Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/101

 

   2021           1              20                                  2021/ДШМ/0101                           

 

 

     Ц.Эад холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ц.Эа, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

хохирогч Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/938 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эа, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Эад холбогдох эрүүгийн 2009012590647 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Н овгийн Ц-ийн Э,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ц.Эа нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хувиараа такси үйлчилгээнд явж байсан хохирогч П.Бд өөрийгөө барилгын компанийн захирал гэж танилцуулан өөрийнхөө жолоочоор ажиллуулахаар хуурч, 2 өрөө байр удахгүй зарна гэж орон сууц захиалгын гэрээний хуулбар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар түүний эзэмшлийн 04-00 УНУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанд Капитал” банк бус санхүүгийн байгууллагад 7,000,000 төгрөгийн барьцаанд тавиулан 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134022663 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

               Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 859 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 33 хоногийн хорих ялаар, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын 1 хоногоор тооцож, 75 хоногийн хорих ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор биелүүлээгүй 33 хоног, 75 хоног хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Эа нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эаас 5,220,000 төгрөг гаргуулан хохирогч П.Бд олгож, нэхэмжлэлээс 9,089,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай эсэхийг тогтооход чухал ач холбогдол бүхий үйл баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, гэрчүүдээс мэдүүлэг аваагүй зэрэг мөрдөн шалгах явцад заавал хийгдэх ёстой тодорхой ажиллагааг хийгээгүйн улмаас Ц.Эад холбогдох  хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна.

 

Шүүх “Ц.Эа нь хохирогч П.Бг хуурч, өөрийгөө барилгын компанийн захирал гэж танилцуулан, жолоочоороо ажиллуулна, 2 өрөө байр удахгүй зарна гэж Ц.Энхбаатар гэгчийн орон сууц захиалгын гэрээний хуулбар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчийн автомашиныг барьцаанд тавиулан мөнгө шилжүүлэн авсан” гэж дүгнэж залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн. Ц.Эын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд шаардлагатай нотлох баримт бүрдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад шүүх хэт нэг талыг барьсан баримтад тулгуурлаж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

 

Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх шүүхийн дүгнэлт нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Эа нь “Төгс цэлмүүн констракшн групп” ХХК-д “Компанийн барилга хариуцсан албаны захирал”-аар 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд П.Бтэй танилцсан, түүнээс мөнгө зээлж авах үедээ “Төгс цэлмүүн констракшн групп” ХХК-д компанийн барилга хариуцсан албаны захирлаар ажиллаж байсан гэдэг нь “Төгс цэлмүүн констракшн групп” ХХК-ийн захирлын тушаалаар тогтоогдож байна. Мөн хохирогч П.Бд үзүүлсэн орон сууц захиалгын гэрээ нь Ц.Эын төрсөн ах Ц.Энхбаатарын нэр дээр байгуулагдсан бөгөөд хожим 2019 оны 6 дугаар сард Ц.Энхбаатараас түүний ээж Ц.Цэрмаа руу шилжсэн байна. Шүүгдэгч Ц.Эын төрсөн ах Ц.Энхбаатар, түүний ээж Ц.Цэрмаа нар нь “Астра Вилла” хотхоны С блокны 5 давхарын 43,28 мк.в 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Ц.Эад олгосон байдаг. Ц.Эа нь дээрх орон сууцыг худалдах зарыг олон нийтийн цахим сүлжээ болон зарын цахим хуудаст өөрийн гар утасны дугаараа байршуулсан байна. Уг үйл баримтаар шүүгдэгч Ц.Эа нь зохиомол байдлыг бий болгоогүй, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь илэрхий харагдаж байна.

 

Залилах гэмт хэргийн иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас ялгагдах нэг шинж нь “... шүүгдэгч гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт өгөхгүй...” гэх санаа зорилго сэдэлтийг агуулсан байдаг. Шүүдэгч Ц.Эа нь хохирогч П.Бд нийт 700,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа нь нэгдүгээрт хариу төлбөр огт төлөхгүй гэсэн сэдэлтийг агуулаагүй, хоёрдугаарт Ц.Эа болон П.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь тогтоогдохоор байна. П.Б нь автомашиныг 7,000,000 төгрөгөөр барьцаанд тавьж, Ц.Эа нь цагаан сарын баяраа тэмдэглэх зорилгоор 3,700,000 төгрөгийг П.Бгээс зээлж авсан болох нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үүнээс үзэхэд тухайн цаг үед цагаан сарын баяр болох дөхсөн байсан тулд дан ганц Ц.Эын ятгалга, гуйлтад автаж автомашиныг барьцаалсан бус П.Бд мөн адил мөнгөний хэрэгцээ гарсан гэдэг нь 7,000,000 төгрөгөөс үлдэх хэсгийг авсан гэдгээр харагдаж байна.

 

Шүүх “шүүгдэгч Ц.Эа нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаанбанкны 5134022663 тоот дансаар шилжүүлсэн авсан байна” гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 27, 48 дугаар хуудаст байгаа П.Б, Ц.Эа нарын Хаан банкны дансны хуулгыг тулгаж үзэхэд П.Бгийн эзэмшлийн 5020715102 тоот данснаас Ц.Эын эзэмшлийн 5134022663 тоот дансанд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1,700,000 төгрөг нийт 3,700,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн хүү гэх 1,920,000 төгрөгийг шүүх хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Эа нь бусдыг залилахын тулд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан эсэхийг эргэлзээгүй тодруулахын тулд шүүгдэгч нь “Төгс цэлмүүн констракшн групп” ХХК-д компанийн барилга хариуцсан албаны захирлаар ажиллаж байсан эсэх талаар тус компанийн эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах, “Астра Вилла” хотхоны С блокны 5 давхрын 43,28 мк.в 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрх Ц.Эад байдаг эсэх талаар төрсөн ах Ц.Энхбаатар, ээж Ц.Цэрмаа нараас мэдүүлэг авах, уг орон сууцыг худалдах зарыг шүүгдэгч Ц.Эа өөрийн цахим хаяг болон зарын цахим хуудаст өөрийн утасны дугаараараа зар нийтэлж байсан эсэхт үзлэг хийх, шүүгдэгч нь П.Бг залилах сэдэлт зорилготой байсан эсэхийг нарийвчлан тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийсний дараа шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн шүүгдэгч Ц.Эын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 938 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Эа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бгээс 3,700,000 төгрөгийг санаатайгаар түүнийг залилах санаатайгаар аваагүй. “Астра вилла” хотхонд байрлах 43 м.кв байрны захиран зарцуулах эрхийг ээж Цэрмаа нэр дээрээ шилжүүлсэн учир би захиран зарцуулах эрхтэй болсон” гэв.

 

Хохирогч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2 жил энэ хүнд залилуулж явсан тул маш их гомдолтой байна. Ц.Эа анхнаасаа миний эх Сүхбаатар аймагт цагаан сар хийх ёстой, би найз охинтойгоо тусдаа гарч амьдрах ёстой, ээжтэйгээ таардаггүй, надад ах байхгүй, миний төрсөн ах намайг үздэггүй, та миний ах” гэж намайг хуурч залилсан. Анхан шатны шүүхээс надад гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг бүрэн гаргуулмаар байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаагүй байгаа учир би гомдолтой байна.” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй боловч гэмт хэрэгт холбогдолгүй болох нотлох баримтуудаа гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан. Ц.Эа нь дуудсан цагт ирдэггүй, хаана байгаа нь тогтоогддоггүй, мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаяг дээрээ оршин суудаггүй, гар утсаар нь холбогдоход “би удахгүй очно” гээд алга болдог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад маш их саад учруулсан. Хэргийн хувьд 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчтой танилцаж өөрийгөө “барилгын компанийн захирал, та миний жолоочоор явж бай, сайн ах минь болоод явчих” гэж хэлээд тухайн үед төрсөн ахтайгаа таарамж муутай болохоо илэрхийлж, итгэл төрүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр автомашиныг “7 хоногийн дотор төлбөрийг нь төлж барагдуулна” гэж хэлж барьцаалуулж, өөрийнхөө жолоочоор явуулж байсан. Тухайн үед цалин хөлс өгсөн зүйл байхгүй, тээврийн хэрэгслийг ломбардад тавиулж сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар нийт 4,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс 700,000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь иргэн хоорондын зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн маргаан үүссэн гэдэг. Гэрээний хугацаа 2020 оны 1 дүгээр сард дууссан бөгөөд энэ хугацаанд хохирогчид төлбөр төлж барагдуулсан зүйл байдаггүйз. Анхнаасаа автомашиныг барьцаанд тавьж залилах, эд хөрөнгө, түүнтэй холбоотой мөнгө төгрөгийг төлж барагдуулах зорилгогүй байсан нь харагддаг. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаад ирсний дараа 2020 оны 7 дугаар сард 100,000 төгрөг шилжүүлснээс үзэхэд шүүгдэгч нь анхнаасаа бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Ц.Эа төлбөр төлж барагдуулаагүй, хувийн байдлын хувьд өмнөх шийтгэх тогтоолоор 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй, шүүхийн дуудсан цагт очоогүй, шийтгэх тогтоолыг гардаж аваагүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дагуу шүүгч өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн ял оногдуулсан. Өмнөх шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Ингэхдээ өмнө цагдан хоригдсон хоногийг хасаж тооцоогүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан өмнөх хоригдсон хугацааг хасаж тооцох нь зүйтэй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч Ц.Эа нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хувиараа такси үйлчилгээнд явж байсан хохирогч П.Бд өөрийгөө “барилгын компанийн захирал” гэж танилцуулан өөрийнхөө жолоочоор ажиллуулахаар хуурч, 2 өрөө байр удахгүй зарна гэж орон сууц захиалгын гэрээний хуулбар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар түүний эзэмшлийн 04-00 УНУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанд Капитал” банк бус санхүүгийн байгууллагад 7,000,000 төгрөгийн барьцаанд тавиулан 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134022663 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Бгийн “... 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт өөрийн эзэмшлийн 04-00 УНУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслээр халтууранд явж байгаад нэг үл таних хүн суулгаад зайсанд байрлах Астро Вилла хотхонд хүргэж өгсөн. Тэрээр “намайг Эа гэдэг. Би барилгын компанийн захирал. Удахгүй 2 өрөө байр зарах гэж байгаа. Би жолооны эрхээ хасуулсан учир машин барьж чадахгүй байна. Та таксинд явж байхаар миний жолоочийг хийгээд өг” гээд миний утасны дугаарыг авсан. Маргаашнаас нь намайг дуудаж 45 хоног орчим хүргүүлж, авахуулдаг байсан. Заримдаа миний машиныг унаад явчихдаг байсан. Би энэ хугацаанд цалин, хөлс болон бензиний мөнгө авч байгаагүй. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр надаас “өөрийн 04-00 УНУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслээ ломбарданд тавьчих мөнгөний хэрэгцээ гараад байна. Долоо хоногийн дотор авч өгнө. Байр олон хүн үзэж байгаа” гэж гуйсаар байгаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шанд капитал” банк бус санхүүгийн байгууллагад 7,000,000 төгрөгөөр тавиулсан. Эа надад “Та 1,000,000 төгрөгөө өөрөө Банк бус санхүүгийн байгууллагад төл, би 2,000,000 төгрөгийг нь танд өгье. Надтай танилцсаны ёндоо болог. Би 4,000,0000 төгрөгийг нь авъя. Би дараа 6,000,000 төгрөгийг хүүтэй нь төлөх болно” гэж хэлээд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2,3000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шанд капитал” банк бус санхүүгийн байгууллагын гадна байх үедээ Мобайл банк ашиглан шилжүүлж байсан. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан скуайрын АТМ-ээс Эын Хаан банкны 5134022663 тоот дансанд шилжүүлж байсан. Энэ явдлаас хойш Эад өгсөн 4,000,000 төгрөг болон хүүг авч чадаагүй өөрөө төлж байгаа тул Цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би эхний хоёр сарын төлөлт хийгээд дараа нь өөрийн дүүгээрээ төлөлт хийлгэж байгаад машинаа барьцаанаас чөлөөлж авсан ...” /хх 12-14, 39-40/,

 

Ц.Эын яллагдагчаар өгсөн “... Би “Төгс цэлмүүн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд тухайн үед такси барьж П.Б ахтай танилцсан. Тухайн үед “ах нь ажилгүй, чи надад бензин хийгээд ажилд чинь явж өгч байя” гэж хэлсэн. “Төгс цэлмүүн” ХХК-ийн захирал Батжаргал, Ганбилэг нартай хамтарч ажиллаж байсан боловч эдгээр хүмүүс нь намайг залилсан, тэгээд Батжаргал, Ганбилэг нартай уулзаж газар, оффис зэргийг авахаар очих үедээ П.Б ахтай хамт очсон. Батжаргал, Ганбилэг нар надад өрөндөө Их засаг их сургуулийн урд талд байрлах “Level” гэх нэртэй шөнийн цэнгээний газрыг өгсөн боловч тэр газар олон газарт өртэй байсан учир чадаагүй. Тухайн үед П.Б ах надтай хамт явдаг, өөрийн машинаа бас өгдөг байсан юм. П.Б ах бид хоёр 2019 онд цагаан сар болох гэж байхад “мөнгө хэрэгтэй байна” гэж ярилцаж байгаад машиныг нь барьцаанд тавихаар болоод 7,000,000 төгрөгөөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах барьцаалдан зээлдүүлэх газар тавиад би 4,000,000 төгрөг, П.Б ах 3,000,000 төгрөгийг авсан. П.Б ахад 500,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн мөнгө төлж барагдуулаагүй ...” /хх 62/ мэдүүлгүүд,

 

Хаан банкин дахь П.Бгийн 5020715102 дугаарын дансны гүйлгээний хуулга /хх 27/,

 

Хаан банкин дахь Ц.Эын 5134022663 дугаарын дансны гүйлгээний хуулга /хх 48/,

 

Орон сууц захиалгын гэрээ /хх 15-19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

               Шүүгдэгч Ц.Эын хувиараа такси үйлчилгээнд явж байсан хохирогч П.Бд өөрийгөө “барилгын компанийн захирал” гэж танилцуулан өөрийнхөө жолоочоор ажиллуулахаар хуурч, “2 өрөө байр удахгүй зарна” гэж орон сууц захиалгын гэрээний хуулбар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар түүний эзэмшлийн 04-00 УНУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанд Капитал” банк бус санхүүгийн байгууллагад 7,000,000 төгрөгийн барьцаанд тавиулан 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134022663 дугаартай дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан байна.

 

            Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

 

Хохирогч П.Б нь Ц.Эын хэлсэн худал зүйлд итгэж, өөрийн эд хөрөнгийг шилжүүлэн өгч хохирсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Эыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 33 хоногийн хорих ялаар, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож 75 хоногийн хорих ялаар тус тус сольж ял оногдуулахдаа тус шийтгэх тогтоолд дурдагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Эад оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 15 хоногийг хасч тооцон 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосныг анхааралгүй буруу тооцож нэмж нэгтгэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэргийг хохирлыг тооцохдоо тухайн хэргийн улмаас учирсан бодит хохирлоор гэмт хэргийн хохирлыг тооцдог бөгөөд анхан шатны шүүх бодит хохирол болох 4,000,000 төгрөгийг хүү 1,920,000 төгрөгний хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хохирол 5,220,000 төгрөг гэснийг 3,300,000 төгрөг гэж өөрчлөх нь зүйтэй.

 

Иймээс шүүгдэгч Ц.Эа, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдаж хавсаргасан Ц.Эын ажил эрхэлдэг байсан талаарх болон бусдыг залилан мэхлээгүй болохыг нотлох ач холбогдол бүхий гэх нотлох баримтуудын хувьд эдгээр баримт нь анхан шатны шүүх хурлаар шинжлэн судлагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх уг нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаар санал хүсэлтээ гаргаж байгаагүй байна.

 

Шүүгдэгч Ц.Эа нь хохирогч П.Бгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5020715102 дугаарын дансанд 3,300,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/938 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

            3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож 75 хоногийн хорих ялаар тус тус сольсугай.” гэснийг ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ... мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож 60 хоногийн хорих ялаар тус тус сольсугай.” гэж,

 

            4 дэх заалтад “... 75 хоног хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “... 60 хоног  хорих хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

 

            7 дахь заалтад “... Ц.Эаас 5,220,000 төгрөг гаргуулан хохирогч П.Бд олгож, нэхэмжлэлээс 9,089,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг Ц.Эаас 3,300,000 төгрөг гаргуулан хохирогч П.Бд олгож, нэхэмжлэлээс 11,009,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эа, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Эа нь хохирогч П.Бд 3,300,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ