Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2022/0016/З |
Дугаар | 120/ШШ2022/0021 |
Огноо | 2022-09-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 120/ШШ2022/0021
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.*******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал,
Гуравдагч этгээд: Ж.*******,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. П.******* нь тус шүүхэд хандан Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2022 оны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/1 дугаар захирамжаар тус сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар товлож, зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүргийг багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдан, хуралдаанд тус багийн 320 иргэн оролцож, Ж.*******, П.******* нар нэр дэвшин, П.******* нийт иргэдийн 47,8 хувийн, Ж.******* 48,7 хувийн санал авсан байх ба хэн ч олонхын санал аваагүй тул хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэжээ.
4. Улмаар уг хуралдаанаар үргэлжлүүлэн хоёр дахь удаагаа дахин санал хураахад 45 хүн санал хураалтад оролцож, Ж.******* 41 хүний санал, П.******* 4 хүний санал авчээ.
5. Нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлдээ ...эхний санал хураалтад 271 хүн оролцсон, 217 саналын хуудас тараагдсан, нэмэлт санал хураалтад 47 иргэн оролцсон... гэх мэтээр зөрүүтэй дурдсан боловч шүүхийн үзлэгээр тогтоогдсон үйл баримтыг зөвшөөрсөн болно.
6. Гуравдагч этгээд Ж.*******ыг олонхын буюу 77,6 хувийн санал авсан гэж үзэн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор тус багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, багийн Засаг даргаар томилуулахаар дээд шатны Засаг даргад уламжилсан байна.
7. Нэхэмжлэгч П.******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
8. Гуравдагч этгээд Ж.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй.
9. Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
9.1 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд 271 хүн оролцсон ба үүнийг хурал зохион байгуулагч нар ирцийн бүртгэл, жагсаалтад бүртгэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу багийн Засаг даргад П.*******, Ж.******* нар нэр дэвшиж, санал хураалтад 217 иргэн оролцож, 217 саналын хуудас тараагдсанаас санал хураалтын дүнгээр 11 саналын хуудас хоосон буюу хүчингүйд тооцогдож П.******* 153, Ж.******* 156 иргэний санал тус тус авсныг тооллогын комисс дүн гаргаж хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь хэсэгт заасныг хангаагүй буюу хэн нь ч олонхын санал аваагүй гэж үзсэн.
9.2 Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт зааснаар дахин санал хураалт явуулах санал гаргасныг тус хуралд оролцогчдын зүгээс хүлээн зөвшөөрч хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсон.
9.3 Гэтэл хоёр дахь шатны санал хураалтад тухайн хуралд оролцогч 47 иргэн санал хураалтад оролцсон бөгөөд багийн бусад иргэд тарж явсан байсан. Энэхүү санал хураалт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна гэж заасныг хангахгүй нөхцөлд иргэдийн Нийтийн Хурлыг үргэлжлүүлж, улмаар нэр дэвшигч аль нь ч олонхын санал авах боломжгүй болсон нөхцөлд буюу 45 иргэнээс санал аваад Хурлын тогтоолыг хууль зөрчиж баталсан нь иргэдийн Нийтийн Хурлаас гарсан дээрх тогтоол нь хууль бус болох нь тогтоогдож байна.
9.4 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан 50 дээр нэмэх 1 саналаа аваагүй гэж үзсэн. Тухайн үед хурлынхаа шийдвэрийг сонсоод гараа өргөж батална гэсэн боловч ихэнх нь хурлаа дуусгаагүй яваад, 40, 50-аад иргэд үлдсэн. Үлдсэн иргэдээс 50 нэмэх 1-ийн санал аваагүй гээд үлдсэн иргэдээсээ санал хураасан. Тухайн хүмүүсийн 50 хувь нь нөгөө нэр дэвшигч Ж.******* болон Хурлын дарга Ч.*******ийн дуудаж цуглуулсан хүмүүс байсан учраас дахин санал хураалт хуулийн дагуу явагдаагүй. Санал хураалтаа аваад хурал дууссаны дараа Улсын бүртгэлийн програмаас санал өгсөн 300 гаруй хүмүүсээ шүүж үзэхэд Оюутын ******* багийн харьяат хүн биш, харьяаллын бус буюу Баяндалай, Сэврэй, Булган, Ханхонгор, Номгон зэрэг сумдын хүмүүс байсан. Хуралд багийн иргэд оролцох ёстой. Хуульд таван өрх тутмаас нэг хүн гэж заасан шаардлагыг хангаагүй.
10. Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
10.1 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд нийт 320 иргэн оролцсоноос багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн П.******* нь 158 оролцогчийн санал, Ж.******* нь 162 оролцогчийн санал авсан бөгөөд тооллогын комиссоос 11 саналыг тооллогын комисс 4:3 санал зөрөлдөн хүчингүй гэж үзсэн.
10.2 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно, 56 дугаар зүйлийн 56.5.3-д Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэж тус тус заасан. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болсон багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд 320 иргэн оролцсон тул Хуралдаан хүчинтэй бөгөөд Хуралдаанаас гарсан тогтоолууд бүгд хууль ёсны хүчин төгөлдөр бөгөөд хуульд дахин санал хураалтаар олонхын санал авсан иргэнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан тул Хуралдаанд үлдсэн иргэдээс дахин санал хураалт явуулсан нь хууль зөрчөөгүй.
10.3 Зохион байгуулагчид бүх хүний бичиг баримтыг нь шалгаж, хүн амын улсын бүртгэлийн мэдээллийн сантай тулгаж үзээд, тухайн багт харьяалалтай хүмүүсийг нь санал өгүүлсэн. Тооллогын комисст П.*******ий нэр дэвшүүлсэн 4 хүн, Ж.*******ын нэр дэвшүүлсэн 3 хүн байсан. Эдгээр хүмүүсээс П.*******ий талын 4 хүн тооллогын комиссын саналтай эвлэрэхгүй байна гэдэг үндэслэлээр санал гаргаж, 11 саналын хуудсыг хүчингүй болгох шийдвэрийг олонхын саналаар гаргасан. Иргэдийн Нийтийн Хуралд өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлж ирсэн иргэдийн саналыг нь цөөнх хэдэн хүн хүчингүй болгож байгаа нөхцөл байдал харагдаж байна. Ийм байдлаар Хурал даргалагч дээр тооллогын комиссын маргаантай шийдвэр буюу 11 саналын хуудсыг хүчингүй болгуулаад 156, 152 болж ирсэн.
10.4 Нэр дэвшигч П.******* болон тооллогын комиссын олонхын шийдвэртэй танилцаад, 50 дээр нэмэх 1 хүрэхгүй болохоор нь дахин барьж санал хураалтыг явуулахад 56, 57 хүн зааланд байсан санагдаж байна. Үүнээс 45 хүн санал хураалтад оролцоно гээд дахин санал хураалт явагдсан. Түүнээс 41 хүн Ж.*******т, 4 хүн нь П.*******д санал өгсөн. Ингээд тооллогын комиссоос ирүүлсэн дүнгийн дагуу сүүлд өгсөн хүмүүсийн 77.6 хувь буюу олонх Ж.*******т санал өгсөн гэдэг үүднээс өмнө нь ирж саналаа өгсөн 320 хүнээс дахин санал авсан учраас үүнийгээ баталгаажуулах зүйтэй гэж иргэдийн Нийтийн Хуралд оролцсон хүмүүсийн саналын дагуу энэ хурал болсон. Ингээд багийн иргэдийн Нийтийн хурлаас ******* дугаартай тогтоол батлагдан гарсан.
11. Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
11.1 ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хуралдааны 08 дугаар тогтоолоор Багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн бөгөөд Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 0******* сарын 18-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
11.2 ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хуралдаанд багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд Ж.******* миний бие болон бүрэн эрх нь 2020 онд дуусгавар болсон Засаг дарга П.******* нар нэр дэвшсэн.
Тус асуудлыг хэлэлцэхэд нийт 320 оролцогч санал өгснөөс нэр дэвшигч П.******* нь 158, миний бие 162 оролцогчийн санал авсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.2-т зааснаар нийт оролцогчийн олонхын буюу 162 оролцогчийн санал авсан байхад өрсөлдөгч нэр дэвшигчийн талынхан үндэслэлгүй маргасаар эцэст нь нэр дэвшигч бүрд өгсөн тус бүр 6 оролцогчийн санал буюу нийт 12 оролцогчийн саналыг хүчингүй гэж үзэн хасаж Ж.******* 156, П.******* нь 153 хүний санал авсан гэж үзэж байгаа тул дахин санал хураахаар тооллогын комисс шийдвэрлэлээ гэж тооллогын комиссын дарга Б.******* хэлснээр дахин санал хураалт явуулсан.
11.3 Тухайн үед миний саналыг хууль бусаар тоолохоос хасаж олонхын санал аваагүй гэж үзсэнд гомдолтой байсан боловч хоёр дахь санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр болсон тул шүүхэд хандаж гомдол гаргаагүй. Хэрвээ 2 дахь санал хуралтаар П.******* олонхын санал авсан бол шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх байсан. Мөн хоёр дахь шатны санал хураалт хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах байдлаар маргасан.
1.1. Хоёр дахь санал хураалт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасан тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөллийг хангах зарчимд нийцээгүй тул хууль бус гэжээ.
2. Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, хуралдаанд тус багийн 320 иргэн оролцон, Ж.*******, П.******* нар нэр дэвшиж, П.******* нийт иргэдийн 47,8 хувийн, Ж.******* 48,7 хувийн санал авсан байх ба хэн ч олонхын санал аваагүй тул хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэн, улмаар уг хуралдаанаар үргэлжлүүлэн дахин санал хураахад 45 хүн санал хураалтад оролцож, Ж.******* 41 хүний санал, П.******* 4 хүний санал авсан талаар хэргийн оролцогч нараас тайлбарласан ба уг үйл баримтын талаар талууд маргаагүй.
3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д ...иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;, 56.5.2-т энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;, 56.5.3-т хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх; гэж заасан.
4. Хуралдаанд оролцсон 320 иргэдийн олонхын саналыг багийн Засаг даргад нэр дэвшигч хоёр иргэний хэн ч аваагүй байх ба хуулийн 56.5.3-д зааснаар нэхэмжлэгч П.*******, гуравдагч этгээд Ж.******* нарын талаар уг хуралдаанаар үргэлжлүүлэн дахин санал хураахаар шийдвэрлэсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба 45 хүн санал өгч Ж.******* 41, П.******* 4 хүний саналыг тус тус авсан нь хэргийн оролцогчдын тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон.
5. Дээрх үйл баримтаас үзэхэд ******* сумын ******* багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болсон байх ба багийн Засаг даргад нэр дэвшигч хоёр хүнээс хэн ч олонхын санал аваагүй байх тул хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасантай нийцжээ.
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-гаас дээш өрхтэй багт таван өрх тутмаас...тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. гэж заасан.
7. Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаар албан бичгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар ******* сумын ******* багийн өрхийн тоог 779, сонгуулийн насны хүн амын тоог 1607 болохыг тодорхойлсон бөгөөд хэргийн оролцогчдын зүгээс энэ тоо хуралдааны ирцэд нөлөөлөх хэмжээнд өөрчлөгдөөгүй гэж тайлбарлаж, багийн сонгуулийн насны иргэн, өрхийн тооны талаар маргаагүй, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд 320 иргэн оролцсоноор Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн ******* сумын 0******* багийн Иргэдийн Нийтийн хуралдааны ирц хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг хангасан байна.
8. Хуралдаан үргэлжлэх явцад дахин санал хураалт явуулах үндэслэл дээрх байдлаар бий болсон, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр ирц бүхий хуралдаанаар дахин санал хураах үйл явц үргэлжилсэн байх тул дахин санал хураалтыг хүчин төгөлдөр ирцтэй гэж үзэхгүй гэх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
9. Нэхэмжлэгчээс ...хуралдааны ирцийг Ардчилсан намын дэмжигчдийг зохион байгуулалттай оролцуулан /машинаар зөөсөн/ бүрдүүлсэн, огт оролцоогүй болон тус багт оршин суудаггүй иргэд бүртгэлд байсан гэж хардаж байгаа гэж тайлбарласан боловч энэ талаар эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, нэхэмжлэгч өөр багийн иргэд хуралдаанд оролцсон тухай нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.*******ий шүүхэд гаргасан Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА