Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2022/0028

 

                         

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Нямын Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  овгийн  *******гийн *******

Хариуцагч: Завхан аймаг дахь ******* газрын ******* Г.******* нарын  хоорондын төлбөрийн акт тогтоосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймаг дахь ******* газрын ******* Г.*******т холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2.  Хэргийн нөхцөл байдал: Завхан аймаг дахь ******* газрын ******* Г.******* нь Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар сургууль /цаашид ******* сургууль гэх/-ийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш, ажилтнууд болон хяналтын постод гарч байгаа албан хаагч нарт хоол бэлтгэж өгөхдөө 745840 төгрөгийг ямар нэгэн тушаал, шийдвэргүй зарцуулсан, Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.4 дэх заалтыг зөрчиж спортын хувцас 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан, нийт 2245840 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж уг зөрчилд төлбөрийн акт тогтоож, актын биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор Завхан аймаг дахь ******* газарт ирүүлэхийг Улиастай сумын ******* сургуулийн захирал Д.*******, нягтлан бодогч М.******* нарт хариуцуулсан байна. Г.******* нь Завхан аймаг дахь ******* газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/134 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул тус газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1301/А/234 дүгээр тушаалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

******* сургуулийн ирсэн баримт бичгийн бүртгэлээс харахад Завхан аймаг дахь ******* газрын  2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай “Төлбөр барагдуулах тухай”  акт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус сургуульд ирснийг бүртгэж авсан болох нь тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийн актын талаар Завхан аймаг дахь ******* газрын ахлах *******т гомдол гаргаж, 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн 1302/548 дугаар албан бичгээр төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар, Монгол Улсын Ерөнхий *******т гомдол гаргаж,  2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1367 дугаар албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаарх хариуг тус тус авсан байх ба 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хавтаст хэргийн 53, 70-р хуудас/

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Улиастай сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын ажилд 2020 оны 10 сарын 22-ноос томилогдон ажилласан. Завхан аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэр. БСУГ-ын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 1/318 тоот албан бичиг ******* сургуульд ирсэн. Энэ албан бичгүүдэд Хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад хоол хүнсээр үйлчлэх ажлыг зохион байгуулахыг сургууль, цэцэрлэгүүдэд үүрэг болгосон. Хоол хүнсний материалыг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн хоолны мөнгөнөөс гаргаж, тогооч нараараа хийлгэн 2020 оны 11 сарын 11-нээс эхлэн 2021 оны 5 сарын 31-нийг дуусталх хугацаанд хяналтын постод хуваарийн дагуу хоол хийж үйлчилсэн. Хуваарьт тусгагдсан өдрөө хоол өгөхдөө өдөрт 2 удаа хоол хийж өгч байсан ба нэг удаа өгөхдөө 25-62 хүний хоол өгч байсан. БСУГ-аас 2021.04.27-ны өдөр ирүүлсэн албан бичигт эргүүл, пост, дайчилгаанд гарч байгаа багш, ажилтнуудынхаа дархлааг дэмжин ажиллах үүрэг чиглэл өгөгдсөн. Энэ үүрэг чиглэлийн дагуу бүх багш ажилтнуудад эргүүл жижүүр постод гарч ажиллахад халуун чацаргана, халуун хоол 3 удаа хийж өгсөн. Мөн 2021 оны 6-р сард үйлчилгээний 10 ажилтан эрэгтэй технологийн кабинетын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд ковидын халдвар маш их ихэссэн үе байсан тул ажилтнуудын дархлааг дэмжин халуун хоол цай 6 удаа хийж өгсөн. Мөн Ковидын халдвар гарсан нөхцөл байдлын улмаас халдварын сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн шалтгаанаар 2021 оны 3 сарын 01-нээс 2021 оны 03 сарын 24-ний өдрийн хооронд хичээллэх хугацаанд БСУГ-аас өгсөн чиглэлийн дагуу хичээлийг 2 удаа шууд тараасан. Үүний улмаас бага ангийн суралцагчдын 2 өдрийн хоолонд хэрэглэхээр бэлтгэсэн байсан 160 кг ногоо хэрэглэгдэхгүй байдалд орж хаягдсан тул 234,000 төгрөг үргүй зарцуулагдсан. Дээр дурдагдсан хоолны зардалд 1,318,290 төгрөг болон сургуулийн хүүхдүүдэд хоол хийхээр арилгаж бэлтгээд хэрэглээгүй хаягдсан ногооны мөнгө 234.000 төгрөг нийт 1,552,290 төгрөг үдийн хоолноос зарцуулагдсан. Постын ажилтнууд болон багш ажилтнуудад өгсөн хоолны тооцоог нягтлан бодогч , нярав Ж.******* нар дутуу тооцож гаргасан тул сар бүрийн тушаалд тусгагдсан мөнгөн дүн зарцуулсан материалын үнийн нийт зөрүү 511.840 төгрөг гарсан байх ба хаягдсан ногооны 234,000 төгрөгийн үнэ нийлээд 745,840 төгрөгийн зөрүү гарч үдийн хоолноос илүү зарцуулагдсан. Үдийн хоолны тайланг хагас жилээр гаргах үедээ хоолны материал тушаалаас 511.840 төгрөгөөр илүү зарцуулагдсан хаягдсан ногооны үнэ 234.000 төгрөг үдийн хоолноос илүү зарцуулагдсан талаар нягтлан бодогч , нярав Ж.******* нар (намайг ажиллаж байх хугацаанд) надад хэлж мэдэгдээгүй. 2022 он гарч ******* газраас Ерөнхий боловсролын ******* сургуулийн 2021 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд дүгнэлт өгч санхүүгийн аудитаар шалгах хугацаанд Д.******* миний бие ажлаас чөлөөлөгдсөн байсан тул дээрх хоол, хүнсний материалын зардал тушаалд тусгагдсанаас 745,840 төгрөгөөр илүү тусгагдсан зөрчил илэрсэн талаар мэдээгүй. Д.******* миний бие 2021 оны 08 сарын 18-ны өдөр ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. Нягтлан 2021 оны 09-р сард ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан тул 2021 оны санхүүгийн тайланг Төрийн аудитаар шалгуулах ажлыг шинээр нягтлан бодогчоор томилогдсон М.******* хариуцан хийлгэсэн байна. Шалгагдаж байх үед нярав Ж.******* хоол, хүнсний материалын тооцоог буруу гаргаж 745,840 төгрөгийн зөрүү гарсан зөрчлийг нягтлан, нярав нар буруу тооцон гаргасан алдаа гаргасан тул би өөрөө төлье гэж хэлсэн байна. Д.******* миний бие 2022 оны 02 сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн  томилогдсон. Ингээд 2022 оны 02 сарын 22-нд тогтоогдсон төлбөр барагдуулах акт нь 2022 оны 03 сарын 15-нд ******* сургуульд ******* газраас ирсэн байна. Намайг ажилд буцаж орохоос өмнө нягтлан бодогч нь 2021 оны 9-р сард ажлаасаа чөлөөлөгдсөн, нярав Ж.*******ийг ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн тушаалаар 2022 оны 03 сарын 01-ны өдөр ажлаас чөлөөлж, тэтгэвэрт гарган ажил хүлээлцүүлэх шийдвэр гаргасан байсан. Ингээд нярав Ж.*******ийн ажлыг 2022 оны 03 сарын 01-ны өдрөөс өмнөх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалын дагуу хүлээлцүүлсэн. Үүний дараа 2022 оны 02 сарын 22-ны өдрийн ******* төлбөр барагдуулах тухай акт 2022 оны 03 сарын 15-ны өдөр ******* сургуульд ирсэн тул төлбөр барагдуулах актад тусгагдсан зөрчлийн талаарх нягтлан, нярав нар тэтгэвэрт гарсан ба надад хамааралгүй бөгөөд мөн үндэслэлгүй төлбөр тавигдсан. Тухайн төлбөр тавьсан акт нь үндэслэлгүй бөгөөд хувцасны тухайд нормын хувцасны адил бүгд бүртгэлтэй байнгын хэрэглээтэй хувцасны зардал нь зардлын тухайн ангилал дотроо байгаа тул төлбөр тавигдах боломжгүй гэж үзэж байна. Аудитын газарт гомдол гаргаад шүүхэд хандсан боловч мөн 2022 оны 06 сарын 02-ны өдөр Улсын ерөнхий *******т хандсан боловч 30 хоногийн дотор хариу өгөөгүй тул тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Миний бие ******* овогтой ******* нь Завхан аймаг дахь Төрийн Аудитын газарт *******аар ажилладаг.  Улиастай сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн 2021 оны жилийн эхний санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэсэн.  Санхүүгийн тайлангийн аудитаар 2 245 840 төгрөгийн төлбөрийн акт тавигдаж, холбогдох санхүүгийн ажилтнууд нябо, нярав нар хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах тухай акт дээр тавигдсан хугацаанд төлөгдөж биелэлтийг албан тоот, нотлох баримтын хамт манай байгууллагад ирүүлсэн. Завхан аймаг дахь Төрийн Аудитын газрын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1305/54/54/А1370330/ЗАА-2022/89СТА-ТШЗ дугаартай төлбөрийн акт бүрэн төлөгдөж, биелэлтийг тооцсон болно гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийг зааж өгсөн байдаг. Үүний 6.3.1-д шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх бүрэн эрхийг заасан. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ******* сургуулийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийсэн. Мөн ******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасан. Албан шаардлага, төлбөрийн актыг мэдэгдэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгддэг. Үүний дагуу 2021 оны 02 сарын 22-ны өдрийн төлбөрийн актыг ******* сургуулийн захирал болон нягтлан бодогчид мэдэгдсэн. Аудитаар илэрсэн алдаа зөрчлүүдийг алдаа зөрчлийг бүртгэсэн маягтаар гаргасан. ******* сургуулийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт 67.324.164 төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 55.996.419 төгрөгийг тухайн аудитыг хийх явцад залруулсан. 9.077.905 төгрөгийн зөвлөмж өгсөн. 2.245.840 төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон. Төлбөрийн акт тогтоосон мөнгөн дүнгийн тухайд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 43 дугаартай Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1.1-д 02 сарын 17-ноос өмнө зарлагадсан байсан худалдан авалтыг үргэлжлүүлээд үүнээс хойших худалдан авалт буюу ажлын болон дүрэмт хувцас, алжаал тайлах тоног төхөөрөмж хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх гэснийг зөрчөөд 2021 оны 12 сард худалдан авалт хийсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хэргийн материалд өгсөн. Иргэн Сүхбат гэдэг хүний данс руу 1.500.000 төгрөгийг ******* сургуулиас хийсэн байдаг. Мөн үдийн хоолны зардлаас онцгой комиссын шуурхай штабын ажилтнуудад 745.000 төгрөгөөр илүү зардал гарган хоол өгсөн гэдэг нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 буюу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоол, 2021 оны 234 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн байна гэдэг нь харагдаж байна. ******* сургуулийн захирлын 2021 оны А/06 дугаартай тушаалаар 187.050 төгрөгөөр, А/09 дүгээр тушаалаар 132.750 төгрөгөөр, А/15 дугаар тушаалаар 104.450 төгрөг, А/25 дугаар тушаалаар 382.200 төгрөгөөр нийтдээ 806.450 төгрөгийг захирлын тушаалаар хоол хүнс авсан байдаг. Үлдэгдэл 745.840 төгрөгийн хувьд ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр зарцуулаад хоол хүнс авсан байсан учраас төлбөрийн акт тогтоосон. Энэ 745.840 төгрөг нь яаж харагдаж байна гэхээр дансны хуулга дээр хоолны нийт зардал нь 745.840 төгрөгөөр илүү гэдэг нь харагдаж байгаа. Дээрээс нь ******* сургуульд тухайн үед нярваар ажиллаж байсан *******оос онцгой комиссын шуурхай штабын гишүүдэд хоол хийж өгсөн хоол хүнсний материалын зардал 1.171.745 төгрөг гээд өөрөө гарын үсэгтэй баримт гаргаж өгсөн. Үлдэгдэл 380.545 төгрөг нь нэхэмжлэгчийн тайлбар дээр байгаачлан багш ажилтнуудынхаа дархлааг дэмжих зорилгоор хоол хийж өгсөн гээд нийтдээ 1.500.000 хоол хүнсний материал худалдан авсан байдаг. Эдгээр зөрчлүүдийг гаргасны үндсэн дээр манайхаас ******* газрын *******ын бүрэн эрхийн хүрээнд 1.245.845 төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон. Энэ актыг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч *******, нярав ******* нар нь хүлээн зөвшөөрөөд, 2022 оны 05 сарын 31-ний өдрийн дотор барагдуулсан. Нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа. Манайхаас тогтоосон төлбөрийн актыг ******* сургууль барагдуулсан учраас холбогдох харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Тийм учраас тухайн төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.*******т шүүх хуралдааны товыг түүний 98139199 дугаарын утсаар мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Завхан аймаг дахь ******* газрын ******* Г.*******ын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1305/54/54/А1370330/ЗАА-2022/89/СТА-БШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт нэхэмжлэгчийн эрхийг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна.

3. Монгол Улсын Ерөнхий *******ын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/87 дугаар тушаалаар Завхан аймаг дахь ******* байгууллагын 2021-2022 онд гүйцэтгэх санхүүгийн тайлангийн аудитад хамрагдах байгууллагын тоо, аудит хийх хэлбэрийг баталжээ. /хавтаст хэргийн 135-р хуудас/

Монгол Улсын Ерөнхий *******ын А/87 дугаар тушаалыг үндэслэж Завхан аймаг дахь ******* газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1301/А/117 дугаар тушаалаар аудит хийх хуваарийг баталсны дотор Улиастай сумын ******* сургууль хамрагдсан байна.

4. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн маргаан бүхий төлбөрийн актад Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 /батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах/, Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.4, Засгийн газрын 2019 оны “Хоолны зардлын норматив тогтоох тухай” 450 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны “Үдийн хоолны норматив тогтоох тухай” 237 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2006 оны “Журам батлах тухай” 379/341 дугаар тушаалын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, ******* сургуульд нийт 2,245,840 төгрөгийн төлбөр тавьсан байна.

5. Завхан аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас аймгийн шуурхай штаб, Улиастай-3, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Отгон сумдын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсээр хангах ажлыг зохион байгуулах чиглэл өгсний дагуу Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/322 дугаар албан бичгээр хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад халуун хоол, хүнсээр үйлчлэх ажлыг хуваарь гарган хариуцлагатай зохион байгуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 7-12-р хуудас/

6. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөгөөр, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 237 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1500 төгрөгөөр тус тус тогтоосны дагуу ******* сургууль нь сурагчдын үдийн хоолонд 2021 онд гүйцэтгэлээр 36,745,470 төгрөг зарцуулсан байх боловч нягтлан бодогчийн тайлангаар 38,297,760 төгрөг зарцуулагдсанаар тайлагнаж, 1,552,290 төгрөгийн зөрүү гарсан байна.

7. Дээрх онцгой комиссын хурлын шийдвэр, Боловсрол, соёл урлагийн газрын албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу сурагчдын үдийн хоолны зардлаас хөл хорионы онцгой дэглэм тогтоосон хугацаанд эргүүл, хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нарын хоол, унданд нийт 1,171,745 төгрөг, багш ажилтнуудын хоол унданд 380,545 төгрөг, нийт 1,522,920 төгрөг зарцуулсан болох нь нярвын гаргасан хоолны материалын жагсаалт, *******ын гаргасан шалгалтын тооцоогоор тогтоогдож байх ба нэхэмжлэгч үнийн дүнд маргаагүй байна.

8. ******* сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/106 дугаар тушаалаар 187,050 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар 132,750 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/15 дугаар тушаалаар 104,450 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/25 дугаар тушаалаар 382,200 төгрөг, нийт 806,450 төгрөгийг тус сургуулийн захирлын тушаалаар тус тус зарцуулж, 745,840 төгрөгийг ямар нэгэн шийдвэр, анхан шатны баримтгүйгээр зарцуулсан болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 17-20-р хуудас/

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Үдийн хоолны тайланг хагас жилээр гаргах үедээ хоолны материал тушаалаас 511,840 төгрөгөөр илүү зарцуулагдсан, хаягдсан ногооны үнэ 234,000 төгрөг үдийн хоолноос илүү зарцуулагдсан талаар нягтлан бодогч, нярав нар надад хэлж мэдэгдээгүй” гэжээ. Гэвч тус сургуулийн гүйцэтгэх удирдлага буюу захирал, нягтлан бодогч нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Иймд 1,522,920 төгрөгийг анхан шатны баримтгүй, тушаал шийдвэргүй зарцуулсанд төлбөрийн акт тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

11. Хариуцагчаас Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.4-д “Энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” гэснийг зөрчиж нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлаас спортын хувцас худалдан авсан нь буруу гэж үзэн 1,500,000 төгрөгийн төлбөр тавьсан байна.

Тус сургуулиас тоглолтын хувцасны үнэ болох 1,500,000 төгрөгийг Сүхбат гэдэг иргэний дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэх болон ******* сургуулийн 2021 оны дансны хуулгаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 180, 181-р хуудас/

12. Монгол Улсын Сангийн Сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 190 дугаар тушаалаар “Зардлын эдийн засгийн ангилал ашиглах заавар”-ыг шинэчлэн баталсан байна. Үүнд нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардалд хуулийн дагуу тусгай дүрэмт хувцас хэрэглэх эрх бүхий албан хаагчдын дүрэмт хувцас болон ажлын тусгай зориулалтын нормын хувцас худалдан авах, түүнийг хийлгэхтэй холбогдсон үндсэн, туслах материал болон бусад зардал, эмнэлэг, сургуулийн дотуур байр, цэргийн болон бусад төсөвт байгууллагын хэрэгцээнд ашиглах ор, дэрний хэрэглэл, бусад зөөлөн эдлэл,...байгууллагын үйлчилгээний ажилтны хувцас, усны гутал гэх мэт ажлын тусгай зориулалтын хувцас, хэрэглэл хамаарахаар байна. Харин Улсыг аюулаас хамгаалах чиг үүрэгтэйгээс бусад байгууллагын ажилтанд олгох дүрэмт хувцасны мөнгөн олговрын зардлыг ажил олгогчоос олгох тэтгэмж, урамшуулал, дэмжлэг /213204/ ангилалд бүртгэхээр зохицуулжээ. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “...нормын хувцасны адил бүгд бүртгэлтэй, байнгын хэрэглээтэй хувцасны зардал нь зардлын тухайн ангилал дотроо байгаа тул төлбөр тавих үндэслэлгүй” гэжээ. Гэвч байгууллагын албан хаагчдын спортын хувцасны 1,500,000 төгрөгийн дээрх зардал нь нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардалд хамаарахгүй байх тул хариуцагчаас Засгийн газрын 43 дугаар тогтоол болон Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

13. Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар ******* сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар шийдвэрээр түүнийг ******* сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон байна. Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр баталснаар анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 27, 108-132-р хуудас/

Шүүхийн шийдвэрийн дагуу Улиастай сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Д.*******ийг ******* сургуулийн захирлаар эгүүлэн томилсон байна. /хавтаст хэргийн 96-р хуудас/

14. Гэрч Ж.******* “...2021 оны намар 10 сард Намжилжав захирал байхад спортын хувцас хийлгүүлнэ гээд нэг газар луу мөнгө шилжүүлсэн байдаг. Миний тухайд спортын хувцсыг албан ёсоор хүлээж аваагүй, гүйлгээ хийгдээд хий орлого авагдсан байдаг. Ямар газар луу мөнгө шилжүүлсэн талаар санахгүй байна. Тэр 1,500,000 төгрөгийг хэн төлснийг мэдэхгүй байна. Тэр зарлага гарах үед Д.******* ажиллаагүй байсан” гэж мэдүүлснээс үзэхэд дээрх 1,500,000 төгрөгөөр спортын хувцас худалдан авсан үйлдэл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд хийгдсэн худалдан авалт байх ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Гэвч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нягтлан бодогч М.*******ийн тоот данснаас 1,500,000 төгрөгийг төрийн сангийн нэр заагдаагүй орлогын дансанд төлж, ******* сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар албан бичгээр актын төлбөрийг төлж барагдуулсан талаар аудитын газарт хариу хүргүүлсэн байх тул дээрх төлбөрийн актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч  сургуулийн захирлын үүрэгт ажлыг хийж байсны тухайд дээрх актын төлбөрийг төлж барагдуулахыг захирал, нягтлан бодогч нарт хариуцуулсан бөгөөд актын төлбөрийг холбогдох хүмүүс төлж барагдуулсан байх тул актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхээргүй байна.

15. ******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “******* байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж зааснаар ******* сургуулийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийсэн,  мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “ Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасны дагуу хариуцагчаас төлбөрийн акт тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

 16. Монгол Улсын Ерөнхий *******ын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.8-д “******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн” бол төлбөрийн акт тогтоож болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоогүй, актын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсгүүдэд заасныг   баримтлан нэхэмжлэгчийн “Завхан аймаг дахь ******* газрын *******ын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.АМАРЗАЯА