Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/01965

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 сары 30 өдөр

181/ШШ2020/01965

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төрийн ******* ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Голдкойн ХХК/РД: /-д холбогдох,

 

2 456 652 772 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 12/18-128 тоот Зээлийн гэрээ-ний 2.17 дахь заалт, 12/18-254 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалт тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаварыг арилгуулах буюу 6 000 000 төгрөгийг гаргуулах, даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Голдкойн ХХК нь Төрийн ******* ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12/18-128 тоот Зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатай, нэг сарын 1.8 хувь /жилийн 21.6 хувь/-ийн хүүтэй, 1,400,000,000 /Нэг тэрбум дөрвөн зуу/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/18-254 тоот Зээлийн гэрээ байгуулан 40 сарын хугацаатай, нэг сарын 1.8 хувь /жилийн 21.6 хувь/-ийн хүүтэй, 600,000,000/Зургаан зуун сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг тус тус авсан.

Төрийн ******* ХХК нь Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, Зээлдэгч Голдкойн ХХК-ийн харилцах дансанд 840,000,000/Найман зуун дөчин сая/ төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 560,000,000/Таван зуун жаран сая/ төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 600,000,000/Зургаан зуун сая/ төгрөгийн мөнгөн хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус шилжүүлсэн.

Төрийн ******* ХХК болон Голдкойн ХХК нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 12/18-129 тоот Барьцааны гэрээг байгуулан Голдкойн ХХК-ийн өмчлөлийн дараах хөрөнгүүдийг тус зээлийн барьцаанд барьцаалсан. Үүнд:

1. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж 7/3 байр 1001 тоот хаягт орших 570 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж В-1, 1 тоот хаягт орших 320 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж В-1 2 тоот хаягт орших 215 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Хариуцагч Голдкойн ХХК нь хөрөнгө оруулалтын зээлээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, эргэлтийн хөрөнгийн зээлээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрүүдийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлж байсан болно.

Төрийн ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Голдкойн ХХК нь Зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөх хуваарь-ийг зөрчиж байгаа, Зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн төлбөрийг эргэн төлөхийг мэдэгдсэн Албан бичиг, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл-үүдийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд тус тус хүргүүлж байсан болно.

Харин зээлдэгч Голдкойн ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1,400,000,000 төгрөгийн зээлээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,399,999,792 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 326,426,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,349,037 төгрөг, нийт 1,727,775,082 төгрөг,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 600,000,000 төгрөгийн зээлээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 599,716,462 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 126,337,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,769,958 төгрөг, нийт 728,824,190 төгрөг,

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Талуудын хооронд байгуулагдсан 12/18-128 дугаартай Зээлийн гэрээ болон 12/18-254 дугаартай Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Голдкойн ХХК-иас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,999,716,254 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 452,764,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,118,995 төгрөг, Нотариатын үйлчилгээний хөлс 53,500 төгрөг, Нийт 2,456,652,772 төгрөгийг гаргуулж Төрийн ******* ХХК-д олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд 1 хувийн шимтгэл 2 зээлээс тус тус 3,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөгийг авсан гэх сөрөг нэхэмжлэлийг *******ны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол *******ны Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээлэл ил тод байдлын журам гэж байдаг. Монгол *******ны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А203 тоот тушаалаар батлагдсан албан ёсны журам Монгол *******ны сайт дээр байдаг. Үүнийг нийтэд илэрхий баримт гэж үзэж байна. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь заалтад шимтгэлийг тодорхойлсон. Тодорхойлохдоо шимтгэл гэдэг нь санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор *******наас тогтоож харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заасан. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл хэмжээгээ ******* өөрөө тогтооно гэж заасан. Мөн журмын 4.2-т ******* харилцагчаас авах шимтгэл хураамжийг гэрээнд заавал тусгана гэж заасан. Тэгэхээр Монгол *******ны журмын дагуу Төрийн ******* ХХК-ийн зүгээс шимтгэлийн хэмжээ 1 хувь, дээд хэмжээ 3,000,000 төгрөг байна гэж журамлаад хариуцагчтай байгуулсан гэрээндээ тусгасан. Тус гэрээнийхээ дагуу шимтгэл авсан. Шимтгэлийн хэмжээгээ ******* өөрөө тогтоогоод байна, 3,000,000 төгрөгийг нотолсон баримт байхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Монгол *******ны журмаар ******* өөрөө шимтгэлийн хэмжээгээ тогтоох эрхтэй байгаа. Үүнийхээ дагуу шимтгэлээ тогтоогоод, гэрээнд тусгах ёстой гэсний дагуу гэрээндээ тусгаад энэхүү шимтгэлийг авсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,126,358 төгрөгийг даатгалын хураамж гэж суутган авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Төрийн ******* ХХК өөрөө даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй. Ийм учраас хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн тайлбарыг гаргасан байгаа. Үүнтэй холбоотойгоор *******ны зүгээс баримтыг гаргаж өгсөн. Төрийн ******* ХХК нь 2013 оноос хойш даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Тус тусгай зөвшөөрлийн дагуу үйлчилгээ явуулж байгаа. Үүний дагуу Төрийн ******* ХХК нь Миг даатгал ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй байдаг. Хамтран ажиллах гэрээний дагуу зээлдэгчтэй Даатгалын гэрээ байгуулдаг. Хэрэгт Голдкойн ХХК, Миг даатгал ХХК, Төрийн ******* ХХК нарын 3 талт Даатгалын 2 гэрээ болон даатгалын баталгааны хамт нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн. Тус гэрээнүүдийн барьцаа хөрөнгүүдийг 4 сая гаруй төгрөгөөр Миг даатгал ХХК даатгаж тус даатгалын хураамжийг Голдкойн ХХК-ийн зүгээс суутган авч Хамтран ажиллах гэрээний дагуу Миг даатгал ХХК-д шилжүүлсэн. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хариуцагч Голдкойн ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Голдкойн ХХК-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын хувиар оролцож буй Голдойн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваанямын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн зохицуулалтын дагуу нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Гэрээний зарим заалтын хүчин төгөлдөр байдал, ноцтой төөрөгдөл үүссэнтэй холбоотой асуудлын тухайд:

Зээл авах болсон гол үндэслэл, зорилго зээл авсны дараа үндсэндээ өөрчлөгдөж орвонгоороо эргэсэн. Төр засгийн эмх замбараагүй тусгай зөвшөөрөл тараасан алдаатай бодлого, Covid 19 вирусын тархалтын улмаас хөл хорио тогтоосон зэргээс энэ төрлийн бизнесийг анх төлөвлөсний дагуу явуулах боломжгүйд хүрсэн. Энэ талаар *******инд удаа дараа мэдэгдэж хүү төлбөрөөс хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байсан билээ. Энэ төрлийн үйл ажиллагаа, бизнес явуулдаг аж ахуйн нэгж байгууллага борооны дараах мөөг шиг олширч өнөөдрийн байдлаар 70 гаруй болжээ. Эдгээр нөхцөл байдал бидний бизнесийн үйл ажиллагааг доройтуулсан. Энэ тухай мэдэгдсээр байтал *******ны зүгээс тодорхой арга хэмжээ аваагүй. Манай компанийн зүгээс гаргасан санал, хүсэлтүүд бүгд хуулийн дагуу буюу Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан журам үндэслэлээр явж байсан юм. Гэтэл энэ талаар тодорхой хариу өгөлгүй явсаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, бүх төлбөрөө нэгэн зэрэг шаардаж эхэлсэн.

Манай компанийн зүгээс зээлийн гэрээ байгуулж, зээл авах болсон анхны сэдэлтийн хувьд маш том төөрөгдөлд орохын зэрэгцээ зээлийн гэрээний гол нөхцөл болох хүү, хугацааны хувьд хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн байна. Зээлийн хугацаа, хүүний нөхцөлийн хувьд *******ны эдийн засагчийг хэт богино мөн хэт өндөр хүү-г дангаар дур мэдэн тавьсан гэж ойлгож, ухаараагүй. Ийм их хэмжээний мөнгөн хөрөнгийг 21,6 хувийн хүүтэй, 40-60 хан сарын хугацаатай байх ямар ч боломжгүй. Бид үнэхээр ийм гэрээ гэж төсөөлөөгүй. Банкийг бидний хүсэлтийн дагуу олгохоор шийдвэрлэсэн гэж дуулаад манай тал ихэд баяртай, сэтгэл хөөрсөн байсан учир тухайн үед гэрээг нэг бүрчлэн уншиж харалгүй *******ны эдийн засагчийн гарын үсэг зур гэж хэлсэн болгон дээр нь зурж баталгаажуулж өгсөн байна. Ямар зүйл дээр гарын үсэг зуруулж байгааг мэдээгүй. Банкныхан ч, нотариатч аль аль нь энэ талаар тайлбар огт хэлээгүй өнгөрөөсөн байна. Энэ асуудалд манай тал үнэхээр гомдолтой байгаа билээ. Мөн Л.Гэрэлцэцэг захирлын гарын үсгийг өөр зүйлд ашигласан байх эргэлзээ байгаа. Учир нь гэрээний гарын үсэг түүний гарын үсэгтэй таарахгүй байгааг харч болно. Үүнд буруутай хүмүүсээс заавал тодруулга авч шударга үнэнг олж ёстой гэж үзэж байна. Шаардлагатай бол гарын үсгийн шинжилгээ ч хийлгүүлэх ёстой. Мөн Төрийн *******ны зүгээс зээл олгомогцоо эргээд шимтгэл суутган авч зээлээ бүрэн олгох тухай гэрээний үүргээ ноцтой зөрчжээ. Энэ талаараа гэрээндээ маш ноцтой, хууль зөрчсөн заалт оруулжээ.

Хоёр. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодорхойгүй байдлын тухайд:

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл 2018 оны 7 дугаар сарын 18-ны 12/18-128 тоот зээлийн гэрээний, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/18-254 тоот зээлийн гэрээний төлбөрийг шаарджээ. Эдгээр гэрээг 60 болон 40 сарын хугацаатай байгуулсан гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ тусгажээ.

Эндээс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний хугацаа 5 жилийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний хугацаа 3 жил 4 сарын дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байна. Энэ тал дээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байх учир аливаа маргаангүй гэж ойлгож байна.

Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ дараах зүйлийг тусгасан байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байдлыг бий болгоод байна.

Энэ нөхцөл байдлыг хууль зүйн хувьд ганц утгаар ойлгодог. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үздэг. 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсан байна. Энэ нөхцөлд хуулийн дагуу урт хугацаатай, гэрээг анх байгуулсан нөхцөл байдал сэргээх боломжгүй гэрээний асуудал яригдаж байх тул гэрээг цуцалсан өдрийг хүртэлх харилцааг хэвээр үлдээж, цуцалснаас хойш гэрээний үүргийн харилцаа дуусгавар болдог билээ. Дуусгавар болох өдрийг хүртэлх гэрээний харилцаа хүчинтэй хэвээр үлдэх тул энэ өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хуулийн боломж байдаг. Харин цуцалсан өдрөөр төлөгдөөгүй үндсэн зээлийг бүхэлд нэхэмжилж байгаа нь үүргийн харилцааг дуусгавар болгож, тэр өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн барьцаа шаардах эрхээ алдах учиртай билээ.

Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр цуцлах асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Төрийн ******* нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 04/3024 тоот Зээл төлөх, гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл ирүүлж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор зээлийн бүх төлбөрөө шаардсан. Ийнхүү бүх төлбөрөө шаардсан мэдэгдлээр зээлийн гэрээ хугацаанаас өмнө нь нэгэнт цуцалчихсан билээ.

Дээрх байдлаар зээлийн гэрээгээ өмнө нь цуцалчихсан хирнээ нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцалж байгаа мэтээр мэдэн будилсан нэхэмжлэл гарган, хүүг үргэлжлүүлэн тооцсон байгаа нь илт үндэслэл муутай байна.

Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болохоор заажээ. Мөн хуулийн 160.3-т Энэ хуулийн 160.1.4. 160.1.5-д зааснаас бусад ундэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй. гэж зохицуулжээ. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрээ цуцалсны улмаас үүргийн харилцаа дуусгавар болсон байхтул гаэьцааны эрх мөн дуусгавар болсон байна.

Мөн нэхэмжлэгч гэрээ цуцалсны үр дагаварыг хүсч байгаа нь илэрхий байгаа учир шууд шүүхээр гэрээ цуцалсны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр нэхэмжилжээ. Энэ нөхцөлд тухайн өдрөөр гэрээ цуцалсанд тооцох үндэслэлийг бүрдүүлдэг билээ. Гэвч өмнө цуцалсан гэдгээ мартсан бололтой. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна.

Гурав. Зээлийн хүүг *******ны зүгээс зогсоож, хүүнээс чөлөөлсөн байхад хүүг үргэлжлүүлэн тооцож байгаа нь үндэслэлгүй тухайд:

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний зээлийн хүүг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зогсоосон байдаг бол, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний зээлийн хүүг 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зогсоосон байдаг билээ.

Гэтэл хүү нэгэнт зогссон байтал Төрийн *******ны зүгээс шүүхэд гаргасан нэхэмжпэлээрээ 2020 счы 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүүг үргэлжлүүлэн тооцсон байгааг хүлээн зөвшөөрөх ооломжгүй байна. Манай компанийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу ******* зээлийн хүүг зогсоох талаар хуралдаж маш тодорхой шийдвэр гаргаж хүүг зогсоосон байдаг. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ тухай дурдаагүйн дээр хүүгээ зогсоогүй мэтээр нэхэмжлэл гаргасан байгаа нь эдгээр бүх шийдвэр баримтуудаа нуун дарагдуулж байгааг илтгэж байгаа хэрэг билээ. Банкны хурлын шийдвэр, тэмдэглэл нь дотоод бичиг баримт учир зээлдэгч компанид огт өгдөггүй байсныг мөн дурдах нь зүйтэй билээ. Иймээс нэн даруй тухайн өдрүүдийн хурлын баримтуудад үзлэг шалгалт хийж баримтжуулах шаардлагатай байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна.

Дөрөв. Хууль бусаар шимтгэл суутган авсан асуудлын тухайд:

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээл олголтын шимтгэл гэсэн нэрийдлээр 3,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээл олголтын шимтгэл гэсэн нэрийдлээр 3,000,000 төгрөг тус тус суутган авчээ. Энэ нь зээл олгох үүргээ *******ны зүгээс санаатайгаар зөрчиж, хууль бусаар 6.000,000 төгрөгийг суутган авсан байна. Үүнийхээ үндэслэл болгож зээлийн гэрээнд 2.1.7-д Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна. гэж заасан хууль зөрчсөн байна. Энэ асуудлын хүрээнд сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно.

Энэ байгууллагад гэр бүлийн бизнес байна. Олон зүйлүүд болсон байхад ******* зүгээр хаячихаж байгаа юм. Энд тал талын буруутай зүйл байна. Би зөвхөн *******ны буруутай зүйлийг хэлж байгаа. Бодит байдал ийм учир хүмүүс сөрөг нэхэмжлэл гаргаж явж байгаа. Өнөөдөр тэмдэгтийн хураамж төлөх ч мөнгөгүй болчихсон байж байгаа. Өвчний нөхцөл байдлыг ******* харгалзан үзэх ёстой. Нийтээрээ л хүнд нөхцөл байдалтай болчихсон байгаа. Яг хэдэн сар үйл ажиллагаа явуулаад орлого олох ёстой байсан гэдгийг харгалзан үзэх ёстой. Эцсийн арга бол Улсын дээд шүүхээр яваад дуусгах. Яг бодит байдал ийм л байна. Хүсэлт тавьж байсан уу гэвэл тавьж байсан. Хүсэлт шийдвэрлэж байсан уу гэвэл шийдвэрлэж байсан. Бизнесийг цааш амжилттай явуулах дэмжлэг огт ирээгүй. Энэ асуудал бол дээд шүүх хүртэл явна. Та нар ийм нөхцөл байдалд хүргэсэн.

Иймээс итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Давааням миний зүгээс өөрт олгогдсон эрхийн дагуу энэхүү тайлбарыг гаргасан ба манай компанийн хувьд тухайн асуудлаас болж үнэхээр хохирсон байх учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Голдкойн ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын хуулийн этгээд болох Төрийн ******* ХХК нь 2018 оны 7 дугаар сарын өдөр 12/18-128 тоот Зээлийн гэрээ-г, мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12/18-254 тоот зээлийн гэрээ-г байгуулж, зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 6,000,000/зургаан сая/ төгрөгийн зээл олгосны шимтгэлийг суутгах эрхийг өөртөө зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх зээлийн дүнгээс суутгаж авсан байна.

Зээлийн гэрээний 2.1.7-т Шимтгэл: зээлийн судалгаа шинжилгээ хяналтын алд зориулан нэг удаа зээлийн дунгийн 1 хувиар тооцож шимтгэл авна. гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 6,000,000 төгрөгийг нь шимтгэл нэрээр буцаан суутган хасч зээл олголтыг дутуу олгосон байна. Дээрх хууль бус үйлдлээр арилжааны ******* үнэндээ гэрээгээр тохирсон хэмжээнээс нийт 6,000,000 төгрөгийг дутуу олгосон гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.

Зээлдэгч бидний хувьд зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал *******ны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Монгол улсын Иргэний хуулийн 451.1-т ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх..., Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 22.1-т ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ... гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугацаанд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. гэж заасан байх бөгөөд зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр гагцхүү хүү байхаар хуульчилсан байтал хүүнээс гадна давхар шимтгэл авахаар гэрээнд зээлээс суутгасан байгаа нь тус хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймээс 2018 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 тоот Зээлийн гэрээ-ний 2.17 дахь заалт, 2018 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалт нь тус тус хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул эдгээр заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгах буюу хариуцагч талаас 6,000,000/зургаан сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 600,000,000/зургаан зуун сая/ төгрөгийн олголтыг нэхэмжлэгч *******ны зүгээс манай компанийн 106000059399 тоот харилцах дансанд хийсэн даруйдаа 1,658,256 төгрөгөөр, 2,468,102 төгрөгөөр буюу 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,126,358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг даатгалын хураамж гэж дур мэдэн, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр суутган авсан байна.

Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь даатгалын хураамжийг суутган авч, зарцуулах эрхгүй буюу даатгалын зуучлалын эрхгүй байх тул үндэслэлгүй авсан даатгалын хураамжийн төлбөрийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах хүсэлтэй байна. Даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй арилжааны *******ны хувьд даатгалын хураамжийг суутган авч, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй юм. Ийнхүү тусгай зөвшөөрөлгүй *******ны хувьд даатгалын хураамж гэх нэрийдлээр суутгал хийх нь хууль, эрх зүйн ямарваа нэг үндэслэлгүйгээр бусдын өмч хөрөнгөнд халдаж буй хууль бус үйл ажиллагаанд хамаарах юм.

Үүгээр өмнө нь гаргасан буюу 2018 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.7 дах заалт, 2018 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.7 дах заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 6,000,000 /зургаан сая/ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг даатгалын хураамжид суутган авсан 4,126,358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ гаргуулах гэсэн шаардлагаар нэмэгдүүлж байгаа болно.

Тэгэхээр гэрээний заалт өөрөө Иргэний хуулийн 202.2.5 дахь заалттай нийцэхгүй байна. Гаргасан зардлыг хэт өндөр буюу нэмэгдүүлэн тооцсон. Хүссэн хэмжээгээрээ суутгаж авч болохгүй. 3,000,000 төгрөг гараад байгааг хэн тогтоогоод байгаа юм. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Даатгалын асуудал дээр нэхэмжлэгчийн зүгээс эрхгүй байсан гэж үзсэн. Нэхэмжлэгч тал баримтаа гаргаж өгсөн байна лээ. Эрх нь хүчинтэй байсан эсэхийг мэдэхгүй. Хүчинтэй байгаа гэж үзээд нотлох баримтаа гаргаж өгсөн гэж би ойлгосон. Тэгэхээр энэ нь баримтын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байна.

Иймээс манай компанийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Голдкойн ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас ирсэн хуулгыг харахаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээний зээлийн хүүг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр зогсоосон. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээний хүүг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр зогсоосон хуулбар ирсэн. Хүү зогсоож гэрээгээ цуцалсан баримтууд харагддаг. Гэтэл Зээлийн гэрээг цуцлаагүй. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ нэмж нэхэмжлээд байгаа нь хариуцагчийг улам л хүндрэлтэй байдалд оруулж хууль зөрчөөд байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд бас 1 зүйлийг нэмээд хэлчихье. Хариуцагчийн харилцах данснаас зардал гаргах, зардлын гүйлгээ гаргах эрх зөвхөн харилцагчид байх ёстой. Банкны тухай хууль болон Банкны журмаараа харилцагчийн харилцах данснаас зөвшөөрөлгүйгээр мөнгө гаргаж авах боломжгүй. Гэтэл харилцагчийн зөвшөөрөлгүйгээр хууль зөрчөөд шимтгэл аваад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал зээлийн шимтгэл тогтоох эрх *******инд олгогдсон гэж байна. Шимтгэл тогтоох эрхийг Монгол *******ны журмаар олгосон байж болно. Тэгэхдээ зарцуулалтын тайлан гэсэн зүйл байх ёстой. Шимтгэл тогтоохдоо яаж, ямар үндэслэлээр тогтоож байгаагаа ******* тайлбарлах ёстой. Бидэнд эрх нь байгаа хэдэн удаа ч багтааж болно гэж тайлбарлаад байгаа нь буруу юм. Тиймээс Төрийн ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн ******* ХХК хариуцагч Голдкойн ХХК холбогдуулан нийт 2 456 652 772/хоёр тэрбум дөрвөн зуун тавин зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Голдкойн ХХК нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-д холбогдуулан 12/18-128 тоот Зээлийн гэрээ-ний 2.17 дахь заалт, 12/18-254 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалт тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаварыг арилгуулах буюу 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулах, даатгалын хураамжид суутган авсан 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Голдкойн ХХК нь нэхэмжлэгч гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсан байна, цуцалсан өдрөөр төлөгдөөгүй үндсэн зээлийг бүхэлд нэхэмжилж байгаа нь үүргийн харилцааг дуусгавар болгож, тэр өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн барьцаа шаардах эрхээ алдах учиртай гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Төрийн ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12/18-128 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ болон 12/18-129 дугаар Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12/18-254 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ 2 гэх/ болон 12/18-255 дугаар Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ 2 гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбар, Зээлийн гэрээ 2 болон Барьцааны гэрээ 2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь 1 400 000 000/нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийг, сарын 1.8/нэг аравны найм/ хувь, жилийн 21.6/хорин нэг аравны зургаа/ хувийн хүүтэй, 60/жар/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20/хорь/ байхаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ 2-ын 2.1, 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь 600 000 000/зургаан зуун сая/ төгрөгийг, сарын 1.8/нэг аравны найм/ хувь, жилийн 21.6/хорин нэг аравны зургаа/ хувийн хүүтэй, 40/дөч/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20/хорь/ байхаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ 2 болон Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээ 2 болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2 нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 840 000 000/найман зуун дөчин сая/ төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 560 000 000/таван зуун жаран сая/ төгрөгийг, нийт 1 400 000 000/нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 600 000 000/зургаан зуун сая/ төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн болон 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Мемориалын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Мемориалын баримт, 106000062774 тоот болон 106000059432 тоот Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.2.7-д Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтлана ..., Зээлийн гэрээ 2-ын 2-ын 2.2.7-д Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтлана ... гэжээ.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөрт төлөлт хийгээгүй байх ба зээлийн хүүг төлөх хуваарийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс зөрчиж эхэлсэн болох нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбар, 106000059432 тоот Зээлийн дансны хуулга, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 04/3024 болон 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12/19-78 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 02/5193 болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/19-129 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ 2 болон Хавсралт 1-т заасан үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөрт 2/хоёр/ удаа төлөлт хийсэн байх ба зээлийн хүүг төлөх хуваарийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс зөрчиж эхэлсэн болох нь Зээлийн гэрээ 2 болон Хавсралт 1-ийн хуулбар, 106000062774 тоот Зээлийн дансны хуулга, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 04/3024 болон 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12/19-78 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 02/5193 болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/19-129 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1, Зээлийн гэрээ 2 болон Хавсралт 2-т заасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцалсан өдөрт тооцно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцалснаар зохигчид Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ын дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй бөгөөд Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2-ыг цуцлах хүртэлх Зээлийн гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 1 400 000 000/нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт 1 399 999 792/нэг тэрбум гурван зуун ерэн есөн сая есөн зуун ерэн есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 326 426 253/гурван зуун хорин зургаан сая дөрвөн зуун хорин зургаан мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, 106000059432 тоот Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ 2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 600 000 000/зургаан зуун сая/ төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт 599 716 462/таван зуун ерэн есөн сая долоон зуун арван зургаан мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 126 337 770/нэг зуун хорин зургаан сая гурван зуун гучин долоон мянга долоон зуун дал/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээ 2-ын болон Хавсралт 1-ийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, 106000059432 тоот Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1, Зээлийн гэрээ 2 болон Хавсралт 1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь 1 400 000 000/нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэхэмжлэгчид 1 349 037/нэг сая гурван зуун дөчин есөн мянга тэг гучин долоо/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбар, 106000059432 тоот Зээлийн дансны хуулга, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 04/3024 болон 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12/19-78 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 02/5193 болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/19-129 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 600 000 000/зургаан зуун сая/ төгрөгийн зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэхэмжлэгчид 2 769 958/хоёр сая долоон зуун жаран есөн мянга есөн зуун тавин найм/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээ 2 болон Хавсралт 1-ийн хуулбар, 106000062774 тоот Зээлийн дансны хуулга, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 04/3024 болон 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12/19-78 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 02/5193 болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/19-129 дугаар Мэдэгдлийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын үйлчилгээний хөлсөд 53 500/тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь ... учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орлогыг хохиролд тооцно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх нотариатчийн үйлчилгээний хөлсөд нийт 53 500/тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг төлж, нэхэмжлэгчид 53 500/тавин гурван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Мөнгөний тасалбар № 207-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 53 500/тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бүгд 2 456 652 772/1727775082+728824190+53500=2456652772/ /хоёр тэрбум дөрвөн зуун тавин зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчтай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-129 дугаар Барьцааны гэрээ болон 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ 2 нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570/таван зуун дал/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимлийи гудамж, 7/3 байр, В-1 1 тоот хаягт байршилтай 320/гурван зуун хорь/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, В-1 2 тоот хаягт байршилтай 215/хоёр зуун арван тав/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 12/18-128 тоот Зээлийн гэрээ-ний 2.17 дахь заалт, 12/18-254 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалт тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулах, даатгалын хураамжид суутган авсан 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1.7-д ... Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1/нэг/ хувиар тооцож шимтгэл авна. гэжээ.

 

Зээлийн гэрээ 2-ын 2-ын 2.1.7-д ... Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1/нэг/ хувиар тооцож шимтгэл авна. гэжээ.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ., 202 дугаар зүйлийн 202.1Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь ... шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна ..., 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг ... хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.1Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид олгосон зээлийн шимтгэлд нийт 6 000 000/3000000+3000000=6000000/ /зургаан сая/ төгрөгийг суутгаж авсан байх боловч нэхэмжлэгчид зээлийн судалгаа, шинжилгээ, хяналт хийхэд 6 000 000/зургаан сая/ төгрөгийн бодит зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Зээлийн гэрээний 2-ын 2.1.7, Зээлийн гэрээний 2-ын 2-ын 2.1.7 дахь заалт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 202 дугаар зүйлийн 202.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд харш, хариуцагчид хохиролтой хүчин төгөлдөр бус заалт байх тул нэхэмжлэгчээс 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх ... тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна. гэж заасан.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1.7, Зээлийн гэрээний 2-ын 2-ын 2.1.7 дахь заалт нь хүчин төгөлдөр бус байх боловч Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээ 2 нь бүхэлдээ хүчин төгөлдөр болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь даатгалын зуулчлагчийн үүрэг гүйцэтгэж хариуцагчаас даатгалын хураамжид 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг суутгасан болох нь 181060031250002 дугаар болон 181060031250003 дугаар Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний хуулбар, 106000025392 тоот дансны хуулга, ТЗ210/23 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2Банк Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:, 6.2.3даатгалын зуучлагч; гэж заасан.

 

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг суутгасан байх тул нэхэмжлэгчээс 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голдкойн ХХК-иас бүгд 2 456 652 772/хоёр тэрбум дөрвөн зуун тавин зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн ******* ХХК, хариуцагч Голдкойн ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-иас 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч Голдкойн ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голд койн ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570/таван зуун дал/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимлийи гудамж, 7/3 байр, В-1 1 тоот хаягт байршилтай 320/гурван зуун хорь/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, В-1 2 тоот хаягт байршилтай 215/хоёр зуун арван тав/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голдкойн ХХК-иас бүгд 2 456 652 772/хоёр тэрбум дөрвөн зуун тавин зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн ******* ХХК, хариуцагч Голдкойн ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-иас 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч Голдкойн ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голдкойн ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570/таван зуун дал/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимлийи гудамж, 7/3 байр, В-1 1 тоот хаягт байршилтай 320/гурван зуун хорь/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, В-1 2 тоот хаягт байршилтай 215/хоёр зуун арван тав/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 12 388 081 төгрөгийг, хариуцагч Голдкойн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 191 922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Голдкойн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12 338 081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч Төрийн ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулан хариуцагч Голдкойн ХХК-д олгосугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ