| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/258 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа
Улсын яллагч С.Чимэдцэеэ
Хохирогч Б.Б*******
Шүүгдэгч Ц.М*******, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-ын *******-д холбогдох эрүүгийн 2409 02392 2176 дугаар хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, “*******” ХК-д худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо ******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянгол дүүргийн шүүхийн 20** оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******-ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ******* нэртэй цэнгээний газрын гадна иргэн *******-тэй “мөрлөсөн”, “утас булааж авсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар *******-ийн толгой хэсэгт гарын цохих үйлчлэлээр халдсанаар бие нь эрүү ясны зүүн булан, ооч хэсгийн хугарал, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найзуудаараа явж байгаад хэд залуучуудтай маргаан гарсан. Бааранд байхад дахин дахин ирж хэрүүл маргаан өдсөн. Хохирогч *******-ийн найзууд нь ширээ нь дээр ирээд “******* чамайг гараад ир гэж” байна гэсний дагуу гарч *******-ээс уучлалт хүсэж, маргах сонирхолгүй байгаагаа хэлсэн. Тэгээд цаг гарны дараа гарах гээд явж байтал хохирогч нь намайг хүлээгээд байж байсан. Түүнд “ямар сонин юм бэ? Ингээд эвлэрье” гээд хэлтэл ******* нь нэлээн согтчихсон тоохгүй байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж цагдаа дуудах гэж байтал ******* миний гар утсыг булааж авсан. Тэгээд ******* нь урдаас эвгүй хөдлөхөөр нь цочсондоо болоод урдаас нь нэг эвгүй цохичихсон” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа хагалгааны мөнгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Учир нь тухайн үед миний бие Бүгд найрамдах солонгос улс руу виз мэдүүлээд гарчихсан байсан. Гэтэл гэмтлээс болоод зорчиж чадаагүй. Надад ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө өгч байгаагүй, гарсан зардал бүрийг данс руу хийчихдэг байсан. Сэтгэл санааны хохирол нэгдүгээр зэрэг гарсан. Үүнийгээ нэхэмжилж байна.” гэжээ.
Мөрдөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, хохирогч *******-ийн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/, гэрч *******-ий мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч *******-ий мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/, гэрч *******-ын мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/, гэрч *******-ий мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4351 дүгээр дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 дугаар тал/, шинжээч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1219 дүгээр дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар тал/, шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *******нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ******* нэртэй цэнгээний газрын гадна иргэн *******-тэй “мөрлөсөн”, “утас булааж авсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар *******-ийн толгой хэсэгт гарын цохих үйлчлэлээр халдсанаар бие нь эрүү ясны зүүн булан, ооч хэсгийн хугарал, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ийн өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 02 цагийн үед найз *******, ******* нарын хамт ******* бааранд орсон. ... бааранд муудалцсан залуутайгаа учраа олж эвлэрэх хэрэгтэй юм байна гэж бодоод гадаа зогсож байтал надтай муудсан нь гарч ирэхгүй байсан. Тэгтэл нэг махлаг биетэй намхан нь миний зүүн эрүү хэсэг рүү нэг удаа маш хүчтэй цохисон. ... би санаандгүй нэг залууг мөргөснөөс болж ийм асуудал үүссэн. ... би нэрийг нь сайн мэдэхгүй байна. ******* эсвэл ******* гэх нэртэй хүн байсан. Цуг юм ярьж зогсож байгаад хойшоо нэг алхаад шууд миний эрүү хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******-ий өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө найзууд болох ******* нарын хамт ******* бааранд 1 цаг өнгөрч байхад ороод ширээ захиалж мөн ууж суусан. ... бүжиглэж байтал хэсэг залуучууд бид нарыг мөрлөөд бид нарын дунд ороод ирсэн. Тэгэхээр нь би нэг залууг нь түлхээд буцаад бүжиглэж байтал нөгөө залуучууд тайзны голд ирчихээд бид нар руу заагаад “ална, тална” гээд хуруугаа чичлээд байсан. Тэгтэл нөгөө залуучуудаас 2 нь бид нар дээр ирсэн ба хар өнгийн яак өмсчихсөн 20 орчим насны залуу нь намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би буцаагаад нөгөө залууг нөгөө залууг мөрлөчихсөн. Хамгаалагч нар нөгөө залуучуудыг баарнаас аваад гарсан. Тэгээд баар хаах болоод бид нар гадаа гараад харьцгаая гээд явж байтал үл таних залуу над дээр ирээд өөрийгөө “бааранд чиний муудалцсан залуучуудын ах” нь гэж хэлсэн. Уучлалт гуйж гар барьсан. Тэгтэл яг тэр үед миний ард түс тас гэх чимээ гарсан. Очтол анх бааранд байн байн орж ирээд “гараад ир үзье” гээд байсан залуу үгийн зөрүүгүй миний эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Найзууд дээрээ очих үед нэгнийх нь эрүү хугарсан байж байсан. ******* 2 миний хойно 4-5 алхмын зайтай газар бааранд намайг мөрлөсөн залуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******-ий өгсөн: “******* бид 2 хохирогч болон найзуудтай нь уулзаад ярилцаад зогсож байсан. Тэгтэл нөгөө залуучууд улам асуудлыг дэвэргэж харааж доромжилж, зодолдъё, үзье гээд нөхцөл байдлыг дордуулаад байсан. Тэгээд ******* нөгөө залуучуудад хандаж бид нараас 5-6 удаа уучлалт гуйсан. “Та нар яг яах гээд байгаа юм бэ? Шийддэг газарт нь шийдүүлье” гээд утсаа гаргаж иртэл хохирогч залуу утсыг нь булаагаад авсан. Тэгээд ******* утсаа буцаагаад авсан чинь *******-ыг мөргөх гэж оролдсон ба ******* санаандгүй нүүрийг нь цохичихсон. Тэгтэл хохирогчийн найз гэх богино халимаг үстэй хар малгайтай цамцтай залуу “эрүү нь хугарчихлаа цус гараад байна” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******-ын өгсөн: “Нэг залуу нь *******-тэй ирж юм ярьсан ба тэр үед би тэр хоёрыг юм ярихыг нь хараад хамт хажууд зогсож байсан. ******* 2 үлдсэн залуучуудтай юм яриад зогсож байсан. Тэгээд бид 3 хоорондоо ярилцаад эвээ олоод зогсож байтал ******* нарын зогсож байсан хэсэгт гэнэт ноцолдоод, орилолдоод эхэлсэн. Ах нь гэх залуу *******-ыг дээрээс нь цохиод байсан. Эрүү нь гэмтсэн гэх залуу маш их согтсон байсан, бааранд байсан бусад хүмүүсийг мөргөөд яваад байсан өөрийг биеийг удирдах чадваргүй харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/, гэрч *******-ий мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9351 дүгээр:
1.*******-ийн биед эрүү ясны зүүн булан, ооч хэсгийн хугарал, эрүүнд зулгаралт, хүзүү, зүүн тохойнд цус хуралт, зүүн чихний ард зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 36-36 дугаар тал/,
СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Эрдэнэцэцэгийн өгсөн: “... эрүү ясны зүүн булан, ооч хэсгийн хугарал, эрүүнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хүзүү, зүүн тохойд цус хуралт, зүүн чихний ард зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хүзүү, зүүн тохойд цус хуралт, зүүн чихний ард зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1219 дүгээр: “”*******-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар тал/,
Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/ зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт
Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ******* нэртэй цэнгээний газрын гадна иргэн *******-тэй “мөрлөсөн”, “утас булааж авсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар *******-ийн толгой хэсэгт гарын цохих үйлчлэлээр халдсанаар бие нь эрүү ясны зүүн булан, ооч хэсгийн хугарал, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд:
- Амь насанд аюултай эсэх;
- Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;
- Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;
- Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.
Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь эмчилгээний зардалтай холбогдуулан 8.424.140 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,
4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: нэгдүгээр зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 0-3%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас нэгдүгээр зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.
Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.293.400 төгрөгөөр тогтоож шүүгдэгч *******-аас гаргуулж хохирогч *******-д олгох нь зүйтэй
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *******-н гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 98 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 100 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 101 дүгээр тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин орлого зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ын *******-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-аас 3.293.400 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгосугай.
6. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
8. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Э.ЧИНГИС