Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/00975

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/00975

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 58 настай, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч, төрийн удирдлага мэргэжилтэй, Хөвсгөл Хүнс ХХК-ийн борлуулалтын албаны менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 411 дүгээр байрны 30 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Цийн Б -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдох,

1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 1,039,119 (нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2021/00899/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад мөн аймгийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар ажпаасаа чөлөөлөгдсөн. Аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай урамшуулал олгох тухай захирамжаар 2020 оны жилийн эцсийн Санхүүгийн тайлангаар илэрсэн алдаа зөрчил, өр авлагын өсөлт, бууралттай уялдуулан санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгохоор болсон. Тухайн урамшуулал нь миний ажиллаж байх хугацаанд санхүүгийн зөрчилгүй ажилласан хөдөлмөрийг үнэлсэн үнэлэмж болно.

Иймд Ц.Б надад Хөвсгөл аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 8-д тусгагдсан 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 1.039.119 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие З.Энэбиш нь нэхэмжлэгч Ц.Бы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу харуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Б нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв- ийн даргаар 2000 оноос хойш томилогдон ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар үүрэгт ажпаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжпэгч нь нэхэмжпэлийн шаардлагадаа Хөвсгөл аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай Урамшуулал олгох тухай захирамжийн дагуу ажиллаж байх хугацаандаа авч байсан сарын үндсэн цалин болох 1,039,119 (нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес) төгрөгийг Ахмад настны асрамж үйлчилгээний төв-өөс гаргуулахаар нэхэмжпэл гаргасан.

Нэхэмжпэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаартай захирамж гарах үед үүрэгт ажпаасаа чөлөөлөгдсөн байсан ба тухайн нэг сартай тэнцэх хэмжээний буюу 1,039,119(нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес) төгрөгийг байгууллагаас гаргуулан авах боломжгүй.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмгөөлөгчөөрөө тайлбарлуулъя. Би эрүүл мэндийн улмаас ярих боломжгүй байна. Сая хөдөө ажлаар явж байгаад Аймгийн засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга н.Базар, ерөнхий санхүүч н.Нармандахтай холбогдсон. Энэ мөнгийг авсныг Базар дарга мэдээгүй байсан. Ерөнхий санхүүч н.Нармандах батлаагүй, шинэ орсон ажилтан баталсан байна. Аймгийн засаг даргын захирамжид нэр зааж оруулаагүй байсан. Үүнтэй холбогдуулан төрийн сангийн ажилтанд холбогдуулан хариуцлага хүлээлгэх эрүүгийн хэрэг үүсэхээр болсон байсан. Би шүүхийн шийдвэр гарсны дараа Авлигатай тэмцэх газар, бусад байгууллагад хандах болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн эрх зүйчээр ажиллаж эхэлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс нэхэмжлэгч Ц.Бы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Ц.Бы хувьд Аймгийн засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс нь хойш буюу 2 сарын дараа Аймгийн засаг даргын урамшуулал олгох тухай захирамж гарсан. Аймгийн засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргасан. Уг захирамжид Ахмадын асрамжийн газар гэж оруулсан байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар нэр цохож дурдаагүй. Төвийн дарга нарт гэж тусгасан байгаа учраас Ц.Бд холбогдох асуудал биш юм. Жишээлбэл чөлөөлөгдсөн Ц.Бд гэж дурдагдсан бол түүнд олгогдох байсан боловч ийнхүү тусгагдаагүй байгаа юм. Аймгийн засаг дарга захирамж гаргасан боловч манай байгууллагатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр үүнтэйгээ холбоотойгоор өөр шатны байгууллагад хандах нь зүйтэй гэж үзэж байна

Иймд өмнөх даргад хамааралтай асуудал биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Б нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргаар нийт 21 жил ажиллаж байсан. Аймгийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/4 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх хугацаанд Хөвсгөл аймгийн засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаар захирамж гарсан. Уг захирамж нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, хуанлийн цагалбараар тооцвол 365 хоногт Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг үнэлж, үүнээс санхүүгийн тайланг үнэлж, санхүүгийн тайлангаараа алдаа, зөрчил, өр төлбөргүй, өсөлт бууралтын тайлангаар зөрчилгүй гэж Төрийн аудит дүгнэсэн. Хөвсгөл аймаг дахь нийт 21 сум болон аймгийн төрийн сантай харилцагч байгууллагуудын дарга, захирагч нарт нэг удаа олгох мөнгөн тэтгэмж буюу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох тухай Аймгийн засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн 2 дугаар хавсралтад уг урамшуулалд хамрагдах байгууллагуудыг дурдсан бөгөөд үүнд Хөвсгөл аймаг дахь Ахмад настны асрамж үйлчилгээний төв орсон байдаг. Сарын үндсэн цалингийн 100 хувь гэсэн хэмжээгээр урамшуулахаар заасан байна. Ингээд тухайн байгууллагын дарга буюу Ц.Б, нягтлан бодогч Д.Орхон нар уг урамшууллыг авахаар захирамжид тусгагдсан бөгөөд Аймгийн засаг даргын уг захирамж нь 2020 оны ажилтны ажлыг дүгнэсэн үнэлэмж юм. Зөрчилгүй гэх аудитын дүгнэлт нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Энэ дүгнэлт нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн төсвийн шууд захирагч Ц.Б танаа гэж гарсан. Санал дүгнэлтийн үндэслэлдээ аудитаар Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн 2020 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн 2020 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил гүйцэтгэлийн дүн, хэмжээ болон тодруулга, тус байгууллагад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэл хөтлөлт, программ хангамж, дотоод хяналтын систем болон удирлагын хийсэн томоохон тооцооллыг шалгасан гэж оруулан байдаг.

Аудитын шалгалт санал дүгнэлтийг дэмжих, нотлох зүйлсийг хангалттай цуглуулсан гэж дүгнэсэн. Хамгийн гол хэрэгт ач холбогдолтой хэсэг нь байгууллагын удирдлагын хийсэн томоохон тооцооллыг шалгасан гэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбогдож байгаа вэ гэхээр байгууллагын удирдлагын хийсэн томоохон тооцооллыг хангалттай шалгаж уг дүгнэлтийг гаргасан байгаа юм. Аудит дүгнэлт гаргаад танилцуулга хийсэн байгаа. Аудитын дүгнэлтийн тайлангийн 3 дугаарт Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 6 дугаар зүйлийн 6.3.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-т заасан цагалбарт хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тухайн байгууллагын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг төсвийн шууд захирагч Ц.Б танд танилцуулж байна гэсэн байна. Энэ дүгнэлттэй холбогдуулан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ, мөн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6 зааснаар төсвийн шууд захирагч нь байгууллагын дотоод үйл ажиллагаатай өмч хөрөнгийн тооллого тооцоотой холбоотой бүхий л ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэх вэ? гэдгийн зохицуулсан. Тэгээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Ц.Б нь санхүү, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын түвшинд нийцүүлэн хэрэгжүүлсэн байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Орхон, Б нар нь байгууллагын санхүү, хөрөнгөтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасан нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлага хариуцна гэж заасан. Энэ заалттай холбогдуулаад бусад хуулийг хэрэгжүүлж ажилласан байдаг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь хэсэгт заасны дагуу "төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд бөгөөд энэ үүргийг Ц.Баярсайран нь хэрэгжүүлж ажилласан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-т зааснаар урамшуулал авах эрхтэй. Хуульд заасан энэ эрх үүргийнхээ хүрээнд Аймгийн төсвийн төвлөрүүлэн захирагч захирамж гаргасан. Энэ захирамжид хамаарах этгээд бол өөрийн үйл ажиллагааны чиглэлээр Ц.Б шууд хамаарч байгаа юм. Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дараагийн үүрэг гүйцэтгэгч болох М.Сарангэрэл 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Аймгийн засаг даргын Б/15 дугаар захирамжаар томилогдсон. Энэ хугацаагаар хөдөлмөрийн харилцаа үүссэн. 2020 онд М.Сарангэрэл нь тухайн байгууллагатай ямар ч харилцаагүй байсан. Хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байхад тохиолдолд М.Саранчимэг хөдөлмөрөө үнэлүүлэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл н.Саранчимэгийн хөдөлмөр үүнд шингээгүй. Үр дүн гаргаагүй, үйл ажиллагаа явагдаагүй. Иймд М.Сарангэрэл гэдэг хүн аймгийн Засаг даргын захирамжид тусгагдсан урамшууллыг авах эрх зүйн үндэс байхгүй. Нотлох баримтуудыг цуглуулаад явж байхад Ахмадын асрамж үйлчилгээний төвд олгох урамшууллыг авах ёстой хүн нь ажлаасаа чөлөөлөгдсөн учраас одоогийн даргын үүргийг гүйцэтгэгч авах ёсгүй юм. Иймд төрийн санд буцааж татлаа гээд татсан байдаг.

Гэтэл буцаан шаардаж байгаад 9 дүгээр сарын санхүүжилтэд оруулан авсан байсан. Үүнтэй холбогдуулан хүсэлт гаргах гэсэн боловч амжаагүй. М.Сарангэрэл гэх хүний үйл ажиллагаа нь ямар ч шалтгаант холбоо байхгүй. Хэрэв Ц.Б дарга ажлаа муу хийгээд ямар нэгэн сахилгын шийтгэл, бусад шийтгэл Ц.Бд үлдсэн бол дараагийн үүрэг гүйцэтгэгч М.Сарангэрэл даргад ирэх үү ? Үүнийг авах гэж М.Сарангэрэл хөөцөлдөх үү ? гэх эсрэг асуудал яригдана.

Шагналыг ч, ялыг ч хүртэх ёстой. Гэхдээ ийм зүйл байх боломжгүй. Иймд М.Сарангэрэлийн хөдөлмөр үнэлэгдээгүй учраас хөдөлмөрөө үнэлүүлсэн Ц.Б гэдэг хүнд урамшууллын 1,039,139 төгрөг оногдох ёстой юм.Иймд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал болох 1.039.119/ нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь  хариуцагч  Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдуулан 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал болох 1.039.119/ нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулахаар өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцлоо.

Хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч, Ц.Б нь засаг даргын захирамж гарах үед үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан тул урамшуулал авах боломжгүй гэж марган итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон.

Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл, шаардлагаа...Ц.Б нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар санхүүгийн зөрчилгүй санал дүгнэлт авч, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаар захирамжаар төсвийн шууд захирагч нарт нэг удаа олгох мөнгөн урамшууллын хувь хэмжээ олгох байгууллагын жагсаалтанд Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв орсон. Иймд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал болох 1.039.119/ нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг гаргуулж авна...хэмээн тайлбарласан.

Зохигчийн тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар Ц.Б нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлсөн ба Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар санхүүгийн зөрчилгүй санал дүгнэлт авч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаар захирамжаар төвсийн шууд захирагч нарт нэг удаа олгох мөнгөн урамшууллын хувь хэмжээ олгох байгууллагын жагсаалтанд орсон болох нь тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтовортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан ба Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/322 дугаар захирамж гарах үед Ц.Б нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл ажил үүргээ гүйцэтгээгүй, Төрийн алба хаагч биш байжээ.

Мөн нэхэмжлэгч нь үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ давхар байгуулан ажиллаж байсан ба тус гэрээнд урамшуулалын тухай заасан байгаа гэх боловч хэрэгт үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ авагдаагүй тул урамшуулалыг хэрхэн олгохоор тохиролцсон эсэх тодорхойгүй, гэрээ дуусгавар болсон ч урамшуулал олгох боломжтой байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч энэ талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Хуулинд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал болох 1.039.119/ нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах  тухай  шаардлагынхаа үндэслэлийг нотлож чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Бы 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал болох 1.039.119/ нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах  тухай   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.500 / хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдох 1 сарын цалинтай тэмцэх хэмжээний урамшуулал болох 1.039.119/ нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.500 / хорин есөн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ДАВААХҮҮ