| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0544/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.7.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
2025 01 24 2025/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0544/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000505 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмээ, авга эгч, хүргэн ах, түүний хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод түр оршин суудаг, урьд
Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145-д зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар үлдэгдэл 1 жил, 9 сар, 7 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа үйлдсэн гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийгүүлж, нийт эдлэх ялын хугацааг 1 жил, 6 сар, 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шийтгүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын , 26 дугаар байрны авто зогсоолоос ******* эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота маркийн, 4,930,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл,
2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ны нутаг дэвсгэр, 10 дугаар төвийн гадна зогсоолд байсан ******* эзэмшлийн улсын дугаартай Приус 10 маркийн, 4,324,440 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл,
2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 30 дугаар хороо 22 дугаар байрны гадна зогсоолд байсан эзэмшлийн улсын дугаартай Тоёота королла маркийн, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл,
2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******, 18 дугаар байрны авто зогсоолоос эзэмшлийн улсын дугаартай Тоёота Пруис-11 маркийн, 5,800,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл,
2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Альфа тауны авто зогсоол дээр байсан иргэн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Коррола маркийн, 5,500,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг тус тус өөрт байсан түлхүүрүүдээр тааруулан онгойлгон улмаар асааж унаж явсан,
мөн хохирогч ******* эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан мөнгөлөг саарал өнгийн олон үйлдэлтэй хутга, теннисний ракет, флаш оролттой тоглуулагч, нарны шүхэр зэрэг 130,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,
******* эзэмшлийн улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан 20 литрийн савлагаатай 2 ширхэг гидрийн шингэн, повер банк зэрэг 286,940 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг агуулах, саванд буюу тээврийн-хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийн талаар:
2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 5-7/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгслийг 26 дугаар байрны булангийн шороон авто зогсоолд байрлуулаад тээврийн хэрэгслээ бүрэн унтрааж түгжээд гэртээ орж амарсан. Өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 07 цаг 25 минутад гэрээсээ гараад ажлын машинаар ажил руугаа явсан. Ингэхдээ машинаа байгаа эсэхийг шалгаж үзээгүй. Орой нь буюу 18 цаг 40 минутын үед гэртээ ирэхдээ машинаа харахад байхгүй байхаар нь гэртээ ороод эхнэрээс машин унасан талаар асуухад эхнэр машин унаагүй гэхээр нь би буцаж гараад ойр орчимдоо хараад байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний тээврийн хэрэгслийн түлхүүр 2 хувь байдаг ба тухайн хоёр түлхүүр гэрт байж байдаг, эхнэр унах үедээ аваад гарчихдаг, нөгөө түлхүүрийг нь бараг ашигладаггүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 17/, ...цагдаагийн байгууллагаас миний хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг олж өгөхөд би машин дотор байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд мөнгөлөг саарал өнгийн олон үйлдэлтэй хутга, хар хөх өнгийн цахилгаан гэртэй теннисний ракетыг 2023 оны хавар спорт барааны дэлгүүрээс 60,000 төгрөгөөр, машины хар өнгийн флаш оролттой МП тоглуулагчийг 2022 онд Дархан зах дээрээс 30,000 төгрөгөөр, хөх нарны шүхрийг онлайн захиалгаар 15,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Би гомдолтой байна. Машин дотроос хулгайд алдагдсан эд зүйл болон миний машинд байсан 30 литр А92 бензин 1 литр нь 2470 төгрөг бөгөөд 74,100 төгрөгийн бензин дууссан байсан. Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэл очиж авахад гарсан зардал 144,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21/,
Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 22-23/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хавтаст хэргийн 8-12/,
Сэжигтэн *******ын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 13-14/,
“Капитал Зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 27-28, 34-35/,
улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 210/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 212-214/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 215-219/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах эрүүл мэндийн 10 дугаар төвийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн улсын дугаартай номин ногоон өнгийн Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг байршуулаад 2024 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд гарч ирэхэд миний тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Машин цоожтой байсан түлхүүрээр онгойно. ...Машинаа 4,000,000 төгрөгөөр, дотор нь экскаваторын сэлбэг байгаа. Нийт 8,000,000 орчим төгрөгийн сэлбэг байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 229-230/,
2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн “Би өөрийнхөө алдсан тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээж авлаа. Машин дотор байгаа экскаваторын сэлбэг болон бараануудаа авсан падаантайгаа тулгаж үзлээ бүгд бүрэн байна. Харин машин дотор байсан 20 литрийн канистртай 2 гидрийн шингэн байсан. Нэг канистр нь байхгүй болоод нөгөө сав нь хоосорчихсон байсан ба дотор байсан том повер банк байхгүй болсон байна. Өөр ямар нэгэн зүйл дутагдаагүй байна. 20 литрийн савтай нэг канистр гидрийн шингэнийг 120,000 төгрөгөөр авч байсан. Хоёр канистр нь 240,000 төгрөг болно. Повер банкийг сайн мэдэхгүй байна. Вольт өндөртэй хэмжээ томтой повер банк учир 100,000 орчим төгрөг болох байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 231/, ...Би өөрийн машинаас алдагдсан гидрийн шингэн болон утасны зөөврийн цэнэглэгчээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 206/,
Дамно ХХК-ийн тээврийн хэрэгслийг 4,037,500 төгрөгөөр, гидрийн шингэн 2 сав 240,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 242-245/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтас 208-211/,
улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2-р хавтаст хэргийн 45-46/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2-р хавтаст хэргийн 47-49/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өчигдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ явсан гэрийн гадаа зогсоол хайгаад өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ 20 цагийн үед 22 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын үзүүрт байрлуулаад гэртээ орсон. Тэгээд 21 цагийн үед гарч ирэн машины багаж руу юм хийчхээд гэртээ орсон ба орохдоо машиныхаа хаалгыг түгжээд татаж үзсэн. Өнөө өглөө 07 цаг 15 минутын үед гарч ирээд машин дээрээ ирэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 52-53 дугаар тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээг 6,000,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хавтаст хэргийн 56-57/,
улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийн талаар:
бичгээр гаргасан өргөдөл /1-р хавтас хэргийн 168/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...цагаан өнгийн Тоёота Приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ зогсоож байрлуулаад машины түлхүүрийг аваад хаалгаа түгжээгүй цоожлоогүй орхиод байрныхаа дэлгүүрээс хүнс аваад гэртээ орж амраад 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 08 цаг 15 минутын үед гэрээсээ гарч ажилдаа явах гээд машин зогсоосон газраасаа машинаа авах гэтэл миний машин алга болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 171-172/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 173-175/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 176-178/,
“Капитал Зууч" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр автомашины үнийг 5,800,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 183-184/,
улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 103-104/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтаст хэргийн 105-107/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл тужийн нарс ээж мод гэх газруудаар өөрийн Тоёота королла улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ эхнэр хүүхдүүдийн хамт яваад 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Альфа тауны байрны хажууд өөрийн машинаа байрлуулаад хүүхдийнхээ гэр лүү орж хоночхоод өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөө машинаа унаад Хөвсгөл аймаг руу явах гээд гараад ирсэн чинь миний машин алга болсон байсан, тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний авто машин цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. 2002 онд үйлдвэрлэсэн 2013 онд монголд орж ирсэн, би 2023 онд Дархан-Уул аймгаас 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний машины урд гүперийн нэмэлт гэрэл байдаг хэсэг нь сэтэрсэн скочоор наасан байгаа өөр онцлох шинж тэмдэг байхгүй. Миний тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, ямар нэгэн банкны барьцаанд байхгүй. Миний авто машины түлхүүр одоо надад байгаа илүү түлхүүр байхгүй. Миний тээврийн хэрэгсэл дотор машины бичиг баримт жолооны үнэмлэх даатгалын хуудас байсан өөр ямар нэгэн үнэт эдлэл болон эд зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 110/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн: “...Эд зүйлийн өнөөгийн үнэ 5,500,000 төгрөг байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 115-116/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 02-ны оройн 23 цагийн орчимд Дархан сумын ******* Цахирын 2-17 тоот гэрээсээ гараад Дархан сумын шинэ хорооллын 26 дугаарын байрны зогсоол дээр явган алхаж очсон. Тэндээс Тоёота гранд марк-2 маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу унаж явах зорилгоор тухайн машинд түлхүүр тааруулан хаалгыг нь онгойлгосон. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг асаахдаа бас түлхүүр тааруулж асаагаад 26 дугаар байрны хажуугийн зогсоолоос хөдөлж шинэ хорооллын ар талын зам руу орж яваад, 380 айлын уулзвараар зүүн гар тийш эргэж чигээрээ яваад Комфорт зочид буудлын уулзвараар баруун эргэж, Байгаль орчны уулзвараар зүүн гар тийш эргэж чигээрээ Улаанбаатар хот руу явж өглөөний 06 цагийн орчимд Улаанбаатар хотод ороод Баянзүрх дүүрэг Нарантуул зах руу тухайн машинтай очиж автомашины зогсоол дээр машин дотроо унтаж байгаад оройны 17 цагийн орчимд тухайн зогсоолоос гарч яваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны арын талын автомашины зогсоол дээр тухайн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулаад унтаж амарсан. Тухайн машинаар шөнөжин нормалдаж хоносны улмаас бензин дуусаж авто машин унтарч аккумлятор нь суусан байсан. Тэгээд би тэр машин дотроо хэвтэж өнжөөд орой нь тухайн тээврийн хэрэгсэл дотроос теннисний ракет, борооны шүхрийг авч тухайн машиныг дотроос нь цоожилж үлдээгээд ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах Баянзүрх дүүргийн эмнэлгийн хашааны гадна талын зогсоол дээр зогсож байсан Тоёота Приус-11 маркийн улсын дугаарыг нь санахгүй байна, усан цэнхэр өнгөтэй тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж онгойлгоод асааж яваад Улаанбаатар хотод дотор нэг хоног явсан. Тэгээд маргааш нь Улсын 3 дугаар эмнэлгийн хойд талд байрны грашын үүдийг таглаж тавьсан. Түүний дараа хажуу талын байрны зогсоол дээрээс Тоёота королла маркийн бор шаргал өнгийн улсын дугаар тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан онгойлгож асаагаад унаж яваад Дархан-Уул аймагт ирж 25 дугаар хороолол шинэ 5 давхар байрны ар талын зогсоолын хэсэгт машиныг үлдээсэн. Би 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дархан сумын 1******* 18 дугаар байрны гадна талын зогсоол дээр зогсож байсан Тоёота Приус 11 маркийн улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж онгойлгоод асааж яваад Ширээн нуруу явсан, тэгээд урагшаа Эрдэнэт тал руу шороон замаар явж байгаад асфальтан зам руу орохоос өмнө зогсож хэсэг унтсан. Маргааш өглөө нь босоод цаашаа Хөтөл буюу Сэлэнгэ аймгийн Сайхан суманд очиж зүгээр байж байгаад орой 22 цаг 30 минутын орчимд буцаад Дархан руу явсан. Тэгээд явж байтал Дархан-Номгон хоёрын голд миний авч явсан машин хааз авахаа болихоор нь тэндээ үлдээгээд тэндээсээ замын унаанд сууж Дархан-Уул аймагт ирсэн. Дараа нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дархан сумын 13 дугаар баг Альфа хотхоны гадна талын авто машины зогсоол дээр байсан Хөвсгөлийн дугаартай Тоёота королла маркийн автомашиныг авч явсан юм. Энэ автомашиныг Улаанбаатар хот руу унаж яваад 3, 4 дүгээр хорооллын арын замын ойролцоо үлдээсэн юм. Ийм асуудал болсон. Би машин хэрэг болоод энэ гэмт хэргүүдийг үйлдэж байсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргүүдийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 150-152/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Машин, тээврийн хэрэгсэл дотор байгаа эд хөрөнгийг бусдын хууль бус халдлагаас хамгаалах зорилгоор түгждэг ба машины дотор болон арын ачааны хэсэгт байгаа эд хөрөнгийг уг машинд түлхүүр тааруулан нэвтэрч хууль бусаар, далд аргаар авч буй үйлдэл нь хулгайлах гэмт хэрэгт хамаарна.
Учир нь автомашин буюу тээврийн хэрэгсэл нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалах зорилгоор цоож, хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан агуулах” гэдэгт автомашин доторх орон зай хамаарна.
Шүүгдэгч ******* нь ******* эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Марк 2 тээврийн хэрэгслээс мөнгөлөг саарал өнгийн олон үйлдэлтэй хутга, хар хөх өнгийн цахилгаан гэртэй теннисний ракет, машины хар өнгийн плаш оролттой МП тоглуулагч, хөх өнгийн нарны шүхэр зэрэг 130,000 төгрөгийн эд зүйл, ******* эзэмшлийн улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан 20 литрийн савлагаа бүхий 2 ширхэг гидрийн шингэн, повер банк зэрэг 286,940 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг агуулах, саванд буюу тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч дотор нь байсан эд зүйлийг авсан үйлдэл нь тусдаа бие даасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангах ба уг тээврийн хэрэгслийн байршил өөрчлөгдсөн байсан нь энэ гэмт хэргийг үгүйсгэх шинж биш болно.
Өөрөөр хэлбэл автомашиныг унаж яваад өөр газар аваачсаны дараа эд зүйлийг авсан, байрлалаас нь хөдөлгөхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Шүүгдэгч ******* нь түлхүүр тааруулан хууль бусаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2 удаагийн үйлдлээр нийт 416,940 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг завших буюу өөрийн болгож захиран зарцуулах зорилгогүйгээр тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хот болон бусад газарт хүрэх зорилгод ашигласан гэх байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалан агуулахад нэвтэрч үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Тээврийн хэрэгсэлд байсан зүйлсээс алдагдсан эд зүйлс нь гэмт хэргийг хохиролд, автомашинаа буцааж авчрах, автомашины банкинд байсан бензин зэрэг нь хор уршигт хамаарах тул хохирогч ******* алдагдсан эд зүйлийн үнэ 130,000 төгрөг, машинд байсан 30 литр А92 бензин 1 литр нь 2470 төгрөг, нийт 74,100 төгрөг, Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэл очиж авахад гарсан зардал 144,000 төгрөг, хохирогч ******* алдагдсан эд зүйлийн үнэ 286,940 төгрөг, нийт 635,040 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч 348,100 төгрөг, хохирогч 286,940 төгрөг олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нарын автомашиныг биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн /1-р хавтаст хэргийн 23, 129, 2-р хавтаст хэргийн 114, 115/ байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хохирогч 2 савтай гидрийн шингэн байсан гэж мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч 1 байсан гэж мэдүүлж байх учир хасаж тооцуулах саналтай байна” гэж байх боловч хохирогчийн хууль сануулж авсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, гэмт үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа хувийн байдал зэргийг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, дахин ийм төрлийн хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжих болно гэж амлалт өгснийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 37 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 37 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс энэ хэрэгт гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг автомашины түлхүүр, 3 ширхэг түлхүүрийн оосор зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 03 /гурван/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 02 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 37 хоногийг хорих ялын 37 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 635,040 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух Ончуул овогт Сэнгээгийн Болдбаатар /-т 348,100 төгрөг, хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн , тоотод оршин суух -т 286,940 төгрөг тус тус олгосугай.
7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг автомашины түлхүүр, 3 ширхэг түлхүүрийн оосор зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД