| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00391/И |
| Дугаар | 142/ШШ2017/00608 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2017/00608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: *******,*******-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 3 237 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч*******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******д зээлийн гэрээ байгуулсаны үндсэн дээр 1 500 000 төгрөгийг зээлсэн. Гэтэл ******* үндсэн мөнгө болон хүүг огт төлөлгүйгээр өнөөдрийг хүрээд байна. Мөнгөө төлөхийг олон удаа уулзаж шаардсан ч мөнгийг төлөхгүй байна. Иймд *******аас үндсэн зээл 1 500 000 төгрөг зээлийн гэрээгээр тохирсон хүү болон алданги 1 737 000 төгрөг нийт 3 237 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хийсэн ажилгүй группт байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний хувьд ажилгүй тул хүү алданги төлөх боломжгүй, 2,0 сая төгрөг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү алданги 1 737 000 төгрөг, нийт 3 237 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.
Хариуцагч, нэхэмжлэлээс 2,0 сая төгрөгийн хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс нь татгалзсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0,4 хувийн алданги тооцохоор *******тай байгуулсан зээлийн гэрээг үндэслэсэн. /хэргийн 4 дүгээр хуудас/
Тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..., мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч, зээлийн гэрээний дагуу хариуцагчаас гэрээний үүргийг биелэлтийг шаардах эрхтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...ажилгүй, орлогогүй, группт байдаг... гэж тайлбарласан. Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу хариуцагч ******* авсан болох нь нотлогдож байх тул үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 225 000 төгрөг, алданги 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 762 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 66 750 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3.
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2 475 000 төгрөг гаргуулан*******д олгож, нэхэмжлэлээс 762 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 66 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА