| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
2025 02 03 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0009/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000738 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *******
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос ******* 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ орчин” худалдааны төвийн хойд хаалганы ойролцоо иргэн ******* эзэмшлийн Самсунг А-14 загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Дархан зах дээр ганцаараа явж байгаад Шинэ орчин худалдааны төвийн дотор хойшоо гардаг хаалгаар гараад явж байхад үл таних 3 залуу зогсож байсан бөгөөд би хажуугаар нь зөрөх үедээ үл таних 1 залууг биеэрээ мөрлөөд гарчихсан юм. Тэгтэл тухайн залуучууд нь намайг хөгшин хүн байж яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд намайг газарт унагаад нүүр болон гэдэс хэсэг рүү нэлээд хэдэн удаа өшиглөөд яваад өгсөн. Би тухайн үед толгой эргээд доошоо хараад хэсэг хэвтэж байгаад босоод явах гэтэл миний зүүн талын халаасанд ил байсан утас байхгүй болсон байсан тул би цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Миний гар утас тухайн залуучуудтай маргалдаж байх үед миний халааснаас унасан байх, уг хүмүүс надаас хүч хэрэглэж миний гар утсыг авсан зүйл байхгүй. Би ногоон өнгийн Самсунг А-14 маркийн гар утсыг 2023 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Теди төвөөс 699,000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд миний утас нь ар хэсэг 3 ширхэг цуваа байрлалтай камертай юм. Би өөрийн гар утсыг өнөөдрийн ханшаар нь үнэлнэ, ...Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол санад байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10/,
Самсунг А-14 маркийн гар утсыг хүлээн авч, хохирогч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Ихэр могой худалдааны төвийн 3 давхарт байрлах гар утасны лангуу дээр 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчимд гэх согтуу залуу орж ирээд гар утас худалдаж авах уу гэж асуухаар нь би худалдаж авна гэж хэлэхэд халааснаасаа ногоон өнгийн Самсунг А-14 маркийн гар утас гаргаж ирэхээр нь би тухайн хүнээс энэ гар утас таных юм уу гэж асуухад "би энэ гар утсыг өнөөдөр олсон" гэж хэлэхээр нь би уг залууд хандан тэгвэл би худалдаж авахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хөдөө самарт явж байгаад 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд ирсэн бөгөөд би өөрийн найз гэрт нь очиж хоносон юм. Маргааш өглөө нь буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд бид хоёр гэрээс нь гараад Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан зах дотроос 1 шил архи худалдаж аваад бид хоёр хувааж ууж эхэлсэн юм. Уг архийг хувааж уугаад сууж байтал зүс таних гэх нэртэй залуу бид хоёр дээр ирээд ойр зуурын юм хоорондоо ярилцаж байгаад уг архийг хувааж уусан. Тухайн үед архи дуусахаар нь бид нар дэлгүүрээс дахин 1 шил 750 граммын Хараа нэртэй архи аваад Шинэ орчин худалдааны төвийн хойд талын хаалганы ойролцоо зогсоолд уг архийг ууж байтал үл таних 50 орчим насны эрэгтэй хойд хаалгаар гарч ирээд бид нарын хажуугаар зөрөх үед намайг мөрлөөд гарахаар нь миний дургүй хүрээд уг хүнтэй маргалдаад , бид гурав уг хүнийг газарт унагааж байгаад хэд хэдэн удаа өшиглөсөн юм. Тухайн үед уг хүн нь доошоо харж хэвтээд босож ирэхгүй байхаар нь , бид нар уг газраас холдоод би гэр рүүгээ явах гэж байхад цагдаа нарт баригдсан юм. Ийм л асуудал болсон. Тухайн үед нь үл таних хүнтэй маргалдсаны дараа гар утас олсон талаар надад хэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн: “...дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 450,000 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 31-34/,
Яллагдагч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруу, үйл баримтын талаар:
Хохирогч Д.Вантөмөр нь үл таних 3 залуу биед нь халдсаны улмаас халаасанд нь байсан утас байхгүй болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог ба хохирогчийн утсыг зодох, биед нь халдах явцдаа авсан бол дээрэмдэх гэмт хэрэг болно.
Хэдийгээр хохирогч “утсаа алдсан” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлгийг үндэслэл хулгайлах гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байна.
Дээрэмдэх гэмт хэрэгт шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйдлийг ойлгох ба шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан бусадтай бүлэглэн хохирогчийн биед халдаж, газарт унагаж өшиглөсөн үйл баримт тогтоогдож байх боловч хохирогчийн эд хөрөнгийг нь авах санаа зорилготой байсан болох нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь дээрэмдэх, хулгайлах гэмт хэргийн аль алиных нь шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Б.: “...үл таних 50 орчим насны эрэгтэй хүн хойд хаалгаар гарч ирээд мөрлөж гарахаар нь , бид гурав уг хүнийг газар унагаж байгаад нэлээд хэдэн удаа дээрээс нь өшиглөж байгаад эргээд явж байтал газар ногоон өнгийн ардаа 3 камертай утас байхаар нь би уг гар утсыг авч халаасандаа хийгээд , нараас салаад явсан, ...хохирогчийн утас гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг, хохирогч *******: “...Миний халаасанд байсан гар утас тухайн залуучуудтай маргалдаж байх үед миний халааснаас унасан байх, уг хүмүүс надаас хүч хэрэглэж миний гар утсыг авсан зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гар утсаа буцааж авсан” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд сар бүр 337,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******д 1,350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 337,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД