Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/69

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.Бямбажаргал

Хохирогч Р.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох Эрүүгийн ********** тоот хэргийг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн,

 Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сумын *******тоотод оршин суух иргэн Р.Бын байшинд хууль бусаар нэвтэрч дотроос нь хурганы арьсаар хийсэн үстэй дээл 1 ширхэг, элдсэн хурганы арьс 30 ширхэг, Альфа нэртэй 0.5 литрийн архи 3 ширхэгийг хулгайлж нийт 975.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сумын **********тоотод оршин суух иргэн Р.Б-ын байшинд хууль бусаар нэвтэрч дотроос нь хурганы арьсаар хийсэн үстэй дээл 1 ширхэг, элдсэн хурганы арьс 30 ширхэг, Альфа нэртэй 0.5 литрийн архи 3 ширхэгийг хулгайлж нийт 975.500 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай гэрт 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 14 цагийн орчим хулгай орсон байсан. Тэр үед эхнэр бид хоёр хөдөө мал дээрээ, хүүхдүүд Мөрөнд айлд байсан болохоор энэ талаар сүүлд мэдэж Цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай охин Б.Б 2015 оны 11-р сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд хулгай ороогүй, зүгээр байсан гэсэн. Манайд 2015 оны 11-р сарын 23-ны өдөр хулгай орсон гэдгийг манай гудамжинд байдаг С.В, түүний эхнэр Д.В нараас мэдсэн юм. Манайх дараахь эд зүйлийг хулгайд алдсан. Үүнд:

1. 500.000 төгрөгний үнэ бүхий хөх торгоор өнгөлсөн шинэ хурган дотортой эмэгтэй дээл

2. Тус бүр нь 5.000 төгрөгний үнэ бүхий элдсэн 30 ширхэг хурганы арьс

3. Тус бүр нь 9.000 төгрөгний үнэ бүхий 0.5 литрийн Апьфа нэртэй 3 шил архийг авсан байсан...Манай байшингийн урагшаа харсан хоёр цонхны зүүн талын цонхны салхивчаар орсон байсан. Манай цонх модон цонх, салхивчийг нь яаж онгойлгосныг мэдэхгүй байна. Салхивч нь ямар ч байсан онгорхой, эвдрэл гэмтэлгүй бүрэн байсан. Манай гэрээс хулгай хийсэн хүн 2015 оны 11-р сарын 23- ны өдрийн 14 цагийн орчим манайхаас хулгай хийж гараад С.В-ыг машинтайгаа гудамжиндаа явж байхад нь зогсоогоод зах дээр хүргүүлэхдээ манайхаас хулгай хийсэн хурган дотортой дээл, элдсэн хурганы арьснуудыг С.Вт 80.000 төгрөгөөр зарсан байсан. Сүүлд нь манайд хулгай орсныг энэ хоёр сонсоод надад "таксинд явсан хүнээс хурган дотортой дээл, хурганы арьс худалдаж авсан, чи ирж үзээч” гэхээр нь очиж үзэхэд манай алдсан юм мөн байсан. Тэгээд тэр хоёроос ямар хүнээс авсныг асуухад зүс таних Т.Х гэж хүнээс 80.000 төгрөгөөр авсан гэсэн. ...Т.х гэх хүн С.Вын машинд сууж явахдаа өврөөсөө архийг нь гаргаж уугаад явсан...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан гэх мэдүүлэг/хх-ийн 18-20-р тал/

Гэрч Д.Д.В-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим манай нөхөр С.В ажлын гадаа өөрийнхөө машинтай нэг залуугийн хамт ирээд “энэ хүн үстэй дээл зарах гэж байна худалдаад авчих уу” гэсэн тэгэхээр нь би ажлаасаа гарч ирээд машин дотроо ороод үстэй дээлийг нь үзэхэд цэнхэр торгон өнгөтэй, шинэвтэр үстэй дээл байсан. Мөн дээл хийхээр бэлдсэн байсан 20 гаруй хурганы арьс байсан. Тэгээд тэр үстэй дээл авч яваа хүнийг “чи манай дээд талын ангид байсан Т.Х мөн үү” гэхэд тэр залуу “бишээ, намайг Т.Т гэдэг" гэж хэлсэн. Тэгээд “энэ дээлийг зарахыг эхнэр чинь зөвшөөрсөн юм уу” гэхэд “зарахыг зөвшөөрсөн юм. Би найзынхаа зээлийг төлөх гэсэн юм. Би хөдөө ******** суманд мал маллаж байгаа. Элдсэн арьснаас нь нэг арьс урагдсан байсныг би элдэж байгаад ураад оёсон" гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр баараггүй юм бол гээд 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай нөхөрт 100.000 төгрөг гэж хэлсэн байсан. АТМ-ээс мөнгө авахад 80.000 төгрөг байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны орчим манай дүү надад “Б.т ахын гэрт хулгай орсон байна. Дээл хулгайд алдагдсан” гэсэн гэж ярьсан. Тэр үед манай нөхөр С.В Түнэл сум руу ажлаар явсан байсан. Нөхрийг ирэхээр нь “Б.Тын гэрт хулгай орж үстэй дээл алдагдсан байна Б.Т гэрээс алдагдсан үстэй дээлийг чи бид хоёр авчихсан юм биш байгаа” гээд Б.Т руу залгахад тэр үед утас нь холбогдохгүй байсан. Тэгээд утас руу нь байн, байн залгаж үзэж байгаад Б.Тад үстэй дээл, хурганы арьс худалдаж авсан талаар хэлсэн. Тэгээд Б.Т уг дээлийг үзээд “миний хурган дотортой дээл мөн байна” гэж хэлсэн. Б.Тын эд зүйлийг өөрт нь буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/.

Гэрч Т.С.Вын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед таксинд явж байгаад өөрийхөө 12 дугаар хорооны 08-р гудамжаар ороход урдаас нэг хүн гар өргөхөөр нь машиндаа суулгаж аваад зах орно гээд явсан, Машинд сууж явахдаа тэр хүн “үстэй дээл 250.000 төгрөгөөр зарна” гээд “намайг сонирхохгүй юм уу” гэхэд би “үгүй” гэж хэлсэн юм. Тэр хүн өөрөө би Бүрэнтогтох сумын аймгийн алдарт уяач Ц.Ж гэж хүний хүүхэд гэж байсан. Тэгээд тэр залуу “шууд би энэ дээлээ 100,0 төгрөгөөр зарлаа” гэж хэлсэн. Тэгээд би дээлийг нь авах гээд эхнэрт үзүүлэхээр эхнэрийн ажил дээр авч очсон юм. Тэгээд манай эхнэр Д.В гарч ирж үзээд “өөрөө л мэдэхгүй юу” гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр Д.В “наадах чинь хулгайн эд зуйл биш биз” гэхэд “манай эхнэрийн дээл юм, мөнгөний хэрэг болоод зарах гэж байна" гэж хэлсэн. Манай эхнэр тэр хүнийг “чи чинь Т.Х билүү” гэхэд “биш, намайг Т.Т гэдэг юм” гэж хэлж байсан. Тэгээд дөрвөн замын АНУ дээр очиж АТМ-аас 100.000 төгрөг аваад 80.000 төгрөгийг тэр залууд өгсөн. Тэгээд би 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Түнэл сум руу явчихаад 2 хоноод ирэхэд манай эхнэр “Б.Г-ийн гэрт хулгай орсон гэнээ. Үстэй дээл алдагдсан гэж байна, нөгөө худалдаж авсан дээл Б.Н дээл юм шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би Б.А руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 2 хоногийн дараа Б.Агийн гэрийн хаалга онгорхой байхаар нь ирчихсэн юм байна даа гэж бодоод утас руу нь залгасан. Тэгтэл Б.А утсаа аваад “би дээл худалдаж авсан, чи ирж хараач” гэхэд ирж үзээд “миний дээл мөн байна" гэж хэлсэн,..Т.Х гэж намхан биетэй, шар царайтай л юм байсан. Хар өнгийн богино куртиктэй байсан сайн анзаараагүй. Тэр эрэгтэй хүн согтуу байсан, Тэр хүн 4-р хороонд айлд очино гээд хүргүүлсэн. Би хаягийг нь бол хараагүй. Үстэй дээл нь хөх өнгөтэй, надад бол 35 ширхэг хурганы арьс гэж байсан дараа нь тоолж үзэхэд 30 ширхэг хурганы арьс байсан. Тэр нөхөр машин дотор орж ирж суугаад Альфа гэсэн нэртэй архи ууж байсан энгэрийнхээ халаасанд 2 шил архи хийсэн байсан. Лав л 3 шил архитай байсан, Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би 2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-р хороонд соггуу явж байгаад айлаас юм хулгай хийсэн. Би тэр үед согтуу болохоор хулгай хийсэн өдрөө санахгүй байсан. Би айлаас үстэй дээл, 20 гаруй хурганы арьс, 2 шил архи хулгай хийсэн. Дээл нь хөх өнгийн торгоор өнгөлсөн үстэй дээл байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор хэдэн хурганы арьс байсныг тоолоогүй, хулгайлсан архиныхаа нэрийг санахгүй байна. Энэ хулгайг өдрийн 15-16 цагийн үед хийсэн. Хулгай хийхдээ хашааг давж ороод байшингийн цонхны салхивчийг түлхсэн чинь онгойсон .Тадна талын салхивчинд бол ямар нэгэн хадаас энэ тэр байгаагүй. Тэгээд тэр салхивчаар нь ороод хойморт байсан авдарнуудыг онгойлгож үзэхэд нэг авдарнаас эдгээр зүйл гарч ирэхээр нь аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд би буцаж хашааг нь давж гараад энэ айлынхаа гудамжныы үзүүрээс такси барьсан. Тэр таксины жолоочид хулгайлсан хурганы арьс, дээлээ нийтэд нь 80.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би зах дээр буусан, архийг нь би өөрөө уусан. Нэг архийг нь уугаад тасарсан байсан... Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, манай эхнэр мөн ажилгүй. Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй. Одоо хадам ээжийнхээ гэрийг гуйж бариад амьдарч байна. Хоёр хүүхэд маань хоёулаа цэцэрлэгийн насны, тогтсон орлого байхгүй болохоор амьдрал хүнд байдаг. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө юу ч байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-

р тал/

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 001 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р тал/

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30-р тал/

Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 31-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2-д зааснаар орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэл эдлэж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа буюу ялтай байдалд байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Тийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Б.Т-д орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыгжирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзусгай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Т-д хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6.. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ