| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2019/01072/И |
| Дугаар | 155/ШШ2020/00173 |
| Огноо | 2020-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2020/00173
2020 01 22 155/ШШ2020/00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/01072/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ............. тоотод оршин суух, Бумбат овогт Одончимэгийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ................ тоотод оршин суух Төмөрбаатарын*******од холбогдох 1.745.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Халтар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 1 дүгээр сард өмнө нь таньдаг найз нөхөд байсан Т.Батболдоос 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь төлөхөөр харилцан тохиролцсон юм. Намайг уг машиныг авахад мотор эвдэрхий, урд гупер нь хагарсан, хойд талын багажны хаалга нь өөр буюу ногоон өнгөтэй, асдаггүй хөдөлгөөнд оролцох боломжгүй машин байсан учир машинаар чирээд хашаандаа авчирсан. Тэгээд засварчин Болдоогийн хашаанд*******той хамт чирч аваачиж өгсөн юм. Болдоо нь 10-аад хоног засаад асааж чадаагүй учир 13 дугаар хороонд байдаг засварчин Нарангаравынд бид 2 бас л хамтдаа чирч аваачиж өгсөн. Тэгээд 7 хоног засуулаад асааж аваад хот явах гэтэл дахиад эвдэрсэн. Асахаа больсон. Машиныг дахиж н.Дамдиндорж, н.Баяраа гэдэг 2 хүнээр засуулаад 100.000 төгрөг хөлсөнд нь өгөөд дахин 4 ширхэг порсунк солиулаад, мөн суудал солиулж 100.000 төгрөг төлсөн. Тэгээд Х.Баттогтохоос 200.000 төгрөгөөр кришик авч тавиулсан. Тэгээд хот руу явж байтал бас эвдрээд буцаж чиргүүл ирээд 2-7-8 тоотод байдаг засварчин Л.Чинзоригт гэдэг хүнд өгч засуулахдаа мотор хороп, апуртур, кришик, 2 нумны түлк, ханзарсан шал зэргийг засуулж нийт хөлсөнд 490.000 төгрөг төлсөн. Тэгээд 2018 оны 3 сарын эхээр 7-1-05 тоотод Ө.Оюун-Эрдэнэ гэдэг засварчинд өгч хормойг эргэн тойрон арын хаалга зэргийг будуулж, хаалганы булан төмөр солиулж хөлсөнд нь 400.000 төгрөг төлсөн юм. Ингээд машин нь явдаг болсон учир буцааж өгөх гэсэн боловч авахгүй мөнгөө авна гэж байгаа тул засвар хийлгэсэн. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 25-нд эвдэрсэн учир Билэгт ууган ХХК-ий дэлгүүрээс 373.000 төгрөгийн эд анги авч тавьсан. Мөн******* машинаа авах гээд 130.000 төгрөг бензин хийнэ гэж бэлнээр авсан юм. Ингээд энэ машинд нийтдээ 1.793.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн тул хариуцагч Т.Батболдоос 1.793.000 төгрөгийг гаргуулж О.******* надад олгуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Одончимэгийн ******* нь Төмөрбаатарын*******оос 2018 оны 1 дүгээр сард 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож наймаа хийсэн. Уг тээврийн хэрэгслийг анх худалдан авч байхад мотор нь эвдэрхий, урд гупэр хагарсан, хойд талын багажны хаалга өөр өнгөтэй, асахгүй тээврийн хэрэгсэл байсан. Ингээд машиныг чирч засварчин Болдоогийн хашаанд*******той хамт аваачсан боловч 10 гаруй хоногийн хугацаанд асааж чадаагүй тул Мөрөн сумын 13 дугаар багт байрлах н.Нарангарав гэдэг засварчинд мөн чирч аваачиж өгч 7 хоногийн дараа гэхэд машиныг асаасан. Ингээд Улаанбаатар хот руу явах гэтэл дахин асахгүй болсон. Ингээд машинаа дахин н.Дамидандорж, н.Баяраа гэсэн хоёр хүнээр ажлын хөлсөнд 100.000 төгрөгийг өгч 4 ширхэг порсунк, суудал зэргийг солиулж дахин 100.000 төгрөгийг өгсөн. Мөн 200.000 төгрөгөөр н.Баттогтох гэдэг хүнээс кришка худалдан авч тавьсан. Ингээд дахин эвдэрч Мөрөн сумын 2 дугаар багт байрлах Л.Чинзоригт гэдэг хүнд засуулахдаа мотор, хроп, апуртур, кришка, хоёр нумны тулька, ханзарсан шал зэргийг засуулж нийт 490.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2018 оны 5 дугаар сард Мөрөн сумын 7 дугаар багийн 1-05 тоотод байрлах н.Оюун-Эрдэнэ гэдэг хүнээр хормой, арын хаалга зэргийг будуулж, хаалганы булан төмөр солиулж ажлын хөлсөнд 400.000 төгрөгийг өгсөн. Ингээд энэ машин нь маш их зарлага гаргаж байсан учраас*******од буцаан өгөх гэсэн боловч машины үнэ болох бэлэн мөнгийг авна гэсэн. Засвар хийхэд Билэгт Ууган ХХК-аас 373.000 төгрөгийн сэлбэг, н.Батболд нь өөрөө машинаа авна гээд 130.000 төгрөгийг бэлнээр тус тус авч байсан, нийт 1.793.000 төгрөгийн засварын хөлс болон эд ангийн өртөгийг хариуцагч н.Батболдоос гаргуулж авах хүсэлтэй байна. Гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.******* нь надаас 1.793.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Би харин О.*******т машинаа зарж мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд хандаж шүүхийн шийдвэр нь *******аас 4.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахын тулд элдэв арга саам хэрэглэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж би үзэж байна. Би харин ч *******т машин худалдахдаа увуу цувуугаар бүх мөнгө төгрөгийг нь тухайн үед шийдээд өгч байсан, машин бол ямар ч эвдрэл, гэмтэлгүй зүв зүгээр шилжүүлж байсан. О.*******ын энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба хурдан шуурхай хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Халтар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс тухайн тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн болгож засварлаж өгөөд О.*******т хүлээлгэн өгсөн юм. Өмнөх шүүх хуралдаан дээр тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээн авснаа хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр явж байна. Тиймээс одоо О.******* бид нараас нэхэмжилж байгаа 1.793.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг 5.000.0000 төгрөгөөр худалдан авах саналыг О.******* нь 2018 оны 1 дүгээр сард тавьсан. Тухайн тээврийн хэрэгслийг явахгүй, эвдрэлтэй байгааг мэдсэн. Тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 500.000 төгрөгөөр өгнө гэж анх тохирсон. Ингээд мөнгөө өгөх хугацаа болсон боловч О.******* нь удахгүй өгнө, одоо тэдэнд өгнө гэж явсаар байгаад 2018 оны 10 дугаар сар хүртэл явсан. Анх машиныг 5.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч үнийг нь 500.000 төгрөгөөр багасгаж, 4.500.000 төгрөг болгосон юм. Иймд засвар хийсэн хөлс гээд байгаа 1.793.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Т.Батболдод холбогдуулан машинд засвар үйлчилгээ хийсэн төлбөр 1.793.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тад-17 моторын тосны үнэ 48.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, машинд засвар үйлчилгээ хийсэн төлбөр 1.615.000 төгрөг, автомашинаа буцаан өгөх талаар хэлэхэд хариуцагч нь бензин хийнэ гэж авсан мөнгө 130.000 төгрөг, нийт 1.745.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Нэхэмжлэгч нь 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь анх худалдан авахад засвартай байсан бөгөөд худалдагч буюу хариуцагч Т.Батболд нь автомашиныг засварлахад хариуцагч нь 1.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн учир уг автомашиныг худалдан авсан. Худалдан авсны дараа машин засварлахад 1.615.000 төгрөг биднээс гарч хэтэрхий их засвар ороод байсан учир уг автомашиныг буцаан өгөхөөр худалдагч Т.Батболдод мэдэгдэж, Т.Батболд нь худалдсан 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн машинаа буцаан авахаар болж О.*******аас уг автомашинд бензин хийнэ гэж 130.000 төгрөг бэлнээр авсан.
Иймд машинд засвар үйлчилгээ хийсэн төлбөр 1.615.000 төгрөг, автомашинаа буцаан өгөх талаар хэлэхэд хариуцагч нь автомашиныг буцаан авч явах бензин хийнэ гэж авсан мөнгө 130.000 төгрөг, нийт 1.745.000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид анх 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч тал засвар үйлчилгээ их орж байна гэсэн учир анх тохиролцсон үнээ 500.000 төгрөгөөр багасгасан. Иймд машин засварлахад зарцуулсан гэх 1.615.000 төгрөг, уг автомашинийг буцаан авч явахад бинзенд зарцуулахаар 130.000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талууд 2018 оны 01 сард 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн машиныг 4.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, хариуцагч буюу худалдагч Т.Батболд нь эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн, талуудын хооронд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсантай маргаагүй байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт: Худалдан авагч нь эд хөрөнгийн ... доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, ... шаардлага гаргах эрхтэй. гэж заасан байх тул нэхэмжлэгч нь 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн машиныг худалдан авснаас хойш хийгдсэн засвар үйлчилгээний төлбөр 1.615.000 төгрөг, автомашиныг буцаан авч явах бензин хийнэ гэж бэлнээр авсан мөнгө 130.000 төгрөг, нийт 1.745.000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгч талын хэрэгт гаргаж өгсөн засварчин н.Оюун-Эрдэний: Манай засварын газарт 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн машин 2018 оны 3 сард хормой эргэн тойрон, хаалга будуулж, хаалганы булан төмөр сольсон. Засварын хөлсөнд 400.000 төгрөг төлсөн болно. гэх тодорхойлолт,
Л.Чинзоригтын: 2-7-8 тоотод байрлах манай засварт 2018 оны 3 дугаар сарын эхээр 89-84 ХӨВ улсын дугаартай Истана машиныг О.******* авч ирж засвар хийлгэсэн. Засварт мотор, кроп, афуртур, кришк, 2 нумны түлк, шалны ханзралт зэргийг зассан. Үүнд: Мотор 130.000, хропны араа 70.000, афуртур 120.000, шал 120.000, 2 нумны түлк 50.000 тус бүр авсан. Нийт ажлын хөлс 490.000 төгрөг авсан нь үнэн болно гэх засварын хөлс авсан тухай баримт,
Х.Батцоожийн: 2018 оны 3 сарын эхээр О.******* нь надаас Истана маркын автомашины моторын кришка 200.000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн болно. гэх истана машины кришка зарсан тухай тодорхойлолт,
О.Дамдиндоржийн: О.Дамдиндорж миний бие 2018 оны 01 дүгээр сарын 26-нд О.*******ын Истана маркийн машины моторыг авч кришка, жийрэг сольж өгсөн болно. Ажлын хөлсөнд 100.000 төгрөг авсан. 2018 оны 02 дугаар сарын 17-нд дахин ирж надаар 4 ширхэг порсунк солиулаад бүх суудлаа солиулаад явсан. Хөлсөнд 100.000 төгрөг авсан болно. гэх тодорхойлолт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх журмыг зөрчсөн,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Л.Энхболдын: О.*******, гэх мэдүүлэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй,
Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн регистрийн дугаар 4127404, Утас 88111338, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Билэгт Ууган ХХК-аас худалдан авсан 373.000 төгрөгийн барааны зарлагын баримтад худалдан авагч байгууллагын нэр, эд зүйлийг худалдан авсан хүний нэр, гарын үсэг байхгүй, худалдагч байгууллага нь ХХК байтал РЭ78080314 М.Мөнх-Эрдэнэ гэсэн хувь хүний тамга дарагдсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь худалдагч буюу хариуцагч Т.Батболд нь 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн машиныг буцаах талаар хэлэхэд уг машиныг буцааж авч явах зорилгоор надаас 130.000 төгрөг бэлнээр авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч тал татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.
Иймд О.*******ын нэхэмжлэлтэй, Т.Батболдод холбогдох машинд засвар үйлчилгээ хийсэн төлбөр 1.6155.000 төгрөг, автомашинаа буцаан өгөх талаар хэлэхэд хариуцагч нь бензин хийнэ гэж авсан мөнгө 130.000 төгрөг, нийт 1.745.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Батболдод холбогдох машинд засвар үйлчилгээ хийсэн төлбөр 1.615.000 төгрөг, автомашинаа буцаан өгөх талаар хэлэхэд хариуцагч нь бензин хийнэ гэж авсан мөнгө 130.000 төгрөг, нийт 1.745.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА