2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/262

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг

Улсын яллагч Б.Мөнгөншагай

Шүүгдэгч С.Э********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********-гийн **********-т холбогдох эрүүгийн 2411 00000 1743 дугаар хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Өвөрхангай аймаг ********** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, ээж, нөхөр, 6 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо ********** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, алдарт эхийн 1,2 дугаар одонтой,

********** овогт **********-гийн ********** /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ********** байрлах Хаан банкны салбарын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн **********-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/, хохирогч **********-ын мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч **********-гийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14114 дүгээр дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/, шүүгдэгч **********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ********** байрлах Хаан банкны салбарын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн **********-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **********-рын өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарыг 25-ны өдөр 14 цагийн үед гэж санаж байна Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны Хаан банк орж тэтгэвэрийн зээл авах гээд орсон юм. Тухайн үед намайг банкаар үйлчлүүлж байх үед 160 см орчим өндөртэй, шар царайтай, дунд зэргийн биетэй эмэгтэй хүн өнгөрч байсан бөгөөд тэр хүнийг санаандгүй мөрлөчихсөн юм. Тэгэхэд тухайн эмэгтэй урдах замаа харсангүй гээд уурлаж бухимдаад надтай маргалдаж байгаад миний бэлэг эрхтэн хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөчихсөн. Тэр үед маш их өвдөөд суугаад хэсэг гайгүй болохоор нь бостол Хаан банкны харуул ирээд намайг болон нөгөө эмэгтэйг хамт явж байсан хүнтэй нь банкнаас гаргачихсан. Тэгэхэд би банкнаас гараад зам дагаад алхаж байхдаа нөгөө эмэгтэйг урд явж байхаар нь “чи яахаараа намайг өшиглөдөг юм” гэж хэлээд маргалдаад явж байтал намайг нөгөө өшиглөсөн эмэгтэй газарт унагаагаад баруун нүд хэсэгт хөлөөрөө өшиглөчихөөд явчихсан. Тэр үед хэсэг хугацаанд миний ухаан балартаж унаад босоод ирэхэд Хаан банкны харуул цагдаа болон эмнэлэг дуудчихсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад ирж байна. Миний харснаар намайг газарт унасан байхад зодсон гэх хар өнгийн малгайтай цамцтай, улаан өнгийн өмдтэй 160 см өндөртэй эмэгтэй өшиглөж болон цохиж үүсгэсэн гэж санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч **********-гийн өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед гэж санаж байна, Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын дэргэд байрлах Хаан банкны АТМ-с аав руу мөнгө шилжүүлэх гээд ээж **********-ийн хамт очсон юм. Тухайн үед ээж бид хоёрыг АТМ-н хажууд зогсож байтал 60-70 орчим насны буурал үстэй туранхай бор царайтай саарал өнгийн ноосон малгайтай, хар өнгийн богино куртик, хар өнгийн цагаан судалтай биеийн тамирын өмдтэй настай хүн ээж рүү муухай хараад байсан. Тэгтэл ээж нөгөө хүнд хандан “чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ?” гэж асуусан. Тэр үед нөгөө настай хүн ээж рүү хандан “чи юу гээд байгаа гичий вэ?” гэж хэл амаар доромжилсон бөгөөд ээж хариуд нь уурлаад нөгөө настай хүнийг баруун хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгэхэд тухайн банкны харуул ах ирээд ээжийг салгаад нөгөө настай хүнийг банкнаас гаргасан. Тухайн үед ээж бид хоёр АТМ-с аав руу мөнгө шилжүүлчихээд банкнаас гарахад нөгөө настай хүн үүдэнд нь зогсож байхаар нь бууи түрүүлж гарч ирээд ээжийг урдаа гаргаад шатаар бууж байтал нөгөө настай хүн миний нуруу руу түлхээд би шатнаас доош буусан. Тэр үед би ээжийг маргалдаж ямар нэгэн асуудал болж магадгүй гэж бодоод ээжийг урдаа оруулаад замын явган хүний гарц чиглэн алхсан. Тэгтэл ээж бид хоёрыг замын явган хүний гарцаар гараад явж байтал миний араас нөгөө настай ах явган хүний замын бетоны хэлтэрхийг баруун мөр хэсэг рүү маань шидчихсэн. Тэгэхэд миний мөр хэсэгт бетоныг шидчихээр нь уур хүрээд нөгөө настай хүн рүү очоод гэдэс рүү нь баруун хөлөөрөө өшиглөж түлхээд унагаасан бөгөөд тэр үед мөн ээж баруун хөлөөрөө нүүр болон гэдэс рүү нь өшиглөж, явган хүний замын бетонон хэлтэрхийгээр баруун мөр хэсэгт нь цохиж зодсон. Тэгээд бид хоёр цаашаа зам гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********-ын өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед гэж санаж байна өөрийн ажилладаг Хаан банкны АТМ, knock төхөөрөмж байрладаг зааланд ажлаа хийгээд зогсож байсан юм. Тухайн үед гаднаас хар өнгийн малгайтай цамц, улаан өнгийн өмд, цагаан хар өнгийн пүүзтэй 30-40 орчим насны нүдний доод талдаа сорвитой, шар царайтай эмэгтэй, цэнхэр өнгийн куртик, хар өнгийн цүнх үүрсэн охиныхоо хамт орж ирсэн. Тэр үед нөгөө орж ирсэн эмэгтэй АТМ-ны дэргэд үйлчлүүлж байхдаа охинтойгоо маргалдаад загнаад зогсож байсан юм. Тэгэхэд буурал үстэй 70 орчим насны туранхай хар бараан өнгийн хувцастай, ноосон малгайтай ах knock машинаас тэтгэвэрийн зээл авах талаар манай ажилтантай ярьж зогсож байгаад АТМ-н хэсэгт үйлчлүүлж байсан нөгөө эмэгтэй хүнтэй гэнэт маргалдаад зогсож байсан. Тэгтэл гэнэт нөгөө эмэгтэй хөгшин настай ах руу уурлаж писда минь гэж хэлээд нөгөө ахын эмзэг эрхтэн рүү өшиглөчихсөн. Тухайн үед нөгөө настай ах өөрийнхөө салтааг бариад банкны гадаа зогсож байсан харагдсан. Тэгээд удалгүй нөгөө эмэгтэй охиноо дагуулаад гадаа гарсан. Тэр үед би хэсэг хугацааны дараа банкны үүдэнд гарж зогстол нөгөө настай ах зам гардаг гарцны хэсэгт эвхрээд явган хүний гэрлэн дохионы дэргэд баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан хэвтэж байсан. Тухайн үед би ахаас юу болсон талаар асуухад нөгөө эмэгтэй миний нүд хэсэгт чулуугаар цохичихлоо гэсэн бөгөөд цагдаагийн байгууллагад болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч удалгүй эмнэлэг, цагдаа ирээд аваад явсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14114 дүгээр:

1.**********-ын биед баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, баруун талын завжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/,

Шүүгдэгч **********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очир нь “**********-ын биед баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, баруун талын завжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч **********-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч ********** нь хохирогч **********-ын биед халдаж, түүнийг цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Иймд, шүүгдэгч **********-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,

513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй

Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

Хохирогч ********** нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч           **********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч **********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

   мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 70-71 дүгээр тал/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүх шүүгдэгч **********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүхээс шүүгдэгч **********-т ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч **********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч ********** нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ********** овогт **********-гийн **********-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч **********-т 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч **********-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч ********** нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ********** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба **********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл **********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Э.ЧИНГИС