| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/0067/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/205 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/205
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ***** аймгийн ******* суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “************” ажилтай, ам бүл **, аав, ээж, дүү нарын хамт ***** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд
2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 623 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,
Т шар овогт Л-ийн Б (РД:************).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэр, ** байрны ** тоотод хамтран амьдрагч болох А.Ц-ийг үл ялих шалтгаанаар маргаж биед нь халдаж, түүнд .."дух, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зулгаралт, баруун сарвуу, баруун бугалга, баруун гуяа, баруун шилбэ, зүүн гуяа, зүүн шилбэ, зүүн өгзөг, ууцны зүүн хэсэг, ахар сүүлэнд цус хуралт, гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг ЭХ- ийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон бөгөөд шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн болно.
4. Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэр, ** байрны ** тоотод хамтран амьдрагч болох А.Ц-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
4.1. Хохирогч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би найз залуу Б-тэй хамтран амьдардаг бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өглөө найз залуугийнхаа утсыг үзсэний дараагаар найз залуу маань надад уурлаж өөрийнхөө утсыг надаас булааж аваад цонхоор шидэж, чи миний утсыг олж ир гээд намайг хэлсэн тул би тухайн утсыг гарч хайсан боловч тус утас нь олдохгүй буцаж гэртээ орж ирэхэд найз залуу надыг утас олж ирсэнгүй утсыг минь төлж өг гэж хэлээд гэрт байсан хайрцагтай шрүп шидсэн. Мөн намайг зурагтын спикер мөргүүлсэн тул би Б-ий ээж рүү залгаж таны хүүхэд согтуу надыг зодож цохилоо гэхэд би одоо очиж авч чадахгүй гэсэн тул би тус гэрээс зугтаж гарах гэхэд гэрийн хаалгыг цоожилж түлхүүрийг нуусан байсан. Мөн тэрний дараагаар би 00-ийн өрөө рүү ороход миний толгойг хана руу мөргүүлсэн. Тэгээд би өрөөний тагтан дээр гараад хүмүүсээс тусламж гуйгаад утсаараа цагдаад дуудлага өгөх гэхэд миний утсыг булааж аваад одоо чиний утсыг эвдэлнэ гээд миний утсыг 5 давхраас шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9-р тал),
4.2. Гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз залуу Б-дээ зодуулж цохиулсан талаар надад тухайн өдөр ирж хэлсэн. Тухайн өдөр охиныг маань шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болоод бид хоёр шүүх эмнэлэг явахад охины минь нүүр олон газар зүсэгдэж улмаар хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12-р тал),
4.3. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14230 дугаартай шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ”... А.Ц-ийн биед дух, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зулгаралт, баруун сарвуу, баруун бугалга, баруун гуяа, баруун шилбэ, зүүн гуяа, зүүн шилбэ, зүүн өгзөг, ууцны зүүн хэсэг, ахар сүүлэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23-р тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан, шүүгдэгч Л.Б, хохирогч А.Ц нар гэр бүлийн баталгаа байхгүй ч хамтран амьдрагч болох нь тэдгээрийн тайлбар, мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-ий хамтран амьдрагчаа зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдож байгаа тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдсан.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Хавтаст хэрэгт хохирогч А.Ц-ийн эмчилгээ үйлчилгээ авсантай холбоотой 350,000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 60 дахь тал), гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн болон үнэлгээний хөлс 20,000 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 32-33, 61 дэх тал) тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Л.Б нь хохирогч А.Ц-д 750,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
8. Эрүүгийн хариуцлагын талаар:
8.1. Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
8.2. Шүүгдэгчээс: Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.
8.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
8.4. Шүүгдэгч Л.Б нь хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд хоёр удаа ял шийтгүүлсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас хөнгөн ял болох торгох ялыг оногдуулж хэмжээний хувьд 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд нь тохирно гэж шүүх шийдвэрлэв.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Л-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.Б-д үүрэг болгосугай.
4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 750,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ