2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа

          Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/

          Хохирогч М.Б********

          Шүүгдэгч М.М******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овогт ********-ын ********-д холбогдох 2403 00622 0842 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, ** настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “********” банкинд дезайнер ажилтай, ам бүл 6, аав, ээж,, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ******** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

******** овогт ********-ын ******** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч ******** нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ******** урд замд 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 27 минутын орчимд Toyota Auris маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 1.3 “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15.8 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Yamaha маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж хохирогч ********-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******** мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй. 2025 оны 8 дугаар сард мөрөндөө ялтас суулгасан. Үүнийгээ авуулчихвал нэхэмжлэх зүйлгүй. Хэрэг гарах үед унаж байсан мопед нь байгууллагынх байсан. Мопедонд гарсан эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлыг нөхөн төлсөн гэсэн.” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11 дүгээр тал/, хохирогч ********-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч ********-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч ********-ын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10707 дугаар дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Цэндсүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2782 дугаар дүгнэлт /хх-ийн 35-51 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны  мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн тогтоол /хх-ийн 56-61 дүгээр тал/, “Хас үнэлгээ” ХХКК-ийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №529 дүгээр дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны  мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1612 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 76-77 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ******** нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ******** урд замд 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 27 минутын орчимд Toyota Auris маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 1.3 “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15.8 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Yamaha маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж хохирогч ********-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

            Жижүүрийн шуурхай дуудлагын 102 дугаар утсанд ирсэн: “... ********, ******** мопедтой мөргөлдсөн .” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр  тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт: “... суурингийн доторх, асфальтан гадаргуутай, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун тэгш, хуурай, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, зохицуулдаггүй явган хүний гарцтай, 2 эгнээ, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зорчих хэсэг байв.” /хх-ийн 5-10 дугаар тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********-гийн өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ******** орж хүргэлт хийхээр Зүүн 4 замаас хүргэлтийн улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн JINSHE JOG нэртэй мопидыг жолоодоод урт цагааны урд гудамжаар яваад ******** урд талын эсрэг урсгалтай 4 эгнээ зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээний зүүн захаар замын гол руу шахсан байдалтай 40 орчим км/цагийн хурдтайгаар явж байтал миний баруун гар талаас 1, 2 дугаар эгнээнд явж байсан машинуудын урдуур цэнхэр өнгийн суудлын машин орж ирээд би тулаад тоормосоо базсан боловч зогсож амжилгүй тэр машины зүүн урд хаалганы доод хэсэгт мөргөөд унасан. Тэгээд нэг мэдхэд л би газар хэвтэж байсан бөгөөд түргэн тусламжийн машин ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн.”гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

 иргэний нэхэмжлэгч ********-ийн өгсөн: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ******** урд замд 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 27 минутын орчимд Toyota Auris маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Yamaha маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж мопедны жолооч ********-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаа хохирогч ******** Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хүргэгдэн хавтан эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.122.054 төгрөг гарсныг яллагдагч ********-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ********-ын өгсөн: “Миний зүгээс мопедонд учирсан хохиролдоо үнэлгээ хийлгэж үнэлгээгээр гарсан дүнг бүрэн хүлээж авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10707 дугаар:

1. ********-гийн биед зүүн эгэм ясны хугарал, баруун өвдөг бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Цэндсүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2782 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, HE7TCAJ58R1S60495 арлын дугаартай, улсын дугааргүй, JINSHE JOG маркийн мотоцикл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Их гэрэл, урд оврын гэрлийн бүрхүүл, урд дугуйн шаврын хаалт, баруун урд амортизатор, зүүн толь зэрэг эд ангиуд ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэлтэй байна. Уг 2 дугуйт тээврийн хэрэгсэл нь 125 см3 ажлын багтаамжтай, “Мотоцикл” ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна. Урд дугуйн тоормосны хавчигч ажиллана. Хойд дугуй тоормосны базуур атгасан үед дугуй эргэж байх тул шаардлага хангахгүй. Ослын үед баруун урд амортизатор гулзайж урд дугуй гацсан тул залуур ажиллахгүй. Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 35-51 дүгээр тал/,

Тээврийн цагдаагийн албаны  мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн: “Toyota Auris – E150 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Toyota Auris E – 150 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн гар талын тоормосны гэрэл, улсын дугаарын гэрэл асахгүй, улсын бүртгэлийн дугаар бүдгэрсэн, зүүн гар талын крыло, хаалга доод хэсгээрээ бага зэрэг хонхойсон, урд их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй зэрэг гэмтэлтэй байна. Toyota Auris E – 150 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлаган хангаж байна. Toyota Auris E – 150 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022, 2023 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй байна.” гэх тогтоол /хх-ийн 56-61 дүгээр тал/,

“Хас үнэлгээ” ХХКК-ийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №529 дүгээр: “... үнэлгээгээр тогтоогдсон дүн 865.000 төгрөг.” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр тал/,

Тээврийн цагдаагийн албаны  мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1612 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 76-77 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ********-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

        Улсын яллагч “Шүүгдэгч ******** нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ******** урд замд 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 14 цаг 27 минутын орчимд Toyota Auris маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 1.3 “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15.8 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Yamaha маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж хохирогч ********-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******** нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч ********г  мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,

"Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.

Хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар ********-д “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгожээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.  

Шүүгдэгч ******** нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрсөн байх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.

********-ийн эс үйлдэхүй болон хохирогч ********-гийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, саналгүй” хэмээн мэдүүлжээ. Харин иргэний нэхэмжлэгч ********т нь мопедны эвдрэл гэмтэлд 865.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ******** нь 3.122.054 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Шүүгдэгч ********-гийн зүгээс хохирогч ********-д 2.000.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч ********-д 865.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, түүнээс 3.122.054 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ********-д буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан  банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч ********-г гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********-гийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 94 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 96 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 98 дугаар тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч ******** нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******** овогт ********-ын ********-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********-гээс 3.122.054 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

7. Хохирогч ******** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     11. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС