Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

 

 

 

 

2025         01           10                                        2025/ШЦТ/22

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2025/0009/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Н.Идэр, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000715 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй бага боловсролтой, салхивч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Бимнис” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******,******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийггэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 олны 02 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч маргалдан улмаар цээжний зүүн хэсэгт нь 1 удаа хутгалж цээжний хөндийг нэвтлэн зүрх гэмтээсэн шарх учруулсны улмаас цээжний хөндийд цус алдаж хохирогч нас барсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-9/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 11-14/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 15/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Талийгаач бол миний төрсөн ах байгаа юм. Миний ах Дархан сумын Хуучин хорооллын 21-р байранд бид нартай хамтдаа багаасаа амьдарч байсан ба одоогоос 15 жилийн өмнө Дархан сумын руу бид нар нүүсэн. Миний санаж байгаагаар одоогоос 12 жилийн өмнө талийгаач ах минь гэх хүүхэнтэй танилцаж манай хашаанд тусдаа гэр барьж тэр хүүхэнтэйгээ амьдрах болсон. Ингээд бид нар хамт нэг дор амьдарч байгаад одоогоос 2 жилийн өмнөөс талийгаач эхнэр хүүхдээ аваад Хонгор суманд амьдрах болсон. Талийгаач нь надтай хамт хувиараа барилга дээр ажиллаж байсан ба хаяа нэг архи дарс уучихдаг байсан. Хажуугаар нь гэх хүүхэнтэй хамт амьдарч эхэлснээс хойш ах бид 2-ыг ажил төрөлд яваад ирэх хойгуур тэр хүүхэн нь байнга архи дарс уучихдаг архины хамааралтай хүн байсан. Тэр хүнээс ах салж чадахгүй явсаар байгаад өдийг хүрсэн юм. Сүүлд талийгаачийн нүүр ам нь хөхөрсөн байдалтай явж байхаар нь түүнээс юу болсон талаар асуухад би уначихсан юм аа гэсэн. Дараа нь таныг ийн дүү нар зодсон юм биш үү гэж асуухад зүгээр ээ ахаас нь уучлал гуйсан гэж хэлж байсан. Хамгийн сүүлд ах нэг хэсэг чимээгүй болчихоор нь би Хонгорт гэрт нь яваад очтол эрүүндээ шүдний төмөр аппарат зүүсэн байхаар нь яасан талаар асуухад шүд өвдөөд гэж хэлсэн. Дараа нь эмчээс энэ талаар би асуухад шүд өвдсөн тохиолдолд аппарат зүүхгүй ер нь бол эрүү хугарсан тохиолдолд зүүдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахаас өөрөөс нь асуусан чинь ийн дүү болох гэх залуу намайг зодсон гэж хэлсэн. Хамгийн сүүлд талийгаач нас барахынхаа өмнө манай гэрт ганцаараа ирж хоносон ба ах нь ээс саллаа гэж хэлж байсан учир нь хүргэн, бэрүүдтэйгээ нийлээд бөөндөө архи уучих юм гэж хэлсэн. Тэгээд нас бардаг өдрөө манайхаас гараад явахдаа ах нь ажилтайгаа ойрхон танайд ирж 2-3 хононо гэж гарч яваад дахин надтай холбоо бариагүй. Тэгтэл 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 04 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирээд ах чинь өөд болчихлоо гэсэн. Тэгэхээр нь яаж гэж асуусан чинь хутгалаад алчихлаа гэж хэлсэн. Харилцааны хувьд зүгээр, хамгийн гол нь гэр бүлээрээ архи уухаар л манай ах нэгэнд нь зодуулчихдаг байсан. Өөрт нь ч би энэ талаар хэлж сануулж байсан. Ямар учраас ингээд маргалдаад байдаг талаар би мэдэхгүй байна. Би маш их гомдолтой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

 

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед манай нөхөр болох өөрийнхөө 99855287 дугаарын утсаар над руу залгаад би Хапитатад байдаг төрсөн дүүгийнхээ гэрт хонолоо, хөгшнийх нь сэтгэл санаа жаахан тааруу гадуур алхаад явж байна гэхээр нь би нөхрөө “тэгвэл миний хань наашаа хүрээд ирээч” гэсэн чинь за тэгье гэсэн. Тухайн үед би төрсөн дүү болох гэрт архи дарс уугаагүй болон түүний эхнэр , миний охин болон түүний нөхөр нартай хамт хөзөр тоглох зуураа хоол унд идээд сууж байсан. Тэгтэл гадуур хөөцөлдөх ажил байна гэж хэлээд гадагшаа ганцаараа гараад явсан. Тэгээд орон дээрээ унтаад түүний эхнэр , манай хүргэн бид нар үлдээд сууж байтал орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр болох гаднаас архи уусан байдалтай жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд хамт сууж байхдаа эд хандаж миний дүүгийн цагдаа сэргийлэхийн асуудал юу болж байна гэж асуухад өөдөөс нь ахаа асуудал их байна аа адаг сүүлд нь аниа бид 2 хүн зодсон болж таарч байх шиг байна гэж хэлтэл манай нөхөр над руу уурлаад балай писда, гичий минь хүн хэлээд байхад, ёр чинь дуудаж байгаа гээд уурлаад байхаар нь би нөхөртөө хандаж уучлаарай намайг ёстой ёр нь дуудлаа гэсэн. Тэгтэл манай нөхөр дүү болох эд хандаж миний дүү хоёулаа ганц шил архи уух уу гэсэн чинь манай дүү би уумааргүй байна хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд манай дүү удалгүй хүнтэй утсаар яриад гэрээсээ гараад явсан ба эхнэр нь манай нөхөрт хандаж ахаа тэгвэл хоёулаа ганц пиво уух уу гэсэн чинь миний нөхөр болох зөвшөөрсөн. Тэгтэл миний нөхөр халаасаа ухаад ахад нь яг 22,000 төгрөг байна үүнээс таксины мөнгөө аваад үлдье гэж хэлээд үлдсэн мөнгөө өгсөн чинь , 2 дэлгүүр гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ 2.4 литрийн Сэнгүр нэртэй санагдаж байна 2 ширхэг пиво, 0.5 литрийн цэнхэр шилтэй Qualy нэртэй архи аваад ирсэн. Тэгээд авсан архи, пивоо бүгд хувааж ууж суусан ба энэ үед нөхөр надад хандаж арай ч дээ ээ би чамд зөндөө хэлсэн, чамайг янз бүрийн хүмүүстэй битгий нийл гэсэн дээ гээд үглээд байхаар нь би өөдөөс нь хөгшнийгөө уучлаарай гээд байж байтал гэнэт нь д хандаж чи миний охиныг гуйна шүү, би чамд зүгээр охиноо өгчихмөөргүй байна, гуйсан амьдрал тэгшрээд явдаг гэж хэлэхэд ын өөдөөс хүргэн “чи ямар төрсөн аав нь ч биш чамд ямар ч хамаагүй” гэж хэлээд маргалдсан. Тэгээд бид нарын сууж байсан унтлагын өрөөнд , хоёр барилцаж аваад зууралдаж байхдаа хажууд нь байсан ийн толгой руу цохих шиг болсон гэхдээ юугаар цохисныг мэдэхгүй ийн толгой хагарч цус гарсан. Тэгээд нь манай нөхрийг хутгалж шөвөглөнө гээд агсан тавиад байхаар нь би аминдаа салгах гээд одоо больцгоо гээд хэлэхэд миний нөхөр орон дээр сууж байхдаа чи намайг албал алахгүй юу, чам шиг юманд алуулна гэж байхгүй шүү гээд өөдөөс нь маргаад байсан. Тэгээд манай нөхөр лүү дайрч давшлаад байхаар нь би арай ч хутгална гэж бодоогүй сууж байтал би чамайг хутгалчихлаа, би угаасаа зүрхэн тус газарт нь хутгалж алдаг хүн байгаа шүү гээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр сууж байсан буйдан дээрээ ямар ч хөдөлгөөнгүй чимээгүй болчихоор нь би гайхаад цамцыг нь сөхөөд харсан чинь цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаар хатгасан байсан. Түүнийг хараад би шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй гаднаас цагдаа нар орж ирэхэд хамтдаа , , нар зэрэгцээд ороод ирсэн. Тэр их хэрүүл маргаан дотор хаанаас очиж ямар хутга авсныг би мэдэхгүй байна. ийн толгой хагарсан байсан учраас цусыг нь тогтоох гээд өөр тийш анхаарлаа хандуулсан байсан юм тэгтэл нь манай нөхөрт хандаж би чамайг хутгалчихлаа шүү гэхэд анх би мэдсэн. Уг нь хоорондоо хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүмүүс байсан юм. Бид нарын сууж байсан унтлагын өрөөнд үйлдэгдсэн бөгөөд толгойгоо хагалуулсныхаа дараа галын өрөө рүү гүйж ороод тэр хавиар дүүрэн цус болгосон юм. Түүнээс манай нөхөр , хүргэн нар галын өрөөнд огт ороогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчим найзуудтайгаа уулзах гээд гэрээсээ гарсан тэгэхэд ямар нэгэн дуу чимээ гарсан зүйл байхгүй байсан тэгээд найзуудтайгаа байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 20-ны 00 цаг 10 минутын орчим гэртээ ороход орцонд нам гүм байсан тэгээд намайг гэртээ ороод 30 минутын дараа унтах гээд орондоо ороод хэвтэж байхад гэнэт манай хөрш буюу 22 тоотоос бөөн дуу чимээ гарсан тэгэхэд хоёр эрэгтэй хүн хоорондоо маргалдаад хэрэлдээд байх шиг байсан тэгэхэд хажуугаар нь нэг эгч болиоч ээ гээд орилоод байсан бас уйлаад байсан, тэр хоёр эрэгтэй хүний арай бүдүүн хоолойтой хүн нь нөгөө хүн рүүгээ дайраад чанга чанга дуугараад байсан, нөгөө эгч чи аав хүн шүү дээ эцэг хүн шүү дээ чи яаж байгаа юм бэ гээд байсан тухайн хэрүүл маргаан нь ойролцоогоор 10 орчим минут болсон тэгээд чимээгүй болчихсон төд удалгүй манай гэрийн хаалга нэг хүн тогшихоор нь би хаалга онгойлгоход нэг цагдаа байсан би өөрийнхөө сонссон зүйлийг хэлсэн хажуу айлаас маш их дуу чимээ гарч байсан талаар. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим Залуучууд театрын урд талбай дээр болсон “Алтан намар” шоу тоглолтыг эхнэрийн хамтаар үзчихээд гэр лүүгээ 01 цагийн орчим ирсэн тэгэхэд манай байрны 2 дугаар орцны үүдэнд эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан эрэгтэй нь эрээн өнгөтэй куртак өмссөн махлагдуу өндөр залуу байсан, эмэгтэй нь дунд эргэм насны махлагдуу гэрийн урт халадтай байсан, халадны энгэр хэсэг нь цус болчихсон харагдаж байсан, тэгээд намайг хажуугаар нь гарахад тэр хоёр хүн хоёулаа уйлчихсан байсан. Би тэр хоёр хүнийг ажиглахад эмэгтэй нь миний дүүгийн буруу биш шүү дээ чи яаж байгаа юм бэ гээд эрэгтэйдээ хандан хэлж байсан, тэгэхэд эрэгтэй хүн нь ямар нэгэн үг хэлээгүй уйлаад байсан тэгээд манай байрны урдаас хоёр цагдаа бид нарыг чиглээд ирсэн тэгэхэд нөгөө уйлаад байсныг гав гаргаж ирээд шууд гавласан би тэр хоёр хүнийг гэр бүлийн хүмүүс байна, маргалдсан юм болов уу гэж бодсон, цагдаа ирчихсэн болохоор гэртээ орох гэтэл нөгөө эмэгтэй нь битгий ор гээд манай орц буюу 17 дугаар байрны 2 дугаар орцны хаалга дараад зогссон, хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй өөрөө яваад орсон би хойноос нь орц руугаа явж ороод хоёр давхар хүртэл явж үзсэн тэгэхэд манай орцонд ямар нэгэн хүн байхгүй байсан болохоор би буцаж гарч ирээд эхнэрээ дагуулаад гэртээ орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01 цаг 30 минут болж байхад гэх ахын охин над руу залгаад “ аавыг хутгалчихсан гээд байна, хамт яваад өгөөч” гэж хэлээд бид хоёр ахын байсан гэх хүний гэр болох 17-р байранд очсон, тухайн байранд очоод хаалгыг онгойлгоход цагдаа, эмнэлэг ирчихсэн, гал тогооны өрөөнд толгой нь хагарсан, ухаангүй байдалтай, эмч нар толгойг нь боогоод авч явах гэж байсан, харин том өрөөний буйдан дээр суусан, ухаангүй байдалтай харагдсан, буюу манай хадам эгч коридор хэсэгт нь зогсож байсан, өөр хүн байран дотор байгаагүй. Тухайн үед цагдаа нар бид хоёрыг гэрээс гаргасан. цагдаагийн машин дотор 17-р байрны гадна байсан. Үүнээс хойш болон өмнө нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 134 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний: “...Амь хохирогчийн биед цээжний зүүн хажуу хэсэгт 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, зүрхний зүүн тосгуурын булчинт давхарга, дээд хөндийн вен, гол судасны ханыг нэвтэлж урдаас арагш дээш чиглэлтэй хатгагдсан зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийн цус алдалт, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх цээжний зүүн хажуу хэсэгт 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, зүрхний зүүн тосгуурын булчинт давхарга, дээд хөндийн вен, гол судасны ханыг нэвтэлж урдаас арагш дээш чиглэлтэй хатгагдсан зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийн цус алдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Амь хохирогчид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цээжний хөндийг нэвтэрч зүрх гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдсанаас нас баржээ. Амь хохирогч нь 2024 оны 10 дугаар сарын 19-20-ны шилжих шөнийн хэргийн газрын үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байх боломжтой байна. Амь хохирогчийн цус нь АВО системээр 01 бүлгийн цустай байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ’ гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 47-56 /,

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай: “Шинжлэгдэж байгаа цамцны баруун тал хэсгийн доод ирмэгнээс суганы хонхор, суганы хонхроос ханцуйн ирмэг хүртэл огтолсон отлол нь шаталсан хэлбэртэй байх тул уг огтлолыг хурц иртэй хайчаар хайчилж тайлсан байх боломжтой байна. Шинжлэгдэж байгаа цамцны зүүн суганд үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн дороос баруун дээш чиглэлтэй зүсэгдэлт байна. Уг зүсэгдэлт нь нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн зүсэгдэлт байна. Шинжпэгдэж байгаа цамцан дээрх зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байж болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-65/,

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ******* 240705/202607” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-72/,

 

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 73-75/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 76- 92/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 132/24 дугаартай: “...Дагвадорж овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл байна. Тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Дагвадорж овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Дагвадорж овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. Дагвадорж овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 104/,

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, болсон явдалд маш их харамсаж байна, архи ууснаас болж ийм асуудал боллоо” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний амь насыг хохироосон.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн хувьд энэ гэмт хэргийг өөр санаа зорилготой онц харгис хэрцгий байх үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл гэмт хэрэг үйлдэгдсэн хутга маш том хэмжээтэй бидний ярьж хэвшсэнээр балиус хутга байгаа юм. Мөн өс хонзон байгаа юм өс хонзон гэдэг санаанаас гарахгүй, тээгээд бодож явж байгаад энэ хүний амь насыг хохироох болсон байна гэж дүгнэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өнөөдөр 26 настай залуу хүн нийгэмд дөнгөж байр сууриа олох гээд явж байгаа нэгэн залуу юм. Нэг хүнтэй ханилах гээд гэрт нь ирэхэд ингэж хүнтэй харьцаж болохгүй. Хүнтэй, залуу хүмүүстэй яаж харьцах ёстой юм. Гэр бүлээ харж хандаад байж байхад нь амьдралд нь орж ирээд харааж зүхээд, доромжлоод байхаар ямар ч хүний уур бухимдал хүрэх байсан. Мөн маш их архидалт явагдсан байгаа юм. Хүн хүндээ үлгэр дуурайлал үзүүлэхдээ ийм байдалтай үлгэр жишээ болж маш их архидан согтууралд дунд бий болсон хэрэг гэж дүгнэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд залуу хүн маш том хар толботой үлдэж байна. онц хэрцгий аргаар үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирол төлбөрийн хувьд шийдэгдээд явахад ямар нэг саналгүй” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болно.

 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр хүний амь насыг хохироосон байна.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруу зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч “...өс хонзонгийн сэдлээр онц харгис хэрцгий аргаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй өөрөөсөө илт сул дорой хүнийг алсан” гэж мэтгэлцсэн.

 

Онц харгис хэрцгийгээр гэдэгт “хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон бөгөөд үүнийг шүүгдэгч санаатайгаар хүсэж үйлдсэн” байхыг,

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэгт “хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хүчтэй согтуурсан, мансуурсан байхыг ойлгох бөгөөд энэ байдлыг шүүгдэгч өөрөө ухамсарлан мэдэж гэмт хэргийг үйлдсэн” байхыг тус тус ойлгодог.   

 

Хавтаст хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болох Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 134 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний: “...Амь хохирогчийн биед цээжний зүүн хажуу хэсэгт 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, зүрхний зүүн тосгуурын булчинт давхарга, дээд хөндийн вен, гол судасны ханыг нэвтэлж урдаас арагш дээш чиглэлтэй хатгагдсан зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийн цус алдалт, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх шинжээчийн дүгнэлт, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь онц харгис хэрцгийгээр хохирогчийн амь насыг хохироосон, хохирогч нь тухайн үед биеэ хамгаалж чадахгүй хүчтэй согтуурсан, биеийн хөгжлөөр илтэд сул дорой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч: “...Ажил явдлын зардал болох 21,998,062 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 99,000,000 төгрөгийг нийт 120,998,062 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай: “...Хохирол төлбөрийн хувьд бид зохих журмын дагуу л нэхэмжилж байгаа ажил явдлын зардал болох 21,998,062 төгрөг, сэтгэл санааны хохирол болох 99,000,000 төгрөг нийт 120,998,062 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг: “...аав ээж хамаатан садан гэх хүмүүс нь боломж муутай, ажил төрөл хийгээд байгаа юм байхгүй, хохирол төлбөрийг төлөх боломжгүй байсан учраас төлөөгүй, төлөхөө илэрхийлж байгаа” гэв.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөг, бусад зардлаас бөөгийн зан үйлтэй холбоотой гэх 1,700,000 төгрөгийг хасаж 20,298,062 төгрөг нийт 119,298,062 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 тоотод оршин суух -д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн 2024 оны 10 сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 3 ширхэг тав бүхий хадаастай, нийт урт нь 28 см урттай, 16 см ажлын хэсэгтэй 1 ширхэг хутга, 0,5 литрийн хэмжээтэй агар гэх нэртэй архины шил, 2,4 литрийн хэмжээтэй пивоны савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 14 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг хорих ялын 82 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар *******ээс 119,298,062 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын ,, тоотод оршин суух /Рт олгосугай.

 

6. Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 3 ширхэг тав бүхий хадаастай, нийт урт нь 28 см урттай, 16 см ажлын хэсэгтэй 1 ширхэг хутаг, 0,5 литрийн хэмжээтэй агар гэх нэртэй архины шил, 2,4 литрийн хэмжээтэй пивоны савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

 

                                                ШҮҮГЧ                                Н.ИДЭР

 

 

 

                                                ШҮҮГЧ                               Б.ГЭРШИХБӨРТЭ