Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/75

 

      2021           1              13                                        2021/ДШМ/0075                              

 

 

     Б.Гэд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

хохирогч О.Д,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/864 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гэд холбогдох эрүүгийн 1710007560482 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          Б овгийн Б-ийн Г

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 4 хоногийн хорих ял дээр уг хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 хоногийн хугацаагаар тогтоосон.

 

          Шүүгдэгч Б.Гэ нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч М.Халиунааг “Шенгений орны виз 2500 ам. Доллараар гаргаж өгнө” гэж 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзан 1350 ам.доллар буюу 3,335,000 төгрөгийг төөрөгдөлд оруулан авч залилсан,

 

          Мөн шүүгдэгч Б.Гэ нь “Франц улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч О.Дг хуурч 2017 оны 8 дугаар сарын 3-ны Хаан банкны дансаар 300,000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модерн номадс” ресторанд 7,954,200 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Гэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулж, тогтоосон хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийн цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж,Иргэни хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс 11,584,650 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Халиунаад 3,330,450 төгрөгийг, хохирогч О.Дд 8,254,200 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч О.Дгээс 8,254,200 төгрөг залилсан гэж энэ төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч О.Дгээс 300,000 төгрөгийг дансаар хүлээн авсан байдаг. Нотлох баримт хангалтгүй байтал энэ төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шүүгдэгчийн эрх ашигт хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Б.Гэ 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлэх үед өнөөдрийн ял шийтгүүлсэн хохирогч М.Халиуныг, хохирогч О.Дг залилсан гэж эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан бөгөөд түүний үйлдсэн гэх эрүүгийн хэргүүдийг ял шийтгэгдсэнийх нь дараа шүүхэд шилжүүлж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаагаас эрх зүйн байдал нь дордож олон жилийн ял шийтгэл эдлэх болж хохирол нөхөн төлсөн байдал нь ч ял хөнгөрөх нөхцөл болж чадахгүй эрх зүйн хувьд ял нь хүндэрч байна. Б.Гийн өндөр настай эцэг, эх, нялх үр хүүхдийг нь Б.Гээс өөр асарч дэмжих хүнгүй гэр бүлд нь хүндрэлтэй байна. Одоогоор 4 дэх удаагаа ял шийтгүүлж нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас 6 сарыг хасч өгнө үү” гэв.

 

Хохирогч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гомдолтой байна. Анх дансаар 300,000 төгрөг, дараа нь бэлнээр 7,954,200 төгрөг өгсөн.” гэв.

 

Прокурор Г.Эсэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Б.Гийн тухайд урьд нь нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн асуудалд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгээд сүүлд оногдуулсан 1 жилийг өмнөх 2 жил 5 сар 14 хоног дээр нэмж, нийт 3 жил 5 сар 14 хоногоор биечлэн хорих ял эдлүүлэхээр тогтоосон. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

          Тодруулбал, прокуророос шүүгдэгч Б.Гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч М.Халиунааг “Шенгений орны виз 2500 ам. Доллараар гаргаж өгнө” гэж 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзан 1350 ам.доллар буюу 3,335,000 төгрөгийг төөрөгдөлд оруулан авч залилсан, мөн “Франц улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч О.Дг хуурч 2017 оны 8 дугаар сарын 3-ны Хаан банкны дансаар 300,000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модерн номадс” ресторанд 7,954,200 төгрөгийг бэлнээр авч тус тус залилсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгч Б.Гийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гэд ямар ял оногдуулсан талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байна. 

 

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсгээр ямар ял оногдуулсан талаар тогтоож шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-дахь заалтад заасан “...оногдуулсан ялын төрөл, хэмжээ,Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г тусгах  хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  байна.

 

Иймд Б.Гэд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан гомдлыг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гэд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ