| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/286 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/286
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч А.Намдаг,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “********” ХХК-д ажилтай, ам бүл **, **** хамт ** дүүрэг, ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, урьд
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Б овогт О-ын М (РД:***************).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Е-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал /уналт/, буйланд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх бүхий/ хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
2. Шүүх хуралдаанд шүүгдэгч О.М нь гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцох талаарх хүсэлтээ бичгээр гаргасан болно.
3. Шүүгдэгч О.Мнь М.Е-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
3.1. Хохирогч М.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагиин үед найз Э, Г.С, Б.А нартай Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мongolians” писи тоглоомын газар уулзсан. Бид нар 15 цагийн үед "*********" караокед орж 4 цаг аваад архи, пиво уусан. Харанхуй болохоос өмнө караокеноос гарч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун урд талд байрлах далан орчимд очиж архи уусан. Э , С нарын таньдаг хүмүүс бид нарын ойролцоо бас ууж байгаад тааралдсан. Үл таних 4 залуу байсан ба бид нартай хамт уусан. Гадаа харанхуй болж би нэлээн согтоод бараг тасарсан байсан. Ухаан ороход миний амнаас цус гарч байсан. Цусаа нулимсан чинь миний үүдэн дээд шүд унасан байсан. Миний шүд яасан юм бэ? гэж асуухад миний зүс мэдэх О.М гэх эрэгтэй цохисон гэж хамт архи ууж байсан хүмүүс хэлсэн. О.М-тэй уулзахад “Мань чинь чиний шүдийг янзлуулж өгнө" гэж хэлээд ************ гэсэн дугаараа өгөөд ганцаараа явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
3.2. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би найз Э , Г.С, М.Е нартай уулзаад Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайкун" караокед орж архи, пиво уусан. Яг харанхуй болохын алдад караокеноос гарч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун урд талд ус зайлуулах далангийн ойролцоо очиж суугаад пиво ууж байсан чинь үл таних 4 залуу бид нар дээр хүрч ирсэн. Үл таних 4 залуу бид нартай хамт пиво уусан. Тэгсэн чинь өөрийгөө Маагаа гэж танилцуулсан үл таних эрэгтэй би болон надтай хамт явж байсан найзууд руу маань ахархаж, дээрэлхсэн. Е тухайн М-тай маргалдаад түлхсэн чинь М зөрүүлээд Е-ы ам руу нь 1 удаа цохисон. Тэгэхээр нь бид нар босоод Е, М хоёрыг салгасан. Е-ы үүдэн 4 шүд нь уначихсан, амнаас нь цус гарч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
3.3. Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Миний бие 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орой далангийн хажууд найз М.Е-, Б.А, Э нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан чинь далан дагаж алхсаар 4 залуу ирсэн. Тухайн 4 залуугаас миний таньдаг М, Б нар байсан. Тэр 4 залуу бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба би М, Б хоёртой мэнд мэдээд байж байсан чинь М нь М.Е, Б.А хоёртой ам муруйгаад хэрүүл маргаан хийх гэж байсан. Маагаа надтай бол юм ярихгүй харин чамтай хамт явж байгаа хүмүүст бол юм ярина гэж хэлсэн чинь М.Е- босож ирээд М-г түлхсэн. Зөрүүлээд Маагаа үсэрч ирээд М.Е-ы ам тус газарт нь гараараа 1 удаа хүчтэй цохисон. Бид нар дундуур нь ороод салгасан. М.Е-ыг цохиулах үед амнаас нь нэг юм үсрээд явчихаар нь аманд нь байсан бохь нь унасан юм байх гэсэн чинь М.Е-ы үүдэн шүд нь уначихсан байсан. Дахиж хэрүүл маргаан болоогүй бөгөөд М.Е-, Маагаа хоёр хэсэг хугацаанд хоорондоо юм яриад зогсоод байсан. Нэг их удалгүй М хамт явж байсан хүмүүстэйгээ яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
3.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10737 дугаартай “...М.Е-ы биед баруун дээд 1,2, зүүн дээд 1,2 дугаар шүдний булгарал /уналт/, буйланд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 хуудас),
3.5. Яллагдагч О.М-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “...Тухайн үед би хөрш айлынхаа ахтай хамт гэрийнхээ хажууд ууж байсан. Е-ы найзууд болох арван жилийн доод ангийнхан намайг дуудахаар нь хамт алкохол хэрэглэж байсан. Намайг зүгээр байхад Е цохихоор нь би зөрүүлээд цохисон. Хохирол төлбөрийг нэхэмжилбэл төлж барагдуулна... ...Б хочтой найз, Тэнгис гэх ахын хамтаар миний бие Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талын далан дагаад хойд зүгт алхаж байхад далангийн ойролцоо бетон дээр сууж байсан 5 орчим эрэгтэй хүмүүс дундаас миний зүс мэдэх М.Е гэх эрэгтэй намайг дуудсан. М.Е-тай хамт байсан хүмүүсээс Сайхнаа гэх эрэгтэйг би таньдаг юм. Би С-тай өндөр дуугаар юм яриад зогсож байсан чинь М.Е миний баруун шанаа орчим газарт гараараа цохиод ороод ирсэн. Би тэгэхээр нь хойшоо ухарч байгаад нүүр рүү 1 удаа цохисон. Тэгсэн чинь М.Е-ы уруул нь сэтэрчихсэн миний шүд уначихлаа гээд байсан. Тэгэхээр нь би унасан шүд чинь хаана байгаа юм бэ гэж асуусан чинь унасан шүд нь байхгүй М.Е болохоор шүдээ нулимчихсан гэж хэлсэн. Тэгээд би М.Е-д ямар нэгэн юм болох юм бол яриарай гэж хэлээд дугаараа өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 10 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдсон.
4. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
6. Хохирол- хор уршиг:
6.1 Хохирогч М.Е нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж ирүүлээгүй бөгөөд энэ шүүх хурлаар хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа тул эмчилгээ хийлгэсэн болон цаашид шүд хийлгэхтэй холбоотой зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
7. Эрүүгийн хариуцлагын талаар:
7.1 Улсын яллагчаас шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
7.2. Шүүгдэгчээс: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Улсын яллагчийн саналтай маргах зүйл байхгүй гэв.
7.3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол хор уршгийн шинж байдлын хувьд бүрэн нөхөн сэргээгдээгүй, хор уршгийг арилгах талаар идэвх санаачилга гаргаагүй болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, “*****” ХХК-д ажилтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ.
7.4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг О.М-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.М-д мэдэгдсүгэй.
5. Хохирогч М.Е нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ