| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0553/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
2025 01 13 2025/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0553/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000775 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Ти ти жи ви си өү” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, У******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Т*******
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, “Шарын гол” хувьцаат компанийн уурхайн хашааны ертөнцийн зүгээр баруун зүгт байх шороон замын хажуу хэсгээр ургасан сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй /каннабис/ олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-12/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 15/,
Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн тогтоол, дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20-22/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-26/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 27/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23 цагийн үед Шарын гол сумын Санжинт багийн төв гудамж гэх газарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байхад мөнгөлөг саарал өнгийн ******* улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад гэх залуу жолоодож явсан ба тээврийн хэрэгслийн тээшийг жолоочоор нээлгэж шалгахад OSPRING гэх бичиглэлтэй, 5 литрийн багтаамжтай, цагаан өнгийн тагтай, усны саванд ногоон өнгийн ургамлыг хийсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...Би сэтгэцэд нөлөөт ургамал буюу каннабисын талаар интернэтээс 2024 оны 08 дугаар сард олж мэдсэн. Уг ургамлыг дуучид ихээр хэрэглэж тэндээсээ шинэ үг болон сэтгэмж нь ихээр нэмэгдэж олны анхаарал татахуйц дууг хийдэг гэж сонссон юм. Би өвөөгийнхөө хадланд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр явж байхдаа Шарын гол сумын морь барианы газрын ойролцоо ихээр ургасан байхыг харсан. Манай өвөөгийн хадланд морь барианы газрын хажуугаар өнгөрөөд цааш чигээрээ явдаг. Тэгээд хэрэглэж үзэхээр шийдээд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед өөрийн ******* улсын дугаартай т/камри маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Шарын гол сумын морь барианы газарт очоод 5 литрийн усны саванд тэнд байсан каннабис гэх ургамлыг түүж хийсэн, мөн 330 мл багтаамжтай саванд бага зэргийг хийгээд авч явсан. Түүж ирсэн ургамлаа сонины цаасанд ороогоод татахад сайн сорогдохгүй байхаар нь Дархан-Уул аймаг руу 09 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед ороод Дархан захаас утаат тамхины шүүлтүүр 25 ширхэгийг 3500 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд гэртээ ирээд орой 20 цагийн үед түүж ирсэн каннабисаас бага зэргийг сонины нимгэн цаасаар ороогоод тамхины шүүлтүүрээ хийгээд татахад сорогдож байсан болохоор нэг дор 3 ширхгийг татаад шүлэг бичих гэтэл толгой эргэж, зүрх өвдөөд дуугаа бичиж чадахгүй байсан. Тэгээд тэр 9 дүгээр 23-ны шөнө зүрх өвдөөд унтаж чадаагүй болохоор маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гадаа харанхуй болохоор нь хүнгүй газар аваачиж түүсэн өвсөө хаях гээд өөрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал цагдаа нар зогсоогоод тухайн өвсийг олж хараад намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5720 дугаартай: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ДУА Мирам 1 1184” гэж тэмдэглэсэн “OSPRING” гэх бичиглэлтэй 5 литрийн багтаамжтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “ДУА Мирам 2 1184” гэж тэмдэглэсэн “Fizz” гэх бичиглэлтэй 330 мл багтаамжтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “ДУА Мирам 1 1184” гэж тэмдэглэсэн “OSPRING” гэх бичиглэлтэй 5 литрийн багтаамжтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 759.1 г, цэвэр жин 582.3 г, “ДУА Мирам 2 1184” гэж тэмдэглэсэн ““Fizz” гэх бичиглэлтэй 330 мл багтаамжтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 70.0 г, цэвэр жин 39.7 г байна“ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 40-42/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5721 дугаартай: “... Ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэж байна. “*******” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 46-48/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6177 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон ангийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Дельта-9-Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 2,9 грамм байсан ба 0,1 гр-ыг шинжилгээнд зарцуулав” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52-54/,
Шүүх, сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/24 дугаартай: “... нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно. нь сэтгэцийн Эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно, ...сэтгэцийн хувьд Эрүүл тул хэрэг хариуцах чадвартай болно, ...сэтгэцийн хувьд Эрүүл бөгөөд сэтгэл засал болон сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй болно” гэх магадлагаа /хавтаст хэргийн 61/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь ******* улсын дугаартай Camry XV-50 маркийн тээврийн хэрэгсэлдээ халаасандаа буюу биедээ хадгалж болохооргүй, овор бүхий, 5 литрийн хуванцар саванд хийсэн их хэмжээний ургамлаа хадгалж тээвэрлэсэн байх тул уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ.
******* улсын дугаартай Camry XV-50 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш С.Нурдосынх болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 128/-ээр тогтоогдож байна.
“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1001905 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн Camry XV-50 маркийн автомашиныг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 19,000,000 төгрөгийн үнэтэй гэж тодорхойлсон /хавтаст хэргийн 122-124/ байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 19,000,000 төгрөгийг *******ын хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 литрийн хуванцар саванд хийсэн ургамал цэвэр жин 582,3 грамм, 330 грамын хуванцар саванд хийсэн ургамал цэвэр жин 39,7 грамм, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар шинжилгээнд зориулж дээж авсан ургамал цэвэр жин 2,9 грамм ургамлууд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т*******ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 литрийн хуванцар саванд хийсэн ургамал, цэвэр жин 582,3 грамм, 330 граммын хуванцар саванд хийсэн ургамал, цэвэр жин 39,7 грамм, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар шинжилгээнд зориулж дээж авсан ургамал, цэвэр жин 2,9 грамм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД