| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00775/И |
| Дугаар | 155/ШШ2019/00852 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2019/00852
| 2019 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2019/00852 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын … дугаар багийн …. тоотод оршин суух, овогт Д.Г/ ИФ84060510/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х захиргаанд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 937.960 / есөн зуун гучин долоон мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Г хариуцагч Х захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Увс аймгаас УБВ 11-57 улсын дугаартай фургон авто машин засвар үйлчилгээг хийж Хөвсгөл аймагт авчирсан. Мөн аймагт ирсэн цагаасаа хойш өөрөө засвар үйлчилгээ хийж ажил үйлчилгээнд оруулж байсан. Мөн өөрийн хувийн 91-90 УНД улсын дугаартай хувийн машинаар албанд үйлчилж байсан. Ажиллаж байх хугацаандаа захиргааны болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл миний бие 2019 оны 04 дүгээр сарын 23-29-ний өдрийн хооронд ар гэрийн гачигдал гарч /төрсөн ах Нанзаддорж таалал төгсч/ Орхон аймагт албан ёсны чөлөө авч буяны ажилтай яваад ирэхэд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдах мэдэгдэх хуудас үндэслэлгүйгээр өгч, өөрөө ажлаас халагдах хүсэлтээ өг, би өөрийн хүнээ авна хэмээн заналхийлж эхлэсэн. Мөн миний тухай үндэслэлгүйгээр элдэв хов жив ярьж, гүтгэн доромжилж ажилдаа ирэхэд шалтгаангүйгээр хөөж тууж, өөрөө хүсэлтэй өг эсвэл эвдэрсэн машинаа өөрийн хөрөнгөөр засаж ажиллагаанд оруул гэх зэргээр маш их дарамталж гүтгэн доромжилж байсан. Мөн бусад харьяа байгууллага болон төрийн бусад байгууллагуудаар миний тухай худал гүтгэлэг гарган доромжилж, намайг ажлаа хүсэлтээрээ өгөхгүй бол өөр байгууллагад ажиллах боломжгүй болгоно гэх зэргээр олон хоног дарамталж байсан. Мөн машины түлхүүр, бичиг баримт өгөхгүй байж байгаад намайг цагдаад гомдол гаргахад буцаан өгсөн хэрнээ дахин түлхүүр, бичиг баримт өг, хүсэлтээ өг хэмээн дарамталж 2 удаа буцаан авсан. Ингээд гэнэт ямарч шалтгаангүйгээр 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б-08 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан. Энэ тухай ажлын байрны дарамт үзүүлж айлган сүрдүүлж байгаа үйлдлийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Цагдаагийн газар өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. Гэтэл сүүлийн үед холбогдох байгууллагуудад хандсан гэж нэмж дарамталж байна. Ажлын байрандаа ажиллаж байхад ажлын байрны зарыг олон нийтэд зарласан, өөр хүн ажиллуулна гэж дуудаж авчиран тухайн хүнээр автомашин эд ангийг задлуулсан. Энэ үйлдэл нь үргэлжилсээр байгаад 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халах тухай Б-13 тоот тушаалыг үндэслэлгүйгээр өгсөн. Тус тушаал дээр намайг ажил тасалсан, ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн, даргын үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Миний хувьд нэг ч удаа ажил таслаж байгаагүй, даргын үүрэг даалгаврыг биелүүлж байсан ба надад ёс зүйн алдаа дутагдал гаргаж ёс зүйн хороогоор ч орж байгаагүй байдаг.
Ийнхүү намайг үндэслэлгүйгээр удаа дараа дарамталж буяны ажилтай явж байгаад ирэхэд ажлаас халсан нь буруу байх тул намайг Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 937,960 /есөн зуун гучин долоон мянга есөн зуун жар/ төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2008 онд жолооч болж, 2012 онд ПетровисХХК-д түлшний машины жолооч, 2015 оноос Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомтонд 3 жил ажиллаж байгаад 2018 онд амарч Хөвсгөл аймагт гэртээ ирсэн.. Аймгийн Захиргаанд жолооч авна гэсэн зарын дагуу холбогдох баримтуудаа бүрдүүлж өгсөн. Тэгээд би Завхан аймагт явж байхад 2018 оны 2 дугаар сард У дарга над руу залгаад ажилд авахаар боллоо чи Улаанбаатар хотод Байгаль орчны яаман дээр шууд хүрээд ир гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу Завхан аймгаас шууд Улаанбаатар хотруу явсан. Тэгээд намайг очтол намайг Увс аймагт очиж автомашин авчирахыг даалгасан. Тэгээд очиж авахаар очтол тэр машин нь их тоногдсон машин байсан учраас авалгүй ирсэн. Тэгээд миний жолоочоор томилсон тушаал 2018 оны 3 сард албан ёсоор гарсан. Тэгээд би өөрийн хувийн унаагаар байгууллагын үйлчилгээнд явж байсан. 2018 оны 5 дугаар сард Увс аймагт байгаа пургон машиныг авчир гэж хэлсэн. Би Увс аймаг руу мотоцикльтой явж 7 хоног засвар хийж Мөрөн суманд авчирсан. Миний төрсөн ах Нанзаддорж нь 2019 оны 5 дугаар сард бурхан болсон гэсэн мэдээлэл надад ирсэн. Би У дарга дээр орж энэ явдлаа хэлж чөлөө авъя гэж хэлсэн. Тэгтэл У дарга машинаа байгууллагын хашаанд авчирч тавьж машины бичиг баримт, түлхүүрийг надад хүлээлгэн өгөөд яваарай гэж хэлсэн. Би 7 хоногийн чөлөө авч Эрдэнэт хотруу явсан. Тэгээд ахынхаа буяны ажилд оролцож ирээд ажилдаа орж машины түлхүүрээ авах гэтэл У дарга чи өөрийн хүсэлтээр ажлаа өг би өөрийнхөө хүнийг ажилд авмаар байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө байгууллагын хашаанд тавьсан машинаа тойрч харахад машины стачир, кардан голны боолт байхгүй болсон байсан. Миний машиныг өөр хүн авчирч тонуулсан байсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд миний гомдол Алимаа хошууч дээр хувиарлагдсан байсан. Тэгээд гомдлын дагуу шалгахыг хүссэн боловч машинд ирж үзлэг хийгээгүй. Тэгээд Алимаа хошууч байгууллагын нягтлан, У дарга нарыг дуудаж уулзсан. Тэгээд Алимаа байцаагч надад чамайг ажлаас халахгүй гэж байна. Машины чинь түлхүүрийг өгнө гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд би машины хүлээн авч Хатгал тосгон руу нэг хоног явж ирсэн. Би ямар нэгэн сахилгын арга хэмжээ авахуулахаар зүйл хийгээгүй байхад надад ямар ч хэл дуулгалгүй сахилгын арга хэмжээ авсан байсан. Тэгээд би энэ талаар төрийн албаны салбар зөвлөлд хэлэхэд надад хариу мэдэгдэнэ гэж хэлээд ямар нэгэн хариу ирүүлээгүй. Тэгээд 2019 оны 7 дугаар сард ажлаас халах тушаал гарсан. Би энэ талаар хаана хандахаа мэдэхгүй өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шүүхэд хандахаар шийдсэн. Тайлангийн асуудал дээр бол сар болгон би тайланг бичиж өгдөг байсан. Миний тайлангийн нэг хувь нь байгууллага дээр байхгүй байна гэдэг нь сонин байна. Би тайлангаа зургаар баталгаажуулж бичиг хэрэгт өгч даргаар гарын үсэг зуруулж өгч байсан. Шүүхэд ийм тайлан хийж өгч байсан гэж нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Одоо намайг жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэж хэлмээр байна. Би ажлаас чөлөөлөгдсөн өдрөөсөө хойш 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Г-ннэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Манай байгууллага нь хөдөө ажлаар их явдаг тул туулах чадвар сайтай машин авах шаардлага гарч яаманд танилцуулахад яамнаас Увс аймгийн Увс нуур- Тэсийн голын сав газрын захиргаанд байгаа, өмнө нь төсөлд явж байсан пургон машиныг ав гэсэн шийд өгсөн тул би жолооч Д.Г-гавч машин авахаар Увсад очиход уг машин нь эвдэрхий байсан тул авалгүй буцаж ирээд яаманд танилцуулахад уг машиныг байгууллагынхаа санхүүгийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлан засч, ажилд оруулж ав гэсэн шийд өгсөн тул жолооч Д.Г-тсэлбэгний мөнгө шилжүүлж, засуулж авчруулсан. Гэтэл Д.Гнь Увс аймгаас машин хүлээлцсэн тухай баримтан дээр гарын үсэг гүйцэд зуруулаагүй байсан тул гарын үсгийн гүйцээж авчирах үүрэг өгсөн боловч одоо ч машин хүлээлцсэн баримтыг гүйцээж авчирч өгөөгүй. Машинаа авчирсаны дараа ямар эвдрэл гамтэлтэй эсэхийг шалгуулж, оношлуулахаар Авто тээврийн газрын даргатай биечлэн уулзаж, оношлогоонд оруулсан боловч оношлогооны дүгнэлт болох баримт бичиг нь Ганбатад байсан ч одоо байхгүй та нар л аваа биз гэдэг тайлбар өгсөн. Энэ пургон машиныг байгууллагаас 3 сая гаран төгрөгний сэлбэгийг санхүүгийн боломжиндоо тулгуурлан хэсэгчлэн гарган жолооч Д.Г-тхариуцаж байгаа машинаа засах үүрэг өгсөн нь үнэн. Энэ хүн би өөрөөсөө тэдэн төгрөгний сэлбэг тавьлаа гэж ярьдаг боловч тэр талаарх баримт авчирч, шаардахаа бичээд ав гэхэд юу ч авчирдаггүй учраас өөрөө мөнгө төгрөг гаргаж сэлбэг авсан гэдэг нь нотлогддоггүй, албаны машин эзэмшиж, хариуцаж байгаа хүн шаардах бичиж сэлбэгээ байгууллагаар авахуулдаг, хаана хэдийд, ямар завсар үйлчилгээнд хамруулсан бүх юманд санхүүгийн баримт шаарддаг. мөн автомашинтай холбоотой бүх бичиг баримтыг хавтсанд хийж давхар хадгалж байх үүрэгтэй гэдгийг мэднэ шүү дээ Ингээд энэ хүн ажилд оронгуут л би ажил хийх боломжоор хангаж, ширээ, сандал, компьютер тавьж өгч, пургон машиныг хариуцуулан хүлээлгэж өгсөн. Гэтэл ажилд орсон тэр цагаас хойш няравын тайлан, жолоочийн замын хуудсын тайланг гаргаж автомашины хувийн хэргийн хөтлөлт нэгтгэлээ хийж баталгаажуулаагүй жил гаран болсон, ня-бо маш олон удаа зааж өгсөн ч байнгаа алдаа гаргаж, зарим мэргэжилтэнгүүдээр гаргуулж байсан, тэгээд жилийн эцсийн ажил үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, дүгнүүл гэхэд би хүүхдээ авчихаад ирье гээд гарч яваад тэр ирээгүй, бид тайлангийн хурлаар хамт олноороо хэлэлцээд нэг удаа сануулаад ажлыг нь 65/d/ хувиар дүгнэсэн. Д.Гбол шаардлага тавихад уурладаг, маш гөжүүд ямар ч албан шаардлага хүлээн авдаггүй, өөрийн хариуцсан ажлаа шаардлагын хэмжээнд хийдэггүй, хамт олны хуралд тогтмол ордоггүй, шаардаж байж оруулаад санал хүсэлт байна уу гэхэд дуугардаггүй, автотээврийн хэрэгслийн ашиглалтын хувийн хэрэг хөтөлдөггүй шаардлага өндөртэй төрийн ажил хийх чадваргүй хүн юм.
Д.Г-ннэхэмжлэлд дурьдсанаар Д.Гнь өөрийн хувийн машинаар албанд үйлчилж байсан гэжээ, Д.Гл өөрөө даргаа бензин тосыг нь бодсон ч тэр би өөрийн жижиг тэргээр ойр зуурын сумд руу бензинээ албанаас хийлгээд явья гэхэд нь би зөвшөөрч бензинийг нь хийж өгөөд явуулдаг байсан нь үнэн юм. Анх ажилд ороход нь манай байгуулага төсөв, мөнгө багатай, төв дотор болон зам сайтай сумдад шатахуун юмаа тохироод зайлшгүй үед үйлчилж байх жижиг тэрэгтэй жолооч авмаар байна гэхэд өөрөө зөвшөөрсөн, би энэ хүний хувийн хөрөнгөөр нь машин засуулдаг, сэлбэг авахуулдаг тэгж дарамталдаг, доромжилдог тийм ёс зүйгүй албан хаагч биш ээ, энэ хүн харин танил талаараа гуйлгаж ажилд орчихоод тэрүүгээрээ түрий барьж байгууллагын удирдлагыг илтэд доромжилж шаардлага тавихад урдаас түлхүүр шидэж, хаана хэнд гомдол гаргаж болохоор байна тэр бүгд руу өргөдөл гомдол гаргаж, сэтгэл зүйн дарамт үзүүлж, тухайн өргөдөл гомдолдоо намайг өөрийн хүнийг авна, өөр байгууллагад ажиллах нүүргүй болгоно ч гэх шиг янз бүрээр намайг худал гүтгэн дарамталж байна Би энэ хүнийг холбогдох байгууллагуудад хандсан гэж хэзээ ямар байдлаар энэ хүний нэр төрд халдаж янз бүрийн хяналт шалгалтын байгууллагуудад гомдол гаргасан эсэхийг нотлох хэрэгтэй гэж үзэж байна. Тэргүйсэн хэн нэгнийг ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй байхаа
Би энэ хүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй, арга хэмжээ авах, ажлаас халах үндэслэл байсан учраас ажлаас халсан.Эдгээрээс дурдвал:
1.Цаг хугацаанд нь тайлан мэдээгээ нэг ч удаа чанарын шаардлага ханган өгч байгаагүй, хурал дээр хариуцсан ажил, тулгамдсан асуудлуудаа огт ярьдаггүй. дараа нь хөдөө ажлаар явж байгаад саатахад янз бүрийн шалтаг хэлж, удирдлага санхүүг буруутган яридаг, цаг ашиглалт маш муу, ажлаар явах болоход байнга цагаасаа хоцордог, аргаа бараад өөр машинд шатахуун хийгээд явсны дараа араас машинаа янзлаад очдог, замд байнга саатда, өөрөө машинаа сайн мэдэхгүй өөр жолооч нараар засуулж.үзүүлдэг.
2.МХГ-аас гаргасан автомашины дүгнэлтийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажил. тайлан байхгүй
3.БОАЖЯ-ны ХШҮДАГ-ын шалгалт ирэхэд шаардсан тайлбарыг бичиж өгөхгүй, ажлаа орхин, утсаа салган явсан
4. Шалгалтын маргааш буюу 6-р сарын 14-ний өглөө даргын өрөөнд орж ирэн, машины түлхүүр бичиг баримтыг шидэж өгөөд, ажлаа аваарай гээд ажлаа таслан явсан тул Хатгал тосгонд болох байсан аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөнд СХЗүйн машинд дайгдан явж ирсэн. Хагас бүтэн өдрөөр юу ч болоогүй мэт ажил дээрээ ирэн машинд засвар хийж эхэлсэн ба түлхүүрээ шаардан авсан.
Анх манайх жолооч авах шаардлагатай байгаа талаар намайг ярьж байхад аймгийн ЗДТГ-ын Дотоод хяналтын хэлтсийн дарга байсан Уртнасан чи нэг хүн авчихаач /Д.Ганбатыг/ манайхны хүргэн болж ирсэн юм, ажил төрөлд гайгүй байх гэсэн, тэгээд ч манай нягтлан бас энэ хүнийг дэмжээд ажилд авах боломж байна уу эхнэр нь манай нөхөртэй хамт ажилладаг юм гээд гуйсан зэргээс шалтгаалж нэгэнт ингэж гуйлгаж ажилд орсон хүн чинь сайн ажиллах байх гэж бодоод 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нярав-жолоочоор авч ажиллуулсан. Д.Г-гажилд авахдаа Төрийн албаны анкет бөглүүлж, өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, орсон гарсан тушаал зэргийг шаардсан боловч өгөхгүй байсан тул өмнө ажиллаж байсан Нефть хангамжийн бааз руу нь утасдаж танайх ажил байдлын тодорхойлолтыг нь өгөөч гэхэд машин унагасан, ажлаа хийж чаддаггүй, сахилгын арга хэмжээ авагдаж гарсан талаар надад ярьсан. Тэгэхэд нь би чи ажилд ороход шаардлагатай байгууллагаас шаардсан материалаа дутуу өгсөн учраас би тэр байгууллага руу чинь асуухад ийм юм ярьлаа гэж хэлсэн нь үнэн. Энэ иргэний хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсаар ирсэн. дутагдлаа засдаггүй. гөжүүд. бичиг үсгийн боловсролоо сайжруулаагүй, байнга өөрийгөө өмөөрдөг. удирдлагыг үл тоомсорлон ажиллаж байсныг манай байгууллагын ажилчид гэрчлэх байх. Би өөрийн тайлбарт холбогдох нотлох баримтуудыг хавсарган хүргүүлэх болно гэжээ.
Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 24-ны өдрийн 717 дугаарт бүртгэгдсэн иргэн Д.Г-нгаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Манай байгууллагын удирдлага нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр солигдож шинэ удирдлага болох Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунцэцэгт шүүгчийн туслах Батхишиг нь хариуцагчийн эрх үүргийг танилцуулан уг нэхэмжпэлийг 2019 оны 09 сарын 11-ний өдөр гардуулан өгсөн. Ц.Гнь иргэн Д.Г-тайхамт ажиллаж байгаагүй. Энэ иргэний нэхэмжлэлийн талаарх тайлбар болон нотлох баримтыг Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын-албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан Б.У шүүхэд өгсөн учраас нэмж өгөх нотлох баримт байхгүй ба Б.Угийн тайлбартай ижил саналтай, дэмжиж байгаа болно гэжээ.
Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Г-гдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У нь 2019 оны 3 дугаар сард жолоочоор авч 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Би энэ ажлыг авахаас өмнө Дэлгэрмөрөн Шишгэд сав газрын захиргааны даргын ажлыг хийж байсан. Одоо давхар хариуцаж байгаа. Манай хоёр байгууллага нэг байранд таван өрөөнд байрладаг. Тэгэхээр энэ байгууллагын ажлыг би ч гэсэн хамт байдаг болохоор мэддэг. У дарга болохоор 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрийн албаны шалгалт өгөөгүй шалтгаанаар чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь хувь хүн болон байгууллагын нэр дээр хоёр өөр нэхэмжлэл гаргасан байсныг санаж байна. Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Г-гдуудаж уулзсан. Тэгээд бичгийн шалгалт авч үзэхэд өөрийнх намтарыг бичүүлж үзэхэд 2 цаг бичиж байсан. Би энэ намтарыг бичиж чадах юм бол ажилд нь эгүүлэн авах санал тавьж байсан. Тэгээд Д.Г-ннамтарыг авч үзэхэд бүрэн дунд боловсролтой хүн гэж байсан. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд биеийн байцаалтаа өгөхөд 8 дугаар ангийн боловсролтой гэж байна. Тэгэхээр ажилд орохдоо худлаа хэлсэн байна. Нэхэмжлэгч нь өөрийнхөө намтарыг байгууллагад өгөхдөө эхнэрээрээ бичүүлж өгсөн байдаг. Манай хоёр байгууллага хөдөө хамт явах тохиолдол гардаг л даа. Нэхэмжлэгч Д.Г-тайхоёр удаа явахад нь би мөн өөрийн машинтай хөдөө явж байсан. Тэгтэл машин нь удаа дараа зогсож байсныг санаж байна. Нацгаа жолооч болон Гантулга жолооч нар машиныг нь засаж өгч байсан. Энэ хүн бол өөрийн эрхэлж байгаа ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй хүн гэдэг нь харагдаж байсан. Нэхэмжлэгчийг буяны ажилд явахад нь ажлаас чөлөөлөөгүй, харин 2019 оны 7 сард ажлаас нь чөлөөлсөн байдаг. У дарга нь энэ хүнийг өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь байгууллагын даргын үгэнд ордоггүй, утсаа салгаж алга болдог, машины түлхүүрийг урдаас нь шидсэн зэрэг төрийн албан хаагчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангалтгүй байсан учраас ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. Тиймээс У даргын ажлаас чөлөөлсөн шийдвэр нь нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гэж үзэж дэмжиж байна. Би ажил дээр байгаа энэ хүний баримт материал хувийн хэргийг нь үзэж судалсан. Хэрэгт гаргаж өгсөн тайлангууд дээр нь У даргын гарын үсэг байхгүй байна. Мөн энэ тайлангуудыг Д.Гнь хаанаас гаргаж авч ирж өгснийг асуумаар байна. Төрийн албан хаагч нь ажил амьдарлаа зааглаж хийдэг байх ёстой байх. Хэрвээ ажил дээр уг тайлангууд нь байгаа бол хэний ямар комьпюрер дээр ямар файлаар байгааг асуумаар байна. Ер нь төрийн албанд ажиллаж байж худлаа хэлж болохгүй байх...гэв
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Гнь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 937.960 / есөн зуун гучин долоон мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа нь Д.Г-гүндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй, арга хэмжээ авах, ажлаас халах үндэслэл байсан учраас ажлаас халсан гэж маргажээ.
Хэрэгт нэхэмжлэгчээс ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгч Д.Ганбатаас Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд гаргасан өргөдлийн хуулбар, мэдэгдлийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхнүүдийн хуулбар, Улс Төр менежментийн академ төгссөн гэрчилгээ, академийн захирлын тушаал, 2019 оны хагас жилийн тайлан, 2019 оны 6-7 сарын тайлан, 2019 оны 4-6 сарын тайлан, 2019 оны 2-3 сарын тайлан зэргийг цаасан дээр хар хороор хэвлэсэн фото зурагнууд /тайлбартай/ зэргийг,
Хариуцагчаас ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 7 дугаар сарын 05-ны Б-13 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г-тсахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б-08 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Ганбатаас Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд гаргасан 2 өргөдөл, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Үүрэг даалгавар, Цагдаагийн байцаагчид өгсөн хариултууд, Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, шалгалт хийсэн тэмдэглэл, авто машиныг шалгах хяналтын хуудас, уулзалтын тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын хариу мэдэгдэх хуудас, Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны 10 хурлын тэмдэглэл, /үүнээс 8-н хурлын тэмдэглэлийн зөвхөн нүүр хэсэг нь байлаа/ Д.Г-н2019 оны хагас жилийн тайлан, 2018 оны жилийн эцсийн тайлан, 2019 оны Ажлын төлөвлөгөө, Хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргийг нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар тус тус ирүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нь Золжавхлан, Гантуяа нарыг гэрчээр асуулгах, жолооч Д.Г-нэзэмшиж байсан автомашины хувийн хэрэг, Д.Г-төгч байсан үүрэг даалгаврын дэвтэр зэрэгт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Хэрэгт Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаартай Ц.Оюунцэцэгийг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн бөгөөд уг тушаалд ...1.Тус яамны харъяа Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргааны дарга Цэдэвдамбын Оюунцэцэгийг Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилсугай... гэсэн байх ба хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гнь шүүх хуралдаанд тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У тодорхой шалтгааны улмаас түр хугацаагаар ажлаасаа нь чөлөөлөгдсөн байгаа. Намайг уг сав газрын даргын үүргийг түр хугацаагаар хавсран гүйцэтгүүлэхээр сайдын тушаал гарсан учраас би энд хариуцагчаар оролцож байна гэсэн тайлбар зэргээс Цэдэвдамбын Оюунцэцэг нь хариуцагч Хөвсгөл нуур,Эгийн голын сав газрын захиргааг төлөөлж хариуцагчаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.Гнь тус Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанд жолоочоор ажиллаж байсан, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримтанд талууд маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Учир нь: Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б-13 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.1.6, 4.1.7, 4.1.8, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.7, 3.1.5.а, 3.1.5.б, 3.1.7.и дэх заалтуудыг тус тус үндэслэн 1. Жолооч Дамбий овогтой Ганбат нь төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчин удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, утсаа салган ажлын байрыг хаяж явсан, ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гараагүй байхад өөрийн хариуцаж байгаа автомашины түлхүүр болон техникийн гэрчилгээг удирдлага руу шидэж өгөөд албаны жижүүрт бүртгүүлээгүй, 1 өдөр ажил тасалсны дараа дахин ирж удирдлагад мэдэгдэлгүй автомашины засварын ажил хийж эхэлсэн, ажлын цаг ашиглалт хангалтгүй, 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлан болон хариуцан ажилладаг авто тээврийн хэрэгслийн ашиглалтын хувийн хэргийг туйлын хангалтгүй хөтөлсөн зэрэг үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халах үндэслэл бүрдсэн байх тул ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсугай... гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн дээрхи заалтаас үзвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан хоёр тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна.
Сахилгын зөрчлийн бусад эрх зүйн зөрчлөөс ялгаатай нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм журмыг зөрчсөн үйлдэл байдаг. Мөн ажилтны гаргасан зөрчил бүр тогтоогдсон байх шаардлагатай юм.
Хариуцагч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй учир дотоод журмын дээрхи заалтуудыг тодорхойлох, дүгнэлт хийх боломжгүй юм.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ажил олгогч ажилтны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-нд сахилгын зөрчил, ноцтой зөрчлийн талаар тусгасан зүйл байхгүй байна.
Ялангуяа ноцтой зөрчилд ямар зөрчил хамаарах талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. Ноцтой зөрчлийн талаар байгууллагын дотоод журам дүрэмд тусгайлан заасан боловч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй л бол хөдөлмөрийн гэрээтэй дүрэм журмыг адилтгаж үзэж болохгүй.
Нэхэмжлэгч Д.Г-т2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б-08 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч үүнд Д.Гнь ямар зөрчил гаргасан энэ нь холбогдох ямар баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй байна.
Мөн түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б-13 дугаартай ...Жолооч Дамбий овогтой Ганбат нь төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчин удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, утсаа салган ажлын байрыг хаяж явсан, ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гараагүй байхад өөрийн хариуцаж байгаа автомашины түлхүүр болон техникийн гэрчилгээг удирдлага руу шидэж өгөөд албаны жижүүрт бүртгүүлээгүй, 1 өдөр ажил тасалсны дараа дахин ирж удирдлагад мэдэгдэлгүй автомашины засварын ажил хийж эхэлсэн, ажлын цаг ашиглалт хангалтгүй, 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлан болон хариуцан ажилладаг авто тээврийн хэрэгслийн ашиглалтын хувийн хэргийг туйлын хангалтгүй хөтөлсөн зэрэг үйлдэл гаргасан... гэх тушаал дахь дээрхи үйлдлүүдийг Д.Гнь хэзээ гаргасан, хэрхэн яаж тогтоогдсон, үүнийг сахилгын зөрчилд хамааруулсан уу эсхүл, ноцтой зөрчилд хамааруулсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Дамбий овогтой Ганбатад ногдуулсан ажлаас халах шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал Д.Г1 өдөр ажил тасалсан гэх боловч хэдэн сарын хэдний өдрийн ажлыг тасалсан, уг үйлдэл нь ямар баримтаар өөрөөр хэлбэл цагийн бүртгэл гэх зэрэг зүйлээр нотлогдох ёстой атал энэ талаар тушаалдаа дурьдаагүй баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Гнь шүүхийн шийдвэр гарах хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 937.960 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны ажилгүй байсан цалин хөлс болох 937.960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:
25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хэмжээнд дүгнэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1,2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Гнь шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Гнь хэрэгт 2013 оноос 2019 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт хийгдэж баталгаажсан Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд уг дэвтрийн бичилттэй хэсгээс үзэхэд 2019 оны 4 дүгээр сард 516.480 төгрөг, 2019 оны 5 дугаар сард 526.480 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 511.480 төгрөгийн цалин хөлстэйгээр ажиллажээ. 2019 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн учир бүтэн ажилласан сарыг авч тооцсон болно.
Дундаж цалин хөлсийг тооцоход: дээрхи гурван сард авсан нийт цалин хөлс 1.554.440 төгрөг, үүнийг 3-т хуваахад сард дунджаар 518.146 төгрөг, үүнийг 21,5-д хувааж нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлоход 24.100 төгрөг байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 32 ажлын хоног ажилгүй байсан байна. /амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж тооцсон болно./
Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлоход: 24.100х32=771.200 төгрөг гэж тооцов.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 771.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 166.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Г-гХөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны цалин хөлс 771.200 төгрөгийг хариуцагч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгч Дамбийгийн Ганбатад олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжид 97.261 төгрөгийг төлсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97.261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх 70.200, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 771.200 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 23.059 төгрөгийг нийт 93.259 төгрөгийг хариуцагч хариуцагч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгч Дамбийгийн Ганбатад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Цамб овогт Дамбийн Ганбат /ИФ84060510/-ыг Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанд жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цамба овогт Дамбийн Ганбатад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 771.200 /долоон зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас гаргуулж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.261 / ерэн долоон мянга хоёр зуун жаран нэг / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас 93.259 / ерэн гурван мянга хоёр зуун тавин ёс / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-толгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА