Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2020/00215

 

 

 

 

 

 

2020 01 29 155/ШШ2020/00215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, Хар дархад овогт Намсрайгийн ******* /............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, Тайтан овогт Даваагийн******* / ................ /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч, 155/2019/01508/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн иргэн Д.Уртнасантай 2013 онд танилцаж, дотносож үерхэж байгаад тус оныхоо 5 сарын 13-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулж айл гэр болон амьдарч эхэлсэн. Биднийг анх гэр бүл болоход эхнэр болох Д.Уртнасан нь 2001 оны 08-р сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Уянга, 2006 оны 06-р сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Мөнхбат нарын дагавар хүүхдүүдтэйгээ манайд ирсэн. Бидний хамтын амьдралын явцад буюу 2014 оны 09-р сарын 28-ны өдөр хүү Д.Ням-Очир бидний дундаас төрсөн. Айл гэр болон амьдарснаас хойш миний хувьд айл гэрийн ноён нуруу болох хань ижил, эцэг хүний үүргийг сайн гүйцэтгэж эхнэр хүүхдүүдээ хайр халамжаар огт дутааж байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд бидний хоорондын зан харилцаа таарч тохирохгүй, үзэл бодол, амьдралд хандах хандлагын зөрүүтэй, ээдрээтэй нөхцөл байдлууд үүсэх болсон. Үүний учир шалтгаан нь түүний 2 дагавар хүүхэд нь нас явж ухаан суухын хэрээр эцэг болох намайг хойд эцэг гэх сэтгэлээр харж, хэлж, ярьсан, зааж сургасан бүхнийг минь эсэргүүцэх болсон. Тэр ч бүү хэл энэ бүх байдлыг өөгшүүлж эхнэр болон түүний ах, дүү, ойр дотнынхон нь намайг аливаа асуудалд илтэд буруутгах болсон. Мөн түүний том охин нь хөгжлийн бэрхшээлтэй шалтгаанаар намайг төрсөн ээжтэйгээ үл ойлголцох нөхцөл байдлыг үүсгэдэг. Энэ бүхнээс гадна эхнэр болох Д.Уртнасан нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн нутгийн Батхуяг гэх залуутай надаас нууцаар сэм уулзаж, үнэнч бус байдлыг бий болгон намайг хуурч мэхлэх болсон. Түүний энэхүү болж бүтэхгүй байгаа бүхнийг хэлж ярихаар үл тоосон байдлаар хандаж гэр бүлээ элэг бүтэн байлгах ямар ч санал санаачлагагүй хүнтэй хөндий байдаг зэргийг харгалзан цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч боломжгүй боллоо.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6710000027 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Ням-Очирыг миний асрамжид үлдээж өгнө үү. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү Д.Ням-Очиртоо эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна. Бидний хооронд хамтран өмчлөх дундын болон хуваарьт эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно. Харин эхнэр Д.Уртнасан нь охин Б.Уянга, Б.Мөнхбат нарыгаа өөрийнхөө асрамжид авч үлдэн ямар нэгэн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Уртнасан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Н.*******тай 2013 онд танилцан үерхэж байгаад 2013 оны 05 дугаар сард албан ёсоор гэр бүлээ батлуулж нэг гэртээ орсон. Бидний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Д.Ням-Очир төрсөн ба одоо 5 настай юм. Нөхөр бид 2 гэр бүл болоод 6 жил болж байна. Миний том охин******* нь хөгжлийн бэрхшээлтэй юм ярьж чаддаггүй дээрээс нь саажилттай юм. Охин*******, хүү******* нарыг нөхөр ******* байнгын дарамтанд байлгаж, гар хүрч зодож мөн байнгын уурлаж намайг мөн зоддог. Би өөрөө урьд өмнө нь алдаж нөхрөөсөө салж үр хүүхдээ өнчрүүлж байсан тул дахин алдаж үр хүүхдээ өнчрүүлээд яахав гээд нөхрийн үйлдлүүдийг тэвчээд хууль хяналтын байгууллагад ханддаггүй байсан. Нөхөр ******* өөрөө янз бүрийн ааш авир гаргаж намайг дагаж ирсэн хүүхдүүд болон намайг зодохын сацуу түүний ах Болд, эхнэр Болороо нар нь намайг 2 гөлөгөө аваад зайл гэх мэтээр элдэв янзаар хэлж доромжилж мөн бусдад буруугаар ойлгуулж үргэлж ярьж байдаг юм. Батхуяг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын цаг уурт ажилладаг ба миний гар утас руу удаа дараа залгаж чи миний нууц амраг бол үгүй бол амьдралыг чинь сүйрүүлнэ гэдэг ба энэ саналыг нь хүлээж авдаггүй үүнээс болж намайг заналхийлдэг. Нөхөр ******* миний гар утсыг аваад явж байхад Батхуяг залгаад мөн миний нууц амраг бол гэсэн мессэж бичсэн байснаас болж нөхөр намайг Батхуягтай нууц амрагийн холбоотой чи тэр Батхуяг руугаа зайл гэж хэрүүл маргаан болж намайг зодсон. Батхуяг чи миний нууц амраг бол болохгүй бол амьдралыг чинь сүйрүүлнэ гэсэндээ хүрлээ гэж миний зүгээс үзэж байна. Би энэ байдлыг нь шалгуулахаар сумын цагдаад хандсан байгаа. Миний зүгээс Батхуягтай ямар ч холбоо хамаарал байхгүй юм. ******* бид нар гэр бүл болж амьдарч байхдаа сумын төвд гэр түрээслэн амьдарч байсан. Би *******гийн зан байдал, зодолтоос сүүлдээ айж байна.

Иймд нөхөр *******гаас гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Д.Ням-Очирыг аав нь авна гэж байгаа тул өгнө. Учир нь би хоёр хүүхэдтэй, өнөөдрийн байдлаар орох орон гэргүй, ажил эрхлээгүй учир аавд нь өгье. Би охин*******, хүү******* нарыгаа өөрийнхөө асрамжид үлдээнэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.Уртнасанд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Зохигч нь 2013 онд гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Д.Ням-Очир төрсөн болох нь 6710000079 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 10 сараас тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Ням-Очирыг эцэг эхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн эцэг Н.*******гийн асрамжид үлдээж, 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Уянга, 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Мөнхбат нарыг эх Д.Уртнасангийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Ням-Очирыг эцэг Н.*******гийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уртнасангаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хар дархад овогт Намсрайгийн *******, Тайтан овогт Даваагийн******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5зааснаар 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Уянга, 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Мөнхбат нарыг эх Д.Уртнасангийн асрамжинд, 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Ням-Очирыг эцэг Н.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уртнасангаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН