| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
2025 01 22 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0014/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418003370871 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ******* аврагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
******* овгийн ******* (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,/хх-ийн 02 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13-16 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр тал/, гэрч мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр тал/, *******ын драгер багаж үлээх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 22-23 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/, жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 47 дугаар тал/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/,
- Гэрч : “...Тухайн өдөр 15 цагийн орчимд би нөхрийн хамт улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэлтэй Древенд явж байхад улсын дугаартай приус-30 тээврийн хэрэгсэл гэрлээрээ дохиод анивчуулаад араас яваад байсан, ингээд хажуугаар гарчих болов уу гээд зам тавихад сигналдаад ард яваад байсан. Ингээд би гудамж руу ороод ширээ нурууны гүүрний орчимд барилгын материалын гадаа зогсоход нөгөө машин ард ирээд зогссон, ингээд жолооч талын хаалгыг нээгээд жолоочийг буулгаж ирэхэд жолооч нь миний зүс таних /онцгой байдалд ажилладаг/ залуу байсан. Энэ залуу нь манай хадам аавын гудамжинд амьдардаг. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба "Яагаад араас хөөгөөд байгаа юм бэ" гэхэд юм дуугарахгүй байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн, цагдаа иртэл би түүнтэй хамт байсан, ерөөсөө салаагүй ээ. Цагдаа ирээд машиныг нь ачуулсан мөн драгер багажаар үлээлгэсэн улсын дугаартай /арын үсгийг нь санахгүй байна/ тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр тээврийн хэрэгсэл манай хадам аавын гэр болох Дархан сумын 3 дугаар баг Угалзын гудмаас гараад Ширээ нурууны гүүрний орчимд байх барилгын материалын дэлгүүр хүртэл дагаж явсан. Барилгын материалын дэлгүүр орчимд зогсоод жолооч талын хаалгыг татаж үзэхэд миний зүс таних гэх залуу байсан түүнийг машинаас буулгаж ирэхэд архи үнэртэж байсан, харин машин дотроо ямар хүнтэй, хэдэн хүнтэй явж байсныг анзаараагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13-16 дугаар тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр тал/,
- Гэрч : “...Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Алтны уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад Древенд согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодоод байна гэх дуудлага ирсний дагуу очиход Ширээ нурууны гүүр орчимд байх барилгын материалын дэлгүүрийн гадна нь дуудлага өгсөн гэх хүн зогсож байсан улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь гэх хүн байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай байсан тул Драгер багажаар шалгахад 2,20%-тай гарсан тул түүний эхнэрийг дуудан хүлээлгэн өгсөн. Дуудлага өгсөн хүн нь улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь араас сигналдаад, шахаад байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,
- *******ын драгер багаж үлээх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,
- Гэрч : “...Тухайн өдөр 16,17 цагийн үед цагдаагийн газраас над руу залгаад "нөхөр чинь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, древенгийн барилгын материалын дэлгүүрийн гаднаас ирж аваарай" гэж хэлэхээр нь би яваад очиход архи уучихсан цагдаагийн машинд суучихсан байсан. Тухайн үед ямар цагдаа байсан талаар мэдэхгүй байна. Машин нь барилгын материалын дэлгүүрийн гадна зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
- Жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67 дугаар тал/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 47 дугаар тал/,
- Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/ болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2.20 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ял, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж, нийт 1 жил 6 сар 20 хоногийг хугацаатай хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч *******ад тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 3,000 нэгж буюу 3,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэж байсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг түүний хувийн байдалд авч үзэх нь зүйтэй.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн бага насны 3 хүүхэдтэй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулах бөгөөд эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулдаг.
Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заавал оногдуулахаар заасан эрх хасах нэмэгдэл ял болон үндсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зөв байна.
Дархан-Уул аймаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 445 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 64/3097 дугаар албан бичиг /хх-ийн 61/-т “торгох ялын 3,000,000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацаа 2026 оны 10 дугаар сарын 02-нд дуусна, өнөөдрийн байдлаар эрх хасах ялын эдэлсэн 76 хоног, үлдэгдэл 654 хоног” гэсэн бөгөөд шүүх хуралдаан болох өдөр шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн эрх хасах ялын хугацаа 617 хоног буюу 1 жил 8 сар 17 хоног байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 17 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 8 сар 17 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар,
торгох ялаас эдлээгүй үлдсэн 3,000,000 төгрөгийн торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, нийт 6 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоож, хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 17 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын нэмж, нийт 4 жил 8 сар 17 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар,
Торгох ялаас эдлээгүй үлдсэн 3,000,000 төгрөгийн торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, 6 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж, нийт эдлэх ялыг 2 жил 20 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жил, 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ