| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 185/2024/1109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/313 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр
Улсын яллагч П.Итгэл
Хохирогч Д.Х***********
Шүүгдэгч Д.О***********, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********** овогт ***********-ын ***********-т холбогдох 2403 00506 0696 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20** оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын их сургуулийн *********** 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн 26 дугаар хороо *********** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
*********** овогт ***********-ын *********** /РД:***********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *********** нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “***********” дэлгүүрийн зүүн талын замд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг 17 минутын орчим Toyota Prius *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***********-ийг мөргөж эрүүл мэндэд нь дагз ясны төвгөрөөс том нүх дайрсан хугарал, баруун чамархайн хуйх, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *********** мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл одоохондоо байхгүй. Эмчилгээний зардлуудыг хавтаст хэрэгт наагаад өгчихсөн байгаа. Хэдэн төгрөг болсон талаар одоохондоо мартчихсан байна. Нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 2.015.152 төгрөг гэж санаж байна. Анхны мэдүүлэг дээр бүгдийг нь наагаад өгчихсөн. Би одоог хүртэл эм ууж, тариа хэрэглэж байгаа. Баримтуудаа цуглуулж байсан болов ч мартаад байдаг болсон. Сүүлд толгой их өвдөөд байхаар нь эмчид үзүүлж, эхо, томограф үзүүлээд 3 сарын хэрэглэх эм бичүүлж, хэрэглэж эхэлсэн. Би тод зүйл харах гэхээр нүд эрээлжлээд баруун чих жоохон дүлий байгаа. Зовиур их байгаа эрүүл тэнцвэртэй явж чадахгүй байгаа. Жоохон суугаад босохоор хөл хавдаж байгаа.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 5-6 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10 дугаар тал/, хохирогч ***********-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/3034 дүгээр албан тоот /хх-ийн 29 дүгээр тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/, иргэний хариуцагч ***********-ы мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/, гэрч ***********-ын мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Долгормаагийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8979 дүгээр дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар тал/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол, техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 218 дугаар дүгнэлт /хх-ийн 55-60 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Анхбаярын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1467 дугаар магадлагаа /хх-ийн 63-64 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *********** нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “***********” дэлгүүрийн зүүн талын замд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг 17 минутын орчим Toyota Prius *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***********-ийг мөргөж эрүүл мэндэд нь дагз ясны төвгөрөөс том нүх дайрсан хугарал, баруун чамархайн хуйх, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,
Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***********-ийн өгсөн: “Би Багшийн дээдийн хажууд байрлах *********** төвд үйлчлэгч хийдэг. 2024 оны 7 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гараад ажил дээр ирээд ажлаа хийж байгаад 11 цагийн үед хог хаях гээд хогийн сав түрээд баруун хойшоо хогийн машин дээр ирээд хогоо өгөөд хогийн саваа чирээд хойшоо ухартал миний араас нэг машин ирээд мөргөсөн. Би унах үедээ урагшаа хогийн машины дугуйг мөргөсөн тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Тэгсэн чинь жолооч хүүхэд бууж ирээд намайг босгоод миний толгойноос цус гарсан байсан. Тэр жолооч эмийн сан ороод надад эм боолт авчирч өгөөд машиндаа суулгаад “эмнэлэг орох уу?” гэж асуусан тэгэхээр нь “үгүй ээ” гэж хэлээд ажил дээр буусан. Тэгээд ажил дээр байж байсан чинь бие нэг сонин болоод байхаар нь охин *********** рүү залгаад “ээж нь машинд мөргүүлээд бие өвдөөд байна” гэж хэлсэн. Удалгүй манай охин ирээд бид хоёр гэмтлийн эмнэлэг орсон. Тэгээд би үзүүлэх гэж хүлээж байхдаа ухаан алдсан ба гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Дахин хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэж байгаад гарсан. Ослын улмаас миний гавлын яс цуурсан байгаа ба тархины гэмтэл авсан одоо бол толгой тархи байнга өвдөж байгаа ба мөн хараа муудсан, сонсгол муу, хөл өвдөж байгаа. Би тухайн үед хогоо ачуулаад буруу хараад зогсож байсан болохоор тухайн машиныг хараагүй. Тухайн үед машины хөдөлгөөн бага байсан ба гадаа нартай дулаахан байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн машин дотор хоёр эмэгтэй хүүхэд байсан машиныг хэн барьж явсан талаар мэдэхгүй байсан. Тухайн машин хэр хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Тухайн хогийн машин зам дээр зогсож байгаад хогоо ачаад явдаг. Миний эмчилгээний зардал 2.000.000 орчим болсон байгаа би хувийн эмнэлэгт дахин хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэж эмч хэлсэн. Тухайн жолоочоос дансаар 1.900.000 төгрөг авсан байгаа ба надад цаашид миний эрүүл мэнд ямар байхыг мэдэхгүй байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Гомдол саналтай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/3034 дүгээр албан тоот /хх-ийн 29 дүгээр тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч ***********-ы өгсөн: “Би хувийн байгууллагад шүдний эмч хийдэг. Дээрх тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би уг машиныг 2019 онд хувь хүнээс орж ирсэн байхад нь авч байсан 4 жил унаад, 2023 оны 8 дугаар сард хувь хүнд зарж байсан. Тухайн үед шилжүүлэх гэсэн боловч шилжүүлдэг систем нь алдаа заагаад шилжүүлж чадаагүй юм. Тухайн автомашиныг би 15.000.000 төгрөгөөр зарсан байсан одоо надад бол хамаагүй болсон. Бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг ойлгосон, бусдад учирсан гэм хорыг арилгахад надаас надаас худалдаж авсан хүн бусдад учирсан гэм хорыг барагдуулна гэж хэлсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.
Автомашины эвдрэл, хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас худалдаж авсан хүний машин болохоор нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/, гэрч ***********ын мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***********-ын өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед гэрийн гадаа *********** өөрийн Toyota Prius маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд намайг аваад бид хоёр Нарны гүүрний хажуугаар карго ороод би бараа авсан тэгээд бид хоёр багшийн дээд орох гээд талбайн зүүн талын замаар хойшоо яваад баруун эргээд 64-н замаар яваад урагшаа эргээд багшийн дээд рүү гарах гээд хойноосоо урагшаа явж байсан тэгсэн зам дээр хогийн машин хог ачаад зогсож байсан. Тэгээд *********** машинаа хогийн машиныг тойроод гарах гээд хөдөлтөл хогийн машинд хог ачуулж байсан эмэгтэй хүн цаашаа хараад хойшоо алхсан тэгээд машинд хүрээд газар унасан. *********** машинаасаа буугаад нөгөө мөргүүлсөн эмэгтэйг машиндаа суулгаад эгч эмнэлэг явья гэж хэлээд хөдлөөд явсан. Тэгсэн чинь нөгөө мөргүүлсэн эгч “ингээд зогсчих би зүгээр” гэж хэлсэн бид хоёр машиндаа авч яваад эмийн сангаас боолт, тос, тамедин зэрэг аваад эгчийн хөлийг цэвэрлэж өгсөн. Би утасны дугаарыг нь аваад ***********-т өгсөн. Тэгээд нөгөө эгч ажил дээрээ буусан. Би тэр эгчийг буусны дараа буугаад ажил дээрээ ирсэн. Тухайн үед жолоочийн хажуу талын суудал дээр явж байсан ба машиндаа хоёулаа явж байсан. *********** машин барьж явсан. Тухайн үед гэгээтэй, зам сэлүүхэн байсан. Би тухайн хог ачуулж байсан эмэгтэйг харсан ба машины урд байсан. *********** машинтайгаа нээх хурдтай яваагүй. Зогсож байгаад хөдөлсөн. Тухайн эгчийн хоёр хөлийн өвдөг нь шалбарсан байсан толгой хэсэг нь зүгээр байсан ба ямар ч шарх байгаагүй. Тухайн үед *********** машинаа барьж явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Долгормаагийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8979 дүгээр:
1. ***********-ийн биед дагз ясны төвгөрөөс том нүх дайрсан хугарал, баруун чамархайн хуйх, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол, техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 218 дугаар:
1. Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг кузов өнгө үзэмжний хувьд бага зэргийн зөрчилтэйгээр хангаж байна.
2. Ерөнхий байдал өнгө үзэмжийн хувьд урд бупер баруун талдаа бага зэрэг цуурсан эвдрэл гэмтэлтэй байна.
3. Шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,31Кн, баруун талдаа 2,37Кн, зөрүү нь 3% /стандарт<20%/, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,62Кн, баруун талдаа 1,51кН, зөрүү нь 7% /стандарт<30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон.
4. Шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой.
5. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 31200cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 31200cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16800cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 17500cd /стандарт 10000-225000cd/ стандартын шаардлага хангаж байна.
6. Асуултад дурдаагүй хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 55-60 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Анхбаярын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1467 дугаар:
1. Жолооч *********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
2. Явган зорчигч *********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэх магадлагаа /хх-ийн 63-64 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагч “Шүүгдэгч *********** нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “***********” дэлгүүрийн зүүн талын замд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг 17 минутын орчим Toyota Prius *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***********-ийг мөргөж эрүүл мэндэд нь дагз ясны төвгөрөөс том нүх дайрсан хугарал, баруун чамархайн хуйх, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *********** нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний зөрчиж, явган зорчигч ***********-ийг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,
"Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.
Хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар ***********-т “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгожээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Долгормаагийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8979 дүгээр дүгнэлтээр хохирогч ***********-ийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа;
Мөн мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1467 дугаар магадлагаагаар шүүгдэгч *********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн талаар дурдсан байна.
Шүүгдэгч *********** нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрсөн байх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг ойлгоно.
Иймд шүүгдэгч ***********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч *********** нь хохирол төлбөрт 1.842.615 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***********-ийн зүгээс 294.000 /хх-ийн 30 дугаар тал/ төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч *********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***********-т 2.000.752 төгрөг, иргэний нэхэмжлэгч *********** буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд 294.000 /хх-ийн 31 дүгээр тал/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,
4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: дөрөвдүгээр зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 15-30%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***********-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас дөрөвдүгээр зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.
Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 24 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.840.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч ***********-ээс гаргуулж хохирогч ***********-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *********** түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд шүүгдэгч ***********-ийн зүгээс шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч *********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ***********-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгч ***********-ийн өмгөөлөгч Н.Санчиндоржийн зүгээс: “Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэрээр анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь Монгол Улсын их сургуульд суралцдаг, сургууль нь Сүхбаатар дүүрэгт, бүртгэлтэй хаяг нь Хан-Уул дүүрэгт, оршин суугаа хаяг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг тул дээрх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг өргөн цар хүрээтэй оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн боловч шүүгдэгч, хохирогч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ***********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 92 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 94 дүгээр тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч ***********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч ***********-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********-ын ***********-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ***********-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *********** нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хохирогч *********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ***********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС