Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 181/шш2017/00462

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00462 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Ф ХХКхолбогдох

4 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээс илүү төлсөн 3 000 000 төгрөг, Хово авто машиныг хурааж авч эдэлсний хохирол 1 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Иргэн Б.Б нь 2015.06.02-ны өдөр М.Ф ХХК-иас Хово авто машиныг 56 100 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, хэлцэл хийсэн бөгөөд ингэхдээ Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн өдөр 35 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 21 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл Б.Бийн төрсөн эцэг Э.Баярбаатар нь элэгний хорт хавдар өвчний 4 дүгээр үе, бусад эрхтэнд үсэрхийлсэн гэсэн оноштой тогтоогдсон. Үр хүүхдүүд нь Хөх хот руу эмчилгээнд авч явсан бөгөөд Монголд мөн адил байнгын эмчилгээнд их хэмжээний төлбөр төлж байсан ч эцэг нь 2015.10.12-ны өдөр нас барсан.

М.Ф ХХК-ий захиралд дээрх ар гэрийн гачигдлаа хэлж, гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 1 жилээр хойшлуулж өгөхийг гуйхад зөвшөөрсөн байдаг.

2016.02.02-ны өдөр М.Ф ХХК-иас ярьж мөнгөө тушаа гэсний дагуу 2 000 000 төгрөгийг захирал н.Уранчимэгийн охин болох Э.Солонгийн Хаан банкны 5007713917 тоот дансанд тушааж, бэлнээр 5 000 000 төгрөг тушаасан.

Гэтэл М.Ф ХХК нь Б.Бийн зөвшөөрөлгүй Гачууртад тавьсан байсан Хово авто машины дотор байсан эд зүйл, багаж, машины түлхүүрийн хамт хурааж, барьцаалан авч явсан. Үүний дараа 2 960 000 төгрөг болон нийт 9 940 000 төгрөг төлсөн. Ингээд зээлийн алданги болон үлдэгдэл төлбөр нийт 28 000 000 төгрөгөөс н.Уранчимэг захирлын зөвшөөрлөөр 3 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тул 25 000 000 төгрөгийг бэлнээр тушаасны дараа М.Ф ХХК-ний нягтлан бодогч тооцоо дууссан гэсэн тамгатай албан бичиг өгсөн.

Төлбөр дууссан гэсэн бичгээ үзүүлж, Хово авто машиныг авах гэтэл захирал н.Уранчимэг яг одоо илүү 3 000 000 төгрөг төл төлөхгүй бол машиныг өгөхгүй гэсэн. Тухайн үед уурхайд ажил олсон байсан тул машинаа авахаас өөр аргагүй байсан тул дарамт шахалтаар илүү 3 000 000 төгрөг төлж машинаа аваад дотор байсан эд зүйл, багаж, түлхүүр алга байсан ба машины баруун талын шинэ дугуйг эвдэж янзалсан байсан.

Иймд Зээлээр худалдах, худалдн авах гэрээ-ний үүргээс илүү төлсөн 3 000 000 төгрөг, Хово авто машиныг хурааж авч эвдэлсний хохирол 1 350 000 төгрөг, нийт 4 350 000 төгрөгийг М.Ф ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2015.06.12-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Б.Бтой сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний дагуу манай компани Хово маркийн авто машиныг хүлээлгэн өгсөн бөгөөд Б.Б хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

Б.Б нь энэ хугацаанд нэг ч төлбөр хийгээгүй бөгөөд өвчин, зовлонтой байна гэхээр нь бид ойлгож, 2015.10 сар хүртэл гэрээг сунгасан. Үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлэхгүй 2016 он гаргаж, 2016.02.02-ны өдөр нийт 7.000.000 төгрөг төлж, дахин холбоо барихгүй алга болж гэрээний үүргээ биелүүлээгүй. Бид агаа барж гэрээний 5.2.5-д заасны дагуу техникийг хураан авч гэрээний үүргээ биелүүлэхийг сануулсан. Тус гэрээний 3.11 дэх заалтыг үндэслэж манай компани гэрээгээ цуцалж, техникийг ашигласан сар тутамд түрээсийн хэлбэрт шилжүүлэн тооцсон бол 7 сар ашигласан байдаг. Ашигласан сар тутам нь 15.000.000 төгрөгөөр тооцож, техникээ буцаан авч дээрээс нь 63.000.000 төгрөг нэхэмжлэл эрх үүссэн байсан ч бид Б.Бт итгэж, боловч олгож, энэхүү нэхэмжлэлээ шүүхэ гаргахгүй төлбөрөө төлж дуусахыг нь хүлээсэн.

Үүний дараа Б.Б нь 2.960.000 төгрөг төлсөн бөгөөд энэ төлөлтүүд бүхэлдээ алдангид суутгагдсан.

Б.Б нь захирал Н.Уранчимэг 3.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэж байна. Гэтэл Н.Уранчимэг нь хөнгөлөлт үзүүлэх эрхгүй этгээд юм. М.Ф ХХК иргэн Б.Бийн гэрээни төлбөрөөс 3.000.000 төгрөгийг хөнгөлж байсан удаа байхгүй.

М.Ф ХХК-ний нягтлан бодогч тооцооны үлдэгдэлгүй гэх албан бичгийг Б.Бт өгсөн гэсэн байна. Тус тооцоо нийлсэн акт нь Монтрак групп ХХК-ий нягтлан бодогч тооцоо нийлж, гары үсэг зурсан байна.

Монтракт групп ХХК-ний нягтлан н.Амгаланжаргал М.Ф ХХК-ний авлагаас 3.400.000 төгрөг хөнгөлсөн байсан. Үүнийг манай компний захирал мэдэж үлдэгдэл 3.000.000 төгрөгөө өгөхийг Б.Бт мэдэгдэхэд Б.Б нэн даруй зөвшөөрч 3.000.000 төгрөгөө төлсөн болохоос манай компани дарамталж шахсан зүйл байхгүй.

Б.Б нь манай компанийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл өгч шалгуулсан ч эвдэлсэн, эд зүйл алдагдсан нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б нь М.Ф ХХК-нд холбогдуулан 4 434 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 84 550 төгрөг нэмж тооцсон болохоо тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлага 4 350 000 төгрөг болохыг, мөн хохирол 1 350 000 төгрөгийг гэрээний харилцааны улмаас учирсан хохирол гэж нэхэмжилж байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулсан.

Нэхэмжлэгчийн гаргасан илүү төлсөн 3 000 000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 1 350 000 төгрөг, нийт 4 350 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15/16 дугаартай, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас Хово 336 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг 56 100 000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийн нөхцлийн хувьд гэрээ байгуулах үед 35 000 000 төгрөгийг төлж, үлдэх 21 100 000 төгрөгийг 5 сарын хугацаанд 2%-тэйгээр /сарын/ төлөхөөр, хэрэв гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор талууд тохиролцжээ.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний хэрэгжилт, төлбөрийн нөхцөл зэрэг шинжээрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээнд хамаарч байна.

Гэрээний хэрэгжилтийн явцад Б.Б нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн сүүлийн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сард төлж барагдуулсан, гэрээнд зааснаар тооцсон алдангийн хэмжээ болон нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 63 000 000 төгрөг төлсөн үйл баримт дээр талууд маргаагүй.

 

2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15/16 дугаартай, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд Монтрак фотон биш Монтрак групп ХХК-ийн тамга дарагдсан байгаа боловч уг гэрээний харилцаа нь Б.Б-М.Ф ХХК-ийн хооронд үүссэн,

мөн нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний төлбөрийг төлөхөд үйлдэгдсэн санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт, баталгаа дээр Монтрак групп ХХК-ийн санхүүгийн тэмдэг дардагсан байгаа боловч энэ нь Б.Б-М.Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15/16 дугаартай, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр явагдаж харилцаа гэдэг дээр талууд маргахгүй гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч талтай тооцоо нийлэхэд төлбөрийн үлдэгдэл 28 400 000 төгрөгөөс 3 400 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг төлүүлэхээр тооцоо нийлж баталгаа үйлдсэн. Ийнхүү тооцоо нийлсний үндсэн дээр төлөх ёстой 25 000 000 төгрөгийг төлсөөр байтал хариуцагч нь хөнгөлөлт үзүүлсэн гэх 3 400 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлүүлсэн тул энэхүү илүү төлсөн гэж үзсэн 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагчийн талын зүгээс гэрээнд зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Б.Б нь 28 400 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 25 000 000 төгрөг төлөгдсөнтэй маргахгүй, гэхдээ Б.Бтой тооцоо нийлсэн А.Амгаланжаргал гэх хүн нь М.Ф ХХК-ий өмнөөс бусдын төлбөрийг хөнгөлж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан бол биш, тэр ч үүднээс маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлөөгүй үлдсэн 3 400 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нь төлүүлсэн гэх тайлбарыг хариу гаргасан.

Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний харилцаанаас үүссэн төлбөрийн үлдэгдэл 28 400 000 төгрөг байсантай маргаагүй тул түүнээс өмнөх төлбөр төлөлт, алдангийн тооцоололд дүгнэлт өгөх шаардлагагүй.

Талуудын мэтгэлцээний байр суурийн зөрүү нь 3 400 000 төгрөгийн үүргээс худалдагч нь худалдан авагчийг чөлөөлсөн, хөнгөлсөн гэдэг дээр гарч байна. Гэрээнд зааснаар үүссэн мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөх эрхийг зөвхөн гэрээний талууд эдлэх учиртай.

Худалдагч тал нь хуулийн этгээд /компани/ байгаа учир Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна ... гэсэн хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд М.Ф ХХК-ийн аливаа шийдвэр гаргалтын үйл ажиллагаа нь гүйцэтгэх удирдлага, эсхүл түүнээс итгэмжлэл авсан албан тушаалтанд хамаарна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгаанд ямар үндэслэлээр 3 400 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь тодорхойгүй, энэ талаар өмнө дурдсанчлан М.Ф ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, эсхүл гэрээний худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийгдсэн тохиролцоо байхгүй, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсний маргааш буюу 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б нь өөрөө 3 000 000 төгрөгийг тушаасан зэрэг үйл баримтууд байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэл, тайлбартаа н.Уранчимэг захирал 3 000 000 төгрөгийн төлбөрийг хөнгөлсөн гэж байгаа боловч н.Уранчимэг нь М.Ф ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, эсхүл эрх бүхий албан тушаалтан болох нь баримтаар нотлогдоогүй болно. Мөн 2016 оны 02 дугаар 03-ны өдөр Б.Боос Э.Солонгод 2 000 000 төгрөг төлсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт гаргаж өгсөн нь маргааны зүйлд хамаарахгүй байгаа болохыг дурдвал зохино.

 

Хохиролд 1 350 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч нь гэрээний харилцааны улмаас учирсан хохирол гэж үндэслэжээ. Маргаан гарах үндэслэл бол М.Ф ХХК нь гэрээнд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тул 2016 оны 02 дугаар сард гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэгт эрхийн хүрээнд Хово 336 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг Б.Боос буцаан авч өөрийн эзэмшилд битүүмжилснээс үүджээ. Тээврийн хэрэгслийг битүүмжлэх үед Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан гэдэг дээр талууд маргаагүй.

Нэхэмжлэгчээс хариуцагч тээврийн хэрэгслийг битүүмжилж авах, хариуцагчаас нэхэмжлэгч эргүүлж тээврийн хэрэгслээ буцаан авах үед хүлээлцсэн баримт үйлдэгдээгүй, нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгсэлд хичнээн төгрөгийн ямар хэмжээний хохирол учирсан болохыг нотлоогүй байна. Түүнчлэн М.Ф ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Б.Бийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх асуудлыг шалгаад Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5075 дугаар тогтоолоор эд зүйл алдагдсан, гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй үндэслэлээр эрүүгийн үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ийнхүү эрүүгийн журмаар шалгасан асуудал нь одоо шүүхэд гаргасан хохирол учирсан талаарх нэхэмжлэлийн шаардлагатай адил гэдгийг нэхэмжлэгч талаас тодруулсан болно.

Нэхэмжлэгчийн гаргасан 1 350 000 төгрөг нэхэмжилсэн шаардлага нь гэрээний хэрэгжилтийг хангах явцад гарсан маргаан байх тул гэрээний харилцааны улмаас учирсан хохирол гэж үзэн шүүх шийдвэрллээ, ингэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч талд хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож байна.

 

Нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн шаардлагуудыг хангасан нотлох баримтыг үнэлсэн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч М.Ф ХХК-иас 4 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ