Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 79

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар,дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч: Б.Соёлсайхан,

Иргэдийн төлөөлөгч: Ю.Батцоож,

Хохирогч: Ц.Баяржаргал,

Гэрч: Н.Зоригоо,

Шүүгдэгч: П.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдагвын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625020523 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийнбайцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 11-299 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

-Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 11 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ЙР90062211, Боржигон овогт Пүрэвдавгын Бат-Эрдэнэ.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 13 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх үедээ буюу ялтай байдал арилаагүй байх үедээ 2016 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “32” шөнийн клубт танхайн сэдэлтээр хохирогч Ц.Баяржаргалын толгой руу пивоны шил шидэж “толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн танилтай цуг 00 цаг 30 минутын үед 32-т байрлах шөнийн клуб орсон. Тэгээд тэнд сууж пиво уусан тэгтэл бүжгийн талбай дээр хамт явж байсан Амгаланбат нэг хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь би Амгаланбат болон тэр хүний анхаарлыг татах гэж ширээн дээр байсан пивийг аваад даллах гэтэл шилтэй пиво гараас мултраад хохирогчийг оносон. Тэгтэл баарны хамгаалагч ирээд намайг барьсан. Тэгээд би хохирогчоос уучлалт гуйсан. Би мөрдөн байцаах шатанд хохирогчийн толгой дээрээс шил унагаасан гэж мэдүүлэг өгөөгүй.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ц.Баяржаргал мэдүүлэхдээ: Хохирогч: Энэ шүүгдэгчийн үйлдлээс болж миний толгой хатгаж өвддөг болсон. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. Над руу шидсэн шил нилээн хүчтэй ирж миний толгойноос цус гарсан. Миний толгой эргээд байхаар нь эмнэлэг явсан. Би гомдолтой байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Баяржаргал /хх-ийн 16-18/, гэрч Н.Зоригоо /хх-ийн 19-20/, гэрч Л.Батсайхан /хх-ийн 21-22/, яллагдач П.Бат-Эрдэнэ /хх-ийн 28-29/, нарын өгсөн мэдүүлэгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №2364 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/, П.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь ялтай байхдаа 2016 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “32” шөнийн клубт танхайн сэдэлтээр хохирогч Ц.Баяржаргалын толгой руу пивоны шил шидэж “толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий” хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ц.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би тэр баарны зүүн хойд талын 4 хүний багтаамжтай хүрэн өнгийн модон ширээн дэр ганцаараа суугаад 0.5 литрийн Боргио пиво аваад сууж байсан. Тэр бааранд 20 оос дээшгүй хүн үйлчлүүлж байсан. Авсан пивоо уугаад 20-30 минут орчим болсон байх, миний баруун талаас “Сэнгүр” пивоны шил шидэгдэж ирээд толгойны баруун зулайг онсон, толгойноос маш ихэрээ цус гарсан, тус баарны ажилтанууд над руу пивоны шил шидсэн 25 орчим насны бордуу царайтай 160 см өндөртэй залууг бариад авчихсан цагдаад хүлээлгэж өгөх гээд зогсож байсан. Тэр баарны ажилтанууд цагдаа болон түргэн тусламж дуудсан боловч ирэхгүй байна гэж байсан. Түргэн тусламжийн эмчийг хүлээх хооронд би ариун цэврийн өрөөнд орж цусаа угааж цусаа арилгачихаад анх орж ирээд суусан ширээн дээрээ суусан чинь нөгөө пивоны шил шидсэн залууг тус баарны хамгаалагч болох бор куртиктай 25 орчим насны залуу дагуулж ирсэн юм. Над руу пивоны шил шидсэн залуу “хөгшинийгөө уучлаарай, олон нялх нойтон хүүхэдтэй” гэхээр нь би “чи намайг гэмтлийн эмнэлэг оруулаад оёдол тавиулаад өг цус нь тогтохгүй хэцүү байна гэсэн” чинь “тэгье” гэж тохироод баарнаас гарангуутаа цагаан өнгийн суудлын автомашинд суугаад 7 буудлыг чиглээд зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр би такси бариад гэмтлийн эмнэлэг дээр ганцаараа очоод толгойдоо 12 оёдол тавиулсан. Эмч намайг явж болохгүй ар гэрээ дууд гавлын яс чинь цөмөрчихсөн байна гэсэн. Би гэмтлийн эмнэлэгт 2016 оны 02 дугаар сарын 08 ны өдөр тархины хагалгаанд бүтэн наркозтай орсон. Нийт 9 хоног хэвтэн эмчлүүлсэн…”  гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

Гэрч Н.Зоригоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “… “ВЕ” баарны хамгаалагч хийдэг залуу Баагий, бас Амараа ч гэж дуудаг залуу орж ирж үйлчлүүлсэн. Тэр залуу сардаа нэг удаа орж ирж үйлчлүүлдэг. Тэгтэл нөгөө Баагий гэдэг залуу баарнаас гарахдаа манай баарны зүүн талын таамбар дээр сууж байсан залуугийн толгой руу пивоны шил шидсэн гэж бармен эмэгтэй Гэрэлээ хэлэхээр би хамгаалагч нартаа хэлээд нөгөө Баагийг барьж аваад харин нөгөө толгой руугаа шил шидүүлсэн залуу дээр явж очоод гайгүй юу гээд асуугаад ариун цэврийн өрөөнд ороод цусыг нь угаахад толгой нь хагарсан байсан. Тэгээд толгойгоо хагалуулсан залуу би зүгээр, гомдол саналгүй, дуудлагаа буцаачих гэсэн. Харин нөгөө Баагийн гэдэг залуу уучлаарай 2-лаа зохицъя гээд байсан. Баагий 160 см орчим өндөр гаран дээрээ нэлээн шивээстэй, алаг нүдтэй бор царайтай залуу байгаа юм. Архи уухаараа их тавьтаргүй юм байна лээ...” /хх-ийн 19-20/,

 

Гэрч Л.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Зүс таних нэг залуу 3 найзынхаа хамт орж ирж үйлчлүүлсэн. Тэгээд сууж байгаад тэр залуугийн 2 найз гараад явсан. Ганцаараа үлдсэн шивээстэй залуу нэг их удалгүй ширээнээсээ нэг шил пивотой босож ирээд клубээс гарах хаалга руу явж байх замдаа №6 ширээн дээр сууж байсан залуу руу пивоны шилээ ямар ч шалтгаангүй шидчихсэн. Гэтэл шилэнд оногдсон залуу хэн шидэв ээ гээд толгойноосоо цусаа гоожуулаад хэсэг хугацаанд суусан. Тэгээд ариун цэврийн өрөөнд ороод цусаа угаагаад гарч ирэхдээ шил шидсэн залуу уучлаарай гээд хоорондоо тохироод байх шиг байсан. Шил шиддэг залуу 9 дүгээр хороонд байрлах ВЕ бааранд хамгаалагчаар ажилладаг байсан гэж сонсож байсан. Өөрөөр юу ч мэдэхгүй...” /хх-ийн 21-22/,

 

Шүүгдэгч П.Бат-Эрдэний буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Баяржаргалын биед: “…толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2364 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-18/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь “...энэ хэргийг болгоомжгүй үйлдсэн, найзынхаа анхаарлыг татах зорилгоор гараа дээш өргөтөл гарнаас салж хохирогчийг оносон...” гэж тайлбарлан мэдүүлж буй нь үндэслэлгүй бөгөөд дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Гэрч Л.Батсайханы: “...Ганцаараа үлдсэн шивээстэй залуу нэг их удалгүй ширээнээсээ нэг шил пивотой босож ирээд клубээс гарах хаалга руу явж байх замдаа №6 ширээн дээр сууж байсан залуу руу пивоны шилээ ямар ч шалтгаангүй шидчихсэн. Гэтэл шилэнд оногдсон залуу хэн шидэв ээ гээд толгойноосоо цусаа гоожуулаад хэсэг хугацаанд суусан…”,

Гэрч Н.Зоригоогийн: “…Тэгтэл нөгөө Баагий гэдэг залуу баарнаас гарахдаа манай баарны зүүн талын таамбар дээр сууж байсан залуугийн толгой руу пивоны шил шидсэн…”,

Мөн тэрээр шүүх хуралдаанд оролцон гэрчээр мэдүүлэхдээ: “… энэ залуу гарахдаа хохирогч руу ямар ч шалтгаангүй барьж явсан пивоны шилээ шидчихсэн…”,

Хохирогч Ц.Баяржаргалын: “…би тэр залууг огт танихгүй, хоорондоо ямар нэг байдлаар маргаагүй, үг ч солиогүй. Зүгээр сууж байхад гэнэт шил нисч ирээд толгой оночихсон…” зэрэг мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд хэрүүл, маргаан үүсээгүй, аливаа таарамжгүй харьцаагүй үүсээгүй байна. 

Нөгөөтэйгүүр “танхайрах үйлдэл” нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь “BE” бааранд үйлчлүүлэн гарах явцдаа эсрэг талд сууж байсан хохирогч руу шар айрагны шил чиглүүлэн шидсэний улмаас хүнд гэмтэл санаатай учруулсан нь танхайрсан үйлдэл гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ямар ч шалтаг шалтгаангүйгээр хийсэн түүний үйлдлийг танхайн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба энэ хэргийг үйлдэх явцдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96  дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хариуцлага хүлээх үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч П.Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч П.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа болон согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Харин түүний хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Прокурорын яллах дүгнэлтэд “...хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан буюу ялтай байхдаа...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” хэргийн үндсэн шинж болгон тодорхойлж ирүүлсэн буруу бөгөөд энэ байдлыг зөвтгөх нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

 

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 13 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д зааснаар “…хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа…” нь өршөөн хэлтрүүлэгдсэн гэж үзэхээр байна.

Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар “…Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ…” гэсний дагуу шүүхээс энэ талаар шийдвэрлээгүй болно.

 

Хохирогч Ц.Баяржаргалын эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлын хувьд нотлох баримтын шаардлага хангасан нийт 4.165.850 төгрөгийг шүүгдэгч          П.Бат-Эрдэнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Харин үлдэх 26.030.100 төгрөгийн нэхэмжлэлийн талаар хангалттай баримт бүрдүүлж ирүүлээгүй тул энэ талаарх болон эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдавгын Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 07 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнэд оногдуулсан 07 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар П.Бат-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар П.Бат-Эрдэнээс 4.165.850 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баяржаргалд олгуулж, бусад хохиролын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нь П.Бат-Эрдэнийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Бат-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

             ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

        ШҮҮГЧИД                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                                                                       

                                                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ