Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                         Хэргийн индекс: 307/2025/0015/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418000000868 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******од төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,*******,,, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

******* овгийн (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 08 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-14 дүгээр тал/, хохирогч мэдүүлэг/хх-ийн 18 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн 39 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1033 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар тал/, яллагдагч *******ы мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

“Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй хүнсний дэлгүүрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн нүүрэн тус газат гараараа удаа дараа цохиж, биед нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/,

 

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 08 дугаар тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-14 дүгээр тал/,

- Хохирогч : “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой найз төрсөн өдөр болоод 23 цаг өнгөрч байхад Сатурн нэртэй бааранд найз , , найз гээд 14 хүмүүсийн хамт орцгоосон. Тэгээд бааранд ороод бүжиглэж байгаад пиво ууцгаасан. Тэгээд баар хаагаад гарсан. Би найз гийн хамт хоол идэх гээд үйлчилгээний төв дээр байрлах Од супермаркет хүнсний дэлгүүр рүү орцгоосон. Дэлгүүрт ороод юм авах гээд нэг зогсож байхад нэг залуу нь намайг мөөмөөрөө дарамталсан гээд миний уруул хэсэг рүү цохичихсон. Тэр залуу намайг газар сөхөрч унатал цохисон. Тэр залуу гурвуулаа явж байсан. Тэр гурван залуугийн нэг нь намайг гаргаад ир, гаргаад алаад хаячихъя гээд байсан. Би тэд нарын хэнтэй ч маргаагүй. Тэгээд л намайг зодчихоод гараад явцгаасан. Миний баруун талын дээд, доод талын шүднүүд хөдөлчихсөн. Баруун талын дээл талын уруулан дээр 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

 

- Гэрч : “...баарнаас гараад халуун юм уух гээд Од супермаркет хүнсний дэлгүүр орсон. Дэлгүүрт ороход гурван залуу хоол идээд сууж байсан. Би худалдагч эгчийг гуйгаад утсаа цэнэглүүлэх гуйгаад өгч байх хооронд нэг залуу нь босоод ирчихсэн рүү ямар булчинтай пизда вэ? гараад ир, би чамайг ална гээд байсан. Би тэгэхээр нь тэр залууг уучлаарай яачхав бид нарын буруу гээд цааш нь суулгасан. Тэгэх хооронд нэг залуу тойрч очоод ийг нь цохичихсон, сөхрөөд суучихсан, амнаас нь цус гарчихсан байж байсан. Би тэгэхээр нь тэр залууг бид хоёрын буруу, уучлаарай, юу болов яачхав гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг залуу чи намайг бааранд байхад 3 цаг хөхөөрөө дарамталсан гэсэн. Тэгсэн чинь ийг цохидог залуугийн гар нь шалбарчихсан, том булчингаас цаашгүй пизда гээд байсан. Тэгээд л тэд нарын эвийг олж байгаад явуулсан.      

Би яг ямар учир шалтгаанаас болж цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Би утсаа цэнэглүүлэх гээд өгөөд л эргээд харахад ийг чи ямар том пизда вэ? өндөр том биетэй залуу босоод ирчихсэн байсан. Тэгэхээр нь би залууг нь уучлаарай гээд холдуулаад суулгаж байх хооронд нэг залуу тойрч очоод цохичихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

- Гэрч : “...Тухайн үед нөгөө залууг хажуугаас нь нэг удаа удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

 

- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн 39 дүгээр тал/,

 

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1033 дугаартай “... биед баруун дээд 4 дүгээр шүдний хугарал, баруун дээд 2 дугаар шүд, баруун доод 1 дүгээр шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар тал/,

 

- Яллагдагч *******ы: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч биед “баруун дээд 4 дүгээр шүдний хугарал, баруун дээд 2 дугаар шүд, баруун доод 1 дүгээр шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1033 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 40,42)-ээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

   Хохирогч Ц. нь хохирол төлбөрт 4,050,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь бүрэн төлж барагдуулсан байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч *******ы хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 106,190 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/544 дугаар албан бичиг (хх-ийн 28 дугаар тал) хэрэгт авагдсан бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******аар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгж буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд  сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.эд хохирол төлбөрт нийт 4,050,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 106,190 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ