Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

 

 

 

 

 

   2025           01           29                                          2025/ШЦТ/52

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0037/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч Н.,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000810 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь цахим орчинд “ТОРАZ” гэх нэртэй мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 26, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд өөрийн найз ******* “5,000,000 төгрөг түр зээлээч, найз нь Улаанбаатар хотод маханд явах гээд байна, маргааш өглөө чамд буцаагаад өгье, Hyundai Porter загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдан борлуулна” гэж худал хэлэн хуурч, төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3 удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Улаанбаатар Дарханы хооронд цуг таксинд явдаг байх үеэс эхлэн таньдаг байсан ******* гэж залуу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр над руу залгаад найздаа 5,000,000 төгрөг түр зээлээч, найз нь Улаанбаатар хотод маханд явах гээд байна, маргааш өглөө чамд буцаагаад өгье гэж хэлээд гуйхаар нь би 5,000,000 төгрөг ******* банкны ***** гэсэн ******* данс руу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 37 минутад шилжүүлж өгсөн. Гэтэл маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн орчимд дахиж залгаад ...би махаа авч чадсангүй ээ, аавын бие муудаад нутаг руу нь явахаар болчихлоо, мөнгө хэрэг болоод байна, 2 машинаа зарах хэрэгтэй байна, чи миний машинуудыг авах уу гээд 2005 онд үйлдвэрлэгдэж 2010 онд орж ирсэн Lexus RX 330 маркийн машин болон 2014 онд үйлдвэрлэгдэж 2023 онд орж ирсэн Портерт маркийн машинуудаа зарчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд намайг Lexus RX 330 маркийн машиныг чи авах уу гэж надаас асуухаар нь би авахгүй гэж хэлсэн. Гэтэл тэгвэл андаа чи миний, портерыг 15,000,000 төгрөгт авчих гэж хэлэхээр нь би авахгүй ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгвэл чи 12,000,000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь би 12,000.000 төгрөгт бодож авъя гэсэн чинь тэг тэг гэж хэлээд би 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 50 минутад 5,000,000 төгрөг, 14 цаг 12 минутад 2,000,000 төгрөг шилжүүлэн өгөөд нийтдээ 12,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр надад машинаа авчирч өгсөн боловч хэд хоногийн дараа байрны гаднаас илүү түлхүүрээрээ нөгөө машинаа асаагаад аваад явчихсан байсан. Тэр өдрөөс хойш ыг хайгаад олоогүй бөгөөд одоо ******* аав нь тухайн надад зарсан машинаа унаад яваад байгаа. Дүүгээс нь асуухаар манай ах покер тоглоод алга болчихсон, гэртээ ирэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-16/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Бугат сумандаа очоод 7-8 хоноод ирсэн. Тухайн үедээ би эхнэр Мянганцэцэгийн хамт хоёулхнаа хамт явсан. Миний бие 2016 онд шарлаад түүнээс хойш элэгний асуудалтай өвчтэй болсон. Мөн зүрхний хэм алдагдалтай учир эмчийн хяналтад байдаг хүн байгаа юм. *******ын эзэмшилд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байдаггүй. Манай гэр бүлд 2 тээврийн хэрэгсэл байдаг. Тухайн тээврийн хэрэгслүүд бүгд миний өөрийн нэр дээр байдаг. Lexus RX 330  маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг ба тухайн тээврийн хэрэгсэл нь 2024 оны 03 дугаар сард хурдны хайрцагт эвдрэл гараад хашаанд зогссон байдагтай одоог хүртэл байгаа. Харин Hyundai Porter маркийн ******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэвийн ажиллагаатай явж байгаа. Эхнэр бид хоёр Дархан зах дээр махны ченж хийдэг ба тухайн ажилдаа машинаа унаж хэрэглэдэг. Намайг эмнэлэгт болон бие маань чилээрхсэн үед хааяа жолоодоод ээжийнхээ ажилд тусалдаг. Миний нэг машин маань эвдрээд явахгүй байгаа. Hyundai Porter машинаараа махны ажилдаа тогтмол ашиглаж хэрэглэдэг болохоор хэн нэгэн хүнд зарж худалдан борлуулахаар яриа хөөрөө хийж санал тавьж яриа өгүүлэл гаргаж байгаагүй. Би Hyundai Porter машинаа 2023 онд 25,000,000 төгрөгөөр анх худалдан авч байсан. Одоо машины үнэ бүр өссөн байгаа. Би саяхан 2024 оны 10 дугаар сарын сүүлээр Цагдаагийн газраас залгахад л энэ талаар мэдсэн. Надад ямар нэгэн байдлаар машин зарж борлуулсан талаар юу ч яриагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байх хойгуур л ийм асуудал гаргаад явсан байна лээ. Миний машины үндсэн оригинал удирдлагатай түлхүүр нь байхгүй байгаа. Сураг сонсоход машин зарж борлуулна гэж хэлээд мөнгө авсан хүнд нь байгаа юм шиг байна лээ. Намайг төрсөн нутаг руугаа явахад нэг ч төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19/,

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр руу яриад манай аавын бие муудаад мөнгөний хэрэг гараад байна. 5,000,000 төгрөг зээлчих гэж яриад өөрийн дээрх данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд мөн л хувийн хэрэгцээндээ зарцуулаад мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр руу яриад найз нь хөдөө маханд явах гэж байна, мөнгөний хэрэг гараад нэмээд 7,000,000 төгрөг зээлчих гэж хэлээд данс руугаа 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг нийт 7,000,000 төгрөг авсан. Авсан мөнгөөрөө цахим орчинд мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. Би аас авсан мөнгөөрөө цахим орчинд “ТОРАZ” гэх нэртэй хөзрийн покер тоглоом тоглоод дуусгасан. Би аас мөнгө зээлэхдээ худлаа яриад мөнгө авсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23, 30-31/,

*******ын эзэмшлийн ******* банкны ***** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 34-56/,

эзэмшлийн ******* ДАА улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 60/,

Баттөмөрийн ******* ******* банкны **** дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 09/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь мөрийтэй тоглоом тоглох зорилготой байсан атлаа “маханд яваад маргааш өгнө, аавын бие муудад байна, мөнгөний хэрэг байна, өөрийн өмчлөлийн бус Hyundai Porter загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдан борлуулна” гэж худал хэлэн хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Н.аас 3 удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.аас 3 удаагийн үйлдлээр нийт 12,000,000 төгрөг авсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 3.4 дэх хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох; мөрийтэй тоглоом тоглохгүй байх хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагндан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, мөрийтэй тоглоом тоглохгүй байх хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД