь байгаа зургийн талаар мэдээд байсан болохоор нь өөрсдийн утас нь гэж бодсон. Миний хувьд нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-26/, фото зургийн үзүүлбэрүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тэдний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Батхуяг, А.Дамбадаржаа нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Дамбадаржаа урьд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Батхуяг, А.Дамбадаржаа нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нар гомдол, саналгүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Насанд хүрээгүй хохирогч Войлиненко Петр Александрович, Б.Энхбат нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдвал зохино.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарын санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжтойгоос гадна дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шарууд овогт Даваасүрэнгийн Батхуяг, Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржаа нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, Д.Батхуягийг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Дамбадаржааг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батхуяг, А.Дамбадаржаа нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид элүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Д.Батхуягийн урьд цагдан хоригдсон 19 хоногийг, А.Дамбадаржаагийн 29 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Батхуяг, А.Дамбадаржаа нарт урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Батхуяг, А.Дамбадаржаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

                              ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                         ШҮҮГЧИД                                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                       З.БОЛДБААТАР