| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0025/Э
дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай,
Өсвөр насны шүүгдэгч хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгч хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2418003110862 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1. Монгол Улсын иргэн, өдөр , Мандал суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын цахилгааны 2 дугаар курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, ,,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
******* ургийн овогтой ******* ******* (РД:)
1.2. Монгол Улсын иргэн, өдөр анд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, дүү нарын хамт ,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
******* овогт ******* (РД:)
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, шөнийн 00 цагийн орчим, ,,, байрны урд насанд хүрээгүй хохирогч ямар нэгэн шалтаг шалтгаангүй нүүрэн тус газар нь цохиж, толгой нуруун тус газар нь өшиглөж, хавсарч унаган эрүүл мэндэд бүсэлхийн L3 дугаар нугалмын зөрүүтэй хугарал, зүүн үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан:
Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг (ХХ-ийн 15-16 тал), насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (ХХ-ийн 41 тал), насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (ХХ-ийн 42 тал), насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (ХХ-ийн 44 тал), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг (ХХ-ийн 18, 20 тал), дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1034 дугаартай шинжээчийн дүгнэлт (ХХ-ийн 64-74 тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 155/24 дугаартай магадалгаа (XX-ийн 76-78 тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 156/24 дугаартай магадалгаа (XX- ийн 81-83 тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, нас тоолсон тэмдэглэл, (ХХ-ийн 05-06, 52, 60 тал), өсвөр насны яллагдагч мэдүүлэг (ХХ-ийн 54-55, 58-59, 119 тал), өсвөр насны яллагдагч мэдүүлэг (ХХ-ийн 50-51, 94-95 тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, шөнийн 00 цагийн орчим, ,,, байрны урд насанд хүрээгүй хохирогч зодож гэмтэл учруулсан” гэх үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь:
- Насанд хүрээгүй хохирогч “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд би өөрийн оршин суух , Дархан сум, 1 дүгээр хороолол байрны 02 тоот хаягаас гарч найзтайгаа уулзсан юм аа. Би найзтайгаа шинэ Дарханд байдаг дэлгүүрийн гадаа уулзсан. Ингээд бид хоёр Дархан Их дэлгүүрийн доор байдаг CU худалдааны төв орж тэндээ хэсэг сууж байгаад 00 цагийн орчимд CU-ээс гараад бид хоёр Дархан-50 цогцолборын орчимд очоод тэндээсээ салаад гэр, гэр рүүгээ явцгаасан юм аа. Би гэрүүгээ явж байхад буюу манай байрны ойролцоо байх Баян сан нэртэй дэлгүүрийн гадна явж байхад танихгүй 2 эрэгтэй намайг дуудсан. Би тухайн үед нь тоолгүй явсан. Хархад л архи согтууруулах ундааны зүйл уусан байгаа нь мэдэгдсэн. Ингээд би тоолгүй явж байтал уг 2 эрэгтэй миний араас гүйж ирээд намайг ямар ч шалтгаангүйгээр цохиж зодсон. Цохиж зодохдоо нэг залуу нь миний нүүр рүү эхэлж цохиод дараа нь хавсраад унагасан. Намайг газар унасан байхад уг хоёр хоёулаа дээрээс миний толгой болон нуруу, хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж дэвсэж зодсон. Би зодуулж байгаад босоод зугтсан. Тэгтэл араас уг хоёр эрэгтэй хөөсөн. Тэгээд миний араас хөөж байхад миний урд хамт явсан нэг эрэгтэй нь л юм шиг байгаа юм мөн нэг эрэгтэйд наадхаа бариад ав гэж хэлсэн. Тэгээд уг эрэгтэй нь над руу эргэж хараад хөөсөн. Ингээд би зугтаж байгаад баригдсан. Намайг анх зодож байсан хоёр залуу барьж авсан. Тэгээд дахиад зодож эхэлсэн. Ингэж зодохдоо мөн л ялгаагүй хоёулаа намайг газар унагаж цохиж зодсон. Намайг зодож байхад хамт явж байгаа бололтой 3 эрэгтэй ирсэн. Тэгэхдээ намайг анх дуудаж зодсон хоёр эрэгтэйгээс өөр хүн гар хүрч цохиж зодоогүй ээ. Харин намайг зодож байхад хамт байсан хүмүүс нь уг хоёрыг болиулсан эсхүл хориглосон үйлдэл огт хийгээгүй ээ. Ингээд намайг зодуулж байхад дахиж 2 эмэгтэй мөн нэмэгдэж ирсэн юм аа. Намайг зодсон хоёр хүнээс гадна 4 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс байсан. Би урд өмнө мэдүүлэг өгөхдөө 6 хүн намайг зодсон мэтээр мэдүүлэг өгсөн байна. Тухайн байцаагч нь ойлгоогүй бичсэн юм шиг байна. Ингээд би зодуулж байгаад дахиж зугтаад гэр рүүгээ орсон. Намайг гэр рүүгээ орох хүртэл араас хөөж байсан. Би гэртээ ороод болсон асуудлыг эгчдээ хэлсэн юм аа. Одоо миний биед нурууны хугарал мөн үүдэн нэг шүдний эмтрэл гэмтэл учирсан. Мөн үе үе толгой өвдөөд байгаа. Миний хувьд гомдолтой байна. Байнга л эм ууж байгаа. Намайг зодсон хоёр эрэгтэйн ар гэрээс надад 2 сая орчим төгрөгийн эмчилгээний зардал өгөөд байгаа...” гэх мэдүүлэг (ХХ- ийн 15-16 тал),
- Насанд хүрээгүй гэрч “...Пиво хувааж уучхаад бид нар 00 цагийн орчимд гэрээс нь гарсан. Гараад алхаж байхад *******, түрүүлээд алхаад явсан. Араас нь , хоёртой алхаж байтал хүмүүс орилоод байсан. Дөхөөд очтол манай сургуулийн урд талын жалга дотор , ******* хоёр нэг хүүхдийг дундаа хийчихсэн зодож байсан. Тэгээд гээд манай сургуулийн хүүхэд хүрээд ирэхээр нь салгаач ээ гэж хэлсэн. Тэгсэн жалга руу орж зодуулж байсан хүүхдийг салгасан чинь нөгөө хүүхэд шууд зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 41 тал),
- Насанд хүрээгүй гэрч “...Би тухайн өдөр буюу 11 дүгээр сарын 14-ний 23 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явж байтал дэлгүүрийн урд хүүхдүүд зодолдоод байх шиг байсан. Манай найзууд байна гэж бодоод араас нь гүйгээд сургуулийнхаа урд талын жалганд очоод хартал нэг хүүхдийг дундаа хийгээд хоёр хүүхэд нийлээд зодож байсан. Тэгэхээр нь би бууж очоод салгатал нөгөө хүүхэд шууд цаашаа зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 42 тал),
- Насанд хүрээгүй гэрч “...гэрээс гараад бид нар үйлчилгээний төв рүү явж байхад хөдөө аж ахуйн их сургууль өнгөрөөд явж байтал Баянсан дэлгүүрийн урд талд *******, -эрдэнэ хоёр танихгүй 1 хүүхдийг яасан юм мэдэхгүй ямар нэгэн шалтгаангүй зодоод нөгөө хүүхэд нь зугтаад гүйхэд нь мөн араас нь хөөж ус зайлуулах жалганд оруулаад зодож байсан. Үүнийг , 2 очиж хараад жалга руу ыг оруулж уг хүүхдийг *******, хоёроос салгасан...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 44 тал),
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “.. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим манай дүү Т.Түвшинбэлэг нь гэрээсээ гарч найзтайгаа уулзана гээд явсан. Ингэж яваад гэртээ буцах замдаа буюу байрныхаа ойролцоо үл таних 2 хүүхдэд зодуулж биедээ гэмтэл аваад гэртэй орж ирсэн. Би юу болсон талаар асууж тодруулахад танихгүй 2 хүүхдэд гарч ирээд дуудахаар нь очоогүй. Тэгтэл өөрсдөө ирээд цохиж зодсон мөн зугтаахад нь араас нь хөөж гүйгээд зодсон талаар хэлсэн. Хүүхдүүдийн ар гэрийн хүмүүс уучлалт гуйж эмчилгээний зардалд 2 сая гаруй төгрөг өгчихөөд байгаа. Мөн сэтгэл санааны хохирол төлбөр гээд 10,000,000 төгрөг өгөхөөр тохирч хоорондоо учир зүйгээ олсон тул сэтгэл санааны хохирол төлбөр хэрэгт нэхэмжлэхгүй. Эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг би дараа нь нэгтгэж баримтаар өгч нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 18, 20 тал),
- дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1034 дугаартай “... биед бүсэлхийн L3 дугаар нугалмын зөрүүтэй хугарал, зүүн үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх зүүн үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (ХХ-ийн 65-66 тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 155/24 дугаартай “... овогтой -эрдэнэ нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. овогтой -эрдэнэ нь сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. овогтой - эрдэнэ нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна...' гэх магадалгаа (ХХ-ийн 76-78 тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 156/24 дугаартай “... овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. овогтой ******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна...” гэх магадалгаа (ХХ-ийн 81-83 тал),
- Өсвөр насны яллагдагч “...Би -Эрдэнийн араас нь очоод уг зугтаасан хүүхдийг түрүүлж цохиод тэгээд ч мөн цохиж зодсон. Ер нь бол анх уг хүүхдийг цохиж гар хүрсэн. Тэгээд би хамт зодсон нь үнэн. Уг хүүхдийг зодохдоо бид хоёр газар унагаж байгаад гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсон. Уг хүүхдийг эхэлж дуудсан юм аа. Яах гэж дуудсан талаар би мэдэхгүй байна. бид хоёрын зүгээс 2 сая гаруй төгрөг уг хүүхдийн эмчилгээний зардалд өгчхөөд байгаа юм аа...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 54-55, 58-59, 119 тал),
- Өсвөр насны яллагдагч “...Манай найз ******* бид хоёр нийлээд л хамт уг хүүхдийг зодож цохисон нь үнэн. Гэхдээ анх ******* уг хүүхдийг дуудсан. Би тухайн үед хамт байсан бөгөөд бид хоёрын хэн нь түрүүлж уг хүүхдэд гар хүрч цохисон гэдгээ санахгүй байна аа. Тухайн үед пиво уучихсан байсан учир нэлээд согтсон байсан. Пиво-г манай найз би нэрийг нь мэдэхгүй байна сургуулийн урд байдаг дэлгүүрээс л авч байсан. Уг пиво-г гээд найзындаа бид нар ууцгаасан юм аа. ******* ямар учраас дуудсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Пиво уугаад согтсон байсан учир л цохиж зодсон. Уг үйлдэлдээ харамсаж гэмшиж байна аа. Мөн уг хүүхдийн эмчилгээний зардалд одоогоор ******* бид хоёрын зүгээс 2 сая гаруй төгрөг өгчхөөд байгаа. Би зодсон гэдгээ мэдэж байгаа. Харин хэрхэн яаж зодсоноо сайн санахгүй байна аа. Эхлээд ******* бид хоёр уг хүүхэд дээр очиж зодоход зугтаасан. Тэгээд бид хоёр араас нь 100 орчим метр газар хөөж гүйцэж дахиж зодож цохисон. Уг хүүхдийг зодохдоо би эхэлж хавсарч унагасан. Тэгээд газар унагаад ******* бид хоёр хоёулаа л цохиж зодсон юм аа. Би тухайн үед пиво уучихсан байсан учир согтсон. Тэгээд л уг хүүхдийг зодсон байна аа. Түүнээс уг хүүхэдтэй ямар нэгэн харилцааны маргаантай асуудлаас болсон зүйл байхгүй ээ ...” гэх мэдүүлэг (ХХ-ийн 50-51, 94-95 тал),
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, нас тоолсон тэмдэглэл (ХХ-ийн 05-06, 52, 60 тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар өсвөр насны шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч биед биед “ биед бүсэлхийн L3 дугаар нугалмын зөрүүтэй хугарал, зүүн үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1034 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-66)-ээр нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч биед хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд тус хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэн зүйлчлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул *******д 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, үүнийг 2 дахин багасгаж 1 жилийн хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, *******д мөн 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, үүнийг 2 дахин багасгаж 1 жилийн хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргаж байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзсэн тул бусдад төлөх төлбөргүй. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхэлж авах саналтай байна гэх” саналыг,
Өсвөр насны шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Л.Цуурай “..Өсвөр насны шүүгдэгч нарыг яллахад хувийн байдал, биеийн онцлог, гэм буруугаа хүлээсэн зэрэг асуудлыг харгалзаж шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Шүүгдэгч нарыг би цаашид сурч боловсроод зан үйлээ засаад биеэ авч явах бүрэн чадамжтай гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувийн байдал нэгнийх нь аав нь өнгөрсөн, хоёулаа энэ асуудлаа болж сургуулиасаа хөөгдсөн байдалтай. Шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлсөн байдал болон бидний ирээдүй болсон залуус ганц удаа алдсан алдаанаас нь үүдээд шорон руу түлхэж болохгүй тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,
8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж,
8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заасан.
Шүүх өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг нөхөн төлсөн байдал, хувийн байдал, нас, сэтгэл зүйн онцлог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Өсвөр насны шүүгдэгч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид “сэтгэл санааны хохиролд” гэж 10,000,000 төгрөгийг, эмчилгээний зардалд 2,653,900 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд энэ талаар оролцогч нар маргаагүй байна.
Харин гэм буруугийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардалд 1,422,903 төгрөг, цаашид MRI шинжилгээ хийлгэхэд шаардлагатай 800,000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр 70,000 төгрөг, хичээл хоцрогдол арилгах сургалтад хамрагдах 3,900,000 төгрөг буюу нийт 6,192,903 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн.
Шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбогдох бичгийн нотлох баримтуудыг судлахад “Полигот сургалтын төв”-ийн сургалтын үнийн санал (хх-ийн 25), эмчилгээний зардалтай холбоотой баримт (хх-ийн 27-36)-ууд, насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгч гараар бичсэн, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “сэтгэл санааны хохирол болох 10,000,000 төгрөг авахаар харилцан тохиролцсон тул хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохоор шинжээч томилуулах шаардлагагүй” гэх агуулга бүхий хүсэлт (хх-ийн 39) тус тус хэрэгт авагдсан байна.
Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (хх-ийн 20)-д “сэтгэцэд учирсан гэм хорын уршгийг бид харилцан тохиролцсон учир хэрэгт нэхэмжлэхгүй” гэжээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан бөгөөд шүүх төлбөрийн хэмжээг тогтоохдоо Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг харгалзан үзэж, шинжилгээний байгууллагаас тогтоосон сэтгэцийн эмгэгийн зэргийн хүрээнд шийдвэрлэдэг.
Өсвөр насны шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас насанд хүрээгүй хохирогчид нийт 12,653,900 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд энэ нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нийт нэхэмжлэлд хүрэлцээтэй байх тул түүний шүүх хуралдаанд нэхэмжилсэн 6,192,903 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Харин насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу сэтгэцийн эмгэгийн зэргийг тогтоолгон нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Иймд өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди (CD)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож тогтоож, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид нийт 12,653,900 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу сэтгэцийн эмгэгийн зэргийг тогтоолгон нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий Си Ди (CD)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ